Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/349

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Б.О,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Бт холбогдох эрүүгийн 2538000000299 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Бгийн Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын **** дугаар багт хохирогч Б.О-тай маргалдсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд нь баруун 8 дугаар хавирганд хугарал, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, язралт бүхий хөнгөн хохирол санаатай учруусан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багт хохирогч Б.О-тай маргалдсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд нь баруун 8 дугаар хавирганд хугарал, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, язралт бүхий хөнгөн хохирол санаатай учруусан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл (хх-ийн 56-р хуудас),

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...О ирэхээр нь чи манай үрээг тэмдэглэсэн байна лээ одоо тэр үрээ хаана байна гэхэд би мэдэхгүй гэхээр нь чи яахаараа тэмдэглэсэн үрээгээ мэддэггүй юм гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа алгадаж барьцалдаж аваад дээр доороо оролцох явцад аав дундуур орж ирээд бид нарыг салгасан юм. Гэтэл О-ын хамарнаас цус гарсан ба ээж маань усаар угааж өгөөд бид нар салсан юм...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б нь мэндийн зөрүүгүй шууд ирээд чи миний үрээг тэмдэглэж адуундаа хийсэн гэж хэлээд нүүр болон шанаа хэсэгт гараараа цохиж толгойгоор малын хашаа руу 2 удаа мөргүүлсэн. Тэгээд буцаагаад татахаар нь газар уначихсан чинь доошоо хараад хэвтчихсэн. Тэгсэн толгой руу цохиод байсан. Тэгээд чи үнэнээ хэл миний адууг авч идшиндээ идсэн гэдгээ хэл, хэлэхгүй бол чамайг ална гээд миний хавирган дээр өвдгөөрөө нидэрсэн...Одоо гомдол саналгүй. Хохирол 500.000 төгрөг нэхэмжилнэ. Өөр зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд манай хүү шууд гүйж очоод барилцаж авчихсан байсан. Хаана нь яаж цохисныг нь мэдэхгүй байна. Би банз барьчихсан юм хийж байгаад банзаа хаяд очиж салгаад босгосон чинь хамарынх нь цус гарчихсан байсан. Тэгээд салгаад манай эхнэр Оын хамрын цусыг усаар угааж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),

Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай адууг танихгүй нэрээр тамга тэмдэг тавьсан нь үнэн байсан. Өөрсдөө тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаас болж муудалцах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

 Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 264 дугаартай:

1. Б.О-ын биед баруун 8 дугаар хавирганд хугарал, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, язралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгджээ.  

3. Б.О-ын биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23-р хуудас),

********* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-625-913065 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл үнийг судлан судалгааны үндсэн дээр ***-51 маркийн гар утасны зах зээлийг судлаж үзэж нийт 200,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой байна. Дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 6 дугаар сарын байдлаар тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 30-34-р хуудас),

Хохирол төлж эвлэрсэн тухай хохирогч, шүүгдэгч нарын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000299 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн мэдүүлэг, хохирогч Б.О-ын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлүүлэгч Б.О нь 2025 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт Б.Б-т зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан. Хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “... Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Хийсэн хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Хохирогчтой нэг нутагт өссөн. Хар багаасаа нэгнийгээ мэддэг үе тэнгийн хүмүүс байгаа юм. Тухайн өдрийн хэрэг маргааны хувьд залуу хүмүүсийн үл ойлголцлын улмаас уур омгоо удирдаж чадаагүйгээс ийм харамсалтай үйл явдал болж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн өдөр танхайн сэдэлт гаргаад, архидан согтуурсан зүйл байхгүй. Ажил хөдөлмөр эрхлээд аав, ээжтэйгээ байсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шүүх шийдвэр гаргахдаа онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөөд эвлэрлийн гэрээ байгуулаад орж ирсэн. Хохирогчийн зүгээс цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа. Миний үйлчлүүлэгч хохирлын 80 хувийг буюу 2.000.000 төгрөг төлсөн. Эмнэлгийн баримт байгаа эсэхэд маргаан байхгүй. Нэгэнт хохирсон учраас гэдэг агуулгаар төлсөн. 500.000 төгрөгийг 2 хоногийн дараа төлөхөө илэрхийлсэн...” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 264 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.О-ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй

байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.О-тай хамт байсан ба хавирга, нүүр хэсэгт цохисон буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч М.Тунгалагтамирын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23-р хуудас)-ээр тогтоогдсон.

Хохирогч Б.О, шүүгдэгч Б.Б нар нь “2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Б.Б нь Б.Оын биед хөнгөн хохирол учруулсан ба Б.О-аас уучлал гуйж, хохирол 2,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2 хоногийн дараа өгөхөөр тохиролцсон, эвлэрсэн тул энэхүү гэрээг байгуулав” гэх хохирол төлсөн эвлэрсэн тухай гэрээ байгуулсан байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.От 500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул  шүүгдэгч Б.Баас 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От олгох нь зүйтэй байна.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан.

Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 699,600 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан ба шүүгдэгч нь тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Баас 699,600 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хариуцлагын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн гаргасан торгох ялын саналыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруу дээр маш  их гэмшиж байгаа, найзаасаа уучлалт гуйгаад явж байгаа нөхцөл байдлыг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгоосой гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, хохирлоо нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, цаашлаад мөрдөн шалгах ажиллагаа түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж байсан зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзээсэй. Хэрэг маргаанаа түргэн шуурхай шийдвэрлүүлье гэдэг хүсэлтэй байсан учраас 8 дугаар сард хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлж байсан. Үлдэгдэл төлбөрөө төлөх гээд 2 тал уулзаж чадахгүй явсаар 10 сар гарчихсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан улс байх эрхэм зорилгоо бид нар удиртгал болгох ёстой. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж маши их харамсаж, гэмшиж өмгөөлөгчдөө учирлаж хэлж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгчид ганц удаа боломж олгоод төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргахдаа  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-50-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Бын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлуудлыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй гэж үзсэн болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-с 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т, 699,600 (зургуун зуун ерэн есөн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

6. Эрүүгийн 2538000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР