Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/894

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч П.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 10 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө  овгийн П.Б д холбогдох эрүүгийн 2510028201380 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Ө  овгийн П.Б, 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Х аймагт төрсөн, эрэгтэй 28 настай, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Н ХХК-д нягтлан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хан-Уул *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч П.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ажлынхантайгаа нэг газар сууж байгаад гэртээ ирсэн. Тухайн үед би архи уусан байсан. Эхнэр маань намайг орой ирлээ гээд уурласан. Эхнэр эхэлж миний толгой руу цохисны улмаас хоорондоо маргалдсан...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Б-ийг бусадтай хардаж улмаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зулай, шанаа, хацар зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ч.Б-ээс Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/, хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрч Ч.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/7173 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, шүүгдэгч П.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.Б  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ч.Баярчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч П.Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав. 

  Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч П.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө  овгийн П.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч П.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХАЛИУН