| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05815/И |
| Дугаар | 102/ШШ2023/00211 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2023/00211
2023 оны 01 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2023/00211 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ....-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, ... байрны ... тоотод оршин суух, регистр ., Х. овогтой Ш...ын О.,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дүгээр хороо, ... хороолол, .. байрны ... тоотод оршин суух, регистр ..., Х. овогтой Ш...ын А...,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт орон сууцны ногдох хэсгээ шилжүүлэхийг даалгах тухай хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О., хариуцагч Ш.А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ш.О.. нь Ш.А..д холбогдуулан орон сууцны ногдох хэсгээ шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
Би төрсөн дүү Ш.А..ийн хүсэлтээр 2008 онд ХААН банкнаас цалингийн зээл авч, 16 000 000 төгрөг зээлүүлсэн. Ш.А... зээлийг цалингаасаа төлөхөөр тохирсон боловч төлж чадаагүй. Гэхдээ ажил хийж байхдаа хугацаа хэтэрсэн ч гэсэн тодорхой хэмжээний мөнгө өгч байсан. Ш.А... мөнгөө төлнө гэдэг. Би ХААН банкны зээлийг 2018 оны сүүлээр банк болон хувь хүнээс мөнгө зээлж төлж барагдуулсан. Энэ хугацаанд бидний харилцаа муудсан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ... дугаар багийн ... жаран айлын .... орцны ... тоотод хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууц нь миний ээжийн гал голомт юм. А...ийг энэ 2 өөрөө сууцнаас өөрт ногдох хувиа надад өгөөрэй гэхэд зөвшөөрч, хэлцэл хийсэн. Тиймээс надад өгөх 16 000 000 төгрөгийн оронд ногдох хэсгийг надад шилжүүлж өгнө үү, уг байрны ханшийг судалж үзэхэд 50 000 000 төгрөг байсан. Ш.А... 4 өмчлөгчөөс нэрээ хасаж, оронд нь намайг тухайн байрны өмчлөгчөөр бүртгэж оруулахаар болсон. Ш.А...ийн гэр бүлийнхэн энэ талаар мэдэж байгаа гэв.
2.Хариуцагч тайлбартаа: Би 2008 оны 7 сард эгч Ш.О...ээр цалингийн зээл авхуулсан. Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ... дугаар багын ....-р жаран айлын .... орцны ... тоотод хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг Ш.О...д өгөх хүсэлттэй байгаа. Өөр байдлаар Ш.О..ийн мөнгийг нь төлөх боломжгүй. Ш.О... “намайг анх тухайн байрны өмчлөгчөөр бүртгүүлэхгүй яасан юм бэ” гэдэг шаардлагыг тавьсан учраас миний бие өөрт ногдох хэсгийг Ш.О...д өгөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс: 2021 оны 1-р сарын 15-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” /хх 3/, тодорхойлолт /хх 4/, дансны хуулга /хх 16-17/,
Хариуцагчаас: эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 11-12/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ш.О... нь Ш.А...тэй 2021 оны 1-р сарын 15-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, Ш.А..........д 2008 оны 6-р сарын 30-ны өдөр зээлүүлсэн 18 000 000 төгрөгийн төлбөрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ... дугаар баг, Салхит .... тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө сууцнаас өөрт ногдох хэсгийг 2021 оны 3-р сарын 10-ны дотор шилжүүлж өгөхөөр тохирчээ.
Талуудын хооронд 2008 онд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь зээлийн төлж дуусаагүй талаар талууд маргаагүй байна.
Улсын бүртгэлийн Ү-.....150 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, .... дугаар баг, ... тоот 29 м.кв талбай бүхий сууцыг 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Ш.А..., Д.А... нарт төрөөс хувьчилж өмчлүүлэн, өмлөгчөөр Ш.А..., Д.А..., А.Б..., А.Ш... нар бүртгэгджээ.
Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авах, хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор хуулиар зохицуулсан.
Энэ тохиолдолд Ш.А... нь бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхээ шилжүүлэх хэлцэл хийх боломжгүй, Ш.О...тэй хийсэн төлбөр барагдуулах гэрээ нь бусад өмчлөгчийн эрх ашгийг зөрчсөн, хуульд нийцээгүй тул өөрт ногдох хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.3 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш...ын А.д холбогдох улсын бүртгэлийн Ү-...150 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ... дугаар баг, .... тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө сууцнаас өөрт ногдох хэсгийг шилжүүлэхийг даалгахыг хүссэн Шагдаржавын О...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА