Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01406

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01406

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг  16 дугаар хороо  тоотод оршин суух Б овогт Б Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо   тоотод оршин суух Ш овогт Б Б

 

1,590,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ч, хариуцагч Б.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан 1,590,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2022 оны 8 дугаар сард 1 машин дайргыг 30,000 төгрөгөөр тохирч 17 машин дайрга авч, мөнгийг шилжүүлсэн бөгөөд дараа нь бүх дайргыг авахаар болж 53 машин дайрга авсан. Үүний үнэ болох 1,590,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Б.Бтай холбогдож 53 машин дайрга авсан нь үнэн. Барилгын талбай чөлөөлөх шаардлагатай байна гэсний дагуу өөрөөсөө түлшний зардал болох 510,000 төгрөгийг гаргаж, барилгын талбайг нь чөлөөлж өгсөн. Ямар нэг гэрээ байгуулаагүй, нэг машин дайрганы үнийг 30,000 төгрөг гэж тохиролцоогүй гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-3-4 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн байна.   /ХХ-17 дугаар тал/

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Энхбаатараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:  2022 оны 8 дугаар сард дайрга зарах зарын дагуу Б.Б холбогдож 17 машин дайрга авч түүний үнэ 510,000 төгрөгийг өгсөн, дараа нь бүх дайргыг авъя гэж ярьсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сард 53 машин дайргыг авсан. Иймд 53 машин дайрганы үнэ 1,590,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд: Нэхэмжлэгчтэй тохирч дайрга авсан боловч ямар нэг гэрээ байгуулаагүй, үнэ тохироогүй тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.     

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

2022 оны 9 дүгээр сард хариуцагч нь нэхэмжлэгчээс 53 машин дайрга авсан, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “дайрга тээвэр” гэсэн утгаар 510,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон дансны хуулгаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг дайрга худалдан авсан үндэслэлээр шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд харин хариуцагч нь худалдаж авах талаар ямар нэг гэрээ байгуулаагүй буюу үнэ тохироогүй гэж маргаж, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 510,000 төгрөгийг дайргыг ачсан экскаваторын түлшний зардал гэж тайлбарлажээ. Энэхүү тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг хариуцагч хүлээх болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан. Уг үүргээ хариуцагч биелүүлээгүй, ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь С.Э-с гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд тухайн гэрчийн мэдүүлэгт “манай компани цэцэрлэгийн барилга барьсан, үүнээс гарсан дайргыг зарахаар болсон. Б.Б нь Б.Бтай яриад эхлээд 17 машин дайрга авч, 510,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дараа нь бүгдийг нь авъя гэснээр экскаватор гаргаж өдөржин, шөнөжин ачиж өгсөн. ...мөнгийг нь өгөөгүй асуудал гараад би өөрөө Б.Бтай ярьсан, сүүлдээ утсаа авахаа байсан, дараа нь Б.Б өөрөө надтай яриад “адилхан ажил хийдэг хүмүүс ойлгох байлгүй, далангийн ажил хийж байгаа, мөнгө нь орж ирэхгүй байна, 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээж байгаач гэж хэлсэн” гэжээ. Тухайн мэдүүлэгтэй холбогдуулан хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй, өөрийнхөө тайлбарыг нотлох ямар нэг баримт гаргаж өгөөгүй тул гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж чадаагүй гэж үзэв. Мөн хариуцагч нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд “17 машиныг 30,000 төгрөгөөр тооцоод түлшний мөнгө 510,000 төгрөг өгч байсан, сүүлийн 53 машиныг үнэгүй авсан” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан байна. Иймд дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг үндэслэн 70 машин дайргыг нэг машиныг 30,000 төгрөгөөр тохиролцож авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.   

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцэл хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуульд заавал бичгээр хийх хэлбэрийн шаардлага тавигдаагүй бол хэлцлийн гол нөхцөлийн талаар амаар хэлэлцэн тохирсон бол тухайн хэлцлийг хийсэн гэж үзнэ. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх, худалдан авагч нь хариу төлбөр төлөх үүрэг хүлээх бөгөөд энэ гэрээний дагуу шилжүүлэх эд хөрөнгө болон түүний үнийн талаар харилцан тохиролцоонд хүрсэн бол гол нөхцөлийг тохирсон гэж үздэг. Тухайн гэрээг бичгээр хийх талаар хуульд заагаагүй тул уг гэрээг амаар хийж болно. Иймд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авагчийн буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний үнийг төлөх үүрэгтэй байна. Иймд талуудын тайлбар, дансны хуулга, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагчийг гэрээний үнээс 510,000 төгрөгийг төлсөн гэж үзэн үлдэгдэл 53 машин дайрганы үнэ 1,590,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх болохыг хариуцагчид тайлбарлаж, мэтгэлцэх боломжийг хангасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Баас 1,590,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Бд олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 40,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА