Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/01721

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/01721

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо  тоотод оршин суух Д Ц

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо өөрийн байр Н Ш Ш Г Г

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/72 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ч.У

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Н Ш Ш Г Гт холбогдуулан тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/72 дугаартай тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Цд учирсан хохиролд Б.Эээс 10,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

 

1.2. Б.Э нь хорих ял эдэлж байсан учир ялаа эдэлж дууссаны дараа төлбөрийг авч болно гэсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч В.Ц уулзахад Б.Э нь төлбөрөөсөө бага багаар өгөөд явъя гэсэн. Би өөрөө шүүхийн шийдвэрт төлбөртэй учраас нөхөр Н.Дийн дансаар авахаар болсон. Энэ үед шийдвэр гүйцэтгэгч В.У нь Б.Эийг төлбөрөө өгөхгүй бол надад хэлээрэй, та надад бичиг хийж өг гэж хэлж төлбөр авахаас татгалзсан бичгийг хийж өгсөн. 

 1.3. Б.Э нь 30,000 төгрөгөөр төлбөрөө төлж байгаад, 2020 оноос өгөхөө больсон. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж уулзахад таны төлбөрийн ажиллагааг хаасан гэсэн хариу өгсөн, миний хууль мэдэхгүй, өндөр настай хүнийг хуурсанд гомдолтой байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/72 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Д.Ц нь төлбөр авахаас татгалзах тухай хүсэлт ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгосон байна. Тухайн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/72 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/937 дугаартай албан тоот, Н.Дийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн  гэрчилгээ /ХХ-ийн 4-15, 52-85 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг  нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 24-44 дугаар тал/

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд:  Хаан банк” ХХК-ийн * дугаартай данс эзэмшигчийн мэдээлэл /ХХ-ийн 101 дугаар тал/

 

7. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн талаарх баримтууд /ХХ-ийн 94-98 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Н Ш Ш Г Гт холбогдуулан хууль мэдэхэгүй, өндөр настай хүнийг төлбөр төлөгч Б.Э, шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг нар хуурч мэхлэн үндэслэлгүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Төлбөр авагч Д.Цгийн хүсэлтийг үндэслээд хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эээс 10,000,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Цд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр газар 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Энэхүү ажиллагааг төлбөр авагч Д.Цгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “Б.Эээс 8,800,000 төгрөг гаргуулж Д.Ц надад олгохоор шийдвэрлэсэн. Б.Эийн нөхцөл байдлыг харгалзаад дээрх төлбөрийн мөнгийг авахаас татгалзаж байна. Иймд ШГА-г дуусгавар болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/72 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсэгт “төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана” гэж заасан. Иймд төлбөр авагч Д.Цгийн хүсэлт нь төлбөр авахаас татгалзсан хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч В.У “Б.Э мөнгөө өгөхгүй бол надад ирж хэлээрэй, та харин бичиг хийж өгөөрэй” гэж хэлсний дагуу төлбөр авахаас татгалзсан бичгийг хийж өгсөн гэсэн тайлбараа нотлоогүй, уг тайлбартай холбоотойгоор шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой тайлбараа нотлох, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн нөхрийн гэх дансанд 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “энхээ, Э” гэсэн утгаар 30,000 төгрөгөөр 27 удаагийн шилжүүлгээр 810,000 төгрөг шилжүүлсэн байх ба үүнийг төлбөр төлөгч Б.Эээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор шилжүүлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нь түүний хүсэл зориг байгаагүйг нотлоогүй, мөн ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуулаар тогтоогдоогүй болно.

 

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн хууль мэдэхгүй гэсэн тайлбар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/72 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Ш Ш Г Гт холбогдох тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/72 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА