| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05782/И |
| Дугаар | 102/ШШ2023/00226 |
| Огноо | 2023-01-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/00226
2023 оны 01 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2023/00226 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дугаар хороо, Дако ... байрны ... тоотод оршин суух, регистр ., С.. ХХК-д жолооч ажилтай, Т... овогтой Т.ы А.,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө-96, өөрийн байр, регистр ... “У.” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А. нь У... ХХК-д холбогдуулан Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие барилгын техникч, эрх зүйч мэргэжилтэй, “У.” ХХК-д 2021 оны 11 дүгээр сард жолоочийн ажилд орсон. Туршилтаар 1 сарын хугацаанд түгээлтийн жолоочийн дагалдан хийснээр намайг ажилд авахаар болсон. Эхлээд ажил хийж чадахгүй байна гэх үндэслэлээр намайг гүтгэж, ажилд томилоогүй. Би цаашид энэ байгууллагад ажиллах хүсэлттэй байна. Би 1 жилийн хугацаанд жолоочоор ажиллахдаа нэг ч минутын хоцрогдолгүй, компанид ямар ч алдагдал гаргахгүй ажилласан. Гэтэл миний хийсэн хөдөлмөрийг үнэлдэггүй. Миний бие Хөдөлмөрийн аюулгүй байдлын комиссоос зөвшөөрөл авч 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4 цагт массажинд орох байсан. Би ажлаа дуусаж, 16 цаг 30 минутын үед массаж хийлгэхээр очиход хүн их байсан, хэзээ массажинд орох талаар асуухад намайг оруулаагүй. Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 32 минутад түгээлтийн ажлаа дуусгасан байсан бөгөөд тухайн өдрийн зодооны асуудал болон массажны очероос болж стрессдэж, 1 шил архийг ганцаараа уусан. Би ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, архи ууж, байгууллагад хохирол учруулж, хүмүүстэй маргаж янз бүрийн асуудал гаргаагүй, маргааш нь ирж уучлалт гуйсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сард “У.” ХХК намайг ажлаас халах тушаал гаргасан. Надад ямар нэгэн арга хэмжээ авч болно. Харин намайг битгий ажлаас халаарай гэж гуйсан. Архи уусан нь миний буруу. Би ажлын хувцсаа цэвэрхэн өмсөж, биеэ зөв авч явдаг. Би “У.” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандах талаар мэдээгүй. Миний бие ажлын хувцастай ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би “У...” ХХК-д цаашид ажиллах хүсэлттэй байгаа тул хүргэлтийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоож, цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Т.А.. нь “Ул...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/396 дугаар тушаалаар анх туршилтын хугацаагаар түгээлтийн жолоочийн ажилд орсон. 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 08/16 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээлтийн жолоочоор ажиллаж эхэлсэн. “У...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08Б-236 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг Т.А... гаргасан. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18:30-19:30 минутын хооронд Т.А... нь ажлын байран дээрээ буюу “У...” ХХК-ийн агуулах дээр биеэ авч явах чадваргүй, архидан согтуурсан байдалтай байсан бөгөөд үүнийг шууд удирдлага мэдсэн. Т.А... нь өөрөө ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай компани гэрээт ажилтнууддаа бариа засал хийлгэхээр авч ирсэн. Тухайн ажилтнууд хүнд буюу өргөх ажил хийдэг учраас хугацаатай бариа засал хийдэг. Т.А... нь бариа засалд орохоор хүлээж байх хооронд машинаа компанийн агуулах дотор байршуулж, автомашин дотроо нэг шил архи ууснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Т.А... нь ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогчийн зүгээс зөрчлийн хуудас бөглүүлж, шууд удирдлага болон ажилтнаас мэдээлэл авсан. Зөрчлийн хуудас дээр Т.А... нь А.., М.. нарыг хамт архи ууя гэсэн боловч татгалзсан байдаг. Тэгээд ганцаараа ажлын байран дээр автомашиндаа архи ууж, сэлгүүцэж, явж байгаад шууд удирдлагатай таарсан, удирдлага тодорхой хэмжээний шаардлага тавьж, 57 секундийн бичлэг хийгдсэн байдаг. Ноцтой зөрчил гэдгийг талуудын хооронд байгуулсан ХГ2022/0809 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т ажлын байран дээрээ мансуурсан буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцож арга хэмжээ авна гэж заасан. Ноцтой зөрчил гаргасан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Иймд ажил олгогчийн зүгээс ажлаас халсан сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар Т.А... нь компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Тухайн өдрөө Т.А... нь ажил дээрээ ирж тушаалаа хүлээж авсан. Т.А... нь шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хандсан байдаг. “У...” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхэд хандаж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар тухайн үндэслэл байгаа тохиолдолд хүлээж авах зохицуулалт байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 2/, оршин суугаа бүртгэлийн лавлагаа /хх 3, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх 4/, У... ХХК-ний захирлын 2022-10-25-ны 08/Б-236 дугаар тушаал,
Хариуцагчаас: У... ХХК-ний захирлын 2022-7-08-ны өдрийн “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс” батлах тухай 08/А-51 дугаар тушаал /хх 15/, хөдөлмөрийн гэрээ /хх 16-17/, ажлын байрны тодорхойлолт, анкет /хх 18-21/, У... ХХК-ний захирлын 2021-11-15-ны 08/396 дугаар “Туршилтын хугацаагаар ажилд авах тухай” тушаал /хх 22/, У... ХХК-ний захирлын 2022-01-13-ны 08/16 дугаар “Туршилтын хугацааг дуусгавар болгож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал /хх 23/, У... ХХК-ний захирлын 2022-10-25-ны 08/Б-236 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, зөрчлийн баримт /хх 24-30/, СД бичлэг,
Шүүхийн санаачилгаар: СД билэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй байна.
У... ХХК-ний захирлын 2022-7-08-ны өдрийн 08/А-51 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс” /хх 15/-ыг баталжээ.
Ажил олгогч нь Т.А...тэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо түүнд байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргах эрхтэй талаар тайлбарлаагүй байх ба түүнийг энэ хуулийн 154.2-т зааснаар шийдвэрлүүлэх боломжгүй байсан, улмаар шүүхэд гомдол гаргасан гэж үзнэ.
Т.А... нь У... ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/396 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар түгээлтийн жолоочийн ажилд орж, улмаар 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 08/16 тоот тушаалаар жолоочоор ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.
Харин “У...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08Б-236 дугаар тушаалаар “ажлын байранд архи уусан” зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Т.А... нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18:30-19:30 минутын хооронд ажлын байр болох агуулах дээр биеэ авч явах чадваргүй, архидан согтуурсан байсан нь зохигчийн тайлбар, байгууллагын камерийн бичлэг, түүнийг буулгасан CD бичлэгээр тус тус тогтоогдсон, архи уусан талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Гагцхүү архи уусан, согтуу байсан шалтгаанаа ... 16 цаг 32 минутад түгээлтийн ажлаа дуусгаад машинаа паркт тавьсан байсан, өдрийн зодооны болон массажны очероос болж стрессдэж 1 шил архийг ганцаараа уусан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлаас халахгүйгээр өөр арга хэмжээ авч болох байсан гэж тайлбарлажээ.
Талуудын хооронд байгуулсан ХГ2022/0809 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т ажлын байранд, ажлын болон ажлын бус цагаар, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохирсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох бөгөөд Т.Ардакелди нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаж ажлаас халагджээ. Түүнд хуульд зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлах арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан У... ХХК-ний түгээлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн Т.А...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА