Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

Ч.Нт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран 

Прокурор                                                   Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        О.Н

Өмгөөлөгч                                                 М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Ө.Батболд

Шүүгдэгч                                                   Ч.Н нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Нын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Нт холбогдох эрүүгийн ______ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Б овогт Ч.Н.

Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Оюу” дэлгүүрийн баруун талд хохирогч Ц.А-ийн нүүрэн тус газар гараараа цохиж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч Ч.Ныг хохирогч Ц.А-ийн нүүрэн тус газар цохиж амь насыг нь хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Ч.Ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нд гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 7 609 397 /долоон сая зургаан зуун есөн мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь хохирогч нас барсантай холбогдуулан гарсан бусад зардал, гэм хор учруулсны нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Ч.Наас нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоож,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Н 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт анхнаасаа үнэн зөв тодорхой мэдүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би өөрийгөө илэрхийлэх чадвар маш муу хүн. Тухайн үед би талийгаачийг ингээд нас барчихна гэж огт бодоогүй. Архи уусан байсан болохоор би эмнэлэг дуудаж чадаагүй юм. Зах дээр байсан хүмүүс ч мөн адил согтуу хүн байна гэсэн хандлагаар хандсан бөгөөд би маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрээс уучлал гуйж байна. Би ээж, эмээгийнхээ хамт амьдардаг. Ээж сэтгэцийн өвчтэй, миний асаргаанд байдаг. Эмээ минь 90 гаруй настай. Миний хувийн байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Н гаргасан тайлбартаа: Би ээж, эмээ хоёрыгоо асран хамгаалж, тэдэнтэйгээ хамт амьдардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна гэв. 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н гаргасан тайлбартаа: Энэ хүн бол амьд мэнд, ээж эмээтэйгээ байна. Миний хувьд дүүтэйгээ хамт өнчирч үлдсэн. Анхан шатны шүүх хамгийн бага ялыг оногдуулсан учир түүнээс багасгахыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хуулийн хүрээнд, үнэн зөв шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн “...харж хандаж явна. Харилцаа холбоотой байна...” гэж амлаж байсан боловч ах дүү олуулаа мөртлөө шүүх хуралдаанаас хойш өнчирч үлдсэн хоёр охинд анхаарал хандуулаагүй, дэмжлэг туслалцаа үзүүлээгүй, дахин холбогдсон асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Хөнгөрүүлэн үзэх үндэслэл шалтгаан тогтоогдож байгаа зүйл алга байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: ...Ч.Нын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байдаггүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан. Иймд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Ч.Нт холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан ялд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Нын хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Анхан шатны шүүх Ч.Нын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулахад татгалзах зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж түүнээс бага ял оногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэмт хэргийн улмаас би дүүтэйгээ үлдэж байгаа. Нөхөж баршгүй хохирол учирсан...” гэдгээ илэрхийлж ирсэн. Сая ч мөн үүнийгээ илэрхийлж байна. ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Нт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ч.Н нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Оюу” дэлгүүрийн баруун талд хохирогч Ц.А-г нүүрэн тус газар нь гараараа цохисноос цементэн гадаргуу дээр толгойн ар дагз хэсгээр унаж тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь шүүгдэгч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч А.Г, Б.Б, Д.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр задлан шинжилгээ хийсэн “Талийгаач Ц.А-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын яс дагзны баруун хэсэгт дагзны төвгөрөөс баруун талын чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух болон дагуу завсраар, бага тархины баруун тал бөмбөлөгт нилэнхүйдээ аалзан хальсны доорх цус харвалттай, их тархины баруун тал бөмбөлгийн дух хэсэгт тархины эдийн няцрал, дагзны баруун хэсгийн цус хуралт, дагзны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн хажуу хэсэг, баруун гуяны урд доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэх 114 тоот дүгнэлт  /хх-ийн 49-52/ мөн газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн этилийн спирт тодорхойлсон 143 тоот дүгнэлт /хх-ийн 53-54/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 52 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12, 55-57/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ болох найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд бүрэн тохирчээ.

Иймд шүүгдэгч Ч.Нын “...надад оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн 2020/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нын 2020 оны 11 дүгээр сарын 06ы өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                     ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                            Ж.ДОЛГОРМАА