Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 59

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох 1716000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ****** сумын харьяат, ***** оны 06 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, ******* регистрийн дугаартай, Х овогт Б-н Д гэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...Хүн зодсон нь миний буруу. Би Б-н биед хөнгөн гэмтэл учруулсан. Б-д эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... 2017 оны 06 сарын 14-ны өдөр 18 цагийн үед миний гар утсанд Ц-с мессеж ирсэн байна гээд нөхөр Д нь үзүүлээд тэрнээс болж намайг эхнэртэйгээ хардаад Д зодсон. Эхлээд гадаа эхнэртэйгээ хэрэлдэж байгаад шууд гараараа цохиод авахаар нь би цэвэрхэн зодчихоорой гэж хэлсэн чинь нүүр лүү мөргөсөн. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Бас ар ууц гэдэс рүү өшиглөсөн гэсэн өөр намайг зодож цохиогүй....Бид хоёр цуг эмнэлэгт ажилладаг ямар нэгэн харилцаа байхгүй...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх 14-15-рт/,

Гэрч П.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед манай нөхрийн гар утсанд Ц-н ************* гэсэн дугаараас мессеж өмнө нь манай нөхрийг Улаанбаатар хотод явж байхад нь бичсэн мессеж юм. Тэгэхээр нь Ц-н нөхөр Д дээр очоод танай эхнэр манай нөхөр лүү мессеж ирүүлсэн байна гээд үзүүлсэн юм. Эхлээд итгэхгүй байсан 4 уулзаад учрыг нь ольё гээд шууд эмнэлэг дээр очоод Д эхлээд эхнэрээ аваад гараад ирсэн. Дараа нь би нөхрөө дагуулж гарч ирээд хорооллын дээд тал дээр очих замдаа машин дотор байхад хоорондоо мессеж бичсэн гэдгийг нь хэлтэл Ц нөхөрлүүгээ чи бас ингэдэг биздээ гээл дайраад байсан. Машинаас буугаад 3-уулаа гадаа зогсож байхад Ц над руу чи дандаа хэрүүл хийж ирдэг, хийдэг гээд байсан. Тэгтэл Д Б-г цохиж автал чи цэвэрхэн зодчихоорой гэж Б хэлсэн. Д нүүрлүү нь мөргөчихсөн юм. Б-н хамарнаас цус гараад намайг ойрттол чи зайл гээд хөөгөөд байхаар нь явж байгаад буцаж очсон намайг очиход Б-г ууц гэдэс рүү өшиглөсөн юм. Би явья гээд хэлтэл явахгүй гэсэн. Ц-г машинд суухаар нь чи энд үлд гээд би Д-аар гэртээ хүргүүлсэн юм. Сүүлд нь буцаж очиж эхнэрээ авсан байх сүүлд нь эмнэлэг дээр аваад ирсэн байна гээд хадам аав явсан байсан...Эмнэлэгт цуг ажилладаг Ц гэдэг хүүхнээс хайрын тухай шүлэглэсэн мессеж ирсэн байсан...” гэх мэдүүлэг/хх 17-рт/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 09 сард надруу манай ажлын газрын Б мессеж бичээд заримдаа согтуу үхлээ хатлаа гээд байхаар нь би хайрын утгатай мессеж бичдэг байсан юм. 2017 оны 06 сарын 06-07 шилжих шөнө 02 цаг орчим надруу залгаад найз нартайгаа байна чи хариу бичихгүй утасаа авахгүй байна, би намайг үхсэн гээд бодчих гээд утасаа салгахаар нь өөрийн дугаараас залгаад гэртээ очиж амар аажуу болцон байна гэж хэлээд хайрын шүлэг явуулсан юм. Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хотод явж байсан юм. Дараа нь Б руу явуулсан мессежүүдийг манай нөхөр уншаад 2017 оны 06 сарын 13-ны өдөр 17 цагт манай Д, Б-н эхнэр Э нар ажил дээр ирээд намайг болон Б-г дуудаад манай нөхрийн эзэмшлийн ***** ГАА дугаарын тээврийн хэрэгсэлд суугаад сумын төвийн баруун хойт дэнж дээр очоод манай нөхөр буугаад Б-д хандаад яагаад манай эхнэрлүү мессеж бичиж согтуу залгаад байгаа юм бэ? гэж асуугаад дуугарахгүй байхаар нь хацар хэсэгт нь алгадаад дуугараач гээд алгадаад байсан. Мөн толгой руу нь гараараа нэлээн олон удаа цохиод авсан. Б-н эхнэр наад хоёр чинь шийдчихсэн юм биш үү? Хүн хайрлахгүй хүнийг зод зод гээд байсан. Тухайн газар Б бид хоёрыг үлдээгээд Э болон манай нөхөр Д нар яваад буцаж ирэхдээ манай төрсөн дүү Д-г аваад ирсэн юм. Б-г тухайн газар үлдээгээд сум орж эмнэлэг дуудаад унаа байхгүй гэхээр нь манай дүү Д эмнэлгийн хүмүүстэй хамт явсан юм. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх 20-рт/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 06 сарын 13 өдөр ажил тарах үед Д ахтай хамт гэрт байж байгаад Д ах гараад явсан. Цаг орчимын дараа Д ах орж ирээд эгчийг чинь очоод аваад ирнэ гээд хамт яваад ******* сумын төвөөс хоёр км орчим газар дэнж дээр очоод манай эгч тэнд байсан болохоор суулгаж аваад гэрт нь харьсан. Тэнд ямар зүйл болсон талаар би мэдэхгүй байна. Д ах эмч нарыг аваад тэр хүн дээр хүргэж өгөөд ир гээд би 3 хүн авч очсон. Намайг очоод зогсож байхад эмнэлгийн машин ирээд би гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг/хх 22-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...1.2. Н.Б-y биед тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 205 дугаар акт,

Шүүгдэгч Б.Д-н мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: 2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед намайг гэртээ байж байхад Б-н эхнэр манайд ирээд надад танай эхнэр манай нөхөр лүү мессеж бичээд хоорондоо уулзаад байна гэхээр ажил дээр нь очьё гээд би машинаа унаад эмнэлэг дээр очоод Ц, Б хоёрыг аваад бид дөрөв хорооллын дээд талд очоод юу болоод байна ярьцгаа гэтэл Б дуугарахгүй болохоор  уур хүрээд би шууд цохичихсон юм. Тэгээд тэндээсээ явцгаая гэсэн чинь Б явахгүй гэхээр Ц тэр хоёрыг үлдээгээд Э-г хүргэж өгчихөөд буцаж очоод эхнэрээ авсан юм. Дараа нь Б-г эмнэлэг дээр очсон, манай хүүхдийг зодсон байна гэж  ээж нь хэлээд манайд ирэхээр нь ийм асуудал болсон байна, тэгээд би зодчихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 35-рт/

Хохирогч Н.Б-н Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт/хх 46-рт/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа/хх 64-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авч, бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Д-н 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.Б-г зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байгаа тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Д-н хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн гэр бүлийн харилцааны таагүй уур амьсгал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Х овогт Б-н Д-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 39-рт/,, хохирогч Н.Б-н гаргасан “...надад эмчилгээний хохирол 1.000.000 төгрөгийг төлж намайг хохиролгүй болгосон...” гэх хүсэлт зэргээр тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-н Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр/ торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б-н Д-д сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б-н Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА