| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/01698/И |
| Дугаар | 142/шш2023/00696 |
| Огноо | 2023-05-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 142/шш2023/00696
| 2023 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2023/00696 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 4 дүгээр хороо, барилгачдын талбай 4/6 байр, 1 тоотод байрлах, Б т ХХК /РД: ********* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О аймаг, Б-Ө сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хорооло, 6 дугаар байр, 53 тоотод оршин суух, Б овогт Г-ын П /РД: ********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 0777 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээний 6.1-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль буюу 14,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б л ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2016 оны А/250 дугаартай захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, 7 дугаар хороололд байрлалтай, нэгж талбарын 6104101041 дугаартай, 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Э-2101002169 дугаартай, 999.0 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Гэвч Нэхэмжлэгч Б л ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б нь тус компанийн 100 хувийн Хувьцаа эзэмшигч Б.Эийн хууль ёсны зөвшөөрөл, шийдвэргүйгээр хариуцагч Ганбаатар овогтой Пд дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр талүудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт угтэрээ болон холбогдох бусад баримт бичиг, хүсэлтийг хүргүүлснээр Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаартай захирамжаар Нэхэмжлэгчийн эзэмших газрыг хариуцагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б л ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б болон хариуцагч Г.П нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь дараах хуулийн хэм хэмжээг зөрчиж байгуулсан байна. Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсантай холбогдох Нэхэмжлэгч Б л ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 21- нйй өдрийн 06/21 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх удирдлага Б.Б нь өөрөө боловсруулж, тус Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч Б.Эийн өмнөөс гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг даран баталгаажуулсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 87.2, 87.4 дэх хэсэг, мөн хуулийн 88 дугаар зуйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар компанийн сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулахад тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр олгосон зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх удирдлага нь уг эрхийг хэрэгжүүлдэг. Гэвч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Б л ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурал буюу Б.Эийн гарын үсэгтэй шийдвэрээр олгох хууль ёсны зөвшөөрөлгүй. Байгуулсан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 63 дугаар зүйл, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 87.2, 87.4 дэх хэсэг, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг тус тус бүхэлд нь зөрчсөн байна. Мөн Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.3, 60.4 дэх хэсэгт зааснаар Б л ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б нь газар эзэмших эрхийг шилжүүлэх буюу захиран зарцуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвшөөрлийг авахдаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай тушаалыг бичгээр гаргаж, тушаалыг хувьцаа эзэмшигч Б.Эт хүргүүлж, мэдэгдсэнээр хувьцаа эээмшигчдийн хурал товлсон хугацаанд хуралдаж, уг асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч уг шийдвэрийг гаргаагүй, мэдэгдээгүйгээс дээрх хуулийн зохицуулалтыг давхар зөрчсөн байна. Нэхэмжлэгч Б л ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б нь 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хууль зөрчиж хийсэн гэдгээ мэдсэн даруй хариуцагчийн газар худалдан авсан төлбөрийг буцааж бүрэн шилжүүлж, газар эзэмших эрхээ буцаан авах тухай Хариуцагчид утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд эс үйлдэхүй гаргасаар байна. Иймд нэхэмжлэгч хариуцагчийн хооронд байгуулсан 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Компанийн тухай хуулийн холбогдох хэм хэжээг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт гус тус зааснаар бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлгыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б л ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б л ХХК-ийн зүгээс тус шүүхэд зохигч этгээдүүдийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр гаргаж иргэний хэрэг үүсгэсэн. Гэвч хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлд талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ буюу газрын эрх шилжүүлэхэд үндэслэл болгоогүй өөр гэрээг үндэслэн торгууль нэхэмжилсэн байна.
Иймд хариуцагч Г.Пгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь илт хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би хууль бус үйлдэл гаргаж газрыг эзэмшээгүй "Б л" ХХК-ний захирал Б.Бтай гэрээ байгуулж зохих төлбөрийг нь төлж, шударгаар газар эзэмшсэн. Б.Быг "Б л" ХХК-ний гүйцэтгэх захирал гэдэг нь тухайн компаний гэрчилгээ, бусад нотлох баримтаар тогтоогдож, эерээ ч надад энэ баримтаа үзүүлсэн, мөн тамга тэмдгээ авчихсан явж байсан хүнийг миний хувьд захирал нь мен биш гэж ялгаж салгаж ойлгох боломжгүй, тиймээс би хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, харин энэ компаний дотоод асуудал бол надад хамааралгүй. Би тухайн компаний гэрчилгээнд бүртгэгдсэн албан ёсны захирал болох Б.Бтай гэрээ хийсэн мөнгө төгрөгөө төлсөн мөртлөө өнөөдөр буруутах ёсгүй гэж бодож байна. Иймд тус компаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.П шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.П би "Б л" ХХК-ны захирал Б.Бтай 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд байрлах 999 м.кв хэмжээтэй 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц барих зориулалттай нэгж талбарын 6104101041 дугаартай эрхийн улсын бүртгэлийн 3 2101002169 дугаартай газрыг худалдан авахаар тохирч Газар худалдах худалдан авах гэрээг байгуулсан.
Би гэрээнд заасан нөхцлийн дагуу 140.000.000 төгрөгийг Б л" ХХКний захирал Б.Бын данс руу бүрэн шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад питариатаар барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлэх гэж байсан, гэтэл тус компаний захирал 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э гэх хүн гарч ирээд шүүхэд нэхэмжлэл гаргасанаар ажлаа эхлүүлж чадаагүй.
Надад газар худалдах худалдан авах гэрээний 6.1-т зааснаар "Б л" ХХК-аас гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль буюу 140,000,000 төгрөгний 10 хувь 14,000,000 төгрөгийг шаардах эрх үүсэж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: "Б л ХХК-аас газар худалдах худалдан авах гэрээний 6.1-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль буюу 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Орхон аймгийн тойргийн нотариатч О.Нүрмаагийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-3-4/, Б л ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /хх-5/, Б л ХХК-ийн уосын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, Б л ХХК-ийн дүрэм /хх-7-9/, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаартай захирамж /хх-9/, хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Газар худалдах, худалдан авах гэрээ /хх-24-26/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс: хүсэлт шийдвэрлэсэн захирамж /хх-39-41, 42-44/,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б л ХХК нь хариуцагч Г.Пд холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 0777 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаартай захирамжаар манай эзэмшиж байсан газрыг хариуцагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн, иймд нэхэмжлэгч хариуцагчийн хооронд байгуулсан 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.
Хариуцагч нь хууль бус үйлдэл хийж газрыг эзэмшээгүй Б л ХХК-ийн захирал Б.Бтай гэрээ байгуулж зохих төлбөрийг нь төлж, шударгаар газар эзэмшсэн, тэрээр захирал гэдэг нь тухайн компанийн гэрчилгээ, бусад нотлох баримтаар тогтоогдож, өөрөө энэ баримтаа үзүүлсэн, хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, энэ компанийн дотоод асуудал надад хамаагүй, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б.Э нь Б л ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 100%-ийн хувьцаа эзэмшигч болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011603011 тоот хувийн хэргийн дугаартай, 6055699 регистрийн дугаартай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон 000168919 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулагчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот шийдвэрээр баталсан Б л ХХК-ийн дүрэм зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б л ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/21 дугаартай Компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгох тухай шийдвэрээр Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2, 87.2, 88.1, 92.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Б л ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээний 000024745 дугаартай, нэгж талбарын 6104101041 дугаартай, улсын бүртгэлийн Э-2101002169 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, 7 дугаар хороололд байрлалтай 999.0 м.кв газрын эзэмших эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүрэн эрхийг гүйцэтгэх захирал Б.Бт хугацаагүйгээр олгосон байна.
Б л ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2016 оны А/250 дугаартай захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, 7 дугаар хороололд байрлалтай, нэгж талбарын 6104101041 дугаартай, 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Э-2101002169 дугаартай, 999.0 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.
Гэвч нэхэмжлэгч Б л ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эийн хууль ёсны зөвшөөрөл, шийдвэргүйгээр хариуцагч Г.Пд дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр талүудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уг гэрээ болон холбогдох бусад баримт бичиг, хүсэлтийг хүргүүлснээр Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг хариуцагч Г.Пд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б л ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/21 дугаартай шийдвэрийг өөрөө боловсруулж, тус Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, өмчлөгч Б.Эийн өмнөөс гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг даран баталгаажуулсан нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.
Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 87.2, 87.4 дэх хэсэг, мөн хуулийн 88 дугаар зуйлийн 88.1 дэх хэсэгт компанийн сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулахад тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр олгосон зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх удирдлага нь уг эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.
Гэвч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Б л ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурал буюу Б.Эийн шийдвэр ,хууль ёсны зөвшөөрөлгүйгээр байгуулсан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 63 дугаар зүйл, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 87.2, 87.4 дэх хэсэг, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн Б л ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.3, 60.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэх буюу захиран зарцуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвшөөрлийг авахдаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай тушаалыг бичгээр гаргаж, тушаалыг хувьцаа эзэмшигч Б.Эт хүргүүлж, мэдэгдсэнээр хувьцаа эээмшигчдийн хурал товлосон хугацаанд хуралдаж, уг асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч уг шийдвэрийг гаргаагүй, мэдэгдээгүйгээс дээрх хуулийн зохицуулалтыг давхар зөрчсөн байна.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШЗ2022/07108 дугаартай захирамжаар томилогдсон Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:
1.2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/21 дугаартай Компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгох тухай Б л ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдэр гэх баримтанд зурагдсан гарын үсэг Б.Эийн гэх гарын үсгийн загвартай тохирохгүй байна.
2.2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/21 дугаартай Компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгох тухай Б л ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх баримтанд зурагдсан гарын үсэг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0/20 дугаартай Компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгох тухай Б л ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх баримтанд зурагдсан гарын үсгийг нэг хүн зурсан байна гэжээ.
Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 0777 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан Б л ХХК-ийн захирал Б.Б нь хариуцагч Г.Пд 140,000,000 төгрөгийг буцааж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсанаас учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б л ХХК болон хариуцагч Г.П нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 0777 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Пгийн нэхэмжлэгч Б л ХХК-иас 14,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Пгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б л ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 227,950 төгрөгийг төрийн санд хэвээр үдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН