Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

улсын яллагч: Б.Байгалмаа

Хохирогч: Б.Уянга

шүүгдэгч: С.Батхуяг түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтан овогт Сангицэрэнгийн Батхуягт холбогдох эрүүгийн 201725030626 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Алтан овгийн Сангицэрэнгийн Батхуяг 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр зам 8 дугаар байр 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.Батхуяг нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талын автобусны буудал орчим автобусан дотор хохирогч Б.Уянгын эзэмшлийн “Самсунг Нөт-4” маркийн гар утсыг зүүн талын халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, нийт 1 565 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батхуяг мэдүүлэхдээ: Тухайн өдөр талбай орох гэж ганцаараа явж байсан. Автобусны гол зогсож байсан эмэгтэйн гар утсыг хулгайлсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн орчим 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудлаас Ард-Орбит чиглэлийн автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын хойно байх автобусны буудал дээр буусан. Би автобусанд явж байхдаа чихэвчээ утсандаа холбосон дуу сонсоод явж байгаад яг автобусны шатаар буух үед дуу сонсогдохоо больчихоор нь халаасандаа байсан утсаа үзтэл алга болчихсон байсан. Тэгээд би утас алга болчихлоо гэхэд нэг эмэгтэй тэр буусан залуу авчих шиг боллоо гэхээр нь буугаад явж байсан залууг очоод барьж аваад утас өг гэхэд би аваагүй, миний утсаар залгаад үз гээд өөрөө залгаад надад утсаа өгсөн. Тэгээд утсыг нь аваад сонсоход юм сонсогдохгүй байсан бөгөөд би тэр залуугийн хувцасыг гаднаас тэмтэрч үзэхэд байхгүй байсан бөгөөд би утсаа алдчихлаа гэж бодоод нөгөө залуугийн утсыг өгөөд явах гэтэл тэр буудал дээр зогсож байсан 2 залуу хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нөгөө залуугийн хамт очиход цагдаа нар байна гээд намайг машинд сууж бай гээд машинд суулгаад нөгөө залуутай уулзаад байсан. Тэгээд нэг цагдаа утсаа өгөөд миний утасруу залгуулахад миний утас унтарчихсан холбогдох боломжгүй байсан. Намайг сууж бай гээд машинд суулгаж байснаа өөрсдөө нөгөө надтай хамт автобуснаас буусан залуугийн хамт машинд суугаад намайг түр буугаад байж бай гэж хэлэхээр нь би буугаад хажууд нь зогсож байтал 2-3 хүн хүрч ирээд нэг намхан махлагдуу залуу миний утсыг надад өгсөн. Тэгээд тэр 2 цагдаа нөгөө залуучуудыг бүгдийг нь машиндаа суулгаад миний утсыг буцааж аваад Цагдаагийн хэлтэсрүү явуулсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл бичүүлээд миний утсыг буцааж хүлээлгэн өгсөн юм. ...Би гар утсаа күртикнийхээ зүүн талын халаасанд хийсэн байсан. ...Миний утас "Самсунг Нөт-4" маркийн 2016 оны 02 дугаар сард шинээр 560.000 төгрөгөөр худалдан авч байсан цагаан өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

             Гэрч Ц.Итгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн орчим Баянхошууны тойргоос микро автобусанд суугаад Бөмбөгөр худалдааны төв дээр буугаад тэндээсээ Ард кинотеатр орох гээд Орбит гэсэн автобусанд суусан. Автобусанд суухад зүс таних халаасны хулгай хийдэг Хуягаа ах автобусны дунд хаалганы харалдаа зогсож байсан. Тэгэхээр нь би толгой дохиж мэндэлчихээд дуудаад явуулахгүй байж магадгүй гэж бодоод Чингэлтэй дүүргийн хойд талын автобусны буудал дээр буучихсан. Автобуснаас буухад надтай хамт буусан нэг охин утсаа алдчихлаа гээд миний утсаар залгана гээд өөрийнхөө утасруу залгасан бөгөөд утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд зогсож байтал Халаасны тасгийн цагдаа Эрдэнэсүрэн хүрч ирээд утсыг надаас нэхэхээр нь би аваагүй, Хуягаа ах автобусанд явж байсан гэж хэлсэн. Эрдэнэсүрэн намайг Хуягаа руу залгуулаад утсыг нь авч ир гэж хэлүүлсэн. Тэндээ байж байтал Хуягаа эргэж ирээд утсыг нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч Л.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад халаасны хулгайч Итгэл автобуснаас бууж араас нь нэг хүүхэн бууж ирээд Итгэлээс гар утсаа нэхээд зогсож байсан. Тэгэхээр би тэр хоёр дээр очиж болсон явдлыг тодруулахад халаасны хулгайч Итгэл нь хулгайлсан гар утсыг дахал Хуягаа хочтой Батхуягт өгсөн гэж хэлсэн. Би Итгэлийн утсаар Батхуягтай яриад гар утсыг авчирч өг гэхэд Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр авчирч өгсөн. Батхуягийг ирэхэд би хэн нь гар утас хулгайлсан бэ гэхэд хоёулаа би аваагүй гээд байсан. Хэсэг хугацааны дараа Батхуяг надад автобусанд байсан хүүхний гар утсыг би авсан юмаа гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, ахмад Ш.Тулгабатад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: /хх-ийн 8-9/, Эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 10/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Батхуяг нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талын автобусны буудал орчим автобусан дотор хохирогч Б.Уянгын эзэмшлийн “Самсунг Нөт-4” маркийн гар утсыг зүүн талын халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж 300 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг хх-17-18, гэрчүүдийн мэдүүлэг хх-19-22, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-8-9, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

            Прокуророос шүүгдэгч С.Батхуягыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Батхуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар… шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасхаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Батхуяг нь нийт 41 хоног цагдан хоригдсон байна.

 

Шүүгдэгч С.Батхуягын хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдсонгүй.