Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1327

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01441 дугаар шийдвэртэй

                        

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.С-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 454 630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн төлөөлөгч Х.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“И” ХХК нь иргэн Г.С-тай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №2017-0411 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Г.С-д 6 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлсэн. Ингээд бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож бид хариуцагч Г.С-тай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №ФГ2017-10 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Энэ гэрээгээр хариуцагч Г.С- 2005 онд үйлдвэрлэгдсэн NHW203106766 арлын дугаартай, 66-22 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашиныг барьцаалсан. Гэрээний эргэн төлөлтийг хариуцагчийн хүсэлтийг үндэслэж 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлүүлэхээр болсон ба гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Хариуцагч Г.С- гэрээ байгуулснаас хойш 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 1 700 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 2 000 000 төгрөг, нийтдээ 4 000 000 төгрөг төлсөн ба үүнээс өөр ямар нэг төлөлтийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна.

Иймд хариуцагч Г.С-аас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №2017-0411 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 4 585 183.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 809 446.67 төгрөг нийт 11 394 630 төгрөгөөс түүний зээлийн хугацаанд төлсөн 4 000 000 төгрөгийг хасаад 7 394 630 төгрөгийг нэхэмжилж байна.

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №89 тоот зээлийн гэрээний хувьд:

“И” ХХК нь иргэн Г.С-тай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №89 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай байгууллага хариуцагч Г.С-д 2 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Ингээд бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ гэрээгээр хариуцагч Г.С- 2005 онд үйлдвэрлэгдсэн NHW203106766 арлын дугаартай, 66-22 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашиныг барьцаалсан. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн төлөгдөж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан. Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хугацаандаа зээлээ эргэн төлсөн бол үндсэн зээл 2.500.000 төгрөг, 3 сарын хүү 375.000 төгрөг нийт 2 875 000 төгрөгийг бидэнд буцаан төлөх ёстой байв. Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Г.С- нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №89 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2 500 000 төгрөг, хүү 2 133 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 426 666.67 төгрөг нийт 5 060 000 төгрөг болсон. Иймд хариуцагч Г.С-аас дээрх зээлийн гэрээнүүдийн нийт 12 454 630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь анх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2017-0411 тоот зээлийн гэрээний дагуу 6 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай төлж барагдуулахаар зээл авсан. Үүнээс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 1 700 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 2 000 000 төгрөг, нийтдээ 4 000 000 төгрөг төлсөн. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №89 тоот зээлийн гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийг авсан. Уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ямар нэгэн төлөлт хийгдээгүй болно.

Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ФГ2017-10 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №89 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу NHW203106766арлын дугаартай, 66-22 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашиныг “И” ХХК-д шилжүүлэн өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “И” ХХК-д автомашиныг хүлээлгэн өгсөн болно. Г.С- би “И” ХХК-ийн нэхэмжилсэн 12 454 630 төгрөгийг төлөх чадваргүй болсон тул 2017 оны  4 дүгээр сарын 10-ны өдөр ФГ2017-10 тоот, 2017 оны  9 дүгээр сарын 18-ны өдөр №89 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний дагуу NHW203106766 арлын дугаартай, 66-22 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Анар гэж хүн байсан. Захиралд нь би удаа дараа гэрээ сунгах хүсэлт тавьж байсан. Ажил дээрээ байхгүй байна гэж явсаар гэрээг сунгаагүй. Би зээл аваад Хятад улс руу бараа захиалсан боловч бүтэлгүй болсон. Би 4 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл надаас арай л их мөнгө нэхэж байна. Би нөхрөөсөө салсан охинтойгоо хоёулаа амьдардаг. Машинаараа хүүхдийн цаас зөөж зарж мөнгө олдог. Өөр орлогогүй ажил хийдэггүй. Нэхэмжлэгч байгууллага дээр очиж уулзаад 6 сарын хугацаа өгөөч эвлэрлийн гэрээ байгуулаач гэж удаа дараа гуйсан. Машиныг чинь авна гэсэн. Эхлээд би машинаа өгөх бодолгүй байсан. Дараа нь машинаа өгөхөөр шийдээд миний машиныг өрөндөө авчих гэхэд авахгүй гээд авахгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар Г.С-аас 6.366.112 төгрөг гаргуулж, “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.088.518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 6149 дугаар шүүгчийн захирамж нь хариуцагч Г.С-ыг үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116.807төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Гэрэлт-Од, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нар давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2017-0411 дугаартай гэрээгээр 6 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийг Г.С-д олгосон. Мөн түүний хүсэлтийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 89 дугаартай зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаас үзэхэд зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж дуусаагүй бол гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран зээлийн хүү тооцогдох зохицуулалттай байна.

Гэтэл анхан шатны шүүхээс гэрээнд заасан хугацаагаар зээлийн хүүг тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн өмнөх зээлийн гэрээний хугацаа дууссан байхад дахин зээл олгосон нь нэхэмжлэгчийн буруу мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн. Дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй тул хуульд заасан хугацаанд, тогтоосон журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн гэрээ болон түүний хавсралтад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоосон бөгөөд хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн болохыг мэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс "1 жил 4 сарын дараа шүүхэд хандсан" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Фидуцийн гэрээ байгуулснаас хойш Г.С- нь автомашиныг өөрөө эзэмшиж, хэрэглэсээр байсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн, энэ хугацаанд "машинаараа л орлого олдог тул зарахгүй байгаач, удахгүй төлбөрийг төлнө" гэсээр хугацаа авч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 4 дүгээр сарыг хүргэсэн. Гэтэл дээрх байдлаар шүүхээс зээл олгосон, нэхэмжлэл гаргасан хугацаа зэрэгт нэхэмжлэгчийг буруутгасан агуулгатай дүгнэлтийг хийж, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнээс гадна 2017-0411 гэрээний 5.6 болон хавсралтад "..зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс эхний ээлжид зээлийн хүүг тооцох"-оор тогтоосон байгааг анхаараагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Г.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 454 630 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.С- мөнгө төлөхийг эс зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг Тоёота приус маркийн 66-22 УНМ улсын дугаартай автомашинаар хангуулна гэсэн тайлбар гаргажээ.

 

            Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2017-0411 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 6 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 5 %-ийн хүүтэй зээлүүлсэн. Мөн талууд Фидуцийн гэрээ байгуулж “И” ХХК-ийн өмчлөлд “Тоёота приус” маркийн 66-22 УНМ улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн байна. Талууд зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг төлсөн асуудлаар маргаагүй байна.

 

            2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг сунгаагүй, дахин 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 89 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 2 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх уг гэрээний хүүг хасч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 289 446 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 076 666 төгрөг, нийт хариуцагч Г.С-аас 6 366 112 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 088 518 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01441 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 6149 дугаар шүүгчийн захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “И” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 366 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО