| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/05717/И |
| Дугаар | 102/ШШ2023/01729 |
| Огноо | 2023-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2023/01729
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, Т... овогт Ч....ийн Э...,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... давхарт байрлах, Т... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:240 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
(Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Нэхэмжлэгч Ч.Э... нь хариуцагч Т... ХХК-д холбогдуулан 240 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Т... ХХК-аас Tribet брэндийн гагнуурын аппарат 240 000 төгрөгөөр худалдан авсан, уг аппаратыг 3 сарын баталгааны хуудас бичүүлж авсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвдэрч ажилгүй болсон.Би авсан газраа очиж буцааж солих юм уу, мөнгөө авъя гэсэн боловч буцаах боломжгүй, мөнгийг буцааж өгөхгүй гэсэн.Иймд Т... ХХК-аас 240 000 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:Ч.Э... гагнуурын аппарат 240 000 төгрөгөөр худалдан аваад сар хүрээгүй байтал аваад ирэхээр нь сольж өгөөд явуулсан боловч дахиад эвдэрсэн гээд аппаратаа аваад ирсэн, он сарыг нь санахгүй байна, тэгэхээр нь би дагуулаад засварчинд очиж үзүүлэхэд хэрэглэгч нь хүчдэл тогоо тохируулаагүйн улмаас аппарат шатсан байна гэж хэлэхэд аппаратаа буцаагаад аваад явсан, 240 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, би үйлдвэр лүү нь явуулаад солиулаад өгч болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Худалдаж авсан гагнуурын аппарат нь эвдэрч ажилгүй болсон тул аппаратын үнэ 240 000 төгрөгийг авна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Гагнуурын аппаратыг нь эхний удаа сольж өгсөн, дараагийн удаа өөрийнхөө буруугаас болж шатаасан байсан тул үнийг төлөхгүй, үйлдвэр лүү явуулаад сольж өгч болно гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс 1 хуудас баримт шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй./хх-4/
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Э... нь хариуцагч байгууллагаас гагнуурын аппарат худалдаж авсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Талуудын маргааны зүйл нь худалдаж авсан гагнуурын аппарат нь ажиллахгүй болсон тул аппаратын үнэ 240 000 төгрөгийг буцаан авна гэж нэхэмжлэгч шаардаж байхад эхний удаад гагнуурын аппаратыг сольж өгсөн, дараа нь хэрэглэгчийн буруугаас болж шатсан байх тул үнийг төлөхгүй гэж хариуцагч тайлбарлан маргаж байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Ч.Э... нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хариуцагчид хандаж гагнуурын аппаратыг доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулж авсан атлаа дахин эвдэрсэн гэж гэрээнээс татгалзаж, аппаратын үнийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг ашиглах журам зөрчсөний улмаас үүссэн бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байна.
Өөрөөр хэрэглэгч нь цахилгааны хүчдэлийг тохируулаагүйн улмаас аппарат шатсан байна гэж засварчин хэлэхэд аппаратаа буцаагаад аваад явсан гэх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарыг үндэстэй гэж үзэв.
Нөгөө талаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж байгаа үйлдэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах журамд нийцээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан Т... ХХК-аас 240 000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай Ч.Э...н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН