Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/00418

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр                    Дугаар 102/ШШ2023/00418                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байр, Цагдаагийн ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь цагдаагийн газар,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, .р бай..рны ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогтой Хи.ын С.,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 093 892 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н., Р.Б., хариуцагч Х.С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь Х.С...ад холбогдуулан 1 093 892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Х.С... нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс 8 дугаар сарын 24-ний өдөр тасалбар болгон өөрийнхөө хүсэлтээр албанаас  чөлөөлөгдсөн. Х.С... нь Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвөөс Цагдаагийн байгууллагын код журам 917, Дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журмын 917.5.1, 917.5.2-т заасны дагуу 48 нэр төрлийн хувцсыг хангалтаар авсан байна. Х.С. нь албанаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан эдэлгээний хугацаа дуусгаагүй 48 нэр төрлийн хувцаснаас 19 нэр төрлийн эдэлгээний хугацаа дуусаагүй төлбөрт 735 632 төгрөгийн тооцоо, 358 260 төгрөгийн тусгай хэрэгслийн тооцоо 1 093 892 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас энгэрийн камерын үнэ 275 000 төгрөгийг хасаж  нийт 818 892 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Алба хаагчид олгож байгаа хувцсанд эдэлж хэрэглэсэн хугацааг тооцож, үүнээс үлдэгдэл хугацааг гаргаж, үнэлгээ тогтоож, мөнгө нэхэмжлэх боломжгүй. Цагдаа, Дотоодын цэргийн албан хаагчидтай байгуулах гэрээг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед миний бие ээлжийн амралттай байсан. Гэрээний ар талын гарын үсэг миний гарын үсэг биш. Энгэрийн камерын үнийг хасвал эвлэрэх боломжтой. Миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг төлөх ёсгүй. Яагаад гэвэл Төмөр замын Цагдаагийн газар болон Улаанбаатар төмөр зам хоорондоо хамтран ажиллах гэрээтэй.  Үүнд үндэслэн Цагдаа, Дотоодын цэргийн албан хаагчидтай байгуулах гэрээг байгуулах ёстой. Би тухайн гэрээнд гарын үсэг зураагүй. Жил бүр нэг албан хаагч тус бүрийн хувцасны тооцоо, цалин урамшууллыг Улаанбаатар төмөр замаас олгодог. Миний бие Төмөр замын цагдаагийн газар 3 жил ажилласан. 3 жилийн хугацаанд 3 удаа энэхүү тооцоонууд бодогдсон учраас хувцасны тооцоон дээр гарсан мөнгөн дүнг бүрэн төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж байна гэв.

            3.Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх 3-4/, нэхэмжлэх, жагсаалт /хх 6-7, 14-15/,  Х.С...ыг албанаас чөлөөлсөн тушаал, алба хаах гэрээ /хх 16-19/, төлбөр тооцоо /хх 20/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас 675 808 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

 

Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2022 оны 8-р сарын 24-ний өдрийн 6/104 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Х.С...ыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй дүрэмт хувцас, албаны бичиг бичиг, тусгай хэрэгслийн тооцоо хийхийг эрх бүхий албан тушаалтанд даалгажээ.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд түүний дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна.

 

Х.С... нь ажлаас чөлөөлөгдсөнөөр дүрэмт хувцасны 735 632 төгрөгийн, тусгай хэрэгслийн 358 260 төгрөгийн нийт 1 093 892 төгрөгийн тооцоо хийгээгүй, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч энгэрийн тэмдэгийн 275 000 төгрөгийг хасч 818 892 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Харин поло цамц, ёслолын цагаан цамц, хээрийн хүрэм өмдийг хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдсон тул түүний үнэ 143 084 төгрөгийг хасч нийт 675 808 төгрөгийг Х.С... төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч Х.С...аас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 675 808 төгрөгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцож 20 769 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                            

ТОГТООХ нь:

 

1.Цагдаагийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х..ын С..аас 675 808 /зургаан зуун далан таван мянга найман зуун найм/ төгрөг гаргуулж Цагдаагийн ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь цагдаагийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 418 084 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.С...аас 20 769 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Р.АЛТАНТУЯА