| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/02503/И |
| Дугаар | 101/ШШ2023/02270 |
| Огноо | 2023-05-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2023/02270
| 2023 05 08 | 101/ШШ2023/02270 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Гд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М /рд:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц. Ц /рд:/-д холбогдох
14,541,333 төгрөг гаргуулах, оффис албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 12 сарын 23-ны өдөр Ц.Цтой оффис хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээг 3+1 буюу 3 сарын түрээс болон 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг байршуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Сарын түрээс болох 11,480,000 төгрөгөөр тохирсон. 2023 оны 4-р сарын 3-ны өдрийн байдлаар зөвхөн 2 сарын түрээс болох 22,960,000 төгрөгийг 2023 оны 1-р сарын 15-нд төлсөн. Өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй 38 хоносон тул гэрээг цуцалж өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох 14,541,333 төгрөгийг гаргуулж, оффисоос албадан нүүлгэж өгнө үү.
1а. Хариуцагчтай гэрээ байгуулсан. 12 сараар гэрээ байгуулсан юм. Сарын 11 саяын гэрээ байгуулсан. Хариуцагч нь 22,960,000 төгрөг шилжүүлэх байсан боловч 2 сард төлбөрөө төлсөн. Үлдсэн мөнгийг төлөөгүй. Нийт 2 сарын төлбөр төлсөн. Барьцаа нь орж байгаа юм. Төлбөрөө хийнэ гэсээр сар хагас болсон. Нүүж гараагүй. Иймд 1 сарын төлбөр 11,480,000 гаргуулна, албадан нүүлгэх шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь чөлөөлөөд өгчихсөн юм. Түрээслэгч нь надтай гэрээ хийгээгүй тул Цг хариуцагчаар татсан юм. Би Уээс мөнгөө авмаар байгаа юм. Гэрээ байгуулсан хүнээсээ нэхэж байгаа юм. Ажлын байр юм. Одоогоор гэрчилгээ гараагүй байгаа юм. Ашиглалтад орсон юм. Уийг би танихгүй. Түлхүүрээ хариуцагчийн хэлснээр Ут өгсөн юм. Дотор нь У үйл ажиллаа явуулж байсан. 22 сая төгрөг Уээс шилжиж ирсэн юм. У Х нар өөрсдөө машинаа барьцаанд өгөөд төлбөрөө төлөөд авна гэсэн юм гэв.
2. Хариуцагч Ц.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.Үүнд:
• Б.М нь 2022 оны 12-р сард надтай оффисын талбай түрээслүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан талаар маргах зүйлгүй.
• Гэвч миний бие тухайн оффисын талбайг өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн талбайгаа хүлээн аваагүй.
• Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ намайг 22.960.000 төгрөг төлсөн талаар дурдсан байх боловч миний бие тухайн төлбөрийг төлөөгүй болно.
• Түүнчлэн тухайн объектод ямар ч эд зүйл тавилга оруулж байршуулаагүй тул нэхэмжлэлд дурдсаны дагуу албадан нүүлгэх шаардлагагүй болно.
• Нэхэмжлэгч нь тухайн оффисын талбайгаа бусдад түрээслүүлсэн тул миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Надад түрээслүүлнэ гэсэн оффист нь үйл ажиллагаа явуулж байсан Х.У(утас:) болон Х (утас:) нарыг гэрчээр дуудан оролцуулж, тайлбар, мэдүүлгийг авч өгнө үү. Тухайн иргэдийн хувьд шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгөх боломжтой бөгөөд намайг тухайн оффист үйл ажиллагаа явуулаагүй болохыг нотлох тул энэхүү хүсэлтийг минь хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү.
2а. Гэрээ хийсэн боловч үйл ажиллагаа явуулаагүй. У, Х нар үйл ажиллагаа явуулсан. Би конторыг хүлээж аваагүй. Би төлбөр төлөөгүй У, Х нар төлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би түлхүүр аваагүй. Агент гэж байгаа хүнээс кодыг нь авчихсан байсан. Уийг би танихгүй. Агент гээд байгаа хүн нь маргаан үүсгээд байгаа юм. Х, У 2 нь төлбөрөө төлнө гэдэг юм. Агент нь тэдний машиныг хурааж авсан гэж хэлдэг гэв.
3. Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /хх6-7/, орон сууц хөлслөх гэрээ /хх22-23/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр 14,541,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлөх тухай шаардлага биелэгдсэнээр татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.М нь түрээсийн гэрээний үүрэгт нийт 14,541,333 төгрөг гаргуулах, С дүүрэг, ,,, дүгээр хороо, ,,,, гудамж, С тауэр, ,,, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ц.Ц нь гэрээ байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж аваагүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд биелүүлсэн гэх үндэслэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
5. Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оффис хөлслөх гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх22-23/
Энд зохигч хэн аль нь гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан гэрээ нь эх хувь болохыг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэн алины шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5а. Дээрхээс үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
6. Нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон гэж энэ талаарх 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн. /хх6-7/ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.
Улмаар ийнхүү эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан холбогдох гэрчилгээ олгогдоогүй байгаа гэх агуулгатай тайлбараар тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгчийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх эрхтэй гэж үзэхгүй.
7. Цаашлаад, нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгөд хариуцагч бус харин Х.У үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түүнээс түрээсийн төлбөрт 22,960,000 төгрөг хүлээн авсан талаар тайлбарлаж байна.
8. Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл зохигчид түрээсийн гэрээ байгуулсан боловч бодитоор хэрэгжээгүй, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, мөн хариуцагчид түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байх тул 14,541,333 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч холбогдох шаардлагаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгоно. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлөх шаардлагад төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Цд холбогдох 14,541,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн С, дүүрэг, ,,,,дүгээр хороо, ,,,,ийн гудамж, С тауэр, ,,, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэнээр уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД