Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/шш2023/01812

 

 

 

 

 

 

 

 

 

 

0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 00000000000000000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...холбогдох,

 

1,926,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... түүний өмгөөлөгч .... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие .... гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/449 дүгээр тушаалын хавсралтаар ажлаас халагдсаны тэтгэмжид 10,042,909 төгрөг, эрчим хүчний салбарт ажилласны тэтгэмжид 19,264,000 төгрөг олгохоор заасан боловч 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн миний дансанд 27,380,509 төгрөгийг шилжүүлж, эрчим хүчний салбарт ажилласан нэг удаагийн тэтгэмж болох 19,264,000 төгрөгийн 1,926,000 төгрөгийг суутган авчээ. Иймд хамтын гэрээний дагуу олгосон нэг удаагийн тэтгэмжээс суутгасан 1,926,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: .... нь ...д 25 жил 1 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/449 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас гарах үед нь байгууллагын хамтын гэрээний дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж 19,264,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 4/, Л....Капитал банкны ... тоот дансны хуулга /хх 8-9/, ... гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/449 тоот тушаалын хуулбар /хх 5-7/ зэргийг, хариуцагчаас ... Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь эрчим хүчний салбарт ажилласан хугацааны тэтгэмжид 19,264,000 төгрөг олгохоор шилжүүлэхдээ 10 хувийг үндэслэлгүй суутган авсан тул 1,926,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заагаагүй хамтын гэрээнд заасан учир нэг удаагийн тэтгэмж биш, Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэх үндэслэлтэй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/449 тоот тушаал, тушаалын хавсралт, нэхэмжлэгчийн дансны хуулга, хамтын гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1, 12.2 дахь заалтуудыг үндэслэн ....гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/449 тоот тушаалаар дулааны хянах хэмжүүр-автоматикийн цехийн ашиглалтын инженер ....өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ... эрчим хүчний салбарт ажилласан 25 жил 1 сард ногдох 19,264,000 төгрөгийн нэг удаагийн, халагдсаны 10,042,909 төгрөгийн, нийт 29,306,909 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх тушаалын дагуу 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр ... Капитал банк дахь. ...тоот дансанд 27,380,509 төгрөг шилжүүлсэн байна.

 

Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 1,926,400 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдлоо.

 

8. Талууд хамтын гэрээ болон гэрээгээр олгох тэтгэмжийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн тэтгэмжээс 10 хувийг суутгаж, татварт шилжүүлсэн талаар маргаж байна.

 

9. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд хамтын гэрээний дагуу олгогдсон тэтгэмжийг хууль тогтоомжид тусгайлан заагдаагүй гэж үзэхгүй юм.

 

10. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу .... Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ... нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно заасан хэмжээгээр тогтоожээ.

 

Иймд хуульд тусгайлан заагаагүй, хамтын гэрээний дагуу олгож буй тэтгэмж учир татвар суутгана гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

11. Мөн хариуцагч байгууллага нь 1,926,400 төгрөгийг татварын байгууллагад шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах ёстой гэж маргасан ч Баянгол дүүргийн татварын хэлтэстэй харилцагч нь хариуцагч байгууллага тул татварын тайланг буруу гаргаж, татвар илүү төлсөн асуудлыг хариуцагч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

 

12. Түүнчлэн нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

13. Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч хариуцан арилгах, нөхөн сэргээх үүрэгтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдэл буюу хуулиар чөлөөлөгдсөн нэг удаагийн тэтгэмжээс татвар суутган авсны улмаас нэхэмжлэгчид 1,926,400 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч хохирлыг арилгах үүрэгтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,772 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....иас 1,926,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .... олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....улсын тэмдэгтийн хураамжид 45,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....д олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ