Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч А.Амгалан,  

Шүүгдэгч Ч.А,  

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-ын А-д холбогдох 2525005290618 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд данс андуурагдан шилжиж ирсэн хохирогч Б.О-ийн 5,400,000 төгрөгийг орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.А-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Шивээхүрэн боомт ... гэх газар сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг. Хохирогчийн нөхөр гэх хүн 03 дугаар сарын 18-нд над дээр ирээд ах нь “...” уурхайд хувиараа дамп явуулдаг. Ах нь тос маслог энэ удаа бэлэн мөнгөөр авъя. Дараагийн удаа зээл тавиад хамтарч ажиллаж болох уу гэж хэлсэн. Би тухайн хүний нэрийг санахгүй байна. ... гэсэн дугаартай хүн байсан. 5,400,000 төгрөг андуурагдаж орж ирсэн данс эхнэрийнх нь данс, өмнө эхнэрийнх нь тэр данснаас 2, 3 удаа мөнгө орж ирж байсан. 03 дугаар сарын 24-нд 200 литр масло авсан. Мөнгөн дүнгээр бодоход 2,000,000 төгрөгийн масло аваачиж өгөөд миний дансанд 558,500 төгрөг тухайн өдөр шилжиж орж ирсэн. Тэрний дараа 04 дүгээр сарын 02-нд дахиад 200 литр гидрийн шингэн найзаараа хүргүүлж тэр ахад аваачиж өгсөн. Мөнгөн дүнгээр бодоход 2,200,000 төгрөг болно. 04 дүгээр сарын 04-нд надад 500,000 төгрөг явуулсан. Би 04 дүгээр сарын дундуур тэр ах руу яриад төлбөр тооцоогоо хийгээрэй гэхэд тооцоо орж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 13-ны өдөр эхнэрийнх нь данснаас надад 5,400,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг нь би 2 хоногийн дараа буцааж шилжүүлсэн. Тэгээд дэлгүүрийн тооцоо бодоод 7 хоногийн дараа 400,000 төгрөг гэр бүлийн хүнийхээ данснаас явуулсан. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг тэр ах руу яриад та тооцоогоо хийчих, би эхнэрийн чинь мөнгийг буцаагаад хийе эсвэл та надаас авсан зүйлээ буцаагаад өгчих гэхэд би мөнгийг чинь өгч чадахгүй нь би авсан зүйлээ буцаагаад өгье гэж хэлээд огт холбоогүй байж байгаад 06 дугаар сарын эхээр Орхон аймгийн Цагдаагийн газраас залгаад та хүний мөнгө завшсан хэрэгт холбогдсон байна ирж мэдүүлэг өгөх шаардлагатай гэсэн. Би цагдааг залгахад бүх нөхцөл байдлаа хэлсэн. Тэгээд 9936-тай дугаар руу залгаад та намайг цагдаад өгсөн байна. Хоёулаа тооцоогоо дуусгая. Та мөнгөө өгч чадахгүй бол надаас авсан зүйлээ буцаагаад өгчих гэж хэлсэн. Би чамаас авсан зүйлээ буцааж аваачиж өгнө гэснээ утсаа огт аваагүй. Одоо хүртэл миний утсыг авдаггүй. 07 дугаар сарын 10-ны үед Орхон аймгийн Цагдаагийн газраас залгасан. Сүүлд 09 дүгээр сард хэрэг чинь прокурор, шүүх рүү шилжлээ ирж мэдүүлгээ өг гэсэн. Би 10 дугаар сарын 03-нд Орхон аймагт өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн. Орхон аймгийн цагдаа намайг Өмнөговь аймгийн шүүх рүү шилжүүллээ чи явж болно гэж хэлсэн. Би 10 дугаар сарын 08-нд наашаа ирээд 10 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэв.

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас андуураад ... дугаарын данс руу 5,400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд банк руу ярьсан чинь цагдаад хандаарай гэж хэлсэн. Би яг тухайн өдөр А гэдэг хүний данс руу хийх гэж байгаад өөр А гэдэг хүний данс руу хийсэн байна лээ, ... энэ дансны эзэмшигчийг манай нөхөр зүс танина, энэ хүн Өмнөговь аймагт амьдардаг утасны дугаар нь ... Утсаар яриад хэлээд эхний ээлжинд би 2,900,000 төгрөгийг авчихсан одоо 2,500,000 төгрөг өгөх ёстой боловч өгөхгүй байна. Өнөө маргаашдаа өгнө гэсээр байгаад 2 сар боллоо... (хавтаст хэргийн 9 дэх тал)  

Шүүгдэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “...” гэх газарт том оврын машины сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг. 2025 оны 03 дугаар сарын үед үл таних нэг ах манай дэлгүүрт ирээд тос, маслоны худалдан авалт хийж төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын үед дээрх үл таних залуу 200 литр масло авъя гэхээр нь хүргэж өгсөн. Тэр үед надад 140 литр маслоны тооцоог нь хийгээд 60 литр маслоны тооцоо болох 600,000 төгрөг үлдсэн, боломжтой болохоороо өгнө гэж хэлсэн. Дараа нь 2025 оны 04 дүгээр сарын дундуур дээрх үл таних залуу 200 литр гидрийн шингэн авъя гэхээр нь байгаа газарт нь хүргэж өгсөн чинь хэд хоногоос мөнгө ороод ирэхээр нь боломжоороо өгнө гэж хэлсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа над руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гидрийн шингэний мөнгөн дүн нь 2,200,000 төгрөг болсноос над руу 500,000 төгрөг шилжүүлээд 1,700,000 төгрөг үлдсэн, ингээд урьдын 600,000 төгрөгтэйгөө нийлээд надад 2,300,000 төгрөг өгөх ёстой байсан юм. Ингэж явсаар байж байтал 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны ... дугаартай миний данс руу 5,400,000 төгрөг цалин гэсэн утгатай ороод ирэхээр нь би ямар нэгэн зүйл бодолгүй хэрэглэчихсэн. Над руу шилжүүлсэн дансыг нь харахад дээрх надаас худалдан авалт хийгээд шилжүүлж байсан данс байхаар нь би урьдын үлдэгдэл мөнгө болох 2,300,000 төгрөгөө авч үлдээд 2-3 хоногийн дараа 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь хэд хоногийн дараа 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь тос масло авсан залуу над руу холбогдоод манай эхнэр чиний данс руу мөнгө андуурч хийсэн байна, гэхээр нь би та надад өртэй шүү дээ би үлдэгдлийг нь хасаад шилжүүлсэн гэж хэлсэн чинь би тос маслог чинь авахаа болилоо буцааж хүргэж өгнө чи наад мөнгөө бүгдийг нь буцаагаад хий гэж хэлсэн. Та тос маслоо аваад ир тэгвэл би буцаагаад үлдэгдлийг нь шилжүүллээ гэж хэлсэн чинь тэгвэл манай эхнэр цагдаагаар явна гэхээр нь хамаагүй ээ гэж хэлсэн.” (хавтаст хэргийн 26-28 дахь тал)

Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б-25/606 дугаартай ... тоот данс эзэмшигч Ч овогтой А (...) болохыг тодорхойлсон албан бичиг (хавтаст хэргийн 42 дахь тал)

Ч овогтой А (...)-н Хаан банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга “2025 оны 05 дугаар сарны 13-ны өдөр 12 цаг 15 минутад ... дугаар данснаас 5,400,000 төгрөг “4 сарын цалин” гэсэн утгатайгаар шилжиж орсныг мөн өдрийн 12 цаг 21 минутад ... дугаарын дансанд “цалин” гэсэн утгатайгаар зарлагын гүйлгээ хийсэн” (хавтаст хэргийн 43 дахь тал)  

Ч овогтой А (...)-н Хаан банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 53 дахь тал)

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /Иргэн/ (хавтаст хэргийн 37 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, ...хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 5,400,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан. Ийм учраас шүүгдэгчийн хувьд бусдад төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь би ... дугаартай хохирогчийн нөхөрт та миний мөнгийг өгөхгүй юм бол авсан зүйлээ буцаагаад өгчих. Би эхнэрийн чинь мөнгийг асуудалгүй буцааж өгнө гэж хэлсэн. Тухайн үед за гэж хэлчхээд алга болсон. Түүнээс хойш миний дуудлагыг аваагүй. Үүнээс болж цагдаа, шүүх болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ч.А нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд данс андуурагдан шилжиж ирсэн хохирогч Б.О-ийн 5,400,000 төгрөгийг орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Б.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б-25/606 дугаартай ... тоот данс эзэмшигч Ч овогтой А (...) болохыг тодорхойлсон албан бичиг (хавтаст хэргийн 42 дахь тал), Ч овогтой А (...)-н Хаан банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга “2025 оны 05 дугаар сарны 13-ны өдөр 12 цаг 15 минутад ... дугаар данснаас 5,400,000 төгрөг “4 сарын цалин” гэсэн утгатайгаар шилжиж орсныг мөн өдрийн 12 цаг 21 минутад ... дугаарын дансанд “цалин” гэсэн утгатайгаар зарлагын гүйлгээ хийсэн” (хавтаст хэргийн 43 дахь тал), Ч овогтой А (...)-н Хаан банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 53 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.А-ийн зүгээс “өмнө нь хохирогчийн нөхөртэй нь өр авлагын асуудалтай байсан, андуурагдаад ороод ирсэн гэдгийг мэдээгүй, 2,500,000 төгрөгийг өрөнд тооцож авсан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал хохирогч О нь шүүгдэгчтэй ямар нэг зүйл худалдах, худалдан авах, эсхүл өр төлбөртэй холбоотой хоорондоо ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй байх ба Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 43 дахь тал)-д гүйлгээний утга дээр “4 сарын цалин” гэж шилжүүлснээс үзвэл өр авлагыг барагдуулах эсхүл төлбөр тооцоотой холбоотой зүйл бичигдээгүй, хохирогч нь шүүгдэгч рүү андуурч төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийсэн болох нь тогтоогдож байна.       

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Ч.А-ийн дээрх бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.   

Хууль зүйн хувьд “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ” гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хүсэл зоригоос үл хамаарч, санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс харилцагчийн дансанд мөнгөн шилжүүлэг, төлбөр тооцоог гүйцэтгэхдээ тоо, цифр дансыг буруу бичих, төгрөг, валютыг тодруулаагүй зэргээс алдаатай гүйлгээ хийхийг ойлгоно. Түүнчлэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ... төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.                                                                                                                                          

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ч.А-ийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол болох 300,000 төгрөгөөс дээш 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохоор байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.          

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.       

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Утсаар яриад хэлээд эхний ээлжинд би 2,900,000 төгрөгийг авчихсан одоо 2,500,000 төгрөг өгөх ёстой боловч өгөхгүй байна... (хавтаст хэргийн 9 дэх тал), шүүхийн шатанд хохирогчийн зүгээс “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлыг барагдуулсан” гэж тус тус мэдүүлснээс гадна шүүгдэгчийн мэдүүлэг, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлсөн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялын хэмжээг багасгаж байна уу  гэх тайлбарыг тус тус гаргав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.          

Шүүгдэгч Ч.А-ийн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.       

Шүүхээс шүүгдэгч Ч.А-ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар.   

Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.О-д 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ч-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Од 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ