Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/736

 

 

 

 

 

 

   2021             8               10                                      2021/ДШМ/736

 

Б.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1709017660141 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Г, ..... оны ...... сарын ......-ний өдөр ...... төрсөн, ...настай, ....,  дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл ....., .....хамт .................... тоотод оршин суух хаягтай боловч мөн дүүргийн .......................тоотод түр оршин суудаг, РД: ......../;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Б.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нью тур сафарис ХХК-ийн Өргөө-3 кино театрын няраваар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр касснаас 10.500.000 төгрөгийг дансанд тушаана гэж албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-т арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т энэ тогтоолоор оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хүлээн өөрчлөх тухай

Шүүхээс Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Юуны түрүүнд шүүгдэгч Б.Г нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний болон хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Б.Г нь “Нью тур сафарис” ХХК-ийн Өргөө-3 кино театрт нярваар ажиллаж байгаад тус компани гүйцэтгэх захирал О.Батхандын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар түүний нярваар ажиллаж байсан гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцалж, “Сод монгол групп” ХХК руу шилжүүлсугай гэсэн тушаалаар тухайн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан ба тухайн гэмт хэрэг үйлдэгддэг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ямар нэг албан тушаалтан бус өөрийн хариуцаж байсан эд зүйлсээ хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулахаар ирсэн байсан. Түүнээас ажлаас чөлөөлөх тушаал гараад 11 хоног өнгөрсөн байсан. Тухайн тушаал гарснаас хойш ажлаа хийхгүй байж байгаад тухайн өдөр ирсэн буюу байгууллага Б.Г нарын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байсан нь тухайн өдрөөс хойш түүний цалин хөлс бодогдоогүйгээр тодорхой харагдаж байгаа юм. Хэдийгээр байгууллагын мөнгийг завшсан хэргийн гэм буруу дээр маргадаггүй боловч түүний өмгөөлөгчийн хувьд хуулийг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан завших гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэж хүндрүүлж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1, 2 дугаар зүйл буюу Хууль ёсны зарчим, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль....-д заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна. Мөн энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаалын байдлаа эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж заажээ.

Албан тушаалын байдал гэдэг ухагдахууныг тайлбарлахын тулд “Албан тушаалтан” гэдэг тодорхойлолтыг тодруулах шаардлага зайлшгүй бий болж байна. Хуулийг тайлбарлахад тухайн хуулийн нэр томьёог агуулгаар нь тайлбарлах тохиолдол байдаг. Монгол Улсын хуулиудад албан тушаалтан гэх тодорхойлолт байхгүй боловч Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл Нэр томьёоны тодорхойлолтод “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байна. Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжийг хангахын тулд Б.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед албан тушаалтан байх ёстой. Албан тушаалтан гэж эрх бүхий байгууллага, эсхүл албан тушаалтны тушаал шийдвэрийн дагу эрх эдэлж, үүрэг хүлээн эрх зүйн үр дагавар үүссэн буюу тушаалаар томилогдсон хүн байх ёстой. Энэ ч утгаараа прокуророос түүнийг яллагдагчаар татахдаа түүнийг ажилд томилсон тушаалыг нотлох баримт болгож дурдсан ба шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалтад тусгасан байна. Гэтэл тухайн байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар уг хэрэг үйлдэгдсэн өдрөөс 13 хоногийн өмнө нярваар ажиллах гэрээг цуцалсан тушаалыг үнэлээгүй нь хэтэрхий нэг талыг барьж байна гэж үзэж байна. Иймээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэхэд Б.Г нь “Нью тур сафарис” ХХК-д ямар ч хамааралгүй хүн буюу дараагийн хүнд ажлаа хүлээлгэж өгөхөөр ирсэн хүн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл “Гэм буруугүйд тооцох” зарчимд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул хэргийн зүйлчлэлийг бодит баримтад нийцсэн байдлаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг хангаж байгаа ба ялын хэмжээ нь 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх гэмт хэрэг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан байхад түүнийг яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж хуульчилсан. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Гийг ажлаас нь чөлөөлж өөр албан тушаалд шилжүүлэн томилох талаар захирлын тушаал гарсан боловч түүний хувьд ажлаа хүлээлгэн өгөөгүй. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажил хүлээлцэхээр ирсэн боловч ажил хүлээн авах хүн байхгүй учир хүлээлгэн өгч чадаагүй. Мөн байгууллага, Б.Г хоёрын дунд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилд хамаарах орлогын мөнгийг банкны дансанд тушаана гэж өөртөө авч байгаа үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэхээр байна. Учир нь, ажил хүлээлцсэн сүүлийн өдрөө нягтлангийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Б.Гт санал болгосон. Б.Г түүнийг нь хүлээн зөвшөөрч авч явж байгаа нь тухайн үед үүрэгт ажлаа биелүүлэх үедээ итгэмжлэн хариуцуулсан байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах явцад хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нью тур сафарис ХХК-ийн Өргөө-3 кино театрын няраваар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр касснаас 10.500.000 төгрөгийг дансанд тушаана гэж албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан болох нь:

хохирогчийн төлөөлөгч Г.Батболдын “...манай Өргөө-3 кино театрт нярав ажилтай Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын кассанд байсан бэлэн мөнгөнөөс 10.500.000 төгрөгийг голомт банкны манай компани данс руу тушаана гэж авч яваад уг мөнгийг тушаалгүй хувьдаа хэрэглэсэн ба тухайн мөнгийг авч явсан 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. ...утсаар ярихаар ...авсан мөнгөө төлнө гэж хэлсэн...” /хх 61/,

хохирогчийн төлөөлөгч Б.Гүнтэвчимэгийн “...Б.Г нь 10.500.000 төгрөгийг дансанд хийнэ гэж авч яваад алга болсон...” /1хх 66-67/,

гэрч О.-ийн “...баримт материалаа шалгаад байж байхад Б.Гийн кассын үлдэгдэл зөрсөн. ...Голомт банканд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тушаах байсан 10.500.000 төгрөгийг Б.Г тушаагаагүй байсан. ...хэлэхэд маргааш нь Б.Г “...би энэ мөнгийг юманд хэрэглэсэн. Ойрын хугацаанд байгууллагыг хохиролгүй болгоно гэж” хэлсэн...” /1хх 113/,

гэрч Ц.Б-ын “...Б.Гийг Сод монгол групп руу шилжүүлэх шийдвэр гарсан. ...тушаал гарснаас хойш ажлаас хүлээлцэж байгаад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орлогын мөнгийг аваад банканд тушаалгүй тойрох хуудсаа бөглүүлэлгүйгээр аваад явсан байсан. Тэгээд орлогын мөнгийг хувьдаа авсан гэдгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн...” гэх /1хх 114/ мэдүүлгүүд,

Нью Тур Сафарис ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/247-16 дугаар ажилд томилох тушаал /1хх 75/, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах гэрээ /1хх 102-107/, авлагын товчоо тайлан /хх 69/, Нью Тур Сафарис ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 16/243-17 дугаар Б.Г-ийг шилжүүлэх тушаал /1хх 70/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Уг зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуунаас “...ажил хүлээлцсэн байсан, өөр газарт шилжүүлсэн тушаал өмнө нь гарсан байхад албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу “2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Г албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй, өөрийн хийж байсан ажлын чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилд хамаарах орлогын мөнгийг банкны дансанд тушаана гэж өөртөө авч байгаа үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй” талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ