Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/855

 

 

   2025         10           06                                      2025/ШЦТ/855 

 

                                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,

            улсын яллагч М.Билгүүтэй /цахим/,

            шүүгдэгч Р.О,

           орчуулагч Б.Эрдэнэбэлэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.О-д холбогдох эрүүгийн 2503************ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Кыргыз Улсын иргэн, 2002 оны ** сарын **-ний Кыргыз улсад төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл 5, аав, ээжийн, ах нарын хамт, *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А Р-ын О /Айди:***, ******* дугаар:*** /.

            Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Р.О нь 2025 оны 08 сарын 11-ний өдрийн 19:59 цагийн үед *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт Toyota *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн хэвтээ тэмдэглэл “1.3 /үргэлжилсэн хос шугам/ дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4. 1.1-1.3, 1.15.a-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Г.А-г мөргөж мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.О нь 2025 оны 08 сарын 11-ний өдрийн 19:59 цагийн үед *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт Toyota *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн хэвтээ тэмдэглэл “1.3 /үргэлжилсэн хос шугам/ дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4. 1.1-1.3, 1.15.a-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Г.А-г мөргөж мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.О-ийн “Би 2025 оны 08 сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд *** орчим явж байсан. Бид 2 багшийн дээдээс салаад манай хүү унадаг дугуйгаа унаад гэр лүүгээ харихаар зорчих хэсгийн 1-р эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй төв замаар явсан. Тэгээд удалгүй над руу танихгүй дугаараас залгаад ***-ийн хойд талын зам дээр 1-р эгнээнд танай хүүхэд машинд мөргүүлчихсэн байна гэхээр нь би ойрхон явж байсан тул ослын газарт явж очтол эмнэлэг, болон цагдаа ирчихсэн манай хүү эмнэлгийнх машин дотор суучихсан гараа боолгуулж байсан. Тэгээд манай хүүхдийг эмнэлэг ГССҮТ-рүү аваад явсан. Тэгээд цагдаа нар хэмжилт хэргийн газрын үзлэг хийсний дараа би ГССҮТ-рүү хүүхэд рүүгээ явсан. Унадаг дугуйны эвдрэлд үнэлгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 15, 59 ху/, насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн “Тухайн өдөр би гэр лүүгээ харих гээд ***-н урд замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний зах хэсгээр хашлаганд шахаад явж байтал миний биеийн зүүн талаас нэг машин орж ирээд мөргөчихсөн. Тэгээд би газарт унасан. Тухайн үед миний явж байсан чиглэл 1 дүгээр эгнээнд ямар ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байхгүй харин 2, 3 дугаар эгнээ түгжрэлтэй мөн эсрэг урсгал түгжрэлтэй байсан. Осол болох үед гадаа харанхуй болоогүй гэгээтэй байсан 102 103-ыг тухайн орчинд явж байсан үл таних хүн дуудаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 18 ху/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан. *** дүүргийн *** хороо ***-ын урд замд 2025 оны 08 сарын 11-ны өдрийн 19 цаг 59 минутын орчимд Toyota *** маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь унадаг дугуйтай Г.А-г мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.А нь 2025 оны 08 дугаар сарын 11-ий өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлж нийт 1.705.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд А.Р.О-гоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэл /хх 25 ху/, иргэний нэхэмжлэгч С.Р-ийн “...Би өөрийн эзэмшлийн Toyota *** маркийн *** дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 35 ху/, иргэний хариуцагч С.Р-ийн “Тухайн өдөр миний бие өвдөөд явж чадахгүй байхаар нь би дүү О-г мах их дэлгүүр лүү хүргээд өгчих гээд өгч явуулсан. О-д Кыргызстан улсын жолооны үнэмлэх байдаг. Монгол улсын жолооны үнэмлэх байхгүй. Кыргыз улсын жолооны үнэмлэхээр Монголд жолоо барьж болох байх гэж бодсон. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх 32 ху/, хохирогч Г.А-ийн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн ЕГ0725/*** дугаартай дүгнэлт /хх 44-45 ху/, мөрдөгчийн “Toyota *** маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.О нь ЗХД-н 2 дугаар хавсралт замын тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 "(үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана,, 1.4 1.1-1.3, 1.15.a-1 15 в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх 62 ху/, Цагдаагийн Ерөнхий газрын зөвшөөрөл, үйлчилгээний төвийн “Замын хөдөлгөөний дүрмийн 17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Кыргиз улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуулиар зөвшөөрдөг” гэсэн 23/4811 дугаартай албан тоот /хх 88 ху/, Хил хамгаалах Ерөнхий газрын “Р.О нь Чингис хаан агаарын замын боомтоор 2025 оны 05 сарын 04-ний өдөр улсын хилээр орох чиглэлд бүртгэгдсэн байна” гэсэн *** дугаартай албан тоот /хх 90 ху/, яллагдагч Р.О-гийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 11.300.000 төгрөгийг төлсөн” гэсэн мэдүүлэг /хх 75 ху/, шүүгдэгч Р.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Р.О-гийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч Р.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Р.О-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

        Иймд шүүгдэгч Р.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

      Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.О нь “Р.О-оос 10.300.000 төгрөгийг авсан. Цаашид гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хохирол гаргахгүй” /хх 99 ху/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж буй 1.705.000 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй.

         Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч А.Р.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

     4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.  

       6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 2-т зааснаар шүүгдэгч Р.Огоос 1.705.000 /нэг сая долоон зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд оруулсугай.

     7. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.БАЙГАЛМАА