Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар  2021/ДШМ/735

 

 

 

 

    2021             8             10                                         2021/ДШМ/735    

 

 

Д.Мя, Б.Ха,

А.Эг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Анхбаярын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Д.Мя, Б.Ха нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Мя, Б.Ха, А.Эг нарт холбогдох эрүүгийн 2105 00000 0191 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Дийн Мя, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр .............. төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын инженер мэргэжилтэй, “М” ХХК-д физик, механик, инженер ажилтай, ам бүл 1, ................... аймгийн ............... сумын ... дугаар баг, ................... гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар байрны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

2. У овгийн Бын Ха, ....... оны ... дугаар сарын ...-ны өдөр .................. төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Г” ХХК-д цалингийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 1, .................. дүүргийн .... дүгээр хороо, ................ дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. дүүргийн .... дүгээр хороо, ...................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:................................../;

 

3. Б овгийн Аийн Эг, ....... оны ..... дугаар сарын ....-ний өдөр ........................ төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “А” зочид буудалд ресепшн ажилтай, ам бүл 1, .................... аймгийн ................. сумын .... дүгээр баг, ...................... дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

Шүүгдэгч Д.Мя, Б.Ха, А.Эг нар нь бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэн саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Д.Мя, Б.Ха нар нь бүлэглэн цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэхдээ Д.Мя нь баруун гартаа барьсан гар утсаа ашиглан хохирогч Б.Агийн толгой тус газар олон удаа цохиж, Б.Ха нь баруун гараараа 2 удаа толгойн ар хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Мя, Б.Ха нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Агийн Эг, У овогт Бын Ха нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан тэдэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А.Эг, Б.Ха нарыг энэ хэрэгт гэм буруугүйд тооцон цагаатгаж, шүүгдэгч Б овогт Дгийн Мяийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Улаан сахиус овогт Батсугарын Хаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Мяийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч Б.Хаг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мят Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүнд оногдуулсан нийт ялыг 4.000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мя, Б.Ха нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн кейстэй хар өнгийн Самсунг А-51 маркийн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Д.Мят буцаан олгож, бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг, шүүгдэгч Д.Мя нь хохирогч Б.Ад 3.000.000 /гурван сая/ төгрөгийг эмчилгээний зардалд төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Мя, Б.Ха нарын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх хууль зүйн үндэслэл байх ба энэ нь шүүх Эрүүгийн хуулийн хууль ёсны байх зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд огт нийцээгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хүргүүлсэн байдаг. Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, мэдүүлэг мэтгэлцээнд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх боловч хэн яаж, хэрхэн гэмтэл учруулсан тухай дурдаагүй, мөн шүүгдэгч Д.Мя нь хохирогч Б.Агийн биед хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, хохирол барагдуулсан байдаг. Эдгээр гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүгч нь шүүгдэгч Б.Хад холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож цагаатгасан атлаа 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцээгүй атлаа, түүний биед гэмтэл учруулсан байх ямар ч боломжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхийн тулд эрх ашиг нь хөндөгдсөн, халдлагад өртсөн тодорхой объект байх ёстой байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцээгүй, түүний эрх ашгийг зөрчөөгүй гэж үзсэн атлаа түүний биед гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2105 00000 0191 дугаартай эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.Хад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Прокурор М.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн халдлагын зүйл нь хууль сахиулагч байх бөгөөд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэн саатуулах байранд хэрэг учрал болсон. Уг орой буюу 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 23 цагт хохирогч Б.А нь ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ гэмт хэргийн халдлагын зүйл буюу Эрүүлжүүлэн саатуулах байрны дэг журам, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл эс үйлдэхүйг таслан зогсоох зорилгоор хохирогч нь шүүгдэгч Д.Мя, шүүгдэгч Б.Ха, шүүгдэгч А.Эг нарт одоогоор тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар тайлбарлан хаалга чангаар нүдэхээ болих, дуу дүрсний бичлэг хийхийг хориглох зэрэг шаардлага тавьсныг шүүгдэгч нараас эсэргүүцэж Д.Мя гар утсаараа видео бичлэг хийснээр, Б.Ха дууны бичлэг хийснээр А.Эг дээрх үйлдлүүдийг дэмжиж эрүүлжүүлэн саатуулах байрны дотор вакуум хаалгыг чанга нүдэж тус байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зэрэг үйлдлээрээ нэгдэж, шүүгдэгч Д.Мя, Б.Ха нар нь хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Цагдаагийн албаны тухай хуулийн хоёрдугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”, 23.5 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хунд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй.”, 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.”, 23.7 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасны дагуу тухайн үед албаны үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.А нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийн хүрээнд шүүгдэгч Д.Мя, Б.Ха, А.Эг нарт шаардлага тавьж ажилласан, цагдаагийн албан хаагчийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Д.Мят чиглэж ганцаарчлан тавьсан шаардлагыг эсэргүүцсэн болох нь хохирогч Б.Агийн “...3 эмэгтэй хүн орж ирээд Одгэрэл гэх хүнийг авч явна, батлан даалтаар аваарай гэх зүйл яриад байсан тэгэхээр нь би боломжгүй гэж хэлээд хаалга хаатал дахин дахин хаалга хүчтэй чанга нүдээд болохгүй байхаар нь би хаалгаа онгойлгоход шар куртиктэй нь гар утсаараа бичлэг хийгээд байсан тэгэхээр нь би “та гар утсаараа бичлэг хийж болохгүй, одоо гар утсаараа бичлэг хийхээ боль...” гэж шаардлага тавьсан юм. Тэгтэл тэр хүмүүс миний үгэнд орохгүй байхаар нь би хаалгаа хаагаад байж байтал дахиж нүдээд байсан. Тэгтэл тэнд байсан 3 эмэгтэйн хар куртиктэй эмэгтэй нь мөн өөрийн гар утсан дээрээ дуу хурааж байсан бөгөөд би тэдгээр хүмүүст энэ хүнийг гаргаж явуулах боломжгүй байна, энэ хүнийг авчирсан цагдаа нар нь уг дуудлага мэдээллийг шийдвэрлэх ёстой гэдгийг удаа дараа тайлбарлаж хэлээд мөн гар утасныхаа хийж байгаа бичлэгийг боль гэдэг шаардлага тавиад ерөнхийдөө хэлээд болохгүй болохоор нь гар утсыг авах гэж оролдсон юм. Тэгтэл шар куртиктэй эмэгтэй нь намайг түлхээд элдэв бусын үгээр хэлээд байхаар нь би тэр эмэгтэйг хүлээлгийн танхим руу оруулах гэж оролдсон. Тэгтэл тэр эмэгтэй орохгүй гэж надтай маргалдаад урдуур нь харин жижиг биетэй урт куртиктэй эмэгтэй ороод хаагаад байсан юм, тэгээд би ноцолдоод урт куртиктэй болон шар куртиктэй 2 эмэгтэйг хүлээн авах өрөөний хаалга руу түлхэх үед хар куртиктэй эмэгтэй намайг цохиод тэр 3 эмэгтэй нийлээд намайг зодож цохисон юм. Тэгээд удалгүй эрүүлжүүлэн саатуулах Байрны эмч Б.Амаа гарч ирээд салгасан юм.” /хх 29-31/, гэрч Б.Амаагийн “...3 эмэгтэй манай эрүүлжүүлэх саатуулах байрны үзлэгийн өрөө рүү ордог хэсгийн вакуум хаалгыг маш хүчтэй нүдсэн. Харин тэр үед манай цагдаа Б.А “эдгээр энэ хүнийг гаргах боломжгүй” гэж хэлээд хаасан. Гэтэл тэдгээр хүмүүс нь “хүнээ авъя” гэж хэлээд огт явахгүй хаалга нүдээд байсан. Тэр үед Б.А дахиж хаалгаа онгойлгоод “битгий хаалга нүдээд бай, хүнийг гаргах боломжгүй” байгаа талаар тайлбарлаж хэлтэл тэдгээр хүмүүс гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. Харин тэр үед Б.А “гар утсаа боль” гэж хэлээд байсан юм. Тэгээд гэнэт түчигнээд дуу чимээ гараад эхлэхээр нь би вакуум хаалга руу очиход дэд ахлагч Б.Агийн толгойн хойд хэсгээс цус гарчихсан, өөрөө толгойгоо дараад хамгаалж байсан, мөн гар нь цус болчихсон байдалтай, харин тэдгээр 3 эмэгтэй толгойн тус газар луу нь цохиод зодож байсан юм. Тэгэхээр нь би очоод шар гадуур хувцастай Б.Аг цохиж байх үед нь хувцаснаас нь татаад болиулах гэхэд тэр эмэгтэй нь миний урдаас шаардлага эсэргүүцээд надтай ноцолдоод д/а Б.Агаас салахгүй байсан тэгж байтал Б 1 эмэгтэйг зуурч аваад тэнд зодоон намжсан...” /хх 40-41/, гэрч Н.Бын “...эрүүлжүүлэн саатуулах байрны үзлэгийн өрөө рүү нэвтрэх хэсгийн хаалгыг хүмүүс хүчтэй нүдээд тэдгээр хүмүүстэй д/а Б.А уулзаад байх шиг байсан гэтэл гэнэт 3 эмэгтэй дайрч орж ирэх гээд орилж байгаад түчигнээд дуу чимээ гараад явчих шиг болтол а/д Б.Амаа түрүүлж гараад би ардаас нь гарахад д/а Б.Аг 3 эмэгтэй хүн нийлж хүч хэрэглээд зодож байсан харин түүнийг нь а/д Б.Амаа 1 хүнтэй нь зууралдаад салгаж байсан харин миний хувьд бол хүлээлгийн өрөөний үүд хэсэгт тэр үйл явдлыг хараад мөн тухайн 3 эмэгтэй хүний авч явах гээд байсан эрэгтэй хүн нь суугаад байсан учраас хойд талаас гарч ирээд асуудал үүсгэж магадгүй гээд хараад зогсож байсан юм...” /хх 58-59/, шүүгдэгч Б.Хны “...Тэгээд “бичлэг хийж болохгүй, боль” гэсэн шаардлага тавьсан. Би харин гар утсаа дуу хураагуур дээр нь тавиад халаасандаа хийчихсэн байсан...” /хх 98-100/, шүүгдэгч А.Эгийн “...саатуулах байр дээр ирээд би хаалгыг нь тогшиход цагаан хувцастай хүн гарч ирсэн. Би “найзыгаа авъя” гэхэд “явуулах боломжгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь “манай найз сая утсаар яриад ирж авч болно гэж хэлсэн” гэхэд “явуулахгүй” гэсэн. Тэр үед Д.Мя утсаараа бичлэг хийж байсан. Дахиад хаалгыг нь нүдээд хаалга онгойлготол цагдаа “гар утсаараа бичлэг хийхээ боль” гээд Д.Мяийн гар утсыг авах гэсэн. Д.Мя гар утсаа өгөхгүй гээд маргаан үүссэн. Д.Мяийг хүлээн авахын өрөө рүү оруулах гэхэд Д.Мя ухарсаар үүдэнд тулсан. Тэгэхээр нь би болиулах гээд урдуур нь орсон...” гэх мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/ зэрэг нотлох баримтуудаар хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг хэн нэгэнд чиглэж бус тухайн орчинд тавьж байгаа гэж ойлгох бөгөөд биелүүлэлгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь, дээрх хоёр гэмт хэрэг нь шалтгаант холбоотой бөгөөд хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байсан болохыг шүүх тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт буруутайд тооцсон шүүгдэгч Д.Мятэй бүлэглэн Б.Ха нь хохирогч Б.Агийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй юм.

2. Шүүхээс шүүгдэгч А.Эг, Б.Ха нарын үйлдсэн бусадтай бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо цагаатгах талын нотлох баримтыг огт дурдаагүй байгаа нь шийтгэх тогтоолд заасан дүгнэлт, хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримт, үйл баримтад тулгуурлан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн хохирогч Б.А, гэрч Б.Амаа, Н.Б нарыг мэдүүлгийг үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх А.Эгд холбогдох хэрэгт нотлох баримтад тулгуурлаж үнэлэлт дүгнэлт өгсөн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс түүнийг цагаатгах байр суурьтай оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн А.Эгд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор М.Анхбаярын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Мя, Б.Ха нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч А.Эг, Б.Ха нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Эг, Б.Ха нарыг энэ хэрэгт гэм буруугүйд тооцон цагаатгаж, шүүгдэгч Д.Мяийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Б.Хаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан хохирогч Б.Агийн “...3 эмэгтэй хүн орж ирээд Одгэрэл гэх хүнийг авч явна, батлан даалтаар аваарай гэх зүйл яриад байсан тэгэхээр нь би боломжгүй гэж хэлээд хаалга хаатал дахин дахин хаалга хүчтэй чанга нүдээд болохгүй байхаар нь би хаалгаа онгойлгоход шар куртиктэй нь гар утсаараа бичлэг хийгээд байсан тэгэхээр нь би “та гар утсаараа бичлэг хийж болохгүй, одоо гар утсаараа бичлэг хийхээ боль...” гэж шаардлага тавьсан юм. ...хар куртиктэй эмэгтэй нь мөн өөрийн гар утсан дээрээ дуу хурааж байсан бөгөөд би тэдгээр хүмүүст энэ хүнийг гаргаж явуулах боломжгүй байна, энэ хүнийг авчирсан цагдаа нар нь уг дуудлага мэдээллийг шийдвэрлэх ёстой гэдгийг удаа дараа тайлбарлаж хэлээд мөн гар утасныхаа хийж байгаа бичлэгийг боль гэдэг шаардлага тавиад, хэлээд болохгүй болохоор нь гар утсыг авах гэж оролдсон юм. Тэгтэл шар куртиктэй эмэгтэй нь намайг түлхээд элдэв бусын үгээр хэлээд байхаар нь би тэр эмэгтэйг хүлээлгийн танхим руу оруулах гэж оролдсон. Тэгтэл тэр эмэгтэй орохгүй гэж надтай маргалдаад урдуур нь харин жижиг биетэй урт куртиктэй эмэгтэй ороод хаагаад байсан юм, тэгээд би ноцолдоод урт куртиктэй болон шар куртиктэй 2 эмэгтэйг хүлээн авах өрөөний хаалга руу түлхэх үед хар куртиктэй эмэгтэй намайг цохиод тэр 3 эмэгтэй нийлээд намайг зодож цохисон юм. Тэгээд удалгүй эрүүлжүүлэн саатуулах байрны эмч Б.Амаа гарч ирээд салгасан юм.” /хх 29-31/,

гэрч Б.Амаагийн “...3 эмэгтэй манай эрүүлжүүлэн саатуулах байрны үзлэгийн өрөө рүү ордог хэсгийн вакуум хаалгыг маш хүчтэй нүдсэн. Харин тэр үед цагдаа Б.А “энэ хүнийг гаргах боломжгүй” гэж хэлээд хаасан. Гэтэл тэдгээр хүмүүс нь “хүнээ авъя” гэж хэлээд огт явахгүй хаалга нүдээд байсан. Тэр үед Б.А дахиж хаалгаа онгойлгоод “битгий хаалга нүдээд бай, энэ хүнийг гаргах боломжгүй” байгаа талаар тайлбарлаж хэлтэл тэдгээр хүмүүс гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. Харин тэр үед Б.А “гар утсаа боль” гэж хэлээд байсан юм. Тэгээд гэнэт түчигнээд дуу чимээ гараад эхлэхээр нь би вакуум хаалга руу очиход дэд ахлагч Б.Агийн толгойн хойд хэсгээс цус гарчихсан, өөрөө толгойгоо дараад хамгаалж байсан, мөн гар нь цус болчихсон байдалтай, харин тэдгээр 3 эмэгтэй толгойн тус газар луу нь цохиод зодож байсан. ...шар гадуур хувцастай эмэгтэй Б.Аг цохиж байх үед нь би хувцаснаас нь татаад болиулах гэхэд тэр эмэгтэй миний урдаас гаргасан шаардлагыг эсэргүүцээд надтай ноцолдоод дэд ахлагч Б.Агаас салахгүй байсан тэгж байтал Б 1 эмэгтэйг зуурч аваад тэнд зодоон намжсан...” /хх 40-41/,

гэрч Н.Бын “...эрүүлжүүлэн саатуулах байрны үзлэгийн өрөө рүү нэвтрэх хэсгийн хаалгыг хүмүүс хүчтэй нүдээд тэдгээр хүмүүстэй дэд ахлагч Б.А уулзаад байх шиг байсан. Гэтэл гэнэт 3 эмэгтэй дайрч орж ирэх гээд орилж байгаад түчигнээд дуу чимээ гараад явчих шиг болтол эмч Б.Амаа түрүүлж гараад би ардаас нь гарахад дэд ахлагч Б.Аг 3 эмэгтэй хүн нийлж хүч хэрэглээд зодож байсан. ...эмч Б.Амаа 1 хүнтэй нь зууралдаад салгаж байсан...” /хх 58-59/,

шүүгдэгч Б.Хны “...Тэгээд “бичлэг хийж болохгүй, боль” гэсэн шаардлага тавьсан. Би харин гар утсаа дуу хураагуур дээр нь тавиад халаасандаа хийчихсэн байсан...” /хх 98-100/,

шүүгдэгч А.Эгийн “...саатуулах байранд ирээд би хаалгыг нь тогшиход цагаан хувцастай хүн гарч ирсэн. Би “найзыгаа авъя” гэхэд “явуулах боломжгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь “манай найз сая утсаар яриад ирж авч болно гэж хэлсэн” гэхэд “явуулахгүй” гэсэн. Тэр үед Д.Мя утсаараа бичлэг хийж байсан. Дахиад хаалгыг нь нүдээд хаалга онгойлготол цагдаа “гар утсаараа бичлэг хийхээ боль” гээд Д.Мяийн гар утсыг авах гэсэн. Д.Мя гар утсаа өгөхгүй гээд маргаан үүссэн. Д.Мяийг хүлээн авахын өрөө рүү оруулах гэхэд Д.Мя ухарсаар үүдэнд тулсан. Тэгэхээр нь би болиулах гээд урдуур нь орсон...” /хх 109-111/ гэх мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд, шүүгдэгч Д.Мя, Б.Ха, А.Эг нар нь бүлэглэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Д.Мя, Б.Ха нар нь бүлэглэн мөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Мя, Б.Ха нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Мя, Б.Ха, А.Эг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мя, Б.Ха, А.Эг нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Мя, Б.Ха, А.Эг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

 

                 ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ