| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/00600/И |
| Дугаар | 102/ШШ2023/01652 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2023/01652
| 2023 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2023/01652 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо тоот “Х” СӨХ
Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо тоотод оршин суух Ц овогт С Т
857,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 1,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагч С.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” СӨХ нь хариуцагч С.Төд холбогдуулан 2017 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 844,200 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. Хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг хуульд зааснаар төлөх үүрэгтэй, энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2017 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 844,200 төгрөг төлөх үүрэгтэй байна.
2. Хариуцагч С.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. “Х” СӨХ нь төлбөрийг өндөр тогтоосон, борооны ус зайлуулах хоолойноос ус асгардаг, хогийн цэгт гал гарсан, гэрэлтүүлэггүй буюу ажил, үйлчилгээ хийдэггүй үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзжээ.
3. Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч “Х” СӨХ-нд холбогдуулан хохирол 1,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
3.1. 2017 оны 8 дугаар сард борооны ус зайлуулах хоолойноос ус алдсаны улмаас нэгдүгээр давхарт ус хуримтлагдан гэрт ус нэвтэрч, паркетан шалаа бүхэлд нь сольж хохирол учирсан.
3.2. Ус зайлуулах хоолойноос борооны ус алдсан нь сууц өмчлөгчдийн холбоо засвар, үйлчилгээ, арчилгаа хийддэггүйтэй холбоотой. Иймд учирсан хохиролд 1,200,000 төгрөг гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. Ус зайлуулах хоолойноос ус алдаж, нэгдүгээр давхарт хуримтлагдах ямар ч бололцоо байхгүй, ийм асуудал огт гарч байгаагүй, энэ талаар хариуцагч болон бусад айлуудаас мэдэгдэж байгаагүй гэжээ.
5. Нэхэмжлэгчээс гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 01 дугаартай тогтоол, “Х” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын “Ажилд томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, Э.Э-с 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл, Төрийн банкин дахь хэрэглэгчийн төлбөрийн дансны дэлгэрэнгүй хуулга, хэвлэсэн зургууд, Ё.А-н гаргасан тайлбар /ХХ-3, 5-15, 45, 47, 58-66 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, зарлагын баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэвлэсэн зураг /ХХ-35-39 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр төлөх хуульд заасан үүргээ 2017 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд биелүүлээгүй. Энэ хугацааны төлбөрт 844,200 төгрөг хуримтлагдсан байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: СӨХ нь төлбөрийг өндөр тогтоосон, засвар, үйлчилгээ, харуул хамгаалалтын үйлчилгээ хангалтгүй гэж маргажээ.
4. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ “орцон дотор байршилтай ус зайлуулах хоолойноос 2017 оны 8 дугаар сард ус алдаж, нэгдүгээр давхарт хуримтлагдсанаас гэрт ус орсон, энэ нь засвар, үйлчилгээ, арчилгаа хийддэггүйтэй холбоотой” гэж тайлбарласан байна.
5. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ус зайлуулах хоолойгоор ус алдаж, айлуудад хохирол учруулсан тохиолдол огт гарч байгаагүй, энэ талаар хариуцагч болон бусад айлуудаас мэдэгдэж байсан удаагүй гэж маргасан байна.
6. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13в, 14 дүгээр байрны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээг “Х” СӨХ-нд хариуцуулж 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилгээ олгосон байна. Иймд дээрх орон сууцны өмчлөгч нараас тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрх бүхий этгээд байна.
Хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 844,200 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Дээрх төлбөрт хариуцагч сар бүр 13,400 төгрөг төлөх болох нь “Х” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоол болон банкин дахь хэрэглэгчийн төлбөрийн дансны хуулгаар нотлогдсон, төлбөрийн хэмжээний асуудлаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрөөр тодорхойлж, тухайн хугацааны төлбөрт 844,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “сууц өмчлөгчдийн холбоо” гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо” гэж тодорхойлсон бөгөөд “заавал гишүүнчлэлтэй” гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч нь “Х” СӨХ-ны гишүүн, хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байна.
Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй.
Дээрх үүргийг орон сууц өмчлөгч биелүүлээгүй тохиолдолд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээнд зориулах мөнгөн хөрөнгө хуримтлагдах боломжгүй бөгөөд аливаа засвар, үйлчилгээ хийх нөхцөл бүрдэхгүй юм. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, 7.2.4 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны сангийн хөрөнгийн бүрдүүлэлт буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахад бүх гишүүдийн хуралд оролцох, мөн сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр эрхээ хэрэгжүүлнэ. Иймд хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг өндөр тогтоосон, ажил, үйлчилгээ хийдэггүй үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзах эрхгүй.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 857,600 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан паркетан шал сольсон зардалд 1,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагын үндэслэлээ “2017 оны 8 дугаар сард байрны орцон доторх борооны ус зайлуулах хоолойноос ус ихээр алдаж, нэг давхарт хуримтлагдан манайд ус орж ирсэн, энэ нь засвар, үйлчилгээ, арчилгааг хийдэггүйтэй холбоотой” гэж тайлбарласан байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал тухайн холбооны гишүүн байх бөгөөд тэдний хооронд хуулийн дагуу үүргийн харилцаа үүсдэг. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгч хэн алиныхаа өмнө хуульд заасан үүрэг хүлээх бөгөөд уг үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Энэхүү үүргээ хэн аль нь биелүүлээгүйгээс нөгөө талынхаа эрхийг зөрчсөн тохиолдолд уг эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх үүрэгтэй ба ийнхүү сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болохыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмнөх байдалд оруулах /засварлах, тухайн төрлийн эд хөрөнгөөр сольж өгөх гэх мэт/, ийм боломжгүй нөхцөлд мөнгөөр төлж хохирлыг арилгах үүрэгтэй. Энэ төрлийн хохирлын хэмжээг “тухайн эд хөрөнгөд учруулсан бодит хохирлоор” тодорхойлохыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заажээ. Иймд сууц өмчлөгчдийн холбоо нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс орон сууц өмчлөгчийн эд хөрөнгөд хохирол учирвал эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой тайлбараа нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй тул 2017 оны 8 дугаар сард орцон доторх хоолойноос ус алдсан, энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн паркетан шал худалдан авсан гэж 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зарлагын баримт гаргаж өгсөн боловч тухайн баримтыг санхүүгийн анхан шатны баримт үйлдэх зааврын дагуу үйлдээгүйгээс хариуцагчид учирсан хохиролд хамаарах баримт гэж үзэхээргүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой тайлбараа нотлох, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд хариуцагчид нэхэмжлэгчийн буруугаар, эд хөрөнгөд нь 1,200,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С Төөс 844,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” СӨХ-нд холбогдох учирсан хохиролд 1,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,132 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч С.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 24,811 төгрөг, улсын орлогоос 321 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” СӨХ-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА