Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2023/01620

 

 

 

 

 

 

0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 000/ШШ0000/0000

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...

Хариуцагч: ... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,331,357 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 онд өгсөн булган шубны үнэ 3,500,000 төгрөг, илүү шилжүүлсэн 1.964.000 төгрөг, нийт 5,464,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Б, хариуцагч Д., Д, тэдгээрийн өмгөөлөгч Д, гэрч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ... нь өөрийн төрсөн эгчийн хүү ...., түүний эхнэр ... нартай нэг гэрт амьдарч байсан юм. ...., ... нар тэтгэврийн зээл аваад өгөөч, компанийн үйл ажиллагаатай холбоотой яаралтай мөнгө хэрэгтэй байна, ажил жигдрэхээр буцааж өгнө гэж хэлснээр 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 4 удаагийн тэтгэврийн зээл авч өгч байсан. Нийт 7,525,357 төгрөгийн тэтгэврийн зээл авч, 1,170,000 төгрөгийг би Э-д өгч, үлдсэн 6,355,357 төгрөгийг ..., .... нарт зээлүүлж байсан бөгөөд ... нь батлан даагчаар оролцож, эдгээр зээлийг гаргуулж байсан. Ингээд уг зээлсэн мөнгөнөөс буцааж 2,124,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 4,231,357 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шаардлагыг багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: ... ....ын эгч ... нь 2018 оны 5 дугаар сард бид хоёрыг өрөөндөө дуудаад... эгчээс 2,200,000 төгрөг авсан. Би 1,000,000 төгрөгийг нь авсан, та хоёр 1,200,000 төгрөгийг нь хэрэглэж байгаарай гээд 1,180,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Бид хоёрын хувьд ... эгчийг удаа дараа тэтгэврийн авхуулж, мөнгө зээлж байгаагүй юм. Нэг удаа л 1,180,000 төгрөгийг ...гаар дамжуулан авснаа ...гийн дансаар нь 1,395,000 төгрөг, бэлнээр 1,584,000 төгрөг, нийт 3,144,000 төгрөг өгсөн байдаг. Бид нэхэмжилж байгаа мөнгийг огт аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Бидний хувьд анхны удаа л 1,180,000 төгрөгийг ...гаар дамжуулан авснаа ...гийн дансаар нь 1,560,000 төгрөг, бэлнээр 1,584,000 төгрөг, нийт 3,144,000 төгрөг өгсөн байдаг. Анх авсан мөнгөний зөрүү 1,964,000 төгрөг, ... 2018 онд иргэн Мөнгөнтуяагаас 3,500,000 төгрөгөөр худалдан авсан булган шубыг ... авч өмсөөд одоог хүртэл буцааж өгөөгүй тул нийт 5,464,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 1,964,000 илүү төлөөгүй, надаас зээлсэн мөнгөө төлж байсан. 2018 онд шинэ булган шуба өгөөгүй, хуучирсан, өөрөө өмсөхгүй болохоороо өгсөн. Би энэ шубыг авахгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

  5. Нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар /хх 3-6/, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар /хх 6-8/, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар /хх 9-11/, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга /хх 12-15, 134-149/, Булган шубны фото зураг /хх 150-151/, хариуцагч нараас ...гийн Хаан банкны дансны хуулга /хх 26-92/, ....ын Хаан банкны дансны хуулга /хх 93-107/, Д-н тодорхойлолт /хх 108/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ..., Э.З, Д Э.З нарыг асуусан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлсэн 1,180,000 төгрөгийг бүрэн төлсөн тул төлөх төлбөргүй гэжээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ илүү төлсөн 1,964,000 төгрөг, 2018 онд өгсөн булган шубны үнэ 3,500,000 төгрөг, нийт 5,464,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, зээлсэн мөнгөө төлж байсан, илүү төлөлт хийгдээгүй, булган шубыг би аваагүй, хуучин байсан тул зүгээр өгсөн, буцааж авч болно гэж маргажээ.

  8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн Хаан банкны 5034958300 дугаар дансаар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5,610,757.09 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 802,100 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 828,700 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 283,800 төгрөг зээлийн санхүүжилт олгогдсон болох нь Хаан банкны дансны хуулга, Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 29/2910 дугаар албан бичиг, ...гийн 4 удаагийн зээл авахад нь батлан даагчаар зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Энэхүү нэхэмжлэгчид олгогдсон 7,525,357 төгрөгөөс 1,170,000 төгрөгийг ...д олгосон талаар талууд маргадаггүй бөгөөд хариуцагч нараас бэлнээр 1,584,000 төгрөг, дансаар 1,560,000 төгрөг, нийт 3,144,000 төгрөг нэхэмжлэгчид буцаан өгсөн болох нь нэхэмжлэлийн шаардлагад бэлнээр авсан гэж дурдсан үйл баримт, хариуцагч нарын Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч 6,355,357 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн болохоо баримтаар нотлоогүй, хариуцагч нар 1,964,000 төгрөг ямар шалтгаанаар илүү төлсөн болохоо баримтаар нотлоогүй байна.

Мөн хариуцагч нар булган шинэ шубыг 3,500,000 төгрөгөөр худалдан авсан болохоо санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй байхаас гадна гэрч ..., Э.Золзаяа нарын мэдүүлгээр үгүйсгэгджээ. Энэ талаар гэрчээр мэдүүлэг өгсөн Д булган шубыг 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан талаар мэдүүлээгүй бөгөөд Д-н тодорхойлолт нь нотлох баримтад тавигдах шаардлагыг зөрчсөн буюу гэрчээр оролцвол зохих этгээдээс тодорхойлолт гаргуулсан алдаатай болжээ.

Түүнчлэн гэрч Э-н өгсөн 2018 оны 6 дугаар сард манай ээж 1,170,000 төгрөг авсан. ... яг хэдэн төгрөг авч байхыг хараагүй, 2 боодол мөнгө байсан. Ойролцоогоор 2,000,000 төгрөг өгснийг би өрөөнийхөө үүдэнд харсан. Бусад мөнгө өгсөн асуудлыг Б-с эгчээс өөрөөс нь сонссон. Би хараагүй гэсэн мэдүүлгээр 6,355,357 төгрөг өгсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна.

9. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч 6,355,357 төгрөг зээлсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч, 1,180,000 төгрөг зээлсэн гэж гэрээний үнийн дүнгийн талаар маргажээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 4,331,357 төгрөг гаргуулах шаардлагын 2,331,357 төгрөгөөс татгалзсан болон хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 3,144,000 төгрөг төлсөн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 3,144,000 төгрөгийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч нар гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн 3,144,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулжээ.

 

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлснээр мөнгөн зээлийн гэрээ байгуулагддаг тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хариуцагч зээлсэн мөнгийг төлж, аман гэрээгээр тохиролцсон үүргээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхгүй болжээ.

 

10. Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан 1,964,000 төгрөг болон 3,500,000 төгрөгийн үнэтэй булган шубээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нийт 5,464,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, зүгээр мөнгө өгөөгүй тул зээлийн төлбөр төлж байсан, булган шубыг зүгээр өгсөн, буцааж өгнө гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байна.

 

Өөрөөр хэлбэр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг нотолж чадаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,964,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн хариуцагч нар 2018 онд булган шубыг нэхэмжлэгч авч өмсөөд буцааж өгөөгүй гэсэн боловч гэрч ...гийн өгсөн... ер нь хуучин сэмэрсэн шубыг би харсан. Найзаасаа хуучин хувцас авдаг. Тэр найз нь хуучин хувцсаа өгдөг мэдүүлэг, Э-н өгсөн ... куртик аваад өгөөч гээд мөнгөө нэхээд орсон чинь түүнийхээ оронд энэ хуучин шубыг өгсөн байсан. Шинэ юм бол өгөөгүй мэдүүлэг, хариуцагч нарын хариу тайлбарт ...бид хоёрын зүгээс ... эгчийг настай хүн, орох орон байргүй, өмсөх юмгүй юм байна гэж өрөвдөөд тухай үед нэхэж буцааж аваагүй гэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжөөгүй байна.

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч нар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй боловч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа юм.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарах юм. Зохигчид 2018 онд амаар бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд бэлэглэгчийг гомдоосон, хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаанд булган шубтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болсон байна.

Гэтэл хариуцагч нар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр булган шубтай холбоотой шаардлагыг гаргасан тул хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн булган шуба буюу түүний үнийг буцаан шаардсан асуудал нь зээлийн гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүх үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Иймд хариуцагч нарын гаргасан 5,464,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар ...гийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч ...., ... нарын нэхэмжилсэн 5,464,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,251 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,374 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ