| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/284 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/284
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг eрөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Орчуулагч Т.Х,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-н А-ад холбогдох эрүүгийн 2513000000242 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19....оны .... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ... дугаар /Хол агаш/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А овогт Д-н А-, регистрийн дугаар: БИ.........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А- нь 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 02 дугаар /Хол агаш/ багийн нутаг дэвсгэрт иргэн К.Ө-ийг шалтаг шалтгаангүйгээр нүүр лүү нь цохиж, улмаар газар унаган хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн гадна хавчаар яс зөрөө багатай ташуу хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхинд цус хуралт, зүүн 2-р хуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч К.Ө-т төлөх төлбөргүй. Харин эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 49,680 /дөчин есөн мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулах саналтай байна.” гэв.
2. Шүүгдэгч Д.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч байна, уучлалт гуйсан.” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон учраас гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос уучлалт гуйсан, бусдад төлөх төлбөргүй” гэв.
Эрүүгийн 2513000000242 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:
4. Хохирогч К.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
5. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 67-68 дахь тал/,
6. Хохирогч К.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 505 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
8. Шинжээч эмч С.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
9. Гэрч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,
10. Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
11. Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
13. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.А-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч Д.А- нь 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 02 дугаар /Хол агаш/ багийн нутаг дэвсгэрт иргэн К.Ө-ийг шалтаг шалтгаангүйгээр нүүр лүү нь цохиж, улмаар газар унаган хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн гадна хавчаар яс зөрөө багатай ташуу хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхинд цус хуралт, зүүн 2-р хуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. Хохирогч К.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сагсай сумын Засаг дарга, удирдлагууд багийн ард иргэдтэй уулзалт зохион байгуулж хурал нь 14 цагийн үед тараад Засаг дарга удирдлагууд явцгаасны дараа нь би тэр хавьд байж байхдаа Е- болон түүний аав болох А- нар мотоциклийн гинж нь тасарчхаад тэрийгээ янзлаад би тэр хавьд нэг айлаас орж цай уучхаад хүнд машинаа үзүүлээд байж байхдаа А- надаас байн байн хар чулуу гэх газарт хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд А-, түүний хүү Е- мөн М- /Д.Б-/ бид дөрөв миний .... БӨА, УАЗ-469 маркийн машинтай хар чулуу гэх газарт очиж би нөгөө гурвыг А- гэх хүний колонкон дээр үлдээгээд би өөрөө голын нөгөө талд байдаг Марат гэх хүний дэлгүүрт нь очиж зээлээр ус, ундаа, чихрийн юм аваад байж байхдаа миний араас Е- ирээд надаас ундаа чихэр бичүүлээд зээлээр аваад өгөөч, надад мөнгө байхгүй гэж гуйхаар нь би өөр дээрээ нэмж бичүүлээд Е-т ундаа чипс зэрэг зүйлүүд авч өгсөн. Тэгээд тэндээсээ хөдлөөд А-ы колонкон дээр очиж зээлээр 10 литр бензин аваад А-, М- нарыг машинд суулгаж аваад тэндээсээ орой 18 цагийн үед хөдлөөд ойролцоогоор 1 цаг орчим яваад замд миний машины радиаторын сэнсний таг төмөр нь радиаторт ороогдож машин зогсоод тэгээд радиатор цоороод хамаг ус нь гоожоод тэгээд савтай ус хийж аргалаад тэндээсээ хөдлөөд гялс очих газарт хүрэх гээд явж байх замдаа миний арын суудал дээр сууж байсан Е- машинаас үсэрчхээд тэгээд би машинаа зогсоох хооронд миний хажууд урд суудалд сууж байсан А- миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би машинаа зогсоогоод машинаас буугаад хартал Е- араас ирж байсан. Тэгээд би та хоёр нэг нь машинаас үсрээд нэг нь намайг цохиж аваад яах гээд байна, би та хоёрыг гуйгаад байхаар чинь үнэгүй авч явсан биз дээ гэхэд А- над дээр хүрч ирээд намайг боож унгаагаад миний хөл рүү хөлөөрөө дэвсэхэд хажууд байсан М-, А-ыг салгах гэхэд нь би битгий салгаарай таныг бас хэлмэгдүүлнэ, энэ хоёр хэл амтай хүмүүс та зүгээр харж байгаарай, дараа нь та гэрчлэн шүү гэж хэлсэн. Тэгээд А- миний гарыг хазаад, миний хавирга руу өшиглөсөн. Тэгээд А-, Е- хоёр алхаад яваа, өгсөн. Би тэр орой хүн амьтан ирэх байх гэж машиндаа хүлээж байгаад маргааш өглөө 07 цагт Астауша гэх газар луу гэр лүү яваад өгсөн. Тэгэхэд миний зүүн хөл хөхөрч хавдаад гишгэж болохгүй байсан. Тэр үед би зүгээр болчих байх гэж бодоо тоогоогүй байсан. Дараа нь аймагт ирж зургийг нь авхуулахад миний зүүн хөлийн шагай хэсгээр яс нь хугарсан байна гэж хэлээд гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
17. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: "... Е- болон Е-ын аав болох А- нар Ө-ийн машинтай Харатас орно гээд байхаар нь би тамхи захисан чинь тэр хэд чи хийх юмгүй юм чинь бид хэдтэй хамт яваад ирэхгүй юу тамхи тариагаа аваад Ө- Марат гэх хүний дэлгүүр лүү явчихаад ирсэн. ...замдаа А- чи аятайхан явсангүй гээд жолоо барьж байсан Ө-тэй маргалдаад эхэлсэн. Тэгэхэд ард сууж байсан Е- өөрөө машинаас үсэрчихсэн. Тэгээд би энэ талаар жолоочид хэлээд машинаа зогсоогоод тэгээд А- Ө-ийн нүд рүү цохичихсон. Дараа нь би харахад Е- зүүн хацраасаа цус гарсан байдалтай байсан, тэгээд би зүгээр үү гэж асуухад үгийн зөрүүгүй гүйгээд яваад өгсөн. Араас нь орилоод зогсоогүй гүйгээд яваад өгсөн. Е-ыг явсан хойно А- Ө-ийг газарт унгааж байгаад хөл рүү нь өшиглөөд дэвсээд зодоод байхаар нь би салгах гээд оролдсон боловч хүчрэхгүй байхаар нь би та нарт дараа нь цагдаад асуудал гаргаад очвол би энэ харсан бүх зүйлээ хэлээд өгнө шүү гээд яваад өгсөн. А- Ө-ийг зодоод эхлэнгүүд Е- машинаас үсэрчихсэн...,
...Ө-, 2 дугаар багийн хурлын дарга Е- болон Е-ын аав болох А- нар Ө-ийн машинтай Хар чулуу гэх газар орно гээд байхаар нь би тамхи захисан чинь тэр хэд "чи хийх юмгүй юм чинь бид хэдтэй хамт яваад ирэхгүй юу" гэхээр нь би зөвшөөрөөд ингээд бид дөрөв Хар чулуу гэх газар орж би А-ы дэлгүүрээс тамхи тариагаа аваад Ө- голын нөгөө тал руу Марат гэх хүний дэлгүүр лүү явчихаад ирсэн. Тэгээд тэндээс хөдлөөд Ө- машин бариад, А- машины урд суудалд сууж байсан, Е- бид хоёр арын суудалд сууж явж байхдаа машин эвдрээд машины сэнсний хүрээ нь радиаторт хүрэх гээд хөдлөөд явж байх замдаа ард сууж байсан Е- өөрөө машинаас гэнэт үсэрчихсэн. Тэгээд би энэ талаар жолоочид хэлээд машинаа зогсоогоод тэгээд А- Ө-ийн нүд рүү гараараа шууд цохичихсон. Тэгээд Ө- машинаа зогсоогоод тэгээд А- машинаасаа буугаад гар утсаараа машины зургийг дараад мөн тэр хавьд байсан хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй архины шилний зургийг нь дараад байхаар нь би "чи яаж байна, наадах шил чинь өөр хүний архины шил шүүдээ" гэж хэлсэн. Дараа нь би харахад Е- зүүн хацраасаа цус гарсан байдалтай байсан, тэгээд би зүгээр үү гэж асуухад үгийн зөрүүгүй гүйгээд цаашаагаа яваад өгсөн. Араас нь орилоод зогсоогүй гүйгээд яваад өгсөн. Е-ыг явсан хойно А- Ө-ийг араас нь боогоод газарт унгааж байгаад хөл рүү нь өшиглөөд дэвсээд зодоод байхаар нь би салгах гээд оролдсон боловч хүч хүрээгүй, тэгээд "би та нарт дараа нь цагдаад асуудал гаргаад очвол энэ харсан бүх зүйлээ хэлээд өгнө шүү" гээд яваад өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл дотор Ө-, Е-, Е-ын аав болох А- бид дөрөв байсан. Е- ямар ч шалтгаангүй машинаас өөрөө үсэрчихсэн. Е- мэдээд “Ө- машинаа 2 тийшээ мушгиад тэрнээс болоод машины хаалга нь онгойж Е- машинаас шидэгдсэн” гэх зүйл огт байхгүй, Е- худлаа мэдүүлсэн байна. Ө- машинаа 2 тийшээ мушгисан асуудал байхгүй. А- Ө-ийг эхлээд машин дотор байхдаа хамар луу нь гараараа цохисон, дараа нь машинаасаа буугаад газарт унгааж байгаад өшиглөөд зодсон, би салгах гээд дийлэхгүй байхаар нь би та нарт гэрч болно шүү, гэж хэлчихээд яваад өгсөн. Дараа нь Хуан гэх хүний гэрт очсон. Ө- А- болон Е-ын биед нь халдаж зодсон зүйл огт байхгүй. Би Ө- болон А-, Е-ын нартай ямар нэгэн хамаатан саатан, найз нөхдийн холбоо байхгүй, зүгээр нэг сумын иргэд гэдгээрээ нэг нэгнээ танина. Миний жинхэнэ нэрийг Д-н Б- гэдэг. Намайг сумын иргэд М- гэж дууддаг, миний Бахыт гэх нэрийг хүмүүс бараг мэдэхгүй. Намайг байх үед хэн нэгэн Ө- болон А-, Е- ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 67-68 дахь тал/,
18. Хохирогч К.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...замдаа миний арын суудал дээр суух байсан Е- машинаас үсэрчхээд тэгээд би машинаа зогсоох хооронд миний хажууд урд суудалд сууж байсан А- миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохчихсон. Тэгээд би машинаа зогсоогоод машинаас буугаад хартал Е- нүүр нь цус болчихсон араас ирж байсан. Тэгээд би уурлаад та хоёрыг гуйгаад байхаар чинь үнэгүй авч явсан биз дээ гэхэд А- намайг боож унгаагаад миний хөл рүү хөлөөрөө дэвсэж хажууд байсан М- /Д.Б-/ А-ыг салгах гэхэд нь би битгий салгаарай таныг бас хэлмэгдүүлнэ, энэ хоёр хэл амтай хүмүүс шүү, та зүгээр харж байгаарай дараа нь та гэрчлэн шүү гэж хэлсэн. Тэгээд А- миний зүүн гарын долоовор хурууг хазаад, миний хавирга руу өшиглөсөн. Тэгээд А- Е- хоёр алхаад яваад өгсөн. Би тэр орой хүн амьтан ирэх байх гэж тэр хавьд машиндаа хүлээж байгаад маргааш өглөө 07 цагт Астауша гэх газар луу гэр лүү яваад өгсөн. Маргааш нь миний зүүн хөл хөхөрч хавдаад гишгэж болохгүй байсан. Эхэндээ би зүгээр болчих байх гэж бодоод тоогоогүй байсан. Дараа нь аймагт ирж зургийг нь авхуулахад миний зүүн хөлийн шагай хэсгээр яс нь хугарсан байна гэж хэлээд гипсдүүлсэн. Би тэр үед огт архи уугаагүй. А.Е-ыг ямар шалтгаанаар машинаас үсэрснийг мэдэхгүй байна. Ямар нэгэн хохирол барагдуулаагүй, одоогоор хохирлын баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
19. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 505 дугаартай “Иргэн К.Ө-ийн биед зүүн гадна хавчаар яс зөрөө багатай ташуу хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхинд цус хуралт, зүүн 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
20. Шинжээч эмч С.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...505 дугаартай дүгнэлтэд тусгасан гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Зүүн гадна хавчаар ясны ташуу хугарал нь дангаараа хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи цус хуралт нь тус журмын 3.1.1- д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
21. Гэрч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр хурал эхлэхээс өмнө багийн засаг дарга К.Ө- багийн иргэдэд архи өгсөн. Дараа нь хурал тараад Ө- манай аав болох А-ад архи өгөөд дараа нь архи авч өг гээд аав бид хоёр манай мотоциклийн гинж нь тасарчихсан тэрийгээ янзалж байхад архи авч өг гээд Хар чулуу гэх газар луу авч яваад А- гэх хүний гэрт бид хэдийг буулгачихаад Ө- өөрөө голын нөгөө талд Марат гэх хүний гэрт яваад өгсөн. Тэгээд Ө- ирэхгүй удаад байхаар нь би араас нь явган очиж Ө-ийг хүлээгээд Ө- Маратын хамт нэг шил архи хувааж ууж дуусгачихаад тэндээсээ шинэ баригдсан буудлын тэнд явж байхдаа Ө- согтуу машиныхаа жолоог 2 дахиж хөдлөөд явж байхдаа дахин машинаа мушгиад жолоочийн арын суудалд тийшээ мушгиад явж байхдаа машины радиатор нь эвдрээд тэрийгээ янзлаад сууж байгаад би машины хаалга нь онгойгоод машинаас уначихсан. Тэгээд би тэр газарт ухаан алдаж миний ухаан орж гараад машинд суулгүй гүйж очоод Ж- гэх хүний гэрт очсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,
22. Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр намайг гэрт байх үед манай гэрт намайг гэртээ байх үед А-ын хүү болох Е- ирж нүүр нь цус болсон байдалтай ирж манай машин онхолдчихлоо гэхээр нь би машин луу нь очиход машин нь зүгээр байсан ба А-, Ө- М- гурав байсан тэгээд би машин нь зүгээр байхаар нь тэр хэдийг загнаад хөөгөөд явуулсан. Хэн нэгэн зодоон болсон зүйл харагдаагүй Е-т хандан би тусламж хэрэгтэй юу ? түргэн дуудах уу гэхэд тэр үгүй гэж хэлсэн. Тэгээд бүгд явцгаасан. Манайд ямар нэгэн архи өгсөн зүйл байхгүй хурал тартал манайхаас гараад яасныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
23. Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ө- Хар чулуу гэх газар явж архи авахаар болоод манай хүү Е- бид хоёр мөн тэр хавьд байсан М- бид дөрөв Ө-ийн машинтай Хар чулуу гэх газар очиж бид 3 А-ы гэрт үлдэж Ө- голын нөгөө талд Марат гэх хүнийх руу явсан байсан. Бид гурав хүлээгээд Ө- ирэхгүй удаад 1 цаг орчим болохоор нь би хүүгээ явуулаад, дагуулаад хүрээд ир гэж явуулахад Ө- Маратын гэрт нь архи уугаад байж байхад нь болиулаад дагуулаад ирсэн гэсэн. Тэгээд бид 4 тэндээс хөдлөөд Ө- согтуу машинаа 2 тийшээ мушгиад маш хурдтай явж байхдаа Ө-ийн машины радиаторын сэнс нь хугараад радиаторт нь зоогдож машин нь таг зогссон. Тэгээд тэрийг нь буугаад бид хэд янзалж аваад одоо зөөлөн яваарай гэж хэлээд дахиж хөдлөөд Ө- машинаа 2 тийшээ мушгиад улмаар ард сууж байсан миний хүү Е- машинаас шидэгдсэн. Тэгээд Ө- тоохгүй яваад байхаар нь би зогс гэж хэлээд машиныг нь зогсоолгосон. Тэгээд эргээд очиход Е-ын зүүн хацраас цус гарсан байсан. Тэгээд би Ө-ийн тээврийн хэрэгслийн болон өөрийнх нь зургийг нь би өөрийн гар утсаараа авч баримтжуулан мөн Ө-ийн барьж явж байсан архины зургийг нь дарж баримтжуулан тэгээд гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
24. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
25. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
26. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
27. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
28. Шүүгдэгч Д.А- нь хохирогч К.Ө-ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “биед зүүн гадна хавчаар яс зөрөө багатай ташуу хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхинд цус хуралт, зүүн 2-р хуруунд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
29. Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.А-ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
30. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
32. Шүүгдэгч Д.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч К.Ө-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд “Шүүгдэгч Д.А-ын хүүхэд нь болох А.Е-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Миний бие Дөндей овогтой А-ын Е- нь Көшкенбайн Ө- нь хоорондоо ямар нэгэн маргаангүй эвлэрсэн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж шүүгдэгч Д.А-ын хүүхэд болох А.Е-ын бичиж өгсөн баталгааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул хохирогч К.Ө- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
33. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.А-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 49,680 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
34. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Д.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг,
35. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс: “Шүүгдэгч Д.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
36. Шүүгдэгч Д.А-аас: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
37. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.А-ыг үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
38. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
39. Шүүгдэгч Д.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
40. Шүүгдэгч Д.А- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/-аар тогтоогдож байна..
41. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
42. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
45. Шүүгдэгч Д.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
46. Шүүгдэгч Д.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 49,680 /дөчин есөн мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч К.Ө- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Д.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Д.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК