Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/00346

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 19 өдөр                       Дугаар 102/ШШ2023/00346                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, Сонсголонгийн зам, ... ХХК-ийн байр, . тоот, регистр ., К... ХХК,

           Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Те.тоот,  регистр , Х ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 430 547 380 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Х. ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 430 547 380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

К.. ХХК нь 2020 онд Х.. ХХК-д нийт 415 746 380 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буюу бетон зуурмаг бэхжүүлэгчийг нийлүүлсэн бөгөөд  үүнээс 142 649 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 273 097 380 төгрөгийг төлөөгүй. 2021 онд нийт 175 450 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бөгөөд үүнээс 18 000 000 төгрөгийг төлж,  үлдэгдэл 157 450 000 төгрөгийг төлөөгүй. Өөрөөр хэлбэл, 2020, 2021 онд бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр нийт 430 547 380 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийг талуудын тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Дахин тооцоо нийлэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү тооцоо нийлсэн актаар 419 502 380 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь баталгаажсан. Х... ХХК нь энэхүү үлдэгдэл төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний эрх шилжүүлэх тухай гэрээгээр “Кинг тауэр” хотхоны 134-р байрны 18 давхрын... тоот, 181 м.кв талбай бүхий 579 200 000 төгрөгийн байраар төлөх, илүү төлбөрийн хэмжээгээр нэмж бараа бүтээгдэхүүн авахаар тохиролцсон боловч уг байрыг өөрт этгээдэд шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Акуа гарден” хотхоны А блокийн ... давхрын В тоотод 95.6 м.кв  387 180 000 төгрөгийн үнэ бүхий байраар бартер хийхээр тохиролцож, 22/204 тоот тодорхойлолт гаргаж өгсөн боловч уг байрыг мөн л өөр этгээдэд шилжүүлсэн. “К..” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 22/26 дугаартай албан бичгээр үлдэгдэл төлбөрийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч хариу өгөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд 2020, 2021 онуудад “Х..” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрт 419 502 380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 430 547 380 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан. Манай компанийн зүгээс 142 649 000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. Төлбөрийн үлдэгдэл 273 079 480 төгрөгөөс “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний эрх шилжүүлэх буюу бартердах, үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг хаахаар удаа дараа илэрхийлж байсан. “К..” хотхоны 134-р байр, 18 давхрын ...тоот, 181 м.кв байр нь бартердсан үл хөдлөх хөрөнгө байсан. Маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлээгүй, өөр үл хөдлөх хөрөнгийн бартераар төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Одоогоор манай компани үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаан нь ковидын нөхцөл байдалтай шууд холбоотой. Мөн цементийн үнэ өссөнөөс бетон зуурмаг Нийслэл хотын хэмжээнд буюу барилгын салбарт маш хүндээр туссан. “Х...” ХХК нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дахь хэсэгт заасны дагуу төлбөрөө зохих ёсоор буюу 142 649 000  төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлж байсан. Давагдашгүй хүчин зүйл, цементийн хомсдолоос үүдэлтэй манай компани гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй талаарх нотлох баримтуудыг өгсөн. Тооцоо нийлснээр 419 502 380 төгрөгийг манай компани график гаргаж, үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг төлөх саналыг тавьж байна. Уг төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх боломжгүй. Үл хөдлөх хөрөнгөөр буюу бартераар төлөх боломжтой гэв.

3.Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 7/, компаний дүрэм /хх 8-13/, бараа нийлүүлсэн зарлагын баимтууд /хх 14-76/, тооцоо нийлсэн акт /хх 77-81, 139/, албан бичиг /хх 82/, Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ /хх 83-84/, 

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 90/, итгэмжлэл /хх 91-92/, албан бичиг /хх 102-105/ зэрэг баримтыг шүүхэд гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас 419 502 380 төгрөгийн шаардлагыг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

К.. ХХК нь Х.. ХХК-д бетон зуурмагийн бэхжүүлэгч нийлүүлэхээр тохирч 2020 онд 415 746 380 төгрөгийн, 2021 онд 175 450 000 төгрөгийн бараа нийлүүлсэн, үүнээс Х... ХХК нь 160 649 000 төгрөгийг төлж, үлдэх 430 547 380 төгрөгийг төлөөгүй байжээ. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, Х.. ХХК нь 430 547 380 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан байх ба хариуцагч төлбөрийг төлөөгүй, төлбөрийг орон сууцны гэрээний эрх шилжүүлэх журмаар төлөхөөр маргаагүй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд дахин тооцоо нийлсэн бөгөөд тооцоогоор 419 502 380 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулжээ. 

            Хариуцагч төлбөрийг орон сууцны эрх шилжүүлэх журмаар төлнө, бэлэн мөнгөөр төлөх боломжгүй гэх боловч төлбөрийг ямар хэлбэрээр төлөхийг шүүх шийдвэрлэх боломжгүй.

            3.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 310 686 төгрөг төлсөн байх ба хураамжийг улсын орлого хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.. ХХК-иас 2 255 462 төгрөг гаргуулж К... ХХК-д олгож шийдвэрлэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х... ХХК-иас 419 502 380 /дөрвөн зуун арван есөн сая таван зуун хоёр мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулж К.. ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 045 000 /арван нэгэн сая дөчин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 310 686 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Х... ХХК-иас 2 255 462 төгрөг гаргуулж К. ХХК-д ..олгосугай.  

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА