Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1574

 

 

 

 

 

 

 

 

 

“И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01518 дугаар шийдвэртэй, “И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А-” ХХК болон Б.Г-, З.И- нарт холбогдох

 

Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц, хариуцагч Б.Г-, З.И-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И-” ХХК нь компьютерын программ хангамж, системийн интегралчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд бид уг үйл ажиллагааны хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хөтлөн явуулах боломжтой вебд суурилсан онлайн цогц программ хангамжийн систем болох Veritech ERP санхүүгийн программыг бүтээсэн. Уг компьютерын программыг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүтээж 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Оюуны өмчийн газарт бүртгүүлэн 5820 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан. Бид дээрх бүтээл, бүтээгдэхүүнийг 2013 оноос зах зээлд нийлүүлэн ажиллаад 4 жилийн хугацаа өнгөрч байгаа ба энэ хугацаанд тус бүтээл маань зах зээлд танигдсан манай компанийн орлого ашгийг бүрдүүлэхэд ихээхэн нөлөөг үзүүлсээр ирсэн бүтээл билээ. Гэтэл манай компанийн оюуны өмч болох дээрх бүтээлийг интернет орчинд хууль бусаар байршуулан ашиг олж байгаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гарсан. Тодруулбал, www.artlab.mn гэх веб хуудсанд болон фейсбүүк дэх artlab-cloud ERP system хуудсаар эхний гурван сар үнэ төлбөргүй ашиглаад цаашид төлбөр төлөх нөхцөлтэйгөөр манай компанийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ямарваа нэгэн зөвшөөрөлгүйгээр, шууд хулгайлан тус веб хуудсанд байршуулан хууль бусаар борлуулж, ашиг олж байгаа болохыг бид 2017 оны 6 сард олж мэдсэн. Улмаар бидний зүгээс дээрх асуудлыг цаашид нягтлан тодруулахад уг вебсайт нь “А-” ХХК-ийнх байсан бөгөөд уг компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нар болох З.И-, Б.Г- гэх манайд компанид программ зохиогч болон ахлах программ зохиогч-ийн албан тушаалд ажиллаж Veritech ERP санхүүгийн программыг боловсруулахад оролцсон хүмүүс байсан. Эдгээр хүмүүс Veritech ERP санхүүгийн программыг бүтээж, боловсруулахад оролцож байсны хувьд тус программын эх код, хөгжүүлэлт, датабааз зэрэг бүх мэдээллүүд дээр ажиллаж байсан. З.И- нь 2015 оны 4 дүгээр сард, Б.Г- нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус тус ажлаасаа гарсан. Үүнээс хойш “А-” гэх компанийн нэрийн манай санхүүгийн программыг ийнхүү хууль бусаар ашиглах, борлуулах үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул хариуцагч нарт Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г- нь З.И-ийн хамт 2011 болон 2012 оноос эхлэн “И-”-д ажиллаж хэд хэдэн төсөл дээр байсан бөгөөд, тэдний нэг нь Veritech ERP систем билээ. 2014 онд оюуны өмчийн газар бүртгүүлэх өдөр нь ч мөн үргэлжлүүлэн ажилласаар байсан. “И-” ХХК-д Б.Г- миний бие 2011 оны 10 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл Веритек ХХК-д 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл тус тус ажиллаж байсан. З.И- нь “И-” ХХК-д 2012 оны 2 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл, Веритек ХХК-д 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл тус тус ажилласан. Үүнээс хойш бид тусдаа ажиллаж байгаад, 2016 оны 12 дугаар сараас эхлэн “А-” ХХК-ийн нэрийн дор цоо шинээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ зохиож эхэлсэн юм. Ингэснээр бид одоогийн Монголын зах зээл дээр хоосон байгаа санхүүгийн системийн орон зайг нөхөх үүднээс дунд төвшний аж ахуйн нэгжид зориулагдсан үүлэн технологи дээр суурилуулсан программ зохиож загварчилж эхэлсэн юм. Харин Веритек нь онлайн боловч үүлэн технологи биш, томоохон аж ахуй нэгжид зориулагдсан, мөн Веритек нь хэрэглэгч бүрд зориулж программаа тусгайлан суурилуулж бүтээгдэхүүн хэлбэрээр худалддаг, харин “А-” нь тусгайлан суурилуулахгүй, нэгдсэн нэг программаар үйлчилгээ үзүүлэх байдлаар хэрэглэгчдэд интернетээр ашиглуулдаг. Хөгжүүлэлтэд анхнаасаа open-source технологиуд дээр суурилж хөгжүүлэхийг зорьсон. Artlab.mn домайн нэр болон фэйсбүүк хуудас нь манай системийнх бөгөөд одоогоор танилцуулга төдий л ажиллаж байна. Энэ асуудлаар “И-” XXК нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Оюуны өмчийн газарт хандаж гомдол гаргасан байдаг. Үүнийг Оюуны өмчийн газын Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч С.Н шалгаж, зохиогчийн эрхийг зөрчилгүй гэж дүгнэсэн. Үүнээс гадна шүүхээс томилогдсон шинжээч мөн үүнтэй ижил дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэлд дурдсан шиг “И-”" ХХК-ийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ямарваа нэгэн байдлаар хуулбарласан, хулгайлсан, хууль бусаар борлуулж, ашиг олсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

 

Хариуцагч З.И- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргах тайлбар Б.Г-ын гаргасан тайлбартай ижил тул нэмж хэлэх зүйлгүй. Нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.3-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг “А-” ХХК, Б.Г-, З.И- нарт тус тус даалгах тухай “И-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А-” ХХК, Б.Г-, З.И- нарт холбогдох зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлүүдэд заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогоогүй, програм хангамжуудын ижил төстэй байдлыг харьцуулсан бүрэн хэмжээний, эргэлзээгүй дүгнэлт гараагүй байхад, нэхэмжлэгч талаас гаргасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хүсэлтийг хангахгүй орхиж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс: "Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н-ын дүгнэлт, шинжээч Үндэсний дата төв УТҮГ-ын дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээч П.Тэгшбаярын мэдүүлэг"-ээр “А-” нэртэй санхүүгийн программ хангамж нь нэхэмжлэгчийн онцгой эрхийг эзэмшиж байгаа Veritech ЕРР санхүүгийн программ хангамжаас өөр программ хангамж болох нь тогтоогдож байна." гэж үндэслэлгүй дүгнэсэн бөгөөд энэ нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Үүнд: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй болох талаар: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө www.artlab.mn сайтад байрлуулсан "“А-”" гэх санхүүгийн програм хангамжтай танилцахад манай компанийн санхүүгийн програмтай дизайн, интерфейсийн хувьд хуулбарласан шинжтэй зүйлүүд ажиглагдахад цааш шалган тодруулахад манай компанид ажиллаж байсан Б.Г-(манай компанид 2016 оны 05 сар хүртэл ажилласан), З.И- (манай компанид 2015 оны 04 сар хүртэл ажилласан) нар нь компанид ажиллаж үедээ буюу 2015 оны 01 дүгээр сард "“А-”" гэж компанийг үүсгэн байгуулсан байсан. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр уг сайтад байрлуулсан [email protected] хаягаар имэйл бичиж тодруулахад: "Бид програм хангамжаа хөгжүүлээд 3 жил болж байгаа ..." буюу манай компанид ажиллаж Веритех санхүүгийн програмыг бүтээхэд оролцож байсан үетэй нь ч яг таарч байсан. Хариуцагч нарын дээрх эрх зөрчсөн үйлдлийг мэдсэн даруйдаа Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмч, УБЕГ-т хандан гомдол гаргахад зөрчлийн хэрэг нээн шалгах явцад ОӨУБЕГ-ын хяналтын байцаагч, эрх зүйч мэргэжилтэй Л.Нямдулам нь компьютер, програм хангамжийн талаар тусгай мэдлэггүй байж өөрөө санхүүгийн програм хангамжуудыг харьцуулан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүгнэлт гаргаж, тухайн өдрөө зөрчлийн хэргийг хаасан хууль бус шийдвэрийг гаргасан тул бид Нийслэлийн прокурорын газарт хандан гомдол гаргахад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/689 дугаартай албан бичгээр: "Дээрх улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр 2 тал уулзаж, програмыг харьцуулан үзсэн тэмдэглэлийг үндэслэн дүгнэлт гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу ..." гэсэн хариуг өгч, хяналтын байцаагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байсаар байтал шүүх уг баримтыг үнэлэлгүйгээр хяналтын байцаагчийн дүгнэлтийг шийдвэрийн нэг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрпэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үндэсний дата төвийн дүгнэлт бүрэн бус болон нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тухайд, Үндэсний дата төвийн шинжээч: "Мөн кодын түвшинд ижил төстэйгээр шууд нэгнээсээ хуулбарласан гэх бүтэцтэй кодыг илрүүлээгүй." гэх боловч энэхүү үр дүнг нь тусгасан илэрц, баримт дүгнэлтэд байхгүй. Үндсэн код, кодчилол, алгоритмын хэсгийг харьцуулан шинжилгээний дүгнэлт хийгдээгүй, зөвхөн файлын тооны харьцуулалт нь гол, чухал биш тоон үзүүлэлт дээр тулгуурласан. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжпэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна." гэсэн шаардлагыг хангаагүй дүгнэлт болохыг тодорхой харуулна. Ижил   төстэй   байдлуудыг   ялгах,   тодруулахад   зайлшгүй   програмуудын өгегдлийн санг Шинжээч шинжлээгүй, энэ талаар дүгнэлт гаргаагүй. Шинжээч   шүүх   хуралдаанд   оролцохдоо:   "Программын   ижил   төстэй байдлыг шинжлэхдээ өгөгдлийн сан, эх код хоёр байх юм бол дүгнэлтэд арай илүү нөлөөлөх нь үнэн.Өгөгдлийн сангийн мэдээлэл дээр дүгнэлт хийх юм бол үр дүн өөрөөр гарах боломжтой." гэх зэргээр, эх код, түүний өгөгдлийн санд шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, өгөгдлийн санд дүгнэлт хийх шаардлагатай талаар мэдүүлсээр байтал үндэслэлгүй, эргэлзээтэй, бүрэн бус дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэлээ. III. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн бичгээр гаргаж, гарын үсэг зурна.", 17.6 дахь хэсэгт "Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна." Гэж заасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний дата төвийн 02/185 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дүгнэлтийг ямар этгээд гаргасан, түүний гарын үсэг зурагдаагүй байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн бөгөөд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах байдлаар гарын үсэг зурагдаагүй гэх алдааг залруулах боломжгүй юм.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн талаар.

Нэхэмжлэгч талаас 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шинжээч дүгнэлт дээрх байдлаар бүрэн бус дахин шинжилгээ хийлгэх хүсэлт болон санхүүгийн программуудын сорс кодуудыг харьцуулах замаар шинжлэн судлахын тулд үзлэг хийлгэх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д "...шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэй" гэж заасан бөгөөд тусгай мэдлэг бүхий дүгнэлт гаргасан шинжээч нь хүртэл дүгнэлт дутуу хийгдсэн, дутуу мэдээллүүд дээр шинжилгээ хийвэл өөрөөр гарах боломжтой буюу зайлшгүй шинжлэх өгөгдлийн санд шинжилгээ хийгээгүй талаар мэдүүлсээр байтал шүүх нэхэмжлэгчийн үндэслэл бүхий хүсэлтүүдийг хүлээн авалгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх эрхүүдийг хязгаарлаж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. Иймээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 "Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн", "Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдол нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн" гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “И-” ХХК нь хариуцагч “А-” ХХК болон Б.Г-, З.И- нарт холбогдуулан зохиогчийн эрх зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, цаашид ийм зөрчил гаргахгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд шаардлагаа Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг хариуцагч нарт тус тус даалгах гэж тодруулсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-3, 34-38 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н-ын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2164 тоот дүгнэлтэд “...тус бүрийн програмын баазын бүтцийн хувьд үзэхэд өгөгдлийн сангийн бүтэц нь төсөөтэй гэх зүйл байгаагүй. Иймд эрхийн хамгаалалт хийгдсэн сорс кодын хувьд хуулбарлан хийсэн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн байх боловч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 5/689 тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдолд “улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр 2 тал уулзаж, программыг харьцуулан үзсэн тэмдэглэлийг үндэслэн дүгнэлт гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу боловч уг зөрчлийг шалган шийдвэрлэх хуульд заагдсан хугацаа дууссан” гэх хариу өгсөн байгаад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийгээгүй байна. /хэргийн 47, 49 дүгээр тал/

 

            Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2019/02269 тоот шүүгчийн захирамжаар “Үндэсний дата төв” УТҮГ-ыг шинжээчээр томилж, хүсэлтийг хангаж, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байх боловч шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна.” гэж заасныг зөрчжээ./хэргийн 51-52, 80-81, 90-93 дугаар тал/ Үүнтэй холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талаас нэмэлт шинжилгээ хийлгэх, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/07195 тоот шүүгчийн захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар үйл баримтыг тодруулж, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ хийлгэхээр уг хүсэлтийг хэлэлцэхээс татгалзжээ./хэргийн 121-123, 127 дугаар тал/

 

            Улмаар шинжээч П.Т шүүх хуралдаанд оролцож “...Хоёр программын өгөгдлийн сан, эх код хамтдаа байвал ижил төстэй байдлыг тодруулахад ач холбогдолтой. Ижил төстэй мэдээлэл олдоогүй учир би хувиар дүгнэх боломжгүй байсан. ” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.” гэж заасан шаардлагыг хангаагүй байна./хэргийн 51-52, 80-81, 90-93 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, шүүх дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй гэж үзнэ.

 

            Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн зөрчил гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх, боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                 ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ   

                   

                                                                                             С.ЭНХТӨР