Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 119/ШШ2023/0008

 

                                                                     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Х” ХХК,

            Хариуцагч: “Э” ТӨҮГ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Э, И.Б, Б.Б,

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А  нарын хоорондын 

-“Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Э” ТӨҮГазарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Б.Б, И.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгчийн зүгээс тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны  Холхивч” нийлүүлэх нийлүүлэгч сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202201677 дугаартай тендерийн тодорхойлолтоос илтэд зөрүүтэй тендер сонгон шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ДҮ-112-12/5830 тоот албан мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг “Э” ТӨҮГ-т даалгаж өгөх нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгэн ажиллагаа хийгдэж улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/144 дүгээр “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал, түүний хавсралт №70-аар байгуулагдсан “Холхивч” нийлүүлэх ЭҮТӨҮГ/202201677 дугаартай тендер сонгон шалгаруулах “Үнэлгээний хорооны  хуралдааны тэмдэглэл” хэлбэрээр гарсан 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрхийн хүрээнд дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардагаа өөрчлөх эрх нь нэхэмжлэгчид байгаа буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах... эрхийг эдлэхээр хуульчилсан.

Дээрх хууль заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Э” ТӨҮГазарт даалгах”  гэх шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд үндсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаад нэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хоёр нэхэмжлэлийн шаардлага дээрээ маргаж байгаа гэж хариуцагчийн зүгээс ойлгож байгаа. Эхний нэхэмжлэлийн шаардлага болох “Э” ТӨҮГ-ын 2022 оны 12 сарын 19-ны өдрийн ДҮ11212/5830 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ нь Захиргаан акт биш гэдэг дээр хариуцагч тал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлд заасан Захиргааны актад байх шинжийг энэ албан мэдэгдэл нь хангахгүй. Харин үнэлгээний хорооны шийдвэрийг ийм шийдвар гарсан шүү гэдгийг мэдэгдсэн албан бичиг байгаа юм. Тэгэхээр үүнийг Захиргааны акт гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэдэг тайлбарыг хариуцагчийн зүгээс өгч байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 12 сарын 09-ны өдрийн 10 дугаартай тэмдэглэл дээр маргаан үүсгэж байгаа. Энэ маргааны тухайд Захиргааны актад гомдол гаргахыг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага гэж тодорхойлсон байгаа.

Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Энэ тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Захиргааны байгууллага нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл Сангийн яам байж байгаа. Тэгэхээр хуульд заасан энэ эрхээ нэхэмжлэгчийн зүгээс хэрэгжүүлээгүй буюу гомдол гаргаагүй гэдгийг Сангийн яамнаас ирүүлсэн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 03/1629 дугаартай албан бичигт “Х” ХХК нь “Э” ТӨҮГ-ын 2022 оны 12 сарын 09-ны өдрийн 10 дугаартай тэмдэглэл дээр заасан шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаагүй гэдгийг тодорхой тусгасан байна. Тэгэхээр нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар “Захиргааны ерөнхий хуулийн 92-94-р зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй буюу энэ журмыг хэрэг боломжтой” байсан тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан. Тэгэхээр эдгээр хуулийн заалтуудын хүрээнд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу  дахин үнэлгээг хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар техникийн тодорхойлолт, шаардлага тавигддаг. Техникийн шаардлагаар хасагдсан юмаа болохоор манай захиалсан зүйл гэж харж байгаа тэрийгээ бол интернетээр хайсан гэсэн юм байна лээ. Интернетээс хайсан нэршлийн хувьд буруу, яг тохирох барааг санал болгоогүй. Өмнө нь би тайлбарласан манайх худалдан авалт хариуцсан учраас нэр ус нь ороогүй зүйлийг худалдаж авах эрх байхгүй. “Э” ТӨҮГ-аас блок огт захиалаагүй, холхивч захиалсан. Санал болгосон 5 компаниас хамгийн бага үнийн саналтай “Э” ХХК-ийг шалгаруулсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбар байхгүй” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс тендертэй холбогдуулан гомдол гаргах асуудал дээр алдаа гаргаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 55.1-д заасны дагуу гомдол гаргаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай санал нэг, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал, өөрөөр хэлбэл хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалдаг.

Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Х” ХХК-ийн  “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн  “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Э” ТӨҮГазарт холбогдох 119/2023/0001/3 тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ