| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0197/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/195 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/195
2025 11 06 2025/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2504002470228 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймагт төрсөн, буриад, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороолол, 303 дугаар байрны 18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
******* овгийн ******* ******* (РД:*******)
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.******* “******* *******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн *******н бүтээгдэхүүний цехийн үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.9 дэх “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, MNS 4969:2000 стандартын 4.16 “аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, Монгол улсын стандарт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 3.3-т “үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюул ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хаалт, хамгаалалтын хэсэг тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн зориулалт онцлогоос шалтгаалан хаалт, хамгаалалтын хэсэг тавих боломжгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохионы хэрэгсэл болон зогсоох, цахилгаан эрчим хүчний үүсвэрээс салгах хэрэгслүүдтэй байвал зохино”, 3.28 дахь заалт “үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ашиглаж байх үед үүсэл аюул, ослоос хамгаалах зорилгоор хийгдсэн нээгдэж, сөхөгдөх авагдах хаалтыг нээх үед уг тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоох автомат хэрэгсэл тавигдсан байна”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттой байх”, 28 дугаар зүйлийн 28.1.4-т “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсан иргэнийг ажиллуулна”, MNS 4969:2000 стандартын 4.10 “ажлын байрны анхан шатны зааварчилгааны дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно”, 4.11 “давтан зааварчилгааг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байрна анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө”, гэх заалтуудыг мөрдөж ажиллуулаагүйн улмаас тус үйлдвэрийн байранд технологийн ажилтан нь бэлтгэгчээр ажиллаж байх явцдаа аарц холигч машинд баруун гараа хавчуулж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч ы мэдүүлэг (хх-ийн 24-25), гэрч Ц., Д. нарын мэдүүлсэн мэдүүлгүүд (хх-ийн 33, 35-36), Хөдөлмөрийн гэрээ (хх-ийн 51-55), Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүнэлт (хх-ийн 104-105), Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.ийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №25-19/07-09 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 110-135), “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 43), Үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн акттай холбоотой баримтууд (хх-ийн 79-82) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг ажиллагаанд “өөрийгөө өмгөөлөх” хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. (хх-ийн 164, 177-178)
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Г.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.*******д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Г.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА