Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/348

 

 

 

 

 

 

  2025        10        21                                          2025/ШЦТ/348

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Хохирогч Б.Г********,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г******ын Д********т холбогдох эрүүгийн 2538000000328 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д****** баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Б.Г********той “надад шот авч өгсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хамар руу нь мөргөж, толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн талын их тархины хатуу хальсны доорх цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дагзанд шарх, хамрын нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д****** баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Б.Г********той “надад шот авч өгсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хамар руу нь мөргөж, толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн талын их тархины хатуу хальсны доорх цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дагзанд шарх, хамрын нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000328 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...******, О****, Н******* гэх 3 найзтайгаа таараад бид хэд текэн дээр очоод нэг пиво аваад тэрийг ууж байгаад шот авья гэж хэлсэн чинь надад өгөхгүй гэхээр нь би өөрийн авсан пиво болон архиа аваад гарсан чинь Г******, болог Бамбуу гэх хүнтэй зогсож байсан. Би тэгэхээр нь би Г******д нэг шот аваад өгөөч гэж хэлсэн чинь миний хэлсэн үгийг нээх тоосон шинжгүй байж байсан чинь манай хуурай ахын эхнэр байсан хүн тухайн залууг шууд хөтлөөд аваад явсан. Хэсэг хугацааны дараа Г****** буцаад гарж ирэхээр нь уур хүрээд ирэхээр нь хальт шанаа хэсэг рүү нь тохойлдсон чинь манай найзууд бид хоёрыг салгахаар нь би Г******г хоёулаа эр хүн шиг эндээс холдож байгаад учир зүг ээ ольё гэж хэлээд Д****** баарны баруун тал руу дагуулж явж байгаад нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Тэгсэн л С****** гэх манай найз хүрч ирээд намайг өргөж авч шидэж байгаад дээрээс нилээн нүдсэн. Тэр үед манай найз Ш****** ирээд намайг аваад холдуулж байсан чинь М******* нэг эмэгтэй дүүтэйгээ зогсож байсан. Би тэр үед М*******г хэл амаар доромжлоод Д****** баар руу орох гэж байсан чинь миний араас чулуугаар цохисон. Би тэр үед газарт унаад босох гэж байхад миний толгой тус газарт цохисон гэх чулууг аваад би М********д хандаж би эмэгтэй хүн цохидоггүй гэж хэлээд шууд Г****** гэх залуу руу гүйгээд араас цохих гэж байсан чинь С****** гэх хүн болиулаад намайг унагааж аваад дээрээс минь цохиод байсан. Би ч хэсэг хугацааны дараа боссон чинь Г****** гэх хүн байхгүй болчихсон байсан. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Г********ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Тэр дунд нь миний зүс таньдаг Д******** байхаар нь би мэнд мэндээд өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа О****** гэх найзтайгаа тааралдаад Д****** баарны гадаа тамхи татаж байхад Д******** нь намайг нэг шот аваад өгөөч гэхээр нь би ч нээх тоогоогүй буцаад  орсон. Хэсэг хугацааны дараа буцаад гараад ирсэн чинь Д******** нь намайг өдөөд байж байхад миний найз охин болох М******** нь араас гарч ирээд тэнд байсан хүмүүсээс намайг салгаад холдуулсан чинь Д******** нь миний араас үгээр доромжлоод байхаар нь би учир зүгээ олох гэтэл намайг цохиод авсан. Тухайн үед нь бид 2 тэнд байсан хүмүүс салгаад холдуулаад манай найз М******** намайг дагуулаад баар руу орох гэтэл Д***** намайг дуудаад байхаар нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Д***** “учир зүгээ олъё” гэхээр нь би ч тэгье гэж хэлээд баарны баруун талд бид хоёр очсон чинь шууд миний нүүрэн тус газарт цохиж хамар хэсэгт мөргөсөн. Тэр үед С****** гэх манай хамаатны хүн маань тэнд таараад бид хоёрыг салгаад О****** “одоо чи явсан дээр юм байна” гэж хэлэхээр нь би ч дүү болон найз охиноо дагуулаад явах гэж байсан чинь манай найз “Д***** очиж байна шүү Г****** зугтаарай” гэж хэлэхийг сонсоод бултах гэж оролдсон чинь миний толгой ар хэсэгт нэг хатуу юмаар цохих шиг болсон. Тэрнээс миний толгой ар хэсэгт цус гараад би ухаан алдсан. ...Ерөнхийдөө тухайн үйл явдлаас болоод ажилдаа явж чадахгүй 2 сар болсон. Тиймээс 7, 8 сарын ажилгүй байсны цалингаа гаргуулан авах, эмнэлэгт хэвтсэн мөнгө, эм тарианы мөнгө, мөн хамрын хагалгаанд орох мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Тэгээд би бодит хохирол дээрээ нэмж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгоно. Одоогоор тооцож байгаагаар 2 сарын цалин 5,000,000 төгрөг, баримтаар гаргаж өгч байгаа зардал 1,100,000 төгрөг, хамрын хагалгааны төлбөр 2,400,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөг нэхэмжилж байна... *************** 8,000,000 төгрөг өгсөн. 500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. 500,000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,  

Гэрч Б.Х******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би нилээн удаан хүлээсэн чинь ирэхгүй байхаар нь гайхаад араас нь гарсан чинь миний зүс таньдаг С****** ах миний зүс таньдаг Д***** гэх ахыг тэвэрсэн зогсож байсан. Би ч тухайн үед юу ч болоод байгаа талаар сайн мэдэхгүй учраас ахын найз охин дээр очоод юу болоод байгаа талаар асуусан чинь Д***** болон танай ах хоёр хоорондоо муудалцаад байна гэж надад хэлсэн. Тэгсэн Д***** ах манай ахын найз охиныг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэр үед манай ахын найз охин нь шууд газраас чулуу авахаар нь цохих гэж оролдохоор нь би тухайн үед болиулсан чинь манай ахын найз охин гарт байсан чулууг шидчихсэн юм. Тэгсэн Д***** ахын толгой тус газарт шүргэх шиг болсон. Тэгсэн Д***** ах тэр чулууг аваад тэгвэл би чулуугаар танай найз залууг чинь ална гээд ахын араас гүйсэн. Би араас нь очих гэхэд манай ахын толгойны ар хэсэгт цохиод толгойгоо бариад доошоо унасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14, 65-р хуудас),

Гэрч Б.М********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ч удаагүй араас нь гарсан чинь Д******** гэх хүн шотноос болоод манай найз залуу руу дайраад байсан. Тэгээд найз залуугаа холдуулаад юу болсон талаар асуусан чинь “Д******** надад шот авч өгсөнгүй гэж дайраад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи ямар шалтгааны улмаас шот авч өгөх ёстой юм” гээд аваад орох гэтэл Д******** нь шууд манай найз залуугийн баруун талын шанаа руу цохиод авсан. Тэр үед тэнд байсан хүмүүс манай найз залуу болон Д********ыг салгаад боль гэж хэлээд байж байсан чинь Д******** нь хоёулаа холдож байгаад ярилцаад учир зүг олъё гэж хэлэхээр нь манай найз залуу ч тэгье араас нь дагаад явсан. Тэгсэн л Д******** нь манай залууг нүүрэн тус газарт цохиж аваад хамар руу нь мөргөсөн чинь С****** гэх залуу тэр 2 хоёрыг салгаад Д********тай муудалцаад зодолдоод эхэлсэн. ...Би ч оролцохгүй хараад зогсож байсан чинь Д******** нь намайг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгээд байхаар нь миний уур хүрээд газраас чулуу аваад Д********ыг айлгах зорилгоор шидчихсэн. Тэгсэн л Д******** нь би энэ чулуугаар танай найз залууг ална гэж хэлээд араас нь гүйхээр нь би найз залуу руугаа Д******** араас чинь гээд орилсон чинь манай найз залуугийн дагз хэсэгт цохиод авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22, 63-р хуудас),

Гэрч Д.О******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...М******* надад Г****** дээр очоорой гэж хэлсэн. Тэгээд би Г****** дээр очсон чинь Г****** зам дээр ухаангүй хэвтэж байсан. М******* очоод тэвэрч аваад гараад харсан чинь цус болсон байхаар нь би цохиулсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 313 дугаартай:

1. Б*******ы Г********ын биед баруун, зүүн талын их тархины хатуу хальсны доорх цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дагзанд шарх, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих үйлдлээр үүснэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 27-28-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т********ийн нэхэмжлэл (хх-ийн 79-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 35-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 33-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 38-46-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 73-75-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538000000328 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна...” гэв.

Шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д****** баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Б.Г********той “надад шот авч өгсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хамар руу нь мөргөж, толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн талын их тархины хатуу хальсны доорх цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дагзанд шарх, хамрын нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Г********ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Х******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-14, 65-р хуудас), гэрч Б.М********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 21-22, 63-р хуудас), гэрч Д.О******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 67-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-28-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т********ийн нэхэмжлэл (хх-ийн 79-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирогч Б.Г********ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч *************** нь хохирогч Б.Г********ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан байна. Хохирогч Б.Г******** нь 2 сарын цалин 5,000,000 төгрөг, баримтаар гаргаж өгч байгаа зардал 1,100,000 төгрөг, хамрын хагалгааны төлбөр 2,400,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч нь 8,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 500,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч ***************аас 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г********од олгож шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч Ж.Т******** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 325,512 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Б.Г********од 325,512 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***************аас 325,512 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Д********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 73-75-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***************т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.   

Шүүгдэгч нь ам бүл 2, өвөөгийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, өвөөгөө асран халамжилдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ***************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 2538000000328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б********* овогт Г******ын Д********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Г******ын Д********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ***************аас 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г********од, 325,512 (гурван зуун хорин таван мянга таван зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. 

6. Эрүүгийн 2538000000328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ХҮРЭЛБААТАР