Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 80

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр,

нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний

зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0001 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н нар,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаар шийдвэрээр: Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 7 дугаар зүйлийн 7.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1. 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б-гийн нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0001 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, Д.О бид нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0001 дүгээр магадлал болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалтыг үндэслэн дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Шүүх магадлалдаа “... анхан шатны шүүх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа болохыг тодруулалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасныг зөрчжээ... нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах явцад нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардаж буй тохиолдолд үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй...” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй.” гэж заасан байдаг.

6. Нэхэмжлэгч тал иргэн Г-ын Б-ийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар томилсон уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37, 39, 40, 43, 48 дугаар зүйлд нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гуравдагч этгээдээр Г.Б-ийг оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно. 

7. Уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтална гэж заасан. Гэтэл хариуцагч нь уг шийдвэрийг гаргахдаа эдгээр зарчмыг баримтлаагүй нь хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/Ш32017/4980 дугаар захирамжаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж хуульчилсан... Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтныг чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ажилд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд сүүлд томилогдсон ажилтан нь чөлөөлөгдөх зохицуулалттай байх тул иргэн Г.Б-ийг “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар томилсон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна...нэхэмжлэгч Б.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй... ” гэж шийдвэрлэсэн.

8. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

9. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх өмнө хянаж, хэвээр үлдээсэн хэрнээ нэхэмжлэгчийн эрхийг хохироож шийдвэрийг хүчингүй болгож, нэг асуудлыг хоёр өөр байдлаар шийдвэрлэх ойлгомжгүй байдал үүсгэсэн нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

10. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-гийн нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ...” гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч Б.Б-д учирсан хохирлыг тооцон гаргуулахдаа зөвхөн үндсэн цалингаар дутуу тооцсонд гомдолтой байгаа болно.

12. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралт болох “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд:

  1. Ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал
  2. Контракт байгуулан ажиллаж байгаа ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал
  3. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтанд олгосон бүх төрлийн олговор

13. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд ажлаас тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж заасан тул үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал бүх төрлийн олговор зэргийг хамтад нь тооцож нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь хууль зүйн болоод бодит байдалд нийцэх юм.

14. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохирлыг тооцож олгохдоо хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн байна.

15. Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0001 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаартай шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2-т “978,427 төгрөг” гэдгийг “1,369,797 төгрөг” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

17. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Б-г төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсон гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

18. Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх захиргааны актыг хүчингүй болгож, мөн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Иргэн Г-ын Б-ийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар томилсон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2017/4980 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.  

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д заасан “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” тухай асуудал нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлдээ урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн  “нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь буруу болжээ.

20. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д заасантай хэрхэн нийцэж байгаа нь тодорхой бус байхад хяналтын шатны шүүх хуралдаанаас эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. 

21. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох асуудлуудаар бүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН