Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/737

 

 

 

 

 

 

   2021             8               10                                      2021/ДШМ/737

 

Б.Д, Ц.М, С.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д, Ц.М, С.Г нарт холбогдох эрүүгийн 2002004490040 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн ..............Б.Д , .... оны ................ сарын ...............-ний өдөр .......................... төрсөн, ................... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ...................................... ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ..................................../;

2. Сартуул овгийн Ц.М, ............... оны .......... сарын ...-ны өдөр ......... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ....................ажилтай, ам бүл ...................., тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........................;

3. Боржигон овгийн С.Г, ..... оны ..... сарын ....-ны өдөр .......... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Улсын Ерөнхий прокурорын 2020 оны “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” А/33 дугаар тушаалын хавсралтад зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгаж, ажиллагаа явуулдаг болохыг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “С.Г-ийн хэргийг чадахаараа хөөцөлдөж өгнө, би өөрөөсөө шилжүүлэхгүй өөр дээрээ байлгах гээд хичээе” гэж амлаж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Моос 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан,

мөн Б.Д нь 2020 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж, иргэн Х.Д-ээс ирүүлсэн “сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн” тухай гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу ............ тоот хаягт байрлах С.Г-ийн гэрт хэргийн газрын үзлэг хийх явцдаа эд мөрийн баримтаар хураан авсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан 7 ширхэг ус, ундааны сав, “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай сэтгэцэд нөлөөт бодис, сэтгэцэд нөлөөт ургамлын 1 ширхэг салаа навч, аравт, тавьт, зуутын тус бүр 1 ширхэг мөнгөн дэвсгэрт зэрэг хэрэг хянан шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд мөрийн баримтууд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хогтой хамт хог ачилтад ачигдаж үрэгдсэн,

түүнчлэн хууль сахиулагч Б.Д нь дээрх хэргийн эд мөрийн баримтуудыг үрэгдүүлсэн үйлдлээ нуун далдлахын тулд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, түүсэн ургамлыг шатаах, энгийн шарилжны ургамлаар жинг нэмэх зэрэг байдлаар .............. тоотод хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

Ц.М нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн талаарх мэдээллийн улмаас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Д-д шалгагдаж байхдаа өөртөө болон хамт шалгагдаж байсан С.Г-т давуу байдал бий болгох зорилгоор Б.Дын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг бэлнээр өгч, хахууль өгсөн,

С.Г нь 2020 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар ............. тоот хаягт байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 21.10 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2, Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, С.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх Б.Д, Ц.М, С.Г нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг хийв.

Прокурор тус хэрэгт хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Ингэхдээ шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүй 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодист хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилжээ.

Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд бие махбоддоо эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог билээ.

Тиймээс прокурор нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй ял сонсгож, албадлагын арга хэмжээг тохиролцохдоо шударга ёсны зарчимтай нийцүүлэх нь зохилтой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г-тэй прокурор ял тохиролцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хүлээн зөвшөөрүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “...прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх...”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцааах шийдвэр гаргана...” гэж заасны дагуу шүүх хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор О.Доржмаа би, эрүүгийн 2002004490040 дугаартай Б.Д, Ц.М, С.Г нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/686 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим: эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулиин этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй ял сонсгож, албадлагын арга хэмжээг тохиролцохдоо шударга ёсны зарчимтай нийцүүлэх нь зохилтой. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Г-тэй прокурор ял тохиролцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хүлээн зөвшөөрүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчин прокурорын саналын хүрээнээс хэтрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар хэргийг прокурорт буцаасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан прокурорын эрх хэмжээнд халдсан байна. Шүүгдэгч С.Гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүй 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тухай саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаанд С.Г-өөс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт нь хэвээрээ байгаа эсэх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар байр суурийг шүүх бүрэлдэхүүн тодруулахад хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсээр байхад анхан шатны шүүх бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэх болжээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/686 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Т.Ганзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 21.10 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Г нарт холбогдох эрүүгийн 2002004490040 дугаартай хэргийг 2021 оны 5 сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд 2021/ШЗ/686 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасныг 2021 оны 6 сарын 8-ны өдөр хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээсээ татгалзаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн шударга ёсны зарчимд нийцэхгүй, ял хөнгөдсөн гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийг бодит байдалтай нийцээгүй байна.

2. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож урьдчилан хэлэлцүүлэх ажиллагааны заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Иймд прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Д, Ц.М, С.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхийн “С.Г-тэй прокурор ял тохиролцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хүлээн зөвшөөрүүлсэн нь шударга ёсны заримд нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гурван өөр гэмт хэрэгт холбогдсон Б.Д нь мөрдөн шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй “авилгын мөнгө бус зээлсэн мөнгө” гэж мэдүүлсээр ирсэн байхад түүнд мөн торгох ял тохиролцсон нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Д-ын өмгөөлөгч прокурорт “хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргаж, уг хүсэлтийн доод хэсэгт Б.Д гарын үсэг зурсныг нь яллагдагч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийн учир холбогдол, хууль зүйн үр дагаврыг бүрэн гүйцэд ойлгосон гэж шүүхээс үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ