| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/05854/И |
| Дугаар | 101/ШШ2023/01449 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/01449
2023 03 22 101/ШШ2023/01449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, 1 тоотод оршин байх С Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ********** регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, **** байрны ***** тоотод оршин суух Боржигон овогт Б. А-т холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай С Л ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд 2016 онд Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд орон сууцны Э хотхоны *** дугаар байрны орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Тус хотхоны зарим байруудыг тухайн үед худалдан авагчидтай нь харилцан тохиролцож төлбөрийн уян хатан нөхцөлөөр буюу 1-2 жилд хүүгүй хуваан төлөх байдлаар тохиролцож зээлээр худалдаж авсан. Тэдгээр худалдан авагчдын нэг нь хариуцагч Б.А бөгөөд компани нь Б.Атай 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр **** тоот орон сууцны захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр талууд нийт 71.07 м.кв талбай бүхий орон сууцыг м2 тутам 2,200,000 төгрөг буюу нийт 156,354,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Орон сууцны төлбөрийг худалдан авагч гэрээ байгуулснаас хойш нэг жилийн дотор төлж барагдуулахаар хуваарь тогтсон ба гэрээний 2.2-т зааснаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлбөр бүрэн төлөгдөж дуусах ёстой байсан.
Гэвч Б.А нь энд заасан төлбөрийн хуваариа зөрчиж, үлдэгдэл төлбөрөө төлөлгүй удаасан бөгөөд 2019 онд бага хэмжээгээр цөөн удаагийн төлбөр хийсэн ч 2020, 2021 онуудад огт төлөлт хийгээгүйгээр барахгүй компанитай харилцахаас ч зайлсхийх болсон. Б.А-ын нийт төлөөгүй үлдэгдэл төлбөр 63,354,000 төгрөг байна. Компанийн зүгээс удаа дараа утсаар болон амаар төлбөрөө төлөхийг шаардаж байсан ч тодорхой үр дүн гараагүй. Ингээд манай компани нь хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг Өмгөөллийн ХХН-өөр дамжуулан 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ат хандан үлдэгдэл төлбөрөө дамжуулан 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ат хандан үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж, үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс хойш Б.А мөн л төлбөрөө барагдуулаагүй тул 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч Б.А нь тус мэдэгдлийг хүлээн авахаас зайлсхийж, хаягтаа оршин суудаггүй гэж шуудангийн ажилтанд худал хэлэн буцаасан байсан.
Ингээд дахин 2022 оны 5 дугаар сарын 11-ны өдөр С Л ХХК-аас төлбөрийн үүргээ удаа дараа олон жилээр хойшлуулж, нэмэлт хугацаа тогтоосон үр дүн гараагүй гэж үзсэн тул тухайн өдрөө гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн. Хамгийн сүүлд компаниас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дахин орон сууцыг чөлөөлөх талаар шаардлага хүргүүлсэн. Гэвч хариуцагч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэж өгөх ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс Б.Атай байгуулсан гэрээнээс 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохих ёсоор татгалзсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 205.1-т заасны дагуу Б.А нь орон сууцыг чөлөөлж компанид хүлээлгэж өгөх үүрэгтэй ба гэрээний харилцаа дууссан тул орон сууцанд амьдрах түүнийг эзэмших хууль зүйн үндэслэлгүй.
Гэрээний 6.3.2-т зааснаар гэрээнээсээ татгалзсан тохиолдолд гэрээнээс татгалзах хүртэлх сар бүрийн орон сууц ашигласны 2,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг хохиролд тооцон төлсөн төлбөрөөс суутгахаар заасан. Гэрээнээс татгалзах хүртэл хугацаагаар тооцвол Б.А нь орон сууцыг нийт 59 сар 27 өдөр (2017.5.15-2022.5.11) ашигласан байх ба нийт 120 сая төгрөгийн төлбөр тооцогдсон. Иймд Б.А-ын төлсөн 93,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзсанаас үүдсэн хохиролд суутган тооцсон болно. Б.А нь ийнхүү төлбөрөө төлөлгүй удаашруулсан нь сараар биш жил жилээр яригдахуйц хохирлыг манай компанид учруулаад байна. Хамгийн энгийн жишээ л дурдахад 5 жил ашигласны байрны үнэлгээ шинэ байртай харьцуулахад дунджаар 20 хувь буурдаг. Мөн тухайн үе буюу 2017 оноос хойг инфляц жилд дунджаар тогтмол 8.85 хувиар өсөж, улмаар барилгын материалын үнэ их хэмжээгээр өссөн ба ажиллах хүчний кардал 58 орчим хувиар нэмэгдсэн. Харин Б.Аын хувьд бүтэн 5 жил орон сууцыг төлбөр төлөлгүй ашигласан. Иймд С Л ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоот хаягт байрлах 71,07 м.кв орон сууцыг Б.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Гэрээний 5.3-т зааснаар төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд орон сууцны өмчлөл С Л ХХК-нд хадгалагдаж байгаа болно гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.А миний бие 2017 онд С Л ХХК-ийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороонд байрлах Э хотхонд хувь лизингийн гэрээ хийж төлбөрийн 30 хувийг төлж байранд орсон. Эхний 2 жил цаг хугацаандаа схемийн дагуу төлөлт хийж байгаад 2020 оноос ковидтой холбоотойгоор үлдэгдэл төлбөрөө төлөхөд саад гарсан тул тус компанид 2 удаа бичгээр хүсэлт гаргаж байсан. Тухайн хугацаанаас хойш 2 удаа тус компанийн захирлуудтай уулзаж хугацааг сунгах хүсэлт гаргасан. Миний зүгээс тус компанид төлсөн надад байгаа баримт тухайн компаниас нэхэмжилж байгаа үнийн дүн зөрж байгаа. Төлбөр төлөлт саадсан шалтгаан нь гэр бүлийн нэг гишүүн маань урт хугацаанд хүнд өвдөж, эмнэлэг эмчилгээний зардлаас илүү гарч чадахгүй байж байгаад 2022 оны 9 дүгээр сард бөөр солиулах хагалгаанд явахын өмнө нас барсан. Энэ мэт шалтгааны ултаас төлөлт хийж чадахгүй байсан байдлыг харгалзан үзэж үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд 2 хувааж төлөх боломж олгоно уу. Мөн тус компаны шинээр томилогдсон захирал нь 5 дахь өдөр монголд ирсэн бөгөөд энэ 7 хоногт уулзалт товлож зөвшилцөлд хүрэх хүсэлтэй байгаа. Эдгээр байдлыг харгалзан үзэж дахин хугацаа олгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр *** дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ, Хас банк дахь С Л ХХК-ийн 500******* дугаартай дансны хуулга, Худалдаа хөгжил банк дахь С Л ХХК-ийн 41******** дугаартай дансны хуулга, Голомт банк дахь С Л ХХК-ийн 11****** дугаартай дансны хуулга, 2017 оны 7 дугаар сарын 24, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдийн С Л ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Өмгөөллийн ХХН-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ****** дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолт, шуудангийн баримт, Өмгөөллийн ХХН-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Орон сууцыг чөлөөлүүлэх тухай албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаа, С Л ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22/169 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, С Л ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 22/274 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн ***** дугаартай тодорхойлолт, шуудангийн баримт, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2016/656 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, С Л ХХК-ийн захиалгатай Э хотхоны үйлчилгээтэй 209 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, хавсралт хүснэгт, Хайспийд групп ХХК-ийн харилцагчийн гүйлгээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С Л ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоот хаягт байрлах орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагчид хүлээлгэн өгсөн Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоот хаягт байрлах орон сууцнаас албадан чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон.
Хариуцагч нь ковид 19 цар тахалтай холбоотойгоор гэрээний үүргээ биелүүлж чадаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, хугацаа сунгах хүсэлтийг 2 удаа өгсөн гэж тайлбарласан байна.
Зохигч талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ***** дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас гүйцэтгэгч буюу С Л ХХК нь Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О цогцолбор хорооллын 12 дугаар талбайд баригдаж буй Э хотхон-ы орон сууцны *** дугаар блок ** дугаар орц, *** дүгээр давхар **** тоотод хаягтай нийт 71,07 м.кв талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч Б.А нь 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцон 156,354,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 10-16 дахь талд/
Тус гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл хэдийгээр нэг талаас орон сууц захиалгаар барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх гэж нэрлэсэн байх боловч нэг талаас баригдсан орон сууцыг шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнийг хэсэгчлэн төлөх үүргийг харилцан хүлээх агуулгаар хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул тус агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцжээ.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулснаар уг гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнэ төлөх, хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т зааснаар захиалагч буюу Б.А нь орон сууцны нийт үнэ болох 156,354,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулснаар хариуцагч Б.А нь үүргээ гэрээгээр заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.А нь орон сууцны үнэнд нийт 93,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 63,354,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг тооцоолол миний төлсөнтэй таарахгүй байгаа гэж тайлбараа гаргасан боловч энэ талаарх татгалзалтай холбоотой баримтаа гаргаж мэтгэлцээгүй болно. /х.х-ийн 20-34 дахь талд/
Нэхэмжлэгч С Л ХХК хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр тус гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзан гарсан үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн бөгөөд хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан боловч хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бодит шалгаан нөхцөл, хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан болохоо баримтаар нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Аын ковид 19 цар тахал болон гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй талаарх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Иймд, хариуцагч Б.Аыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 215/2-902В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-нд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан.
Тодруулбал, нэг тал гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах журамтай.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С Л ХХК нь хариуцагч Б.Ат үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч тодорхой үр дүн гараагүй улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 35-45 дахь талд/
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2 удаа хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 215 дугаар байрны 902 тоот хаягт байрлах орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Аыг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 215 дугаар байрны 902 тоот хаягт байрлах орон сууцнаас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн орон сууцны төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгтэй холбогдуулан тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөөгүй тул талуудын хэн аль нь энэ талаар шүүхэд нэхэмжлэлээ гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 939,720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 939,720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Аыг Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, **** дугаар байрны *** тоот хаягт байрлах орон сууцнаас албадан чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 939,720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 939,720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С Л ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ