Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/02272

 

 

 

 

 

 

                                2023       05          08

                    101/ШШ2023/02272

           

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д.Н /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Х /рд:/-д холбогдох,

 

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Хтай орон сууц хөлслөх гэрээ 2020 оны 01 сарын 10-нд хийсэн. Миний бие Хд 15 сая төгрөг зээлж түүний хүүд нь 2 өрөө байранд нь суух мөнгөний хүүг тухайн үеийн 2 өрөө байрны түрээсийн ханшаар харилцан тохирсон. Уг гэрээг хийх үед 15 сая төгрөгөө түүний төрсөн дүү Ц.Хишигдэлгэрийн дансанд шилжүүлсэн. Ингээд байр түрээслэх гэрээ дуусаад байраа хүлээлгэж өгөөд мөнгөө авъя гэтэл мөнгө байхгүй байна танайх нэмээд 10 сая төгрөг өгөөд тухайн байрандаа үргэлжлүүлэн сууж байгаач гэж гуйсан. Байрны түрээсийн ханш нэмэгдсэн байсан учраас бид 25 сая төгрөгийнхөө хүүд нь байранд нь үргэлжлүүлэн суухаар харилцан тохиролцож Хын хүү Н.Бархасын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд бид байранд нь амьдарч байтал 2022 оны 8-р сарын 7-нд Ц.Х нь бид амьдрах газаргүй болчихлоо. Одоо байрандаа амьдарна гээд 2 хүүхэдтэйгээ ирж жижиг өрөөндөө амьдарч эхэлсэн. Манайх зээлсэн 25 сая мөнгөө аваад байрнаас нүүе гэтэл мөнгө байхгүй гээд өнөөдрийн хүртэл мөнгийг маань өгөхгүй тухайн байрандаа хамтран амьдарч биднийг хохироосоор байна. Иргэн Ц.Х нь 2020 оны 1 сарын 10-нд хийсэн орон байр хөлслөх гэрээг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг хариуцагч Ц.Хаас хууль ёсны дагуу шийдвэрлэн барагдуулж бидний нэхэмжилж байгаа 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. 25 сая төгрөгөөс 23,5 дутуу тул гаргуулна. 2020.1.10 нэхэмжлэгчийн байранд нүүж ороод 15 сая төгрөг төлж орсон. 1 жилийн хугацаа дуусаад гарахад мөнгөний боломж байхгүй гээд үргэлжлүүлж суух болоод 10 саяыг нэмж өгсөн. 2022 оны 8 сард манайд ирээд амьдрах байргүй боллоо гээд нэг өрөөнд амьдрах боллоо гэхэд бид зөвшөөрөөгүй. Гэтэл хүчээр орж ирсэн. Бид өгсөн мөнгөө аваад байрнаас гаръя гэхэд мөнгө байхгүй гэсэн. Улмаар бид зөвшөөрөөгүй тул нүүж гарсан юм. Нийт 25 сая төгрөг өгсөн бөгөөд байрнаас гарсны дараа 1,5 саяыг өгсөн тул 23,5 сая болж байгаа юм. Хариуцагч нь ирэхдээ сар болгон байрны мөнгийг хувааж төлнө гэсэн боловч төлөөгүй тул манайх 2 айлын хэрэглээг төлж байсан юм. Бид хамт амьдрах боломжгүй болсон юм. Улмаар эмээ хөдөө яваад би ахындаа очсон. Мөнгөө аваад орох оронтой болох гэж байгаа юм. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Байранд 2020.1.10-2023.1 хүртэл суусан гэв.

 

2.             Хариуцагч Ц.Х нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Нгээс 2020 оны 1 сарын 10-нд 15 сая төгрөг авч өөрийн байрандаа түрээслэн суулгасан. Гэрээ дуусаж нэлээд удсаны дараа би 10 сая төгрөг нэмж авч машин авах зорилготой хэлж нийт 25 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан авсан үнэн билээ. Би өөрөө өрх толгойлсон ээж учраас том хүү маань Сонгинохайрхан дүүргийн 86-р сургуульд сурдаг. Хүүгийн сургуультай ойрхон гээд байр түрээсэлж амьдардаг байсан юм. Надад бас хэцүү үе их байсан. Энэ хүмүүст би мөнгө төлж дуустал цуг амьдарч байя гэж хэлж нүүж ирсэн. Надад сард 500,000 төгрөгийн түрээс төлж амьдрахад хэцүү мөн Н эгчийн төлбөрийг төлж байсан дээр гэж бодсон юм. Уг мөнгөнөөс 1,500,000 төгрөгийг хүүгийн дансанд хийсэн. Одоо 23,500,000 төгрөг үлдэгдэл байгаа. Та бүхэн маань бидний нөхцөл байдлыг ойлгож хэн хэнийг маань хохироохгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү.

2а. Би нэхэмжлэгчид байраа түрээслээд 15 сая төгрөг авсан. Манай хүүхэд бусдад дарамтлуулсан тул сургуульд нь ойрхон байр түрээсэлсэн. Корона гараад гэнэтийн асуудал үүссэн. Жилийн дараа хүүхдийн нийгмийн ажил хийж байгаа тул машин авах хэрэгтэй болоод 10 сая төгрөг нэмж зээлээд машин авсан. Надад хүндрэл гарч эхэлсэн. Сард 600 000 төгрөг төлөх хүндрэлтэй болсон. 2022 оны 8 сард ирээд том хүүгээ жижиг өрөөнд байлгаад танай мөнгийг гаргаж өгнө гэж хэлсэн. Гэтэл зөвшөөрөөгүй. Тэгээд бид орцгоогоод хүү үлдэж би Солонгос явсан. Үндсэн ажил уруугаа 6 сар явсан. Эдний охиноос нь мессеж ирээд хүүг орой үдэш гарч ороод эмээг сэрээгээд байна гэсэн. Намайг 3 сард ирэхэд нүүгээд явсан байсан. Хүү маань асуудалд орсон байсан тул боломж олдсонгүй. Одоо төсөл дээр ажиллаж байгаа тул 5 саяыг нь энэ сардаа өгнө. Би бас байрны түрээсэнд 13 саяыг өгсөн байсан. Би мөнгийг нь төлнө. Ашиглалтын зардлыг төлье. Гэхдээ манай хүү хоол хийж идэж байгаагүй юм. Хэрэглээний зардлыг төлье гэж хэлсэн тул төлье. Сүүлд нь 10 саяыг авсан нь үнэн бөгөөд таксины мөнгийг суутгаад авчих гэсэн юм гэв.

 

3.             Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 28ж2-2/1456 дугаар албан тоот /хх4/, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хх5/, мөн өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх7/, 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх8/, 25,000,000 төгрөг авсан талаарх гараар бичсэн баримтын хуулбар /хх10/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар тодорхойлолт /хх11/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх12-13/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх18-19/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 23,500,000 төгрөг гаргуулж, хариуцагч биелүүлсэн үндэслэлээр 1,500,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Д.Н нь зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлсэн гэх үндэслэлээр 1,500,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, үлдэх 23,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн.

 

3.             Хариуцагч Ц.Х нь 25,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 23,500,000 төгрөг төлөгдөөгүй талаар маргаагүй боловч тодорхой хуваарийн дагуу төлнө гэж тайлбарласан.

 

4.             Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлээр төлөөлөгч Б.Ат нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, татгалзах, эвлэрэх эрх олгогдсон. /хх17/

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 23,500,000 төгрөг болгож багасгасан тул хариуцагч 1,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

5.             Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ, мөн өдөр 15,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг байгуулсан. /хх5, 7/

Цаашлаад, 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 25,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг байгуулжээ. /хх8/

Орон сууц хөлслөх гэрээний 3.2-т хөлсийг зээлийн гэрээний хүүд тооцохоор, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 3.3-т зээлийн хүүг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт тооцохоор заасан байна.

Зээлийн гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 9,970,000 төгрөг олгогдсон болох нь Хаан банк дахь нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч Б.Аын дансны хуулгаар тогтоогдож байна. /хх18, 19/

5а. Дээрх 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь өмнөх зээлийн гэрээг нэгтгэж байгуулсан бөгөөд бодит байдалд 10,000,000 төгрөгийн зээл олгохоор тохиролцсон. Улмаар зөрүү 30,000 төгрөг нь зээл олгосны хариу төлбөрт тооцогдсон гэж тайлбарласан.

5б. Зохигч хэн аль нь нийт 25,000,000 төгрөгийн зээл олгогдсон, хүүг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт тооцсон, улмаар 23,500,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй үйл баримтын талаар маргаагүй.

 

6.             Хариуцагч нь үлдэх төлбөр 23,500,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх санал гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрөөгүй тул шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, шүүх зохигчдын эвлэрэл болон хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй байна.

 

7.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч холбогдох шаардлагаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгоно. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,450 төгрөг гаргуулж, үлдэх хураамжийн тал хувийг буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Хаас 23,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь 1,500,000 төгрөгийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,450 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 3,750 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД