Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ20203/01728

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, ... тоотод оршин суух, эрэгтэй, Э....гийн Т...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, Хос Хас байгууламж Т... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:10 100 996 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Р.П..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э..., Т.У..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

(Нэхэмжлэгч Э.Т...гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Т... нь Т... ХХК-д холбогдуулан 10 100 996 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Т... ХХК-д агуулахын ажилтнаар ажилд орсон, туршилтын 3 сарын хугацаанд ногоон малгай хөтөлбөрт хамрагдаж ногоон малгайтайгаар аюулгүй байдлын стандарт, шаардлагыг мөрдөн ямар нэгэн зөрчилгүйгээр ажилласан.Ажлын үнэлгээгээр 71.9 хувьтай үнэлэгдсэнээр хөдөлмөрийн гэрээг сунгаж хугацаагүйгээр байнгын ажлын байранд агуулахын ажилтнаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтан болсон.Гэтэл бараа материалын тоологч ажилтай Э.Э...ийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Уг гомдол нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх агуулгатай байх бөгөөд тухайн гомдол, өргөдлийг хүлээн аваад хяналт шалгалтыг хүний нөөцийн хэлтсээс хийсэн гэх боловч ямар нэгэн нотлох баримтгүйгээр барахгүй уг гомдлын талаар ч танилцуулалгүй ажлаас халсан байдаг.

Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлгүй ажлаас халсныг тогтоолгож, “Агуулахын ажилтан” албан тушаалд эргүүлэн тогтоолгох. ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102\ШШ... дугаар шийдвэрээр тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2144 дугаартай магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102\ШШ... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Т...г Т... ХХК-ийн агуулахын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,108,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн найруулсан.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06-р сарын 16-ны өдрийн 001\ХТ... тоот тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлалын хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч..., С.Э... нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай гэж тогтоосон.

Уг шийдвэр, тогтоолын дагуу Т... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2... тоот тушаал гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001\ХТ.... дугаар тогтоолыг үндэслэн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрт заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговорт 7 108 400 төгрөгийг холбогдох журмын дагуу тооцож олгохыг Санхүү бүртгэлийн хэлтэст даалгасан.

Түүнчлэн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр “Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай” гэрээг хоёр тал байгуулсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн ... тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Энхтуяа овогтой Т...гийн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн компанид гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж, ээлийн амралтыг олгохоор болсон.Тодруулбал:Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговорт 7,108,400 төгрөг, ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговорт 1,612,535.67 төгрөг, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 1,259,127 төгрөг нийт 9,457,957.93 төгрөгийг олгохоор болсон бөгөөд энэ дүн нь татварын өмнөх дүн юм.Ингээд татварын дараах дүнгээр дээрх мөнгөнөөс хуульд заагдсан суутгал хийгдээд гарт олгох дүнгээр, миний хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн,

Харин надад Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлсийг хуульд заагдсан журмын дагуу олгоогүй байх тул хариуцагч Т... ХХК-аас тус хугацаанд ноогдох 10,100,996 төгрөгийг гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаж байна.Тооцоолбол 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаа нь 7 сар 26 хоног бөгөөд 2020 оны 10 дугаар сард ажлын 12 хоног, 2021 оны 6 дугаар сард ажлын 11 хоног байна.Иймд 7 сар* нэг сарын үндсэн цалин 1,259,127 төгрөг+1,259,127 төгрөг \22,5 дундаж*23 хоног=8,813.889 төгрөг+1,287,107 төгрөг=10,100,996 төгрөг болно.Иймд хариуцагч Т... ХХК-аас 10 100 996 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Э.Т...гийн “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлтэй хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдөр, Улсын дээд шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдөр тус тус хянан шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 001/ХТ... дугаартай тогтоол гарсны дараагаар хариуцагч Т... ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Т...г өмнөх ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 7 108 400 төгрөгийг түүнд бүрэн олгосон.

Э.Т... нь ажилд томилогдсон тус өдрөө ажлаас гарах хүсэлтийг компанид гаргасан.Түүний энэ хүсэлтийг нь үндэслэн ажлаас чөлөөлж, мөн өдрөө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай гэрээг компанитай байгуулсан.

Ийнхүү Э.Т...гийн хүсэлтээр тус гэрээний дагуу шүүхийн шийдвэрт заасан дээрх цалингаас гадна нэмж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох ээлжийн амралтын олговорт 1 612 535 төгрөг, мөн тохиролцсоноор нэг сарын үндсэн цалинтай тэнцэх 1 259 127 төгрөгийг компаниас Э.Т...д шилжүүлсэн.

Энэ гэрээгээр талууд өмнө үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж дуусгасан болно.Өөрөөр хэлбэл, Э.Т... нь ажлаас гарах өргөдөл, дээрх гэрээг байгуулах үедээ одоо нэхэмжилж буй цалинг компаниас огт шаардаагүй.Харин дээрх ээлжийн амралтын болон 1 сарын цалинтай тэнцэх олговрыг нэмж аван хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлснээр компанитай гэрээг байгуулсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хууль (2021)-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

Т... ХХК болон Э.Т... нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, тэтгэмж олгох агуулга бүхий тухайн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хийгдсэн юм.

Э.Т... нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаж байна гэх агуулгыг нэхэмжлэлдээ дурддаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн (2021 он) 154 дүгээр зүйлийн 154.2-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.2-д “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заасан хугацааг хэтрүүлсэн.

Өөрөөр хэлбэл, Э.Т... нь ажилгүй байсан хугацааны цалин 10,100,996 төгрөгийг Т... ХХК-иас нэхэмжлэх эрхтэй байсан гэж үзвэл хуулийн дээрх хугацаанд энэ талаар гомдол, шаардлагыг компани болон эрх бүхий байгууллагад гаргавал зохих хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэжээ.

Нэхэмжлэгчээс-Иргэний үнэмлэх, Хөдөлмөрийн гэрээ, Т... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ... дугаар, мөн өдрийн ... дугаар тушаал, Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ... дугаар тогтоолыг шүүхэд өсгөн./хх 8, 9-12, 13-14, 15-16, 17-20, 21-25/

Хариуцагчаас-Нэхэмжлэгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн баримтыг шүүхэд өгсөн./хх 42-43/

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Надад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлсийг хуульд заагдсан журмын дагуу олгоогүй тул энэ хугацаанд ноогдох 10 100 996 төгрөгийг Т... ХХК-аас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 001/ХТ... дугаартай тогтоол гарсны Э.Т...д 7 108 400 төгрөгийг түүнд бүрэн олгосон, 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Э.Т...г  ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай гэрээ байгуулсан.

Шүүхийн шийдвэрт заасан цалингаас гадна нэмж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох ээлжийн амралтын олговорт 1 612 535 төгрөг, мөн тохиролцсоноор нэг сарын үндсэн цалинтай тэнцэх 1 259 127 төгрөгийг Э.Т...д шилжүүлсэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, Т... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ... дугаар, мөн өдрийн ... дугаар тушаал, Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ... дугаар тогтоол, нэхэмжлэгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар  зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Т...д хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 200520/53 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, үүний улмаас Э.Т... нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2144 дугаартай магадлалаар Э.Т...г Т... ХХК-ийн агуулахын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 108 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна./хх 17-20/

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ... тоот тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2144 дүгээр магадлалын хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх 21-25/

Т... ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ажилд эгүүлэн тогтоох тухай” ... дугаар тушаалаар Э.Т...г урьд нь ажиллаж байсан албан тушаал болох сэлбэг нийлүүлэлтийн газарт агуулахын ажилтнаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна./хх13/

Нэхэмжлэгч Э.Т... нь Т... ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтдээ:Би Сэлбэг нийлүүлэлтийн газарт агуулахын ажилтны албан тушаалд ажилладаг бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаа тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэжээ./хх 42/

Т... ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 210709/91 дугаар тушаалаар Э.Т...тэй 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./хх 14/

Зохигч талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай гэрээгээр дараах зүйлүүдийг талууд тохиролцсон байна.Үүнд:”Э.Т... урьд нь ажиллаж байсан албан тушаал болох сэлбэг нийлүүлэлтийн газарт агуулахын ажилтнаар эргэж ажиллахаас татгалзаж, ажлаас чөлөөлөгдөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан учир түүнийг Сэлбэг нийлүүлэлтийн газарт агуулахын ажилтны ажлын байранд томилон ажиллуулах Т... ХХК-ийн үүрэг дуусгавар болсон, энэхүү гэрээ хүчинтэй болсон өдрөөс эхлэн талууд нь цаашид хөдөлмөрийн харилцааны аливаа үүргээс харилцан чөлөөлөгдөв, Э.Т...д шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговорт 7 108 400 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 1 612 535 төгрөг, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 1 259 127 төгрөг нийт 9 457 957 төгрөгийг шилжүүлэх, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дуусталх хугацааны нөхөн бичилт хийх, Э.Т... нь  Т... ХХК-д холбогдуулан аливаа хөдөлмөрийн маргаан, түүнтэй холбоотой маргааныг үүсгэхгүй бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг албадан гүйцэтгүүлэх эрхээсээ татгалзсан, гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчинтэй” гэжээ./хх 15-16/

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан эрхээ зөрчигдсөн болохыг Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн магадлал гарсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч байгууллагатай гэрээ байгуулах үедээ ч мэдэж байсан гэж үзэхээр байх бөгөөд энэхүү хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тухайгаа шүүхэд тайлбарлаагүй болно.

Дээрх үндэслэлээр Т... ХХК-иас 10 100 996 төгрөг гаргуулах тухай Э.Т...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Ажил олгогчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гарсан тул хөдөлмөрийн эрхийн маргаан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд хамаарч байгааг дурдаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 566 төгрөгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасан үндэслэлгүй байх тул Т... ХХК-иас 10 100 996 /арван сая нэг зуун мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулах тухай Э.Т...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан улсын төсвийн орлогоос 176 566 /нэг зуун далан зургаан мянга таван зуун жаран зургаан/ төгрөгийг буцаан гаргуулан Э.Т...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН