Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/01537

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/01537

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо   тоотод оршин суух З овогт Л М

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо   тоотод оршин суух М овогт Д С  

 

145,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Д.Ст холбогдуулан 145,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Д.Стай 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол /16080/ Энхтайваны өргөн чөлөө гудамж * хойд жигүүрт байршилтай, 108 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Ст шилжүүлсэн. 

 

1.2. Гэрээн дээр урьдчилгаа төлбөрт 75,000,000 төгрөг төлсөн гэж бичсэн боловч 53,000,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун өгсөн. Иймд үлдэгдэл  төлбөр 97,000,000 төгрөг, алданги 48,500,000 төгрөг нийт 145,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

 2. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/00943 дугаартай шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 26ё2-3/3617 дугаартай албан тоот, мөн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28ё1-3/7047 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-6, 9-10, 12 дугаар тал/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд:  Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол /16080/ Энхтайваны өргөн чөлөө гудамж   дугаар давхарын хойд жигүүрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 108 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжсэн дэлгэрэнгүй лавлагаа /ХХ-ийн 34-35 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Д.Стай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээний дагуу өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд хариуцагчийг 75,000,000 төгрөгийг өгсөн гэж бичсэн боловч бодит байдалд 53,000,000 төгрөгийн шатахуун авсан. Одоо үлдэгдэл төлбөр 97,000,000 төгрөгийг алданги 48,500,000 төгрөгийн хамт 145,500,000 төгрөг шаардаж байна. 

 

3. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Л.М, Д.С нар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Л.М нь Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол  дугаар давхарт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 108м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ст шилжүүлэх, уг хөрөнгийн үнэ болох 150,000,000 төгрөгийг Д.С төлөх үүргийг хүлээжээ. Энэхүү гэрээний нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд энэ гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээнэ. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчид шилжсэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байх тул түүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

 

Хариуцагч нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба ямар нэг тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ. Иймд хариуцагч тайлбар, нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “зарим мөнгөндөө шатахуун өгөхөөр тохирсон бөгөөд гэрээ байгуулах үед 75,000,000 төгрөгийн шатахуун байгаа гэсний дагуу гэрээндээ 75,000,000 төгрөг өгсөн гэж бичсэн, бодит байдал дээр 53,000,000 төгрөгийн шатахуун өгсөн, үүнээс өөр төлбөр төлөөгүй 97,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй” гэж тайлбарласан. Энэхүү тайлбартайгаа холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Харин гэрээний 2.1-д “Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийг 150,000,000 төгрөгөөр хоёр тал хэлэлцэн тохирсон бөгөөд урьдчилгаа 75,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 2020.6.20-нд Хаан банкны Д.А-ы * тоот дансаар 2020.6.20-ны өдөр хүртэл төлж дуусгана” гэж тохирчээ. Уг тохиролцооноос үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хариуцагчийг 75,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 53,000,000 төгрөг хүлээн авсан болохоо баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт болох 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг үндэслэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 75,000,000 төгрөг гэж тодорхойлов.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба анзын гэрээг бичгээр хийнэ. Талуудын байгуулсан гэрээний 3.4-т “Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж алдангийн тохиролцоог хийсэн байна. Иймд нэхэмжлэгч нь үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргээс 0.5 хувиар тооцож хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 75,000,000 төгрөгийн 50 хувь болох 37,500,000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 75,000,000 төгрөг нийт 112,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 33,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Саас 112,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л Мад олгож, нэхэмжлэлээс 33,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Саас улсын тэмдэгтийн хураамжид 720,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Мад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА