Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2017/0206

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр           Дугаар 221/МА2017/0206          Улаанбаатар хот

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрээр:  Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,  тус компаниас гаргасан Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр “******* *******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 17.1.5, 17.1.6, 17.2.3-т заасныг үндэслэж гарсан бөгөөд захиргааны байгууллага өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны акт болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд "...Ц.Эрхэмбаяр нь...анхан шатны сургалтад, Х.Анар нь ...сэдэвт сургалтанд тус тус хамрагджээ....Гэтэл хариуцагчаас "Ц.Эрхэмбаяр гэдэг хүний материал хавсаргасан...өөр мэргэжлийн боловсон хүчний материал ирүүлээгүй"...гэсэн нь үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн. Хэдийгээр хариуцагчийн тайлбарт Ц.Эрхэмбаяраас өөр хүний материал ирүүлээгүй гэж дурдаад, Х.Анар гэж хүний материалын талаар дурдаагүй нь үнэн боловч тухайн 2 хүний материалаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх боловсон хүчний хангалттай нөөцтэй гэж үзэх эсэх нь төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх байхад шүүхээс хуульд заасан мэргэжлийн боловсон хүчний нөөцийг хангалттай гэж үзэх эсэх талаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч аж ахуйн нэгжийн тухайн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй эсэх тухай мэргэжлийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг тогтоох бүрэн эрх төрийн захиргааны байгууллагад хуулиар олгогдсон байхад энэ асуудлаар үндэслэлгүй дүгнэлт гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Түүнчлэн анхан шатны шүүхийн 7-8 дугаар талд “...Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын чиглэлээр ажилтны сургалт, дадлагын асуудлыг шийдвэрлэж ирсэн талаар өргөдөлд ямар ч материал хавсаргаагүй...” гэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ. Ингэж дүгнэхдээ дээрх 2 хүний анхан шатны сургалтад хамрагдсан 2 гэрчилгээг үндэслэл болгож, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийг Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын чиглэлээр ажиллагсдын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх гэсэн шалгуурыг хангаж байна хэмээн шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК  “...манай компани 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагт орших “айл баян” нэртэй 9667,6 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Цөмийн энергийн газарт өргөдөл гаргаж, бүртгүүлсэн ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр “...Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан бусад байгууллага дэмжсэн санал өгсөн байтал Тагнуулын ерөнхий газар татгалзсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн ...” гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “...хууль тогтоолын дагуу цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрх Ашигт малтмалын газарт шилжиж ирснээр Цөмийн энергийн газарт бүртгэлтэй байсан өргөдөл, тусгай зөвшөөрөл шилжиж ирсэн ...хуульд цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллага 1-3 сарын дотор шийдвэрлэхээр заасан тус компанийн 2011 онд гаргасан өргөдлийг Цөмийн энергийн газар шийдвэрлэлгүй 4 жилийн хугацаа өнгөрсөн байсан ... өргөдлийг Цөмийн энергийн комиссоос шилжүүлсээр компаниас дахин 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газарт хандаж өргөдлийг шийдвэрлэхийг хүссэн Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.6, 17.2.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй байсан тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй ... зөвхөн Тагнуулын ерөнхий газрын саналыг үндэслэсэн бус хуульд үндэслэн татгалзсан...” гэж тус тус маргажээ.

Нэг. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т  “цацраг идэвхт ашигт малтмал” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т заасан уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”, 15.2.1. “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх”, 17 дугаар зүйлийн 17.1-д “энэ хуулийн 15.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь нөхцлийг хангасан байна”, 17.2-т “энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 17.1-д зааснаас гадна дараахь нөхцлийг хангасан байна”, 18 дугаар зүйлийн 18.2-т “энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.2-т заасан нөхцлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно” гэж  заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч этгээд нь цөмийн төхөөрөмж барих өөрчлөх, шинэчлэх, ашиглах, ашиглалтаас гаргах, цөмийн бодисыг эзэмшиж, ашиглах, худалдах, импортлох, экспортлох, тээвэрлэх, булшлах зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл хүсэгчид хангахыг шаардсан “техник, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг бүрэн хангасан, бүс нутгийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай оролцдог, компанийн засаглал болон нийгмийн хариуцлага, ёс зүйн талаархи дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн стандартыг хэвшүүлсэн, тухайн үйл ажиллагааг эрхлэх боловсон хүчний нөөцтэй, ажиллагсадын сургалт дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх” гэх нөхцлүүдийг хангасан байхаас гадна цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх болон байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхитай, хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлагыг хуримтлуулсан байх гэсэн нөхцлийг хамгийн сайн хангасан этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор хуульчилсан байна. 

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “...энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ...санал авсан байна” гэж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоход санал авах этгээдүүдийг зааж хуульчилжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан эрх бүхий байгууллагын ирүүлсэн  “дэмжихгүй” гэх санал, “үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх”, “ажиллагсадын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх”, “хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх” Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.6, 17.2.3-т заасан нөхцөл шаардлагуудыг хангаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “******* *******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-д цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл тус бүрийн тухайд дүгнэвэл:

Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэх тухайд:

Цөмийн энергийн тухай хуулийн Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчийн хувьд мөн хуулийн 15.1 дэх хэсэгт заасан цөмийн төхөөрөмж барих өөрчлөх, шинэчлэх ашиглалтаас гаргах, ашиглах, цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах зэрэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах мөн хуулийн 17.1-д  заасан шаардлагыг хангасан байхаас гадна мөн хуулийн 17.2-т заасан шаардлагыг хангасан байхыг шаардсан байна. 

Цөмийн энергийн тухай хуулийн 19.1-т “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:, 19.1.1-д “эрхлэх үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, техник, эдийн засгийн үндэслэл, мэргэжлийн боловсон хүчний танилцуулга, дотоод хяналтын ажилтан болон цацрагтай ажиллагчийн мэргэшлийн бэлтгэл, сургалтын гэрчилгээ”, 19.1.7-д “цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд дотоодын хяналт тавих алба, эсхүл хариуцсан ажилтныг томилсон тухай шийдвэр” гэж заажээ. 

Цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл хүсэгч нь цөмийн төхөөрөмж, уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент гэгдэх цөмийн бодисыг эзэмшиж, ашиглах, худалдах импортолох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах нөхцөл шаардлагыг хангасан байхыг шаардсан, түүнчлэн тусгай зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлэх баримт бичгийг зааж хуульчилсан дээрх хуулийн агуулгаас үзвэл цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, дотоод хяналтын албатай байх эсхүл хариуцсан ажилтныг томилсон байхыг, мөн шаардлагатай үед ажил үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдлаар нөөцөлж бэлдсэн хүний нөөцтэй байхыг шаардсан байна.  

Хавтаст хэрэгт авагдсан “******* *******” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх үед бүрдүүлэн өгсөн баримтад хавсаргасан Б.Анарын “...Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ... Геологийн бакалаврын 2006 оны D200621666 дугаар диплом[1], Б.Ганзоригын  “...Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ... Геологийн бакалаврын 2007 оны D200726465 дугаартай диплом[2], “*******-Шинэчлэл” ХХК, Б.Ганзориг нарын “...эрхлэх ажил, албан тушаал: геологич-инженер...” гэх 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ[3], “*******-Шинэчлэл” ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “...Батбаатар овогтой Ганзориг, Бүрэнхүү овогтой Анар нарыг эрлийн геологичоор үндсэн ажилтанаар томилсон 04/81 дүгээр захирлын тушаал[4],  Ц.Эрхэмбаярын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “... Монгол Улсын Их Сургуулийн цөмийн физикийн докторын F20104064 дугаар докторын диплом[5], “*******-Шинэчлэл” ХХК, Ц.Эрхэмбаяр нарын “...эрхлэх ажил, албан тушаал Цацраг хамгааллын мэргэжилтэн...” гэх 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/25 дугаар хөдөлмөрийн гэрээ[6] зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийг хуульд заасны дагуу цөмийн бодистой ажиллах болон цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр  хайгуулын үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, дотоод хяналтын албыг байгуулсан, хариуцсан ажилтнуудыг  томилсон, шаардлагатай үед ажил үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдлаар нөөцөлж бэлдсэн хүний нөөцтэй байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт заасан “ажиллагсадын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэх тухайд:

Хуулийн дээрх заалтаас үзвэл тухайн байгууллага өөрөө ажиллагсадыг сургах, дадлагажуулах асуудлыг шийдвэрлэж ирсэн байх буюу ажилтуудад онолын түвшинд тодорхой мэдлэг олгоход чиглэсэн сургалт, онолын мэдлэгийг амьдрал дээр хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлэх дадлагажуулалтыг тодорхой давтамжаар үргэлжлэн зохион байгуулсан, энэ талаар туршлага хуримтлуулсан байхыг шаардсан агуулгатай байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ц.Эрхэмбаяр “...УМХГ-ын БОГУУЦХУА, “Геомин” ХХК-ийн хамтран зохион байгуулсан 2008 оны 03-р сарын 20-ноос 22-нд сургалтад хамрагдсан  тул   гэрчилгээ   олгов...”   гэх    “Ураны  хайгуул,   судалгаа,    цацрагийн

хамгаалалт” сэдэвт анхан шатны сургалтын гэрчилгээ[7] нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийг ажиллагсадын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагыг илэрхийлэхгүй байна. 

Цөмийн энергийн тухай хуулийн 17.2.3 дахь хэсэгт заасан “хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэх тухайд: 

Цөмийн энергийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 28.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нийтлэг үүрэгтэй”, 28.4-т “Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй”, 45.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна” гэж заажээ.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын 3.2.1.3-д “Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна”, 3.2.4.1-д “Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулна” гэж заажээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолын “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хавсралтын 3 дугаар зүйлийн 3.3.1-д “Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлагатай уялдуулсан орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн,                          эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортын чиг хандлагатай, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах”, 3.3.3-д “Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжинэ, 3.5.2-т уул уурхайн олборлолтын хугацаа” гэж тус тус заасан байна.

Дээрх хууль, бодлогын баримт бичгүүдийн агуулгаас үзвэл цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм байгаль орчныг ионжуулагч цацрагийн нөлөөллөөс хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулсан Цөмийн энергийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах үүрэг хариуцлага, тухайлбал, хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн, хүний эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалах, тэдний өмнө хариуцлага хүлээх, тэдгээрт ээлтэй дэвшилтэт технологийг ашиглах, болзошгүй ослын хохирлыг арилгах санхүү, эдийн засгийн чадавхитай байх, цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа гаргах, ил тод, тогтвортой байх зэрэг хуулиар тогтоосон үүрэг хариуцлагыг тууштай хангасан байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг явуулж ирсэн бол хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг энэ талаар зохих туршлага хуримтлуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан “...Тус компани нь 2006...онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан, ...ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр 2008 оноос 15022Х, 15166Х ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд авч 2009 он 15022Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд өөрийн хөрөнгөөр эрэл, хайгуул, үнэлгээг хийж 2010 онд АМГ-ын ЭБМЗ-ийн хурлаар оруулж нөөц батлуулан 15584А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үндсэн үйл ажиллагаа явуулж... одоо 151666Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр 2010 оноос нүүрсний эрэл хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж байна...” гэх товч танилцуулга[8], ердийн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “******* *******” ХХК-г цөмийн энергийн ашигт малтмалын чиглэлээр хариуцлагатай уул уурхай хөтлөн явуулдаг энэ талаар зохих туршлага хуримтлуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуулын төв байгууллагын саналыг авсан байхыг шаардсан байх бөгөөд Тагнуулын ерөнхий газар 2016 оны 04 дүгээр сарны 11-ний өдрийн 01/735 дугаар албан бичгээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материал цаг хугацааны хувьд оройтсон, мөн Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д “үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх”, 17.1.6-д “ажиллагсадын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх”, 17.2.1-д “цацраг идэвхи ашигт малтмалын хайгуул хийх санхүүгийн чадавхитай байх”, 17.2.2-т “байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхитай байх”, 17.2.3-д “хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх”, 18 дугаар зүйлийн 18.1-д “энэ хуулийн 15.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.1-д заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно”-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй” гэх үндэслэлээр “******* *******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах саналыг гаргажээ. 

Хэдийгээр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан эрх бүхий байгууллагын саналд үндэслэж, эсхүл хэрхэн санал гаргасныг харгалзан тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрлэхээр хуульчлагдаагүй байх хэдий ч нэхэмжлэгч компаниас Тагнуулын төв байгууллагын татгалзлыг үгүйсгэх баримтыг гаргаж мэтгэлцээгүй, “...2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ... гаргасан өргөдлийг Цөмийн энергийн газар шийдвэрлэхгүй байсаар байгаад 2015 онд уг газар нь татан буугдснаар чиг үүрэг нь Ашигт малтмалын газарт шилжсэн ... манай компанийг хариуцлагатай уул уурхай хөтлөн явуулах талаар туршлагагүй, цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боловсон хүчин байхгүй, эрх бүхий байгууллагаас дэмжихгүй санал ирсэн гэж Кадастрын хэлтсийн дарга ... тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус, ... бусад байгууллагуудаас нь дэмжсэн санал авсан...” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэртэй маргасныг хүлээн авах боломжгүй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан ... тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно” гэх хуулиар тогтоосон шаардлагын хүрээнд “******* *******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэр дээрх үндэслэлээр хуульд нийцсэн, нэгэнт хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн “******* *******” ХХК-аас Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг сэргээхийг даалгах” шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... “******* *******” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч ... өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Цөмийн энергийн газар шийдвэрлэхгүй байсаар байгаад 2015 онд уг газар нь татан буугдсанаар чиг үүрэг нь Ашигт малтмалын газарт шилжсэн ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга ... тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзсан үндэслэлээ манай компанийг хариуцлагатай уул уурхай хөтлөн явуулах талаар туршлагагүй, цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боловсон хүчин байхгүй, эрх бүхий байгууллагаас дэмжихгүй санал ирсэн гэх үндэслэлүүдийг дурдсан бөгөөд эдгээр үндэслэлүүд нь хууль бус тул татгалзсан шийдвэрийг хүчингүй болгон өргөдлийг сэргээхийг даалгуулах...” гэж тодорхойлон маргажээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс “дахин өргөдөл хүлээн авахыг даалгах” талаар   нэхэмжлэлийн  шаардлага  гаргаагүй  байхад  өргөдлийг  дахин  хүлээн  авч

шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн нэгдэх шаардлага буюу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “******* *******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг “өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгоогүй нь буруу байна” гэж дүгнэж хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа “...нэхэмжлэгчийн  ... тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд хавсаргасан нотлох баримтыг тус компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу дахин бүрдүүлэн авч өргөдлийг сэргээн хүлээн авахыг хариуцагчид даалгах нь зүйтэй... өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч компани ...хуулийн 17.1, 17.2-т заасан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд хариуцагчийн зүгээс дүгнэлт өгч  шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй зөрчилдсөн агуулга бүхий дүгнэлтийг хийж эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл буюу хүсэлтэд хавсаргасан баримт нь Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, өргөдлийг сэргээхийг даалгах буюу тус өргөдлийг дахин шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.  

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагчаас шийдвэрлээгүй буюу хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, харин хуульд заасан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн, тус татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул “өргөдлийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн 2011 онд гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлээгүй явж ирсэн нь тогтоогдож байх  хэдий  ч  энэ  нөхцөл   байдал  нь   цацраг   идэвэхт  ашигт  малтмалын   тусгай

зөвшөөрөл эзэмшихээр гаргасан хүсэлт хуулийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д заасны дагуу 1-3 сарын дотор шийдвэрлээгүй тохиолдолд шийдвэрлүүлэх талаар санал хүсэлтээ эрх бүхий этгээдэд санал, гомдол гаргах, гаргах боломжтой байжээ.

Харин нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлагын хүрээнд эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хандаж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх, түүнчлэн тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэртэй холбогдуулан эрх бүхий этгээдэд гомдол санал гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн  18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компаниас гаргасан Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагдт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН    

            ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ