Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2016/ШЦТ/236

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШИЙТГЭХ ТОГТООЛ

                                    Дугаар                                                                             Мөрөн  сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Оюунчимэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Л.Г***** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Л.Г***** ид холбогдох эрүүгийн 201622000707 дугаартай хэргийг2016 оны 12 дугаар сарын 01- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Г***** , **** оны * дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй Найдварт барс харуул хамгааллын албаны дэд дарга ажилтай, ам бүл , эхнэр, * хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр сарын 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, ****** дугаар регистртэй.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Л.Г***** нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадаа тус сумын 3 дугаар багт оршин суух А.Б***** г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Г***** нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадаа тус сумын 3 дугаар багт оршин суух А.Б***** г

 

хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч Л.Г***** ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн: 2016 оны орой Э*****, Г*****, Б******, Б***** нарын хамт Эрдэнэс бааранд орсон. Би өөрөө тэнд өмнө нь ажиллаж байсан болохоор жаахаж бүжиглэж байгаад гаръя гэж бодоод 22 цагийн үед орсон. Тэнд ороод ойролцоогоор 1 цаг болсон. Нэг нэг пиво уугаад бүжиглээд гарсан. Гарч явахдаа зүс таньдаг байсан Б******тай тааралдсан. Б****** бас энэ баарнаас гарч явсан. Тэр өдөр Б****** нь бид нарыг хараад янхнууд минь юу хийж яваа юм гэхээр нь би юу хуцаад байгаа юм бэ гэж хэлээд барилцаж авсан. Баарны гадаа бид хоёр бие биенээ заамдаж ноцолдож байгаад би тэрнийг тавихад тэр газар унасан. Тэгж байхад нэг хүүхэн ирээд надаас зуураад авахаар нь би түлхээд нүүрэн тус газар нь нэг гараараа цохиход унасан. Би Баасанхүүг өөрөөр цохисоныг санахгүй байна. Эмэгтэйг цохисон нь миний буруу. Би буруугаа ойлгож уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан. Түүний нэхэмжилсэн 400.000 төгрөгний хохиролыг барагдуулсан гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

Хохирогч А.Б***** гийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Мөрөн сумын ***** тоотод амьдардаг найз Г******ийнд очсон. Тэднийхээс шөнө 22 цагийн үед Эрдэнэс баарны гадаа очиход өмнө нь бүжгэн дээр тааралдаж надтай хамт бүжиглэдэг байсан зүс таних Б****** гэх залуу зогсож байсан. Тэгээд 23 цаг 20 минутын орчим бид хоёр баарнаас гарцгаасан. Эхлээд надтай хамт явсан залуу баарнаас гарсан. Би араас нь хувцасаа өмсөөд гарахад баарны үүдэнд Б****** газар өнхөрчихсөн байсан гэх мэдүүлэг/хх- ийн 8-9-р/ хуудас,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 604 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. А.Б***** гийн биед гэмтэл учирсан байна.

2 А.Б***** гийн биед 7,8 дугаар хавирганы далд хугаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, уруул, цээж, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3.  Дээрх 2 хавирганы хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний сулрал, уруул, цээж шилбэнд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Л.Г***** ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна. Гэвч хохирогч А.Б***** нь шүүгдэгч Л.Г***** той сайн дураараа
 

 

эвлэрсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Г***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Г***** ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.

Эрүүгийн 201622000707 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Л.Г***** ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Л.Г***** ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн 201622000707 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г***** ийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.