Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч У.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг, ******* тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч У.******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой ******* сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, тоот хашаанд хууль бусаар Merida загварын 1 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг төмөр усны бидон зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 60,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У.******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой ******* сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, тоот хашаанд хууль бусаар Merida загварын 1 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг төмөр усны бидон зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 60,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч У.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.*******ы өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2.Хохирогч Х. “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 81 тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 07
дугаар сарын 31-ний орой манай 3 дахь хүү миний
эзэмшлийн Мерида загварын унадаг дугуйг унаж найзуудтайгаа тоглож байгаад тэр өдрийнхөө орой 22 цагийн орчимд дугуйгаа хашаан дотор оруулж тавиад өөрөө гэртээ орж ирсэн. Ингээд би маргааш нь буюу 08 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн орчимд ажилдаа явахаар гэрээсээ гараад ажил дээрээ очоод ажлаа хийж байтал өглөөний 10 цагийн орчимд хүү над руу залгаад “аав та дугуй унаад явчихсан юм уу?” гээд надаас асуусан. Тэгэхээр нь би түүнд “үгүй ээ, би машинтай явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр руу залгаад “дугуй харсан уу, өглөө дугуй байсан уу?” гээд асуусан чинь надад анзаараагүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд л ер нь дугуйгаа хашаан дотроосоо алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд манай эхнэр ажлаасаа буугаад 17 цагийн орчимд гэртээ хариад над руу залгаад “унадаг дугуйтай хамт 40  литрийн бидон байхгүй байна” гэж хэлсэн. Иймд би цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан. Мөн намайг өглөө гэрээсээ гараад машинд суух гэж байхад манай гэрийн хашааны хаалганы үүд хэсэгт ус асгарч, ус нь шингэчихсэн байдалтай байсан. Үүнээс үзэхэд өмнөх шөнө нь бидонтой усны усыг нь асгаад аваад явсан гэж харж байна...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Б. “...Би Сэлэнгэ аймгийн 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 135- тоотод эхнэр Батцэцэгийн хамт амьдарч байна. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд ******* ах манай гэрт ирсэн. Гэрт орж ирээд хэсэг сууж байгаад ах нь ийшээ явчихаад ирье“ гэж хэлээд гараад явсан. Тэгсэн нэлээн удаж байгаад орой 22 цагийн орчимд манай гэрт буцаад ирсэн. Гэрт орж ирээд надад худгийн хажуу талын айлын хашаанд унадаг дугуй байна. Хоёулаа хамт явж аваад зарчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “яах юм бэ? хэрэгт орчихно” гэж хэлсэн чинь би араа даана чи явахгүй юм бол би явлаа гэж хэлээд дахиад гэрээс гарч явсан. Гарч яваад удалгүй 10-20 минутын дараа цагаан өнгийн унадаг дугуй 1 ширхэг бидон аваад ирсэн. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ?” гээд хэлсэн чинь чи зүгээр байж бай” гээд унадаг дугуйгаа хашаанд үлдээгээд бидоноо үүрээд явсан. Тэгээд манай гэрт буцаж ирээгүй. Тэгсэн хэд хоногийн дараа манай гэрт цагдаа ирээд унадаг дугуйг хараад надаас асуусан, тухайн үед би тэр цагдаад болсон үйл явдлын талаар хэлсэн юм. Мөн унадаг дугуйгаа зар гарч 200.000 төгрөгөөр зарна гэж ярьж байсан Харин бидоноо яасан талаар мэдэхгүй байна. ******* ах энэ үйл явдал болсноос хойш намайг үзэхгүй байгаа, дахиад цагдаад ам нээх юм бол гэрийг чинь шатаана энэ тэр гэж хэлээд байгаа...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Б.ын “... Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой өөрийн хүү тай гэртээ харих замдаа гудамд таарч түүнийг аваад гэр рүүгээ харьсан. Тухайн үед манай хүү аавынхаа эзэмшлийн Мерида” загварын унадаг дугуйг унасан явж байсан бөгөөд бид хоёр тухайн өдрийн орой унадаг дугуйгаа хашаандаа оруулаад гэрийнхээ үүдэнд тавьсан. Тэгээд гэртээ орж унтаж амарчхаад өглөөний 07 цагийн орчимд гэрээсээ гараад ажилдаа явсан харин нөхөр маань миний араас төд удалгүй гараад мөн л ажилдаа явсан. Ингээд би ажил дээрээ байж байхад манай хүү над руу залгаад дугуй харсан уу дугуй алга болсон байна гэж хэлсэн Тэгэхээр нь би нөхөр Энхболсон руу залгаад гэрт чиний унадаг дугуй байхгүй байна, чи гарааш энэ тэр рүү оруулж тавьсан юм уу. гэж асуусан чинь " би хараагүй ээ. энд тэнд хийсэн зүйл байхгүй ойр хавдаа үзээд байхгүй бол цагдаад хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд л ер нь унадаг дугуйгаа хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд би 17 цагийн үед ажлаасаа гэр рүүгээ очиж эргэн тойрныхоо газруудаараа үзсэн чинь унадаг дугуй маань харагдаагүй ингээд л манай нөхөр цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаад дуудлага мэдээлэл өгсний дараа хэд хоногийн дараа цагдаагаас залгаад унадаг дугуйг маань олж өгсөн...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч П.ын “...Миний бие Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хасгийн байцаагч албан тушаалтай бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр унадаг дугуй алга болсон гэх гомдол мэдээллийн дагуу хуульд заасан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхэд тухайн өдөр сэжигтэй зүйл ажиглагдаагүй тус газарт хяналтын камер ч үгүй газар байсан юм. Ингээд хэд хоногийн турш алга болсон гэх цагаан өнгийн “Мерида” загварын унадаг дугуйг эрэн сурвалжилж ажиллахад унадаг дугуй алга болсон гэх 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, тоот айлтай ойролцоох Жарантай гэх айлын хашаанд алга болсон унадаг дугуйтай ойролцоо унадаг дугуй харагдсан. Ингээд би гэрийн эзэн Жарантайтай уулзаад тухайн унадаг дугуйг асуухад Жарантай гэх иргэн надад энэ унадаг дугуйг би аваагүй харин миний зүс мэдэх ******* ах авч ирсэн. Яг хаанаас авч ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн юм. Иймд би тухайн унадаг тухайн айлаас авч эзэнд нь хүлээлгэн өгч ажилласан” гэх мэдүүлэг[5],

6.“Ашид Билгүүн ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан
ТХҮ-924/10509 дугаартай
Мерида брэндийн унадаг дугуй 880,000 төгрөг, 40 литрийн бидон 60,000 төгрөг “хөрөнгийн үнэлгээний дүгнэлт” зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна[6],

7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[7], 8.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл[8], 9.Гэрэл зургийн үзүүлэлтүүд[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[10], 11.Төрсний гэрчилгээний хуулбар хувь[11], 12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[12], 13.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн гадаад паспортын лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[16],17.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[18]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч У.*******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдснээ миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа юм. 2002 оноос хойш нийгэмшиж багагүй хугацаанд ажил амьдралаа зохицуулж ирсэн. Ялаас чөлөөлж өгөхийг хүсч байна. Хохирогч Х.Энхболсонд 60,000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 60,000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогчийн бусаар “Merida” загварын 1 ширхэг унадаг дугуйг биет байдлаар хүлээлгэн өгсөн, 1 ширхэг төмөр усны бидоны үнэ 60,000 төгрөгийг бэлнээр нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч У.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогчийн бусаар “Merida” загварын 1 ширхэг унадаг дугуйг биет байдлаар хүлээлгэн өгсөн, 1 ширхэг төмөр усны бидоны үнэ 60,000 төгрөгийг бэлнээр нөхөн төлснийг дурьдсугай.

5.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

    

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 06 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас