| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/06236/И |
| Дугаар | 101/ШШ2023/00657 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/00657
| 2023 01 26 | 101/ШШ2023/00657 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ББСБ ХК-ийн гаргасан,
Хариуцагч: Э.Э,
Хариуцагч: Б.У нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 77,645,021.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани хариуцагч Э.Э, Б.У нартай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 70,000,000.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн юм. Бид, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тоот улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, байр тоот хаягт байрлах 49.72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн УНД улсын дугаартай, арлын дугаартай LEXUS Gs450h маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалахаар барьцааны болон фидуцийн гэрээг байгуулсан.
Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс хариуцагч нарт зээлийн төлбөрийг төлөх хугацаа олгосон боловч зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй гэрээний үүргийн ноцтой зөрчсөн. Иймээс талуудын байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хүсэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Э, Б.У нартай байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, уг өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр үндсэн зээл 65,641,186.52 төгрөг, төлөх ёстой хүү 11,922,927.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,907.10 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 77,645,021.47 төгрөгийг тэдгээрээс шаардаж байна.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 77,645,021.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр болон фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Бид, тус банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 70,000,000.00 төгрөгийг 3 жилийн буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаатай авахаар харилцан тохиролцсон. Гэвч коронавирус цар тахлын улмаас ресторан, баар, караоке буюу үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа бүхэлдээ зогсонги байдалтай байсан бөгөөд хэдийгээр хөл хориог сулруулж үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхэлсэн ч үйлчлүүлэгч багатай, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, хил, гааль хаалттай хүнд хэцүү цаг хугацаанд нэхэмжлэгч талаас зээл авч ресторан, лоунж, караокены үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байсан.
Гэтэл бидний түрээслэн авсан талбайг түрээслүүлэгч нь бусдад давхар түрээслүүлсэн байсныг мэдэгдээгүйн улмаас маргаан үүсэж өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй, улмаар шүүхийн маргаан үүссэн. Бид нэхэмжлэгчээс авсан 70,000,000.00 төгрөгөөс зээл авсан тухайн өдөртөө 60,000,000.00.00 төгрөгийг түрээслүүлэгч талд түрээсийн төлбөр болгон шилжүүлсэн, мөн 10,000,000.00 төгрөгөөр тохижилт, засвар үйлчилгээнд зарцуулсан юм.
Ийнхүү бид зээлийн гэрээний хавсралтад дурдагдсан графикийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй бөгөөд үүсээд буй нөхцөл байдлыг хэлж, тайлбарлаж, өөрсдийн бүхий л боломжоо ашиглан эхний хэдэн сар зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлж байсан хэдий ч нэхэмжлэгч талаас гэрээг өөрийн санаачилгаар цуцалж байгаад гомдолтой байна. Бидний хувьд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаагаа эхлүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчээс авсан зээлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гарган биднийг санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд оруулж байх төдийгүй гэрээнд заасан хугацааны дотор зээлийг эргэн төлөх боломжийг үгүй хийж байна гэж үзэхээр байна.
Иймд, зээлдэгч бид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг цуцалж, төлбөрийг шүүхийн журмаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 546,000.00 төгрөг, мөн 70,200.00 төгрөг төлсөн баримт,
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,
4. Мөнгөн гүйлгээний баримт,
5. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн В12021111202 дугаар зээлийн гэрээ,
6. Зээлийн эргэн төлөлийн хуваарь,
7. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ипотекийн гэрээ,
8. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,
9. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ,
10. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
11. Зээл хүсэгчийн анкет,
12. Зээлийн хүсэлт,
13. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэх хуудас,
14. Зээлийн дансны хуулга,
15. Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл,
16. Хаан банкны депозит дансны хуулга,
Хариуцагч нараас өгсөн баримт
1. Хариу тайлбар.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ББСБ ХК-иас хариуцагч Э.Э, Б.У нарт холбогдуулан 77,645,021.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13:30 цагт товлож, хурлын товыг зохигчдод мэдэгдсэн хэдий ч хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Тодруулбал, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хүргүүлснийг тэд хүлээн авсан, түүнчлэн шүүгчийн туслах болон хариуцагч нарын өмгөөлөгчтэй утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл өмгөөлөгч нь өөр шүүх хуралдаан давхацсан гэсэн боловч үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч И ББСБ ХК нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хариуцагч Э.Э, Б.У нартай зээлийн гэрээ байгуулж 70,000,000.00 төгрөгийг 36 хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 13-17 хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч И ББСБ ХК-нд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ /х.х-ийн 8-11 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ................. гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
3. Нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн нэхэмжлэл, талуудын шүүхэд өгсөн тайлбар, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар зээлдэгч Э.Э, Б.У нар дээрх зээлийг хөрөнгө оруулалт-ын зориулалтаар авсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч И ББСБ ХК нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч буюу зээлдэгч Э.Эийн Хаан банк ХХК дахь тоот дансанд 69,650,000.00 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн дансны хуулга, мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байна /х.х-ийн 60 хуудас/.
Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар 70,000,000.00 төгрөгөөс 69,650,000.00 төгрөгийг хариуцагч Э.Э нь хүлээн авсан боловч хариуцагч Б.Уын зүгээс энэ талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийг хамтран үүрэг гүйцэтгэгч нөгөө этгээдийн зөвшөөрснөөр зээлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
Тодруулбал, хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.
Нөгөө талаар 6 дугаар зүйлийн 6.6-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй гэж зааснаар зээлдэгч нар гэрээний зүйл болох 70,000,000.00 төгрөг авах ёстой байтал 69,650,000.00 төгрөгийг авсан гэсэн хариу татгалзал, тайлбарыг зохигч нар гаргах учиртай бөгөөд хариуцагч Э.Э, Б.У нар үүнтэй маргаагүй.
Иймд, нэхэмжлэгч И ББСБ ХК болон хариуцагч Э.Э, Б.У нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
4. Талуудын байгуулсан гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр зээл болон зээлийн хүүнд тогтмол 3,181,000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос үзвэл уг зээл нь бүрэн хорогдох зээл байх тул хариуцагч нар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийг төлж дуусах үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 17 хуудас/.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.1.5, зээлийг эргэн төлөх хуваарьт тус тус зааснаар зээлийг ашиглах хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 36 сар бөгөөд хэрэв зээлдэгчид сар бүрийн 20-ны өдөр зээлийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд зээлийг төлж дуусгах ажээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч нар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 12,475,275.00 төгрөг, зээлийн хүүнд 19,334,725.00 төгрөг, нийт 31,810,000.00 төгрөгийг төлөх ёстой байтал тэд үндсэн зээлд 4,358,813.48 төгрөг, зээлийн хүүнд 8,600,086.52 төгрөгийг төлсөн байна. Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээл, зээлийн хүүгийн тооцоололд тусгагдсан үндсэн зээл, зээлийн хүүг төлсөн өдөр болон эдгээрийн нийлбэрийг зээлийн дансны хуулгатай тулгаж шалгахад тэдгээрийн төлсөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болоод төлбөр хийсэн огноо тус тус нийцэж байна /х.х-ийн 30, 61-70 хуудас/.
Тухайлбал, зээл, зээлийн хүүгийн тооцоололд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000.00 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулгын мөн өдөр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,182,000.00 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулгын тус өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,181,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,181,000.00 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250,000.00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,965,900.00 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулга дахь эдгээр өдрийн гүйлгээний бүртгэлтэй тус тус таарч байна.
Хэдийгээр хариуцагч Э.Э, Б.У нар ийнхүү зээлийг төлж байсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан тухайн сарын 20-ны өдөр төлөх ёстой 3,181,000.00 төгрөгийг бүрэн, мөн хугацаандаа төлөөгүйгээс улбаалан дараа сарын 20-ны өдөр тийнхүү бүрэн төлөх хүртэлх хугацаанд өмнө нь зохих ёсоор төлж, хасагдаагүй үлдсэн үндсэн зээлээс хүү бодогдсоор 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 20,523,014.37 төгрөгийн хүүнээс зээлдэгчид 8,600,086.52 төгрөгийг төлжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж, үндсэн зээл хасагдах ёстой байтал хариуцагч нар зээлийг зохих ёсоор төлөөгүй тул үндсэн зээлийн хасагдаагүй хэсэгт хүү, нэмэгдүүлсэн бодогдож, хуримтлагдсан байна.
Иймд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 65,641,186.52 төгрөг, зээлийн хүү 11,922,927.85 төгрөг гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар үндсэн зээлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс, зээлийн хүүг 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хугацаанд огт төлөөгүй гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцжээ /х.х-ийн 61-70 хуудас/.
Шүүх, талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар зохигчид нэмэгдүүлсэн хүүг сарын 0.58 /2.9x20%=0.58/ хувь байхаар тохирсныг үндэслэн зээлдэгч нарын төлбөл зохих нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцвол нэхэмжлэгчийн шаардсан 58,907.10 төгрөгөөс хэтэрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй юм.
5. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Э.Э, Б.У нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахыг хүсчээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол..................... гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүүг зохих ёсоор буюу 2-оос дээш удаа зөрчсөн, төлбөрийг 90 ба түүнээс дээр хоногоор төлөхгүй хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нөгөө тал буюу зээлдүүлэгч нь гэрээг цуцлах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүхэд өгсөн тайлбараас үзвэл хариуцагч нар зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойших хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрчээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүний зориулалт болон зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваариас үзвэл тус гэрээ нь урт хугацаатай гэрээнд тооцогдоно. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцалж болох бөгөөд гагцхүү 221.3-д заасны дагуу гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал дээр дурдсан хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.
Ингээд зээлдэгч буюу хариуцагч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчээс энэхүү зөрчлийг үндэслэн цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байхаас гадна хариуцагч нарт үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар гэрээг цуцлах эрхтэй учир шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улбаалан зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаатай холбогдуулан гарсан зардлыг хохиролд тооцно. Гэтэл хэрэгт нотариатын төлбөрт 22,000.00 төгрөгийг төлсөн гэсэн баримт байгаа боловч уг зардлыг хэн төлсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс энэ хэргийн нотлох баримтыг бүрдүүлэхтэй холбоотой гарсан зардал гэж үзэхэд учир дутагдалтай байна /х.х-ийн 19 хуудас/.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Э.Э, Б.У нараас үндсэн зээлийн үлдэгдэл 65,641,186.52 төгрөг, зээлийн хүү 11,922,927.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,907.10 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч И ББСБ ХК-иас хариуцагч Э.Э, Б.У нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.
Мөн тус хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчид хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцож болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Э.Эийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол /16095/, байр тоот хаягт байрлах 49.72 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ, түүнчлэн УНД тоот улсын дугаартай лексус жи эс 450 эйч маркийн автомашинаар фидуцийн гэрээг тус тус байгуулсан байна /х.х-ийн 18-23 хуудас/.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд.............. гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Ингээд талууд 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, фидуцийн гэрээний зүйл болох автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн нэр дээр шилжүүлсэн ба зээлдэгчийн өмчлөлийн зүйлийг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 20 хуудас/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар өнгөрсөн хугацаанд тус компани зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч нарын зүгээс үгүйсгээгүй /х.х-ийн 28, 29 хуудас/.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Энэ талаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж, 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан.
Иймд, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.Э, Б.У нараас 77,623,021.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Э, Б.У нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол /16095/, байртоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 49.72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн УНД тоот улсын дугаартай лексус жи эс 450 эйч маркийн автомашиныг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616,380.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 616,265.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР