| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/03629/И |
| Дугаар | 102/ШШ2023/00495 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2023/00495
| 2023 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2023/00495 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЗБДС
Хариуцагч: Х ХХК.
Хариуцагч: Ж.Д
58.742.542 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д, М.Б, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЗБДС нь хариуцагч Х ХХК, Ж.Д нарт холбогдуулж 58,742,542 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Дөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ даарах байдлаар тодорхойлсон. Үүнд
1.1 Нэхэмжлэгч ЗБДС түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЗБДС нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах замаар санхүүжилт авах боломжийг нь нэмэгдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь ЗБДСгийн тухай хуулийг хэрэгжүүлж, дээрх зорилгын хүрээнд Х ХХК-ийн Кл банкнаас авсан 370,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 54 хувьд 2014 оны 12 дугаар сарын 30-нд батлан даалт гаргасан. Зээлдэгчийн шахмал түлшний үйлдвэр байгуулах төсөл амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орсон. Кл банк ХХК-ийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01777 шийдвэрээр ЗБДСгаас 58,239,127 төгрөг гаргуулан Кл банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус шийдвэрийг үндэслэн манайх мөнгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн боловч Х ХХК нь ЗБДСтай авлага барагдуулах гэрээ байгуулахаас татгалзаж, Батлан даалтын гэрээний 3.5.4-т заасан үүргээ биелүүлээгүй. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн магадлалыг тус тус шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг дахин хэлэлцэж ЗБДСд холбогдох Кл банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шийдвэр, магадлалыг үндэслэн хариуцагч Х ХХК нь тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар 102/ШШ2020/03065 шийдвэртэй Х ХХК-наас 58,293,127 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЗБДСд олгосон шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж шийдвэр хүчингүй болсон. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Нэхэмжлэгч Шүүхийн шийвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид 449,415 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Х ХХК-наас 58,293,127 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,415 төгрөг нийт 58,742,542 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Ж.Дөөс татгалзаж байна гэв.
2. Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Кл банктай гэрээ байгуулж 370.000.000 төгрөгийг зээлэн авч Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх жижиг үйлдвэр байгуулж ажлын байр бий болгон ажилласан. Зээлийн санхүүжилтэнд ЗБДС нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувьд батлан даахаар үүрэг хүлээсэн байсан юм. Нэхэмжлэгч ЗБДС нь манай компаниас 58,742,542 төгрөг гаргуулах тухай шаардах эрх үүсгэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 101/ШШ2019/01777 шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянагдаж шийдвэр, магадлал хүчингүй болж анхан шатны шүүх рүү буцсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 101/ШШ2022/03152 шийдвэрээр Кл банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй ЗБДСд холбогдох гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Кл банк ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсноор үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож ЗБДСтай байгуулсан батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 2014-128 Батлан даалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 101/ШШ2019/01777 Шийдвэр, Давж заалдах шатны магадлал, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн батлан даалтын хорооны тогтоол, мөн өдрийн Сангийн гүйцэтгэх захиралын Дугаар А/17 тушаал, төлбөрийн даалгавар,
4. Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 101/ШШ2022/03152 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн магадлал, мөн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 132 Кл банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан тухай тогтоол гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь ЗБДСтай байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Х ХХК нь Кл банк ХХК, ЗБДСтай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-128 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч Хар туг ХХК биелүүлээгүй тохиолдолд батлан даагч ЗБДС нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч Хар туг ХХК төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Батлан даалтын гэрээ гэсэн баримтаар тогтоогджээ.
Батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна, 3.4.1-т зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөн бол зээлдэгчийн төлөөгүй зээлийг гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс Зээлдүүлэгчид төлөх үүргийг ЗБДС гэрээгээр хүлээжээ.
ЗБДС дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүрэгт 58,293,127 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 449,415 төгрөгийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансанд шилжүүлж төлсөн болох нь Зээлийн батлан даалтын хорооны тогтоол, Сангийн гүйцэтгэх захирлын тушаал, төлбөрийн даалгавар гэсэн баримтуудаар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 101/ШШ2019/01777 шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 1591 магадлалыг Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 132 тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 101/ШШ2022/03152 шийдвэрээр Кл банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй ЗБДСд холбогдох хэргийг хэлэлцэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад зээлдэгч Х ХХК нь зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг Кл банк ХХК-нд шилжүүлснээр төлбөр төлөгч нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1/82 тоот тогтоолоор төлбөр төлөгч Х ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар дуусгавар болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Кл банк ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг Х ХХК-наас бүхэлд нь шаардаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч Х ХХК нь төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болсон буюу Кл банк ХХК, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсноор үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож ЗБДСтай байгуулсан Батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ЗБДСд холбогдох Кл банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримтад талууд маргаагүй. Шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 101/ШШ2019/01777 шийдвэрээр Кл банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй ЗБДСд холбогдох нэхэмжлэлийг шүүх хянаад Х ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь буюу 58,293,127 төгрөгийг ЗБДСгаас гаргуулж Кл банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянагдаж хүчингүй болсон боловч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ хэмээн тайлбарласан боловч хариуцагч Х ХХК нь Кл банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 370,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө Х ХХК бүрэн төлсөн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1/82 тоот тогтоолоор дуусгавар болгосон тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
6. Кл банк ХХК нь Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 405,030,308.64 төгрөгийг бүхэлд нь хариуцагч Х ХХК-иас шаардсан, уг гэрээний үүрэгт ЗБДСтай байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хуваарилан шаардаагүй, хариуцагч Х ХХК нь төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд төлж, шийдвэр гүйцэтгэлийн баримт бичиг дуусгавар болсон тул нэхэмжлэгч ЗБДС Батлан даалтын гэрээний үүргийг хариуцагч Х ХХК-иас шаардах эрхгүй гэж дүгнэв.
7. Иймд хариуцагч Х ХХК-нд холбогдох нэхэмжлэгч ЗБДСгийн нэхэмжлэлтэй 58,742,542 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д зааснаар хариуцагч Х ХХК-наас 58,742,542 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ЗБДСгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,662.71 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Дөөс татгалзсанг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлбатийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА