Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, 2 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, РД: /*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Д.Түвшинтулгыг зодсоны улмаас түүний баруун нүдний дээд доод зовхи хамарсан цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Д.Түвшинтулгыг зодсоны улмаас түүний баруун нүдний дээд доод зовхи хамарсан цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ы өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахынхаа эмчилгээний зардал болон эрүүл мэндийн даатгал 3 жилийн төлбөр, хүүхдийнх нь сургалтын төлбөр 7 сая гаран төгрөгийг би төлсөн” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Д.Түвшинтулгын “... 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 11 цагийн үед өөрийн найз Төрөөгийн гэрт нь очсон юм. ...Тэр үед манай ээж Улаанбаатар хотод байсан. Миний төрсөн дүү ******* ээжийнд байсан. 0,5 литрийн нэртэй архи задлаад удаагүй бололтой бага зэрэг уусан байсныг нь хоёулаа хувааж уусан. Тэгээд би ганцаараа гарч яваад хүнсний дэлгүүр орж 0,5 литрийн нэртэй архи авч ээжийндээ очиж өөрийн дүү болох *******тай хуваагаад ууж байх үед би дүү *******д хандаж “Чи ер нь ойрд архи ууж байна, наад архи дарсаа одоо болих талаар хэлэхэд “чамд ямар хамаа байна аа” гээд намайг нүүр хэсэгт 4-5 удаа цохисон. Тэр үед би "одоо больё оо" гэхэд намайг цохихоо больсон. Тэгээд үлдсэн архиа ууж байгаад би дүү *******ыг тайвширсан гэж ойлгоод “чи наад архиа болио” гээд хэлэхэд “чамд ямар хамаа байна аа, чи дуугай бай” гээд намайг цээж, толгой руу гараараа цохиод газар унагаагаад өшиглөөд нүдчихсэн. Тэгээд би дүү *******д хандаж “одоо больё” гээд гуйхад намайг дахиж цохихоо больсон. Тэгээд би ээжийндээ шууд унтаад амарсан. Маргааш өглөө нь буюу өнөө өглөө босоход хамаг бие хөндүүр, нүүр ам авах юмгүй болчихсон байсан. Би *******д хандаж чи ахыгаа яаж байгаа юм бэ? гэхэд уучлаарай гээд байсан. Тэгээд өглөөний 10 цагийн үед ******* манай үеэл дүү болох ийг дуудсан байсан. Манайд ирж намайг шууд эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг[2];  

3.Иргэний нэхэмжлэгч Ц.ийн “... Хохирогч Д.Түвшинтулгын биед гэмтэл учирсантай холбоотойгоор ******* суманд 2 удаагийн үйлчилгээ, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 удаа, нийт 1,633,283 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийгдсэн. Эмчилгээний төлбөрийн мөнгө болох 1,633,283 төгрөгийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг[3];

4.Гэрч Ү.ын “... Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө дэлгүүрээ онгойлгохоор 09 цагт орж ирэхэд миний араас ******* ахын хүүхдүүдийн нэг Баяраа гээд байдаг залуу орж ирээд 0,33 литрийн архи ундаатай аваад гарсан. Дараа нь 13-14 цагийн хооронд ганцаараа орж ирээд 0,75 литрийн нэртэй архи ундаатай аваад гарсан” гэх мэдүүлэг[4];

5.Гэрч Ж.ийн: “... Болсон явдлын ярихад 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай гэрт ганцаараа ирсэн. Би түүнд  “манай гэрт гахайны будаа байдаггүй” гэхэд “...манай ээжийн хашаанд будаа байгаа, хамт очоод авчих уу...” гэхэд нь зөвшөөрсөн. Ингээд миний портер машинаар ******* сумын төвд Түвшинтулгын ээжийн гэрт очиход түүний төрсөн дүү ******* ганцаараа байсан. Ингээд би 1 шуудай будаа авч машиндаа ачсан. надаас өөрийнхөө дансаар 20,000 төгрөг авсан. Намайг будаа аваад явсан талаар ******* мэдэж байгаа, , ******* хоёр хоёулаа ээжийнхээ гэрт үлдсэн. Үүнээс хойш түүнтэй дахин холбогдож уулзаагүй. , ******* нар төрсөн ах дүү нар байгаа юм. Би *******ыг олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн гэж сонссон түүний талаар би сайн мэдэхгүй. Ах дүү нарын хоорондын харилцаа холбооны талаар би сайн мэдэхгүй. Намайг очиход ******* архи уусан эсэхийг анзаарч хараагүй. эрүүл байсан” гэх мэдүүлэг[5];

6.Гэрч Д.ийн “... Болсон явдлын талаар ярихад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө цагийг нь тодорхой санахгүй байна, 09 цаг өнгөрч байх үед Сэлэнгэ аймгийн ******* сумын төв 2 дугаар баг, ******* тоотод оршин суух ээжийнхээ гэрт ганцаараа очиход ******* сумын цагдаа Ганзориг бас нэг цагдаагийн хамт ирчихсэн ахаас “...хэн таныг зодсон бэ?” гээд асуугаад байсан. Ингэхэд нь би ахыг хүнд зодуулсан гэж бодсон. Тухайн үед Ганзориг цагдаагаас өөр нэрийг нь хэлж мэдэхгүй байна 1 цагдаа мөн ах, *******, ах нар байсан. Өөр хүн байгаагүй. Удалгүй сумын эмч нар ирсэн” гэх мэдүүлэг[6];

7.Гэрч Ж.ын “... Би Түвшинтулгын хамт ийн гэрт хоноод 2025 оны 01 дүгээр сараны 05-ны өдрийн өглөө Түвшинтулгын хамт гарахад “гэртээ аавындаа очлоо” гэж хэлээд явсан. Өдөр нь таарахад ганцаараа дэлгүүрээс архи өвөртлөчихсөн, хармаандаа улаан шонхор архи авсан гээд гарч ирсэн. Би архинаас нь уух санаатай “хамт гэрт нь очъё” гэхэд “би гэртээ *******тай хамт архи ууж байна. Чи манай гал голомтод очиж архи уухгүй” гээд намайг дагуулж явуулаагүй. Би тэгэхээр нь тамхинаас нь гуйхад өгөлгүй цаашаа алхаад явсан. Архи уусан байдалтай нэлээн халамцуу ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг[7];

8.Гэрч Ч.ийн “... Болсон явдлын ярихад 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 02 цаг 22 минут болж байхад / гар утаснаасаа залгасан цаг харав/ манай үеэл ******* над руу 80071173 дугаарын утсаар залгаад... хүнд зодуулсан ороод ирлээ” гээд нэлээн согтуу над руу залгахад нь би түүнд "... ээжийнхээ гэрт наанаа амраачих л даа” гээд утсаа салгасан. Маргааш өглөө нь үхэр малаа 09 цагт гаргаад өчигдрийн ******* над руу залгасан санаанд ороод түүний ээжийн гэрт очиход хаалга нь дотроосоо түгжээтэй, ******* хаалга онгойлгож өгөөд дотогш ороход том өрөө, гал тогооны ойр орчим шалан дээр хаа сайгүй цус болчихсон байхаар нь юу болсон талаар *******аас асуухад “... ийм юм болсон ш дээ” гэж хэлсэн. том өрөөний орон дээр хөнжил нөмрөөд нүүр нь хөхөрсөн ёолоод хэвтэж байсан. ас би юу болсон вэ гэж асуухад юу ч хариулаагүй, яриагүй. Ингээд би цагдаа, эмнэлгийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг[8];

9.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 61 дугаартай “1.Д.Түвшинтулгын биед баруун нүдний дээд доод зовхи хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[9]; 10.Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22/34 дугаартай албан тоот, хавсралт[10]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 1,633,283 төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 1,633,283 төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 26-32, 34 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас