Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 67

 

 

 

                Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,  

                Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Лхагважав,

             Шүүгдэгч: Б.Очироо, Т.Төгсжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

          Увс аймгийн прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Баатарын Очироо, Огсог овог Тогоонямын Төгсжаргал нарт холбогдох 201720000128 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-нд хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэс сумын нөөцийн газрын харуул ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОО67032576, Хошууд овогт Баатарын Очироо.     

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл- 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багт оршин суудаг, Улсын сайн малчин цолтой, ял шийтгэлгүй, РД:ОО61120177, Огсог овгийн Тогоонямын Төгсжаргал.     

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 

Шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нар бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт оршин суух хохирогч Ч.Чойжилсүрэнгийн гэрт нэвтрэн орж Бурхан багш /цутгамал/, Аюуш бурхан /цутгамал/, Арилхаан нагтан зураг, Авид бурхан танк зэрэг нийт 6.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

             1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 6-11-р тал/, 

                2. Эд зүйл хураан авах тогтоол, гутал хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн I хавтасны 13-16-р тал/, 

                3. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 17-24р тал/,

    4. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 25-37-р тал/,  

    6. Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 38-40-р тал/, 

                7. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 41-46-р тал/, 

                8. Хохирогч Ч.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалтад анх удаа өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 01-нд эхнэрийн хамт Улаанбаатар хотруу хувийн ажлаар явсан юм. Улаанбаатар хотруу явахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ хөрш айл болох хүргэн Даваасамбуугийн гэрт үлдээгээд явсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 24 цагийн орчимд Даваасамбуу надруу залгаад “Танай гэрийн цоожийг эвдээд авдар дотор байсан бурхан болон бурхны зургийг хулгайлаад явсан байна” гэж хэлэхээр нь би Даваасамбууд “Цагдаад яаралтай мэдэгд” гэж хэлсэн. Түүний дараа цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийж ул мөр мөшгөсөн байсан. Тэгээд тэр шөнөө хоноод маргааш өглөө нь цагдаа нартай хамт манай хүргэн Даваасамбуу, хүргэн ах Чимэд болон бусад хүмүүс ул мөр мөшгөж яваад Баатарын Очироо гэх айлын гадна очсон гэсэн. Тэгээд Очироотой уулзахад Очироо манай гэрээс хулгайлсан эд зүйлээ манай хүргэнд гаргаж өгсөн байсан. Ул мөр мөшгөхөд цагдаа нар хилийн цэргийн үнэрч нохойг ашигласан байсан. Очироо нь манай гэрээс Цэнд-Аюуш нэртэй цутгамал бурхан 1 ширхэг, Бурхан багшийн цутгамал 1 ширхэг, Цагаан ногоон дарь эхийн цаасан хэвлэмэл зураг 1 ширхэг, Ралхан даавуун бурхан 1 ширхэг, Бурхан багшийн даавуун зураг 1 ширхэг, Хийморийн дарцаг зэрэг нийт 6 ширхэг эд зүйлийг хулгайлж аваад хариу бүгдийг нь бүрэн бүтэн буцааж өгсөн. Дээрх эд зүйлс бүгд үе дамжин уламжлагдаж ирсэн юм. Цутгамал бурхан нь яг юугаар хийгдсэн гэдгийг нь мэдэхгүй. Очироо бид нарын дунд садан төрлийн холбоо байхгүй бөгөөд манай гэрээр хааяа нэг орж гараад явдаг байсан. Очироо нь манай гэрээс ямар зорилгоор бурхан хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй, би Очироотой уулзаагүй. Очироо манай гэрээс хулгайлсан бурхан, эд зүйлсийг буцааж өгсөн боловч энэ хэргийн улмаас надад тодорхой хэмжээний хохирол учирсан. Бид бурхнаа тахиулахад 520.000 төгрөг, Улаанбаатар хотоос ирэхэд 100.000 төрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирлыг Очироогоос нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 49-51-р тал/,

                Хохирогч Ч.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Одоо миний хувьд Очироо, Төгсжаргал нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Би бурхны үнэлгээ гаргуулахаар Улаанбаатар хотруу өөрийн биеэр яваад ирсэн. Би ийш, тийшээ явсан бүх зардал, мөнгийг Очироо, Төгсжаргал нараас гаргуулж авсан. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Очироо, Төгсжаргал хоёр надтай уулзаж уучлал гуйсан тул надад гомдол, тэмцэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 52-р тал/, 

                9. Гэрч Б.Даваасамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой эхнэр Цэнд-Аюушд тариа хийлгэхээр эхнэр бид хоёр айлруу явсан. Бид хоёр гэрээс гарахдаа гэрийн хаалгаа цоожлоод хашааны хаалгаа онгорхой үлдээгээд явсан. Манай хашаанд хадам аав Чойжилсүрэнгийнх байдаг бөгөөд хадам аав, ээж хоёр маань хувийн ажлаар Улаанбаатар хотруу явсан. Ингэхдээ гэрийнхээ түлхүүрийг бид нарт үлдээгээд явсан юм. Эхнэр Цэнд-Аюуш бид хоёр айлд очоод тариагаа хийлгэчихээд 22 цаг 15 минутын очримд гэртээ ирээд толгойгоо угаах гээд ус авах сав авахаар хадам аавын гэрт орох гэхэд хадам аавын гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн, цоож нь цүүндээ өлгөөтэй байсан. Тэгэхээр нь хадам аавын гэрлүү ороход авдрын урд талд байсан сангийн баавар газарт унаад үнс нь асгарчихсан байхыг хараад авдрын цоожийг татаж үзэхэд цоож нь цүүтэйгээ хамт гараад ирсэн. Цоожийг нь цүүтэй нь хамт мулт татаж гаргаад буцаагаад хийчихсэн байсан. Авдар доторхийг харахад авдар дотор байсан цутгамал бурхан болон бусад бурхны эд зүйлс байхгүй байсан тул хулгай орсон талаар хадам аавд утсаар хэлсэн. Тэгээд гэр дотор ул мөр байгаа эсэхийг шалгахад асгарсан үнсэн дээр гутлын мөр гарсан байсан. Би хадам аавын хэлснээр цагдаад мэдэгдэхэд цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийгээд, ул мөр мөшгөсөн. Энэ үед харанхуй болсон байсан тул маргааш өглөө эрт мөр мөшгөхөөр болоод явцгаасан. Тэгээд маргааш өглөө нь ул мөр мөшгөхөд хадам аавын гэрээс 2 хүний гутлын мөр гарч явсан байсныг дагасан бөгөөд уг гутлын мөрний нэг ул мөр нь хээгүй, гутлын үзүүр хэсгээрээ нарийн ултай, нэг нь арзгар хээтэй гутлын ул мөрүүд байсан. Уг ул мөрүүдийг дагахад Очироо гэх айлын хашааруу орсон. Тэгэхээр нь би Очироотой уулзаад “Чи авсан эд зүйлсээ гаргаж өг” гэж хэлэхэд Очироо эхэндээ “Би аваагүй” гэж хэлж байсан боловч сүүлдээ хэргээ хүлээж Булган эгчид “Би бурхан хулгайлж авсан нь үнэн. Гэхдээ одоо надад байхгүй байна. Улаангом оруулаад хүнд өгчихсөн байгаа. Улаангом ороод авч ирж өгнө” гэж хэлсэн. Түүний дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны орой хадам аавын гэрээс хулгайлсан бурхан, эд зүйлсийг буцааж авч ирж өгсөн. Очироо тухайн үед ганцаараа хулгай хийгээгүй байх гэж бодож байна. Учир нь манай хашаан дотор 2 хүний гутлын мөр байсан ба нэг мөр нь хашаанаас гараад алдагдсан юм. Эхнэр бид хоёр тариа хийлгэхээр гэрээс гараад тариагаа хийлгээд буцаад ирэхэд 30 орчим минут л болсон байх. Манай хашаанаас гараад Очироогийн хашаалуу орсон арзгар гутлын мөр, мөн гэр дотор асгарсан үнсэн дээр арзгар гутлын мөр гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 54-55-р тал/, 

                10. Гэрч Ч.Булганы мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёрыг гэртээ унтаж байгаад дүү Чойжилсүрэнгийн гэрээс бурхан алдагдсан талаар мэдээд Чойжилсүрэнгийн гэрт очиход тэдний гэрийн хаалга онгорхой, авдрын таг зэрэг нь онгорхой байсан. Мөн авдрын урд сангийн тавиурын үнс асгарсан байсан. Тухайн үед Чойжилсүрэнгийн гэрээс авдар дотор нь байсан цутгамал бурхан болон бурхны зураг зэрэг зүйлс хулгайлагдсан байсан. Тэгээд бид нар ул мөр байгаа эсэхийг шалгахад гэрт асгарсан үнсэн дээр арзгар ултай гултын мөр үлдсэн байсан. Тухайн үед харанхуй болсон байсан тул өглөө эрт ул мөр шалгахаар болоод маргааш өглөө нь манай нөхөр Чимэд болон Даваасамбуу бид нар ул мөр шалгахад хашаан дотор, гадна арзгар ултай болон хээгүй ултай 2 хүний гутлын мөр байсан. Бид нар уг ул мөрийг дагаад явахад арзгар ултай гутлын ул мөр нь Очироогийн гэрийн гадаа ирээд баларсан юм. Тэгээд бид нар Очироогийн гэрт ороход тэрээр ганцаараа унтаж байсан бөгөөд би Очироод “Манайд хулгай орсон байна, хулгайчийн ул мөр танай гэрлүү орлоо” гэж хэлэхэд Очироо босож хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан. Бид нарыг ул мөр шалгахад арзгар ул мөрийг хүн баллаад яваад байсан учраас Очироогоос “Энэ ул мөрийг хэн баллаад байсан юм” гэж асуухад очироо “Би энэ хавиар айлруу явж байсан юм” гэж хэлж байсан. Би Очироогоос “Танайд хэн хэн байсан юм” гэж асуухад “Манайд Сумьяа байсан” гэж хэлээд толгойгоо бариад суучихсан. Очироо нь бие муутай тул би тухайн үед Очироогоос дахин юм асуугаагүй. Энэ үед цагдаа нар хилийн үнэрч нохой авч ирээд арзгар хээтэй гутлын мөр үнэрлүүлэхэд Очироогийн гэрийн гадна очоод хэвтчихсэн. Бид нар үнэрч нохойн сургагч залуутай уулзахад “Энэ айлруу алдагдсан зүйл ороогүй байна. Эндээс машинд аваад явсан юм шиг байна” гэж хэлсэн. Нохой хашааны үүдэнд машины мөрний хажууд хэвтээд байсан. Тэгээд бид нар Очироогийн гэрийн ойролцоо зогсож байтал хэсгийн дарга Батзориг намайг дуудаад “Та Очироотой нэг уулзаадахаач. Очироо надад нэг юм яриад байна” гэхээр нь би Очироотой уулзахад “Манайд машинтай зүс буруу хүмүүс ирсэн юм. Тэр хүмүүст нэг хүн хайрцагтай юм өгөх шиг болсон. Би асууж сураглаж олж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Очироод “Чи тэгвэл утсаар яриад яаралтай олоод өг” гэж хэлээд бид нар гэр гэрлүүгээ явсан. Би гэрт очоод удалгүй Очирооруу залгаж “Чи нөгөө хүмүүстэйгээ утсаар ярьсан уу” гэж асуухад Очироо “Би ярьсан, одоо авч ирж өгнө” гэж хэлээд утсаа тасалсан. Анх бид нар Очироод “Хамт очиж авъя” гэж хэлэхэд Очироо “Тэгье” гэж хэлж байснаа сүүлд дахин утсаар залгаж “Би өөрөө очоод аваад ирье. Та нар явж хэрэггүй. Би эндээс Улаангомруу өвчтөн авч явж байгаа машинд суугаад явж байна” гэж хэлсэн. Очироо Улаангомруу явахдаа Жаргалсайхан гэх хүний машинтай явсныг нь сүүлд мэдсэн. Тэр хоёртой Төгсжаргал бас явсан гэдэг. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед Очироо ганцаараа бурхны зураг болон цутгамал бурхан зэргийг бүгдийг нь бүрэн бүтнээр нь авч ирж өгсөн. Тэр шөнө Очироо арзгар ултай гутал өмсөж байгаагүй бөгөөд өөр гутал өмссөн байсан. Би Очироогоос “Чи өөрөө орж хулгайлж авсан юм уу” гэж асуухад Очироо “Би орж авсан” гэж хэлсэн. Очироо энэ жил гэртээ ганцаараа амьдарч байсан бөгөөд эхнэр хүүхэд нь Улаанбаатар хотод байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 57-59-р тал/, 

                11. Гэрч Д.Лувсандагвын мөрдөн байцаалтад өгсөн: “Би хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хэсэг хариуцсан хил хамгаалалтын албанд нохой хөтлөгч, зааварлагчаар ажилладаг юм. Би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 06 цагийн үед Тэс сумын төвд байх албаны байрандаа унтаж байхад Тэс сумын Цагдаагийн хэлтсийн дарга Батзориг орж ирээд “Урд шөнө айлын гэрт хулгай орсон байна. Уг айлаас гарсан гутлын ул мөр байна. Чи нохойгоо аваад тэр мөрийг үнэрлүүлээд яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч нохойгоо аваад хэрэг гарсан айлд очиход хашааны үүдэнд цагаан ултай гутал гэмээр хээгүй ултай гултын мөр, мөн арзгар гэмээр хээтэй гутлын мөр зэрэг хоёр гутлын мөр байсан. Тэгээд нохойгоороо арзгар хээтэй гутлын мөрийг нь үнэлрүүлэхэд Очироо гэх айлын хашааны баруун талын жижиг хаалга дээр очоод нохой хэвтчихсэн юм. Уг мөр тухайн айлруу шууд орсон байсан. Хашааны жижиг хаалганы дэргэд машины дугуйны мөр байсан. Нохой Очироогийн хашааны гадаа очоод ийш, тийшээ явалгүй шууд хэвтчихсэн тул алдагдсан эд зүйлсийг Очироогийн гэрийн гаднаас автомашинд аваад явсан байх боломжтой байсан. Хэрэв гэрт байсан ч юм уу, ийш, тийшээ аваад явсан бол нохой мөр дагаад цааш явах байсан. Тэгээд би Очироогийн гэрийн гаднаас нохойгоо аваад харьсан юм” гэх мэдүүлэг  /хх-ийн I хавтасны 60-61-р тал/,    

                12. Гэрч О.Сумъяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Тэс сумын төврүү ноолуур зарахаар орсон юм. Ноолуураа зарчихаад тэр өдрөө сумын төв дээр хоноод 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Очироогийн гэрт ороход тэднийд Очироо, Төгсжаргал болон Төгсжаргалын хүү Дашдорж нар хажуудаа танихгүй 2 залуугийн хамт байсан. Би танихгүй 2 залуутай нь танилцахад Улаангом сумын Отгонбаяр, Нямбаяр гэж өөрсдийгөө танилцуулсан. Би Очироогийнд ороод Очироо, Төгсжаргал хоёртой 2 шил архи хувааж ууж дуусгахад Очироо “За миний найз чи одоо яв” гэхээр нь Очироогийн гэрээс 17 цагийн үед гарч явсан. Очироогийн гэрээс гарахад хашааны гадна цагаан өнгийн жийп машин зогсож байсан бөгөөд би дугаарыг нь анзаарч хараагүй. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 17-ны өглөө гудамжинд явж байтал Очироогийн гэрийн ойролцоо Булган, Даваасамбуу, Чимэд гэх хүмүүс Очироогийн хамт зогсож байхаар нь тэдний хажууд очиход надаас тэд нар “Чи Очироогийн гэрт хоносон уу” гэж асуухаар нь би энэ шөнө Очироогийн гэрт хоноогүй, тэдний гэрт Төгсжаргал залуутайгаа болон Улаангом сумынх гэсэн 2 залуу байсан гэдгийг нь хэлсэн. Тэгтэл Чимэд, Булган нар “Өчигдөр орой Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан байна. Цагдаа нар мөр мөшгөж байна. Мөр Очироогийн гэрлүү ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Очироод “Чи намайг яв” гээд гэрээсээ хөөгөөд байсан. Хулгай хийх гээд намайг хөөгөөд байсан юм байна” гэж хэлэхэд Очироо хариу ямар нэгэн зүйл хэлээгүй. Миний хувьд энэ хулгайн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 62-63-р тал/, 

           13. Гэрч Н.Чимэдийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой гэртээ унтаж байтал манай хадам дүү Чойжилсүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт нь ороод авдарт нь байсан хоёр ширхэг бурхан болон бурхны зургууд хулгайлагдсан байна гэж сонсоод манай эхнэр Булган босч Чойжилсүрэнгийн гэрлүү явсан. Би тухайн үед согтуу унтаж байсан болохоор босож явж чадаагүй юм. Маргааш нь өглөө эрт Чойжилсүрэнгийн гэрт очиход хашааны дотор болон гадна талд хоёр янзын гутлын ул мөр гарсан байсан ба хээтэй гутлын мөрийг нь би дагаж яваад Очироогийн хашааны гадна очоод ул мөр үгүй болсон. Хулгайд алдагдсан эд зүйлсийг Очироо авсан нь тодорхой болсон тул манай эхнэр Булган Очироогийн гэрлүү орж түүнийг дагуулж гарч ирсэн. Би Очироод “Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан байна. Танай гэрээс хүн ирж авсан байна. Хэн ирж авсан юм” гэж асуухад Очироо “Манайд олон хүн ирсэн” гэж хэлсэн. Мөн ул мөр дагаж байхад хээтэй гутлын мөрийг нь хүн ирээд хөлөөрөө баллаад яваад байсан болохоор би Очироогоос “Энэ гутлын мөрийг хүн баллаад байсан байна, хэн балласан юм” гэж асуухад Очироо “Би энэ хавьд утсаар ярьж байсан юм” гэж хэлсэн. Энэ үед цагдаагийн хүмүүс хилийн цэргийн үнэрч нохой авч ирээд мөрийг нь үнэрлүүлэхэд мөн л Очироогийн гэрийн гадаа очсон. Энэ ул мөрийг нохой хүртэл баталсан юм. Тэгээд бид нар гэрлүүгээ яваад, цагдаа нар ажлаа хийгээд үлдсэн юм. Дараа нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны орой Очироо Чойжилсүрэнгийн гэрээс хулгайд алдагдсан бурхныг манай эхнэр Булганд авч ирж өгсөн байсан. Бурхан алдагддаг өдөр Очироогийн гэрт гадны хүмүүс байсан гэсэн. Гэхдээ би ямар хүмүүс байсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 64-65-р тал/, 

                14. Гэрч Н.Төмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрийн хурдан удмын нэг морио Баатарын Очироод хадгалуулж байсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед Очироогийн гэрт очиход хашааных нь гадна цагаан өнгийн жийп машин зогсож байсан. Очироогийн гэрт ороход манай сумын иргэн Төгсжаргал, Очироо хоёр сууж байсан бөгөөд өөр хоёр хүн толгойгоо хөнжлөөр бүтээчихсэн унтаж байсан. Би тухайн үед Очироод “Морио эргэж явна” гэж хэлээд гараад явсан. Төгсжаргал нь Очироогийн төрсөн эгчийг авсан хүргэн нь болох хүн юм. Тухайн үед Төгсжаргал ямар ажилтай явж байсныг нь мэдэхгүй. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед Очироо надруу гар утсаар залгаад “Би хөдөө ажлаар явах боллоо. Та морио очиж идүүлээрэй” гэж хэлсэн. Сүүлд нь сонсоход Очироо хөдөө яваагүй, хулгайлж авсан бурхнаа Улаангомоос авч ирэхээр Жаргалсайхан гэдэг хүний машинтай Улаангомруу явсан байсныг нь мэдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 67-68-р тал/, 

                15. Гэрч Ш.Батхуягийн мөрдөн байцаалтад: “Би Баатар овогтой Очироог сайн танина. Очироо нь манай сумын Тэжээлийн фондын харуул ажилтай бөгөөд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Эхнэр Цэндхүү нь аавынх нь бие муудаад Улаанбаатар хотруу яваад нэг жил болж байна. Очироо одоо гэртээ ганцаараа амьдарч байгаа. Очироо нь даруу төлөв зантай хүн бөгөөд бурхан хулгайлсан гэхээр нь би гайхаад байна. Хулгай хийхээргүй хүн бөгөөд одоо Очироод мал, хөрөнгө байдаг эсэхийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 69-р тал/,

                 16. Гэрч Ч.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний аав Чойжилсүрэн, ээж Намчин хоёр 2017 оны 3 дугаар сарын 04-ний үед Улаанбаатар хотруу хувийн ажлаар явсан юм. Аавын манай хоёрын гэр нэг хашаанд байдаг болохоор аав гэрээ цоожлоод түлхүүрээ манайд үлдээгээд явсан. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад би айлд очиж тариа хийлгэхээр нөхөр Даваасамбуугийн хамт машинтайгаа явсан. Гэрээс гарахдаа гэрээ цоожлоод хашааны том хаалгаа онгорхой орхиод явсан. Тариагаа хийлгээд 30 орчим минутын дараа гэртээ ирээд гэрт ус байхгүй болохоор нь нөхөр Даваасамбуугийн хамт усанд явахаар болсон. Тэгээд аавын гэрээс усны сав авахаар гэрийнх нь үүдэнд очиход хаалганых нь цоожийг эвдсэн, хаалга нь хаалттай байхаар нь гэрт ороход тотгоны нэг унь уначихсан байсан. Мөн авдрын өмнө байсан ширээн дээрээс сангийн бааврыг унагаад үнсийг нь асгачихсан байсан. Нөхөр бид хоёр авдар дотор байсан бурхан хулгайлж авсан байх гэж бодоод авдрыг шалгаж харахад авдрын цоожийг нь цүүгийн хамт мулт татаад гаргасан байсан. Авдар доторхи зүйлийг харахад хоёр ширхэг цутгамал бурхан болон бусад зүйлсийг хулгайлсан байсан. Би гэрээс гарч бурхан хулгайлагдсан талаар аав, ээжрүү утсаар ярьж хэлсэн. Тэгээд манай нөхөр цагдаад дуудлага өгсний дагуу цагдаа нар гэрт болон гэрийн гадуур, хашааны гадна үзлэг хийсэн. Би нялх хүүхэдтэй тул гэрээс гарч чадаагүй, ямар ул мөр байсныг нь анзаарч хараагүй. Маргааш өглөө нь би аавын гэрт ороход асгарсан үнсэн дээр нэг гутлын ул мөр байсан. Гэхдээ одоо ямар ул мөр байсныг нь санахгүй байна. Өглөө эрт Даваасамбуу, Булган эгч, Чимэд ах нар хашааны дотор болон гадна байсан мөрийг харж байгаад Чимэд ах нэг гутлын ул мөр дагаад явсан. Удалгүй Очироо гэх хүн бурхан хулгайлсан болж таарсан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны орой Очироо гэх хүн хулгайлж авсан бурхан, бурхны зураг зэргийг Булган эгчид бүрэн бүтнээр нь авч ирж өгсөн байсан. Очироо ямар учраас бурхан хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны ийн 70-71-р тал/,

               17. Гэрч З.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Дашдорж надтай 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагийн үед уулзаад “Ямаа самнах хүн байна уу. Нэг ямаа 5000 төгрөгөөр самнуулна. Явах хүн байна уу” гэж асуусан. Тэгээд би эхнэрийн нагац ахын хүүхэд болох нэг хүүхэдтэй уулзаад “Чи хөдөө явж ямаа самнах уу” гэж асуухад тэр хүүхэд зөвшөөрсөн. Тэгээд би тэр хүүхдийг дагуулаад Дашдорж дээр очоод шууд Тэс сумруу Дашдорж, Нямбаяр болон нөгөө ямаа самнахаар авч явсан хүүхэд бид нар цагаан өнгийн жийп автомашинаар явсан. Ямар маркийн, ямар дугаартай автомашин байсныг мэдэхгүй байна. Бид нар Улаангомоос 12 цагийн үед гараад Дашдоржийн аав Төгсжаргалын гэрт 18 цагийн үед очсон. Тэднийд Төгсжаргал ах эхнэртэйгээ хоёулаа байсан. Өөр хүн байхгүй байсан. Бид нар хоол хийж идээд гарч ямаа хөөрсөн эсэхийг шалгахад ямааны ноолуур огт хөөрөөгүй байсан бөгөөд 4 сард манай Тариалан сумын ямааны ноолуур хөөрөөгүй байсан. Дашдорж надад “Манай Тэс суманд ямааны ноолуур эрт хөөрдөг юм. Та хоёр өдөрт 10 ямаа самналгүй яадаг юм. Нэг ямааг 5000 төгрөгөөр самнуулна” гэхээр нь би төрлийнхөө хүүхдийг дагуулаад явсан юм. Тэгээд хоол идээд ишиг хурга тавиж байгаад Дашдорж надад “Би аавыг аваад Улаангомруу явлаа. Чи дүүтэйгээ манайд үлдээд ямаа самнаад аавыг иртэл хоёр, гурван өдөр байж бай” гэж хэлэхээр нь би түүнд “Больж үз, би ажилтай, үлдэж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд авч явсан хүүхдээ Төгсжаргалын гэрт үлдээгээд Төгсжаргал ах, Нямбаяр, Дашдорж бид нар шууд Тэс сумын төвд ирсэн. Ямар ажилтай сумын төвд ирснийг мэдэхгүй. Сумын төвд ирээд том хашаатай айлд ирж тэднийд хоносон. Тэр айлд нэг эрэгтэй хүн байсан бөгөөд нэрийг нь Очироо гэж байсан. Тэгээд тэр шөнө тэр айлд хоноод өглөө нь босоод Очироо “Хүнээс өр авах ёстой. Тэр хүнтэй уулзаж өрөө авъя” гэж хэлж байсан. Мөн “Бензин авна” гээд Дашдорж, Нямбаяр, Очироо нар машинтай гараад явсан. Очироогийн гэрт Төгсжаргал ах бид хоёр үлдсэн. Тэр гурав гарч яваад орой нартай байхад ирээд Нямбаяр, Төгсжаргал ах, Дашдорж бид дөрөв нар орох гэж байхад Тэс сумаас гарч Улаангомруу явсан. Бид нар шууд явсаар байгаад Улаангомруу орж би гэрийнхээ гадна буусан. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 72-р тал/, 

               -Гэрч З.Отгонбаярын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Бид нар Төгсжаргал ахын гэрт 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр очоод тэр өдрөө Улаангомруу шууд буцаж явахад машины бензин хүрэхгүй байсан тул Тэс сумруу бензин авахаар орсон. Тэс сумын төвд бензин тасарчихсан байсан тул Очироогийн гэрт хоносон. Бид нар хулгай хийх гэж Тэс суманд очоогүй бөгөөд Очироо, Төгсжаргал ах, Дашдорж, Нямбаяр бид нар Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлах талаар ярилцсан зүйл байхгүй. Би Төгсжаргал ах, Очироо хоёрыг Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлсан гэдгийг мэдээгүй. Бид нарыг Төгсжаргал ахын гэрт очиход дөнгөж хонь гаргачихсан байсан тул Дашдорж тэр хонины махыг нь аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 73-р тал/, 

               18. Гэрч М.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр найз Дашдорж, Отгоо болон танихгүй хүүхдийн хамт дөрвүүлээ Тэс сумруу явсан. Дашдорж намайг “Машин бариад Тэс сумруу яваад өгөөч” гэхээр нь би 64-05 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн жийп автомашиныг барьж явсан. Бид дөрөв 14 цагийн үед Улаангомоос гараад орой нар жаргаж байхад Дашдоржийн аав Төгсжаргал ахын гэрт очсон юм. Тэднийд очоод хоол идээд Төгсжаргал ах, Отгоо, Дашдорж бид дөрөв Тэс сумруу явсан. Бид нарыг Улаангомруу явж байхад машины бензин багасахаар нь Тэс сумруу орсон. Тэс сумын төвд орой 20 цагийн үед ороод Очироо гэх айлд очиж, Очироогийн гэрт уугаад өнжсөн. Тэс сумын төвд бензин ховор байсан тул нэг дэлгүүрээс 20 литер бензин худалдаж аваад орой 23 цагийн үед Очироогийн гэрээс Улаангомруу явж шөнө 02-03 цагийн үед Улаангомд ирж гэр гэртээ буусан. Тэс сумруу явсны дараа айлын гэрээс бурхан алдагдсан хэрэг гарч Очироо гэх ах холбогдсон талаар сонссон. Миний хувьд айлын гэрээс бурхан алдагдсан хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө бид нар хулгай хийгээгүй. Очироо, Төгсжаргал ах, Дашдорж, Отгонбаяр бид нар Чойжилсүрэнгийн гэрээс хулгай хийх талаар ярилцсан зүйл ерөөсөө байхгүй. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой Төгсжаргал ах, Очироо нарыг Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлсан гэдгийг би мэдээгүй. Тэр орой Улаангомруу явахад Төгсжаргал ахыг машинд бурхан авч суусан эсэхийг би мэдээгүй. Тухайн үед би жолоо барьж байсан болохоор хараагүй. Сүүлд л Төгсжаргал ахыг машинд суухдаа бурхан авч суусан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 74, 75-р тал/,           

               19. Гэрч Т.Дашдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед найз Нямбаярын хамт Алтангэрэл гэх хүний 64-05 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн “Ланд круйзер” маркийн автомашиныг гуйж авчаад Тэс сумруу аав Төгсжаргалыг очиж авахаар явсан. Мөн идэшний мал авах санаатай байсан. Нямбаяр бид хоёр Улаангомоос нэг хүүхэд авч явсан бөгөөд тэр хүүхдийн нэрийг мэдэхгүй байна. Манай аав Төгсжаргалын гэр Зүүнговь сумын Тохой багийн нутаг “Дэнжүүрийн нурган” гэх газар байсан. Нямбаяр бид хоёр 17 цагийн үед аавын гэрт очоод идэшний хонио гаргаж, цай хоол идээд аавыг аваад Улаангомруу явсан. Тэгээд Тэсийн гүүрийн хажууд явж байхад автомашины бензин багассан юм. Тэгэхээр нь Тэс суманд байх Очироогийн 95182393 дугаарын гар утасруу аавын 98483406 дугаарын гар утаснаас залгаж “Танай суманд 92 бензин байна уу” гэж асуухад Очироо “Хадаагийн ШТС-д 92 бензин зарагдаж байгаа” гэж хэлэхээр нь сумын төв явсан. Сумын төв ороод Хадаагийн ШТС дээр очоод Хадаагаас 92 бензин байгаа талаар асуухад “92 бензин байхгүй байна. Өнөө шөнө 92 бензин ирнэ, замд явж байгаа” гэж хэлэхээр нь Очироогийн гэрт орой бүрэнхий болж байхад очсон. Бид нар Очироогийн гэрт хоноод өглөө Очироо бид хоёр гарч дахин Хадаагийн ШТС дээр очиж бензин ирсэн талаар асуухад Хадаагийн дүүгийн эхнэр болох танихгүй эмэгтэй гарч ирээд “Бензин ирээгүй байна” гэж хэлэхээр нь Очироогийнд очоод хоол хийж идээд 16 цагийн үед дахин бензин хайхаар гараад Очироо гэх айлын ШТС-аас бензин байгаа эсэхийг асуухад “Бензин дуусчихсан” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бензин хайж гадуур нилээн явж байгаад Батсүх гэх хүний эхнэрээс 20 литер бензин авсан юм. Бензин авах гэж гадуур явж байхад Нямбаяр, Очироо бид нар хамт явсан. Аав Төгсжаргал, Очироогийн гэрт үлдсэн бөгөөд 21 цаг өнгөрч байхад Батсүхийн эхнэрээс 20 литер бензин аваад Очироогийнд очиход аав хоол хийчихсэн байсан. Очироо, Нямбаяр аав бид дөрөв хоол идээд Улаангомруу Нямбаяр, аав бид гурав 22 цагийн үед явсан. Шөнө 02 цагийн үед Улаангомд ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бид нартай хамт Өнөрбаян овогтой Чулуун Тэс сумруу яваагүй. Би сүүлд Улаангомд ирээд хэд хоносны дараа Чойжилсүрэнгийн гэрээс бурхан алдагдсан гэж хүнээс сонсож мэдсэн. Би Очироо болон аав Төгсжаргал нарыг Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлсан гэдгийг мэдээгүй, мэдэхгүй. Энэ хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 76-78-р тал/, 

                20. Гэрч Э.Лхайсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Очироогийнд очоод 1 шил архи уугаад сууж байхад Төгсжаргал хажуудаа танихгүй гурван залуугийн хамт орж ирсэн. Би тэд нартай мэнд усаа мэдээд гараад явсан. Төгсжаргал ямар ажилтай явж байсныг нь мэдэхгүй байна. Миний хувьд Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан хэргийн талаар үзэж, сонссон зүйл байхгүй. Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан гэх өдрөөс хойш 2-3 өдрийн дөрөө “Очироо нь Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлсан, тэгээд Улаангомоос очиж авч ирж өгсөн гэнэ” гэсэн яриаг хүмүүсээс сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 79-р тал/, 

                21. Гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед Очироо ирж надтай уулзаад “Улаангом явах яаралтай ажил байна. Яаралтай яваад ирье. Өдөртөө яваад ирмээр байна” гэж хэлэхээр нь би түүнээс “Хөлс хэдэн төгрөг өгөх юм” гэж асуухад Очироо “100.000 төгрөг өгье” гэхээр нь би түүнд “100.000 төгрөг байга байна. 140.000 төгрөг өг” гэхэд Очироо “20.000 төгрөг нэмж өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Очироо бид хоёр миний 11-03 УВХ улсын дугаартай “Tоуоta kluger” маркийн суудлын автомашинаар 11 цаг өнгөрч байхад Тэс сумаас гарсан. Бид хоёр Улаангомд 14 цаг өнгөрч байхад орж ирээд Очироо “Итгэлт” зах дээр буугаад үлдсэн. Би автомашины сэлбэг хайгаад явж байгаад Тээврийн хороонд байдаг автозасварын газраас сэлбэг авсан. Худалдагч нь намхан хар царайтай танихгүй залуу байсан. Би сэлбэгээ аваад “Шинэ эрин” автозасварын газар машинаа засуулах гээд оочерлож байхад Очироо надруу 95182393 дугаараас миний 95454464 дугаарлуу залгаж “Тэсрүү явъя” гэж хэлэхээр нь би түүнд “Би “Шинэ эрин” авто засварын газар дээр байна. Хүрээд ир” гэхэд Очироо тэнд такситай ирсэн. Очироо цаасан хайрцагтай зүйл авч ирээд машин дотор тавьсан. Тэгээд бид хоёр зах дотор гуанзанд орж хоол идчихээд Тэсрүү гарсан. Бид хоёртой хамт хүн яваагүй. Тэс сумруу бид хоёр орой 23 цагийн үед ороод Очироо гэрийнхээ гадна хайрцагтай зүйлээ аваад бууж үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр Одгэрэл намайг “Хулгай хийсэн хүнтэй хамт Улаангом явлаа” гэж загнахаар нь би Очирооруу гар утсаар залгаж ярихад Очироо “Хөгшин нь согтуу явж байгаад Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлчихсан байна. Чамтай хамт Улаангомруу явж бурханыг нь авч ирсэн юм” гэж хэлсэн. Очироо надтай Улаангомруу ямар ажилтай явж, юу авч ирсэн талаар тухайн үед хэлээгүй. Би Очироогийн Улаангомоос авч ирсэн цаасан хайрцаг дотор бурхан байсан гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 80-р тал/, 

               22. Гэрч Ц.Цэндхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хувьд энэ хэргийн талаар үзэж харсан зүйл байхгүй. Би 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотруу хүүхдээ эмчилгээнд аваад явсан. Тэгээд тэндээ ажилд ороод хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсан. Харин манай нөхөр Очироо Тэс сумын төвд Нөөцийн газрын манаачаар ажиллаж байсан тул тэнд ганцаараа гэртээ амьдарч байсан. 2017 оны 04 дүгээр сард Очироо “Миний бие өвдөөд байна” гэж утсаар ярьдаг байсан. Тэгснээ гэнэт хэдэн өдөр гар утас нь холбогдохоо байж байгаад Улаанбаатарт гэнэт гэрт ороод ирсэн. Би Очироогоос “Яагаад гэнэт хүрээд ирэв” гэж асуухад “Би бурхан хулгайлсан хэрэгт холбогдчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед би Очироогоос хаанаас, хэнтэй, ямар хулгай хийсэн талаар асуухад юу ч хэлээгүй юм. Очироо гэрт ирээд хэд хоног хоносны дараа хошууч Батзориг надруу ярьж Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан хэргийн талаар хэлсэн. Тэгээд би Очироогоос “Чи Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлсан уу” гэж асуухад, “Тиймээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс “Хэнтэй хамт хулгайлсан юм бэ” гэж асуухад “Төгсжаргал ах бид хоёр Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлсан” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн хүмүүс энэ хулгайн хэрэгт оролцсон талаар юм хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 81-р тал/, 

               23. Гэрч Б.Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Очироогийн төрсөн эгч нь болох хүн юм. Бид нар эцэг эхээсээ есүүлээ бөгөөд би хамгийн том эгч нь юм. Бид нар хөдөө аав, ээжийн хажууд мал маллаж, бүгдээрээ ерөнхий боловсролын сургуульд сурч төгссөн. Очироо манай эрэгтэй хүүхдүүдийн хамгийн том нь юм. Очироо багын эрх дураараа өссөн хүүхэд боловч хүний үгэнд их оромтгой, хүний хэлсэн үгээр байдаг. Очироод ямар нэг муу зуршил, зөрүүд зан байдаггүй. Очироо 8 дугаар анги төгсөж мал маллаж байгаад гэр болж сумын төвд болон Улаангомд амьдарч байсан. Ам бүл-5, эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Гурван хүүхэд нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд том охин нь цэцэрлэгт багш ажилтай, дунд хүүхэд нь сургуулийн сурагч, бага хүүхэд нь цэцэрлэгт явдаг. Эхнэр Цэндхүү нь Улаанбаатар хотод цэцэрлэгт багшаар ажилладаг. Очироо Тэс суманд Тэжээлийн фондын сахиулаар ажилладаг бөгөөд ганцаараа Тэс сумын төвд амьдарч байсан. Очироо 8 ханатай эсгий гэртэй ба хувийн хашаа, байшин байдаггүй. Мал хөрөнгө байдаг эсэхийг мэдэхгүй. Уул нь хэдэн малтай байсан боловч хүүхдийнхээ оюутны төлбөрт малаа зарж өгөөд дуусгасан байх. Очироо элэгний өвчтэй бие муутай хүн. Миний хувьд Очироогийн бурхан хулгайлж авсан хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 82-р тал/,

               24. Гэрч Б.Дэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Миний хүү Дашдорж нь танихгүй 2 залуу, 1 хүүхдийн хамт цагаан өнгийн жийп машинтай гэртээ ирсэн. Дашдоржийг “Ямаа самнах хүн авч ир” гэхээр нь нэг хүүхэд авч ирсэн байсан. Мөн идэшний хонь авахаар 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үдийн үед ирээд нэг хонь гаргаж аваад нар орох гэж байхад авч ирсэн хүүхдээ үлдээгээд буцаад явсан. Дашдоржтой хамт миний нөхөр Төгсжаргал явсан бөгөөд Өндөрхангай сумруу явж адуугаа авч ирэх ажилтай байсан юм. Төгсжаргал гэрээс явахдаа өөрийнхөө нэг эмээлийг шуудайнд хийгээд аваад явсан. Түүнээс хойш 6 хоноод гэртээ ирсэн. Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан талаар одоогоос хэд хоногийн өмнө мэдсэн. Миний зүрх муу болохоор Төгсжаргал надад хулгайн талаар ерөөсөө хэлээгүй байсан. Хэд хоногийн өмнө Төгсжаргал “Цагдаа дуудаж байна” гэж хэлээд Улаангомруу явсан. Би Дашдоржтой хамт явсан 2 залууг танихгүй бөгөөд ямар ажлаар явж байсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 84-85-р тал/,

               25. Гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн үеэр Тэс суманд бензин тасарсан байсан. Манай ШТС-д бензин байгаагүй. Энэ өдөр бензин зараагүй бөгөөд 64-05 УВХ улсын дугаартай автомашин бензин асууж ирсэн эсэхийг санахгүй байна. Би Төгсжаргал гэх хүн болон түүний залууг танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 86-р тал/, 

               26. Гэрч Д.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш намайг дэлгүүртээ худалдаа хийгээд зогсож байхад Очироо хажуудаа хоёр танихгүй залуугийн хамт цагаан өнгийн жийп машинтай ирээд 20 литер 80 бензин худалдаж аваад явсан. Энэ үеэр суманд бензин ховор байсан тул би хувиараа бензин зарж байсан юм. Би тухайн үед Очироотой хамт явсан залуучуудыг гадны залуучууд юм байх гэж бодож байсан. Сүүлд бодоход нэг нь Төгсжаргалын залуу байсан. Тэд нар ороогүй байхад бензин ирж авсан бөгөөд хэзээ Улаангом явсаныг нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 88-р тал/, 

               27. Гэрч Н.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Очироо нь манай Тэс сумын 6-р багийн иргэн бөгөөд ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Эхнэр, хүүхдүүд нь Улаанбаатар хотод амьдардаг боловч албан ёсоор шилжүүлэг хийлгээгүй, шилжээгүй байгаа. Очироо нь Тэс сумын улсын фондын сахиулаар ажилладаг, фондын хашаанд гэр нь байдаг юм. Амьдрал ахуйн хувьд дунд зэргийн түвшний айл өрх юм. Цөөхөн тооны малтай, хувийн хашаа, байшин гэх зүйлгүй, 8 ханатай тавилгатай эсгий гэрт амьдардаг. Очироо нь зан аашын хувьд даруухан, хүнд их тусархаг залуу юм. Манай Тэс сумын ард түмэн Очироог бүгд танина. Хөл, гараа авсан адуу малыг хатгаж өвчнийг нь эдгээхдээ сайн. Архи уудаггүй, урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн юм. Очироо нь элэгний өвчтэй бөгөөд энэ өвөл гэртээ ганцаараа өвөлжсөн. Төгсжаргалын эхнэр нь Очироогийн эгч болох хүн байдаг юм. Очироо ер нь их тусархаг, даруухан залуу юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 89-90-р тал/, 

               28. Гэрч Д.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө эхнэр, хүүхдүүдийн хамт гэртээ амарч байсан бөгөөд тэр шөнө Очироо манай гэрт ирээгүй. Очироо бид хоёрын хооронд садан төрөл, найз нөхдийн холбоо байхгүй. Очироо 2017 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө манай гэрт ирсэн гэж хэлсэн бол худлаа хэлж байна. Харин би тэр өдөр гудамжинд мотоцикльтой явж байгаад Очироотой тааралдсан. Тухайн үед Очироо хэнтэй явсаныг мэдэхгүй байна. Би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Очироог айлын гэрээс хулгай хийсэн гэж хүмүүс хоорондоо ярьж байхыг сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 91-р тал/, 

               29. Гэрч Б.Цэдэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Төгсжаргалын танина. Бид хоёр нэг нутгийн, нэг багийн хүмүүс юм. Хар багаасаа бие биенээ таних бөгөөд садан төрлийн холбоо байхгүй. Төгсжаргал амьдрал ахуйн хувьд сайн. Монгол Улсын сайн малчин гэдэг цолыг 2015 онд авсан. Төгсжаргал нь багаасаа мал маллаж өссөн адуучин, эмнэг хангал сургалтын спортын мастер хүн юм. Ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хоёр хүүхэд нь тусдаа гарсан, гэр бүлтэй. Одоо 1000 орчим малтай, манай Тэс сумын 11-р багийн унаган хүүхэд юм. Бэлчээрийн хомсдлоос болж Зүүнговь сумын Өгөөмөр багт оршин сууж байгаа. Зан аашын хувьд Төгсжаргал нь хүнтэй зөв боловсон харьцдаг, төлөв даруу зантай, янз бүрийн онгироо, сагсуу зангүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи, тамхи хэрэглэдэггүй хүн юм. Би Төгсжаргалыг хулгай хийсэн гэдэгт итгэхгүй байна. Амьдралд нь дутагдаж, гачигдах зүйл энэ хүнд байхгүй. Төгсжаргал 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хаасан хүн юм. Төгсжаргалын адуу өвөл, хаврын улиралд Завхан аймгийн Сантмаргац суманд байж байгаад саяхан Тэс суманд ирсэн. Төгсжаргал нь адуу малд ир сонирхолтой бөгөөд бурхны ном, судар сонирходог эсэхийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 92-93-р тал/, 

               30. Гэрч Р.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед байх Тэс сумын төв гудамжинд би Гэрлээ, Халзаа гэх хоёр залуутай таараад дэлгүүрээс нэг шал архи авсан. Тэгээд бид гурав Тэжээлийн үйлдвэрийн хуучин барилга дотор авсан архиа уугаад сууж байтал Очироо бид нар дээр ирсэн. Очироо усны сав барьчихсан “Усанд явж байна” гэж хэлж байсан. Тэгээд бид дөрөв архиа ууж дуусаад тэндээс гарсан бөгөөд Гэрлээ, Халзаа хоёр Очироогоос өвс авна гэж байсан. Гэрлээ надад “Очироогийн гэрт ороход Төгсжаргал гэх хүн ирчихсэн байна” гэж хэлж байсан. Тэр хоёр надаас салаад Очироогоос өвсөө аваад явсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 94-р тал/, 

               31. Гэрч Б.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр Алтангэрэл 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө мотоцикльтой сумын төврүү ганцаараа явсан. Очироо гэх хүн манайхаас идэшний нэг хонь авсан бөгөөд тэр хониныхоо оронд өвс ачиж авахаар явсан юм. Тэгээд орой нь Халзаа гэх хүний машинд өвс ачаад нар ороогүй байхад ирсэн. Манайх сумын төвөөс 10 орчим км зайд байдаг бөгөөд тэр өдөр манайд Улаангомоос хүмүүс ирээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 95-р тал/, 

               32. Гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр намайг сумын төв дээр байх гэртээ байтал Алтангэрэл манайд ирээд “Та надад өвс ачаад манай гэрт хүргээд өгөөч” гэхээр нь би өөрийн УАЗ маркийн автомашинаар Очироогийн хашаанаас очиж өвс ачиж гэрт нь хүргэж өгсөн юм. Өвсийг Алтангэрэл, Очироо бид гурав ачсан юм. Тухайн үед Очироогийн гэрт ороход Төгсжаргал нь хүү Дашдоржийн хамт тэдний гэрт байсан. Өөр гадны хүмүүс байхгүй байсан. Алтангэрэлийн гэр сумын төвөөс 8 орчим км-ийн зайд байдаг бөгөөд би өвсийг нь ачиж Алтангэрэлийн гэрийн гадаа буулгасан. Алтангэрэлийн гэрт түүний эхнэр Одгэрэл байсан бөгөөд тэдний гэрт очиход орой 17-18 цагийн орчим болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 96-р тал/, 

               33. Гэрч Г.Магсарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Төгсжаргал ахыг танина. Бид нар нэг нутаг усны, нэг багт хамт айл байсан хүмүүс тул нэг нэгийгээ сайн танина. Төгсжаргал ах их сайн малчин бөгөөд мал сайн малладаг, отор нүүдэл их хийдэг хүн юм. Зан аашын хувьд хүнтэй эелдэг харьцдаг, уур уцааргүй, хүнтэй муудалцаж, зодолдоод байдаггүй, их л хөдөлмөрч хүн байгаа юм. Одоо ам бүл 3-уулаа, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг. Гавъяа шагналын хувьд 1980-аад онд Улсын уран бугуйлчаар шалгарч байсан. Мөн аймаг, сумын сайн малчин цол тэмдгээр шагнуулж байсан. Архи дарс хэрэглэдэггүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Насаараа мал маллаж байгаа бөгөөд одоо 1000-т малчин, ер нь боломжийн амьдралтай айл юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 98-р тал/, 

               34. Гэрч Н.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Очироог багаас нь хүүхэд байх үеэс нь таньж мэднэ. Очироо бид хоёр залуу насандаа Тэс суманд хамт мал маллаж амьдарч байсан, нэг нутгийн хүмүүс юм. Очироо нь хүнд тусархуу зантай, малын өвчтэй хөл, судас хатгадаг авъяастай, сүрхий мэдрэмжтэй хүн юм. Би Очироогийн гэр бүлийн байдал, амьдрал ахуйн талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ Очироог сайн таних бөгөөд Очироо нь архи дарс нэг их уудаггүй, урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Очироо нь амьдрал ахуй нь сайн байсан ч, муу байсан ч хүнтэй нэг л зангаараа сайн харьцтаатай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 99-р тал/, 

               35. Гэрч Т.Цэвээнжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Төгсжаргал бол миний төрсөн ах юм. Бид нар эхээс 18-уулаа бөгөөд нэг эцэг, хоёр эхтэй хүмүүс юм. Төгсжаргал ах 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарсанаас хойш одоо хүртэл мал маллан амьдарч байгаа. Төгсжаргал ах ам бүл 5-уулаа юм. Хоёр хүүхэд нь гэр бүл болоод тусдаа гарсан, одоо нэг хүүхэд нь гэртээ байдаг. Миний ах Төгсжаргал нь Тэс, Зүүнговь сумууддаа нэр хүндтэй, Улсын сайн малчин гэх цолыг 2015 онд авсан хүн юм. Мөн улсын уран бугуйлч тэмцээнд орж түрүүлж байсан. Зан аашын хувьд хүнтэй зөрж харьцах харьцаа байдаггүй, төлөв даруу, хүнд тусархуу зантай юм. Нэг гэм нь хүний үгэнд их оромтгой, хүний үгнээс гардаггүй хүн юм. Эд хөрөнгийн хувьд мал хөрөнгө ихтэй, автомашин, хуучны эдлэл, хөөрөг зэрэг эд хөрөнгөтэй. Ер нь бол хүнээс эд хөрөнгө хайгаад яваад байх хүн биш юм. Одоо Зүүнговь сумын Өгөөмөр багт оршин суудаг бөгөөд Тэс суманд малын бэлчээр байхгүй учраас нутаг хайж Зүүнговь сумруу шилжсэн юм. Төгсжаргал ах өмнө нь хулгай хийж, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 100-р тал/, 

               36. Гэрч Б.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хувьд энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би 2017 оны 4 дүгээр сарын 05-нд Ховд аймагруу яваад 5 дугаар сарын 13-нд Увс аймагт гэртээ ирсэн. Миний нөхөр Нямбаяр нь энэ хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 15-нд Тэс сумруу найз Дашдоржийн хамт яваад ирсэн гэж хэлж байсан. Нямбаяр нь Дашдорж гэх залуутай 2017 оны өвөл танилцсан гэсэн. Миний нөхөр Нямбаяр нь морь, мал их сонирходог бөгөөд Дашдоржийн аавынх их адуутай айл тул Дашдоржтой танилцсан гэсэн. Нямбаярыг Тэс сумруу ямар ажлаар яваад хэд хоноод ирсэнийг нь мэдэхгүй байна. Нямбаярыг цагдаагийн газраас дуудахаар нь би түүнээс юу болсон талаар асуухад Нямбаяр “Би Дашдоржтой хамт 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Тэс сумруу яваад 4 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн. Тэр үед манай машинд Дашдоржийн аав Төгсжаргал хулгайн эд зүйл авч ирсэн байна. Би машинд хулгайн эд зүйл авч явааг мэдээгүй бөгөөд энэ талаар цагдаа нар асууж байна” гэж хэлсэн. Манайх зайрмагны цех ажиллуулдаг бөгөөд манай нөхөр Нямбаяр хуучны эд зүйл сонирхож, худалдаж авдаггүй.” гэх мэдүүлэг /хх 1-ийн 101-р тал/, 

               37. Гэрч Д.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Төгсжаргал овогтой Дашдоржийг зүс танина. Манайн нөхөр Отгонбаяр нь Дашдоржтой 2016 оноос хойш танилцсан, найзууд юм. Манай нөхөр Отгонбаяр 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Тэс сумруу явсан. Дашдорж манай нөхрөөр ямаа самнуулна гэж хэлээд авч яваад 2017 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө ирсэн. Тухайн үед Тэс сумруу хэн хэн, ямар унаагаар явсныг мэдэхгүй байна. Отонбаяр буцаж ирээд “Ямаа самнах гэсэн чинь хөөрөөгүй байна” гэж хэлсэн. Отгонбаяр Тэс сумруу явахдаа манай хамаатны хүүхэд болох Тулгааг авч явсан бөгөөд Отгонбаяр ямаа самнах самаа авч яваад буцаагаад авч ирсэн. Өөр ямар нэгэн зүйл авч ирээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 102-р тал/, 

               38. Гэрч С.Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Очироо, Төгсжаргал гэх хүмүүс манай ШТС-аас огт бензин аваагүй. Учир нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны үеэр манай ШТС-ын бензин дуусаад 4 дүгээр сарын 20-ны өдөр бензин ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 104-р тал/, 

               39. Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад “Ланд Круйзер-105” маркийн 64-05 УВХ улсын дугаартай автомашин байдаг. Дашдорж нь миний найз бөгөөд 2017 оны 4 дүгээр сард миний машиныг авч Тэс сумруу явсан. Гэхдээ хэдний өдөр гэдгийг нь би тодорхой санахгүй байна. Дашдорж тухайн үед “Тэс сумын хөдөө байдаг аавынхаа гэрт очоод ирмээр байна. Мөн хүнс дуусаж байна, малын мах авч ирмээр байна” гэж хэлээд миний машиныг авч явсан. Тэгээд 2 хоногийн дараа миний машиныг авч ирж өгсөн бөгөөд машин авч явсан өдөр нь хагас сайн буюу амралтын өдөр байсан. Би Дашдоржийн аавынх хаана байдгийг мэдэхгүй бөгөөд Дашдорж бид хоёр 2-3 жилийн өмнөөс танилцаж, найз нөхдийн хүрээнд л харьцдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 106-107-р тал/, 

               40. Гэрч Н.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 24 цаг өнгөрч байх үед Тэс сумын төвд гэр нь байдаг Чойжилсүрэн гэх хүний гэрт хулгай орсон талаар хүргэн нь болох Даваасамбуу гэх залуу утсаар мэдэгдсэн. Тэгээд хэргийн газарт очиход Чойжилсүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдээд газарт хаясан байсан. Гэрт ороход гэрийн зүүн талын хойморт байх авдрын цоожийг цүүгээр нь мулталж онгойлгоод авдрын тагийг буцаагаад хаасан байсан. Авдрын цоож, цүү нь авдрын хаалганд өлгөөтэй байсан. Авдрын урд талын жижиг ширээн дээр бор өнгийн урт хадаас маягийн төмөр байсан. Чойжилсүрэнгийн хүргэн Даваасамбуу тухайн үед бидэнд “Гэрийн цоож эвдэж ороод авдрын цоожийг мөн эвдэж дотор нь байсан цутгамал хоёр ширхэг бурхан болон зургууд хулгайлсан байна” гэж хэлсэн. Гэр дотор авдрын урд талд хивсэн дээр арцны сангийн тавиур газарт унаж үнс нь асгарсан байсан. Асгарсан үнсэн дээр хүний гутлын өсгийн улны мөр гарсан байсан. Мөн гэрээс гарч үзлэг хийхэд хашаан дотор хоёр хүний гутлын ул мөр байсан. Уг ул мөрийг мөшгиж явах гэсэн боловч шөнө болсон байсан тул өглөө үзлэг хийхээр болсон. Тэгээд юмыг яаж мэдхэв гэж бодоод шөнө хашаан дотор байсан хоёр хүний гутлын улны мөрийг зургаар бэхжүүлж авсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Чойжилсүрэнгийн гэрээс гарсан нөгөө хоёр хүний гутлын ул мөрийг мөшгөхөд гэрийн урд талын торон хашааны цоорхойгоор мөлхөж гараад урагшаа чиглэн явж Очироогийн гэрийн хашааны үүдэнд очоод ул мөр алга болсон тул Очироотой уулзаж ярилцахад тэрээр “Улаангомруу манайд ирсэн хүмүүс аваад явсан. Би тэр хүмүүсрүү залгаад өгье” гэж хэлсэн. Тухайн үед хэн авч явсан талаар хэлээгүй. Би эхний ээлжинд алдагдсан бурхныг Очироогоор авахуулъя гэж бодоод тухайн үед Очироогоос тайлбар, байцаалт аваагүй. Очироо бурхныг Улаангомоос авч ирээд Булган гэх хүнд өгчихөөд Улаанбаатар хотруу явчихсан байсан. Ер нь бол хэргийн газрын үзлэг хийхэд хоёр хүний гутлын ул мөр байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 109-р тал/,   

               41. Насанд хүрээгүй гэрч Б.Тулгаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ ганцаараа байж байтал Отгонбаяр ах манайд ирээд “Чи хөлсөөр ямаа самнах уу. Би Тэс сумруу явж ямаа самнах гэж байна” гэж хэлсэн. Тэр өдөр хагас сайн өдөр байсан тул би зөвшөөрч “Тэгье” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн үед цагаан өнгийн жийп машинаар Дашдорж, Отгонбаяр, Нямбаяр гэх хүмүүсийн хамт Тэс сумруу гарсан. Тэгээд Тэс сумын хөдөө байх Төгсжаргал гэх айлд очоод хоол идээд байж байгаад Төгсжаргал гуай, Дашдорж, Отгонбаяр, Нямбаяр нар “Улаангом явна” гээд явцгаасан. Төгсжаргал гуай явахдаа надад “Би явж Завхан аймгийн нутгаас адуу авч ирнэ. Ахын дүү чи хонь малаа ингэж хариулаарай” гээд надад мал хариулах газар зааж өгөөд явсан. Улаангомоос гарахад Отгонбаяр, Дашдорж ах хоёр надад “Ямаа самнаад Төгсжаргал ахыг адуугаа авч ирэх хүртэл тэднийд хэдэн өдөр байж байгаарай” гэж хэлсэн. Түүнээс хойш тэд нар Улаангомруу яваад 6 хоноод ирэхээр нь би Улаангомруу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 110-111-р тал/,    

               42. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 187 дугаартай “Бурхан, шашны эд зүйл үнэлсэн тухай” дүгнэлт / хх-ийн I хавтасны 113-р тал/, 

               43. Шүүгдэгч Б.Очироогийн сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон 04 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 121-122-р тал/,

               44. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017.07.03-ны өдөр ирүүлсэн 5/6050 тоот “Шинжээчийн дүгнэлтийн тухай” албан бичиг, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл. /хх-ийн I хавтасны 137-143-р тал/, 

               45. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2017.06.30-ны өдрийн 8 дугаар Шинжээчийн дүгнэлт  /хх-ийн I хавтасны 144-146-р тал/, 

               46. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 17/35, 17/36 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  хх-ийн I хавтасны 166-167, 172-173-р тал/, 

   47. Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн засаг дарга Н.Бунтогтохын 2017.06.14-ний өдөр гаргасан Тодорхойлолт /хх-ийн I хавтасны 239-р тал/, 

   48. Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багийн засаг дарга С.Тогтохбаярын 2017.06.15-ны өдөр гаргасан Тодорхойлолт. /хх-ийн I хавтасны 240-р тал/, 

               49. Шүүгдэгч Т.Төгсжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн I хавтасны 120-р тал/,  

              50. Шүүгдэгч Б.Очироогийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн I хавтасны 122-р тал/,  

   51. Хохирогч Ч.Чойжилсүрэнгийн шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нартай эд хөрөнгийн маргаангүй, хохирол, гомдолгүй талаархи Тодорхойлолт /хх-ийн I хавтасны 130-р тал/, 

   52. Шүүгдэгч Б.Очироогийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би одоо болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгье. Урьд нь мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн юм. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш миний хүргэн ах Төгсжаргал өөрийн хүү Дашдорж болон үл таних хоёр залуугийн хамт манайд ирж хоносон. Тэд нар цагаан өнгийн жийп автомашинтай явсан. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тэд нарын автомашины бензин дуусчихсан байна гээд манайд байгаад байсан. Тэгээд Төгсжаргал ах надад “Сумын төвд хуучны бурхан болон үнэтэй юмтай айл Чойжилсүрэнгийнх байдаг юм байна. Тэднийд хуучны бурхан байдаг гэж Чойжилсүрэнгийн хадам дүү Чойдоны Гэрлээ гэх залуу надад хэллээ” гэж хэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Гэрлээ нь Төгсжаргал, Дашдорж болон үл таних хоёр залуучууд нартай уулзаад байгаад байсан юм. Тэгээд орой харанхуй болж байхад Гэрлээ гэрээс гараад мотоцикльтой гарч ороод яваад орж ирээд “Чойжилсүрэнгийн хүргэн Даваасамбуугийн гэр эзэнгүй байна. Тэд нар гараад явчихсан байна” гэхээр Төгсжаргал ах, Гэрлээ бид гурав манай гэрээс гарч яваад Чойжилсүрэнгийн хашааны гадна очоод Төгсжаргал бид хоёр хашааны өмнө талын төмөр торон доогуур ороод Чойжилсүрэнгийн хаалганы цоожийг миний халаасанд явсан нарийн төмрөөр эвдэж орсон. Тэгээд гэрийн зүүн талд байсан авдрын цоожны цүүг эвдэж дотор нь байсан хоёр ширхэг цутгамал бурхан, дөрвөн ширхэг бурхны зураг зэргийг хулгайлж аваад гэрээс гарсан. Төгсжаргал бид хоёр Чойжилсүрэнгийн гэрээс хулгай хийх гээд ороход хашааны гадна Гэрлээ мотоцикльтойгоо хүн хараад үлдсэн юм. Тэгээд Төгсжаргал бид хоёр хулгайлсан зүйлээ аваад гэрээс гараад хашааны хаалгаар гараад манай гэрлүү явсан. Чойжилсүрэнгийн хашаанаас гарахад Гэрлээ хашаан гадна мотоцикльтой ганцаараа байсан. Төгсжаргал бид хоёр явганаар манай гэрлүү явж байгаад би Төгсжаргалд “Та Улаангомруу аваад явж бай” гэж хэлээд салж яваад Даалхайн Балжинням гэдэг айлд очоод “Нэг шил архи байна уу” гэж асуухад Балжинням “Байхгүй” гэж хэлээд намайг гэрт дөхүүлж өгсөн. Тухайн үед Балжинням гэртээ ганцаараа байсан. Би гэртээ ирэхэд хүн байхгүй байсан тул гэрт ороод хувцастайгаа унтаж байтал өглөө Чимэд, эхнэр Булганы хамтаар ирээд “Чойжилсүрэнгийн гэрээс бурхан хулгайлагдсан байна. Ул мөрийг нь мөшгөөд танайд ирж байна. Гарцаа байхгүй танай гэрлүү ул мөр нь орж байна. Чи бурхан олж өг” гэхээр нь би тэр хоёрт “Би олж өгнө” гэж хэлсэн. Төгсжаргал ах бурханыг Улаангомруу аваад явчихсан байсан болохоор бурхныг авч ирж өгөхөөр 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед жолооч Жаргалсайханыг “Чи Улаангомруу машинтайгаа явж өгөөч. Миний бие өвдөөд болохгүй байна. Улаангом орж эм авмаар байна” гэж гуйхад Жаргалсайхан зөвшөөрч бид хоёр Улаангомруу явсан. Улаангом ороод би зах дээр буугаад Төгсжаргал ахаас бурхныг зах дээр хүлээж байгаад авсан. Тэгээд уг хулгайлж авсан эд зүйлийг бүгдийг нь бүрэн бүтнээр нь  Булган эгчид хүлээлгэж өгсөн. Би хулгай хийдэг шөнө ээтэн хоншоортой хээгүй ултай савхин гутал өмсөж байсан. Төгсжаргал ямар гутал өмсөж явсныг мэдэхгүй. Төгсжаргал 4 дүгээр сарын 16-ны шөнө Улаангомруу ямар машинтай явсныг мэдэхгүй. Бодвол манайд ирсэн хүмүүстэйгээ буцсан байх. Төгсжаргал, Гэрлээ бид гурав Чойжилсүрэнгийн гэрээс хулгай хийх гээд манай гэрээс гарч байхад Дашдорж танихгүй хоёр залуугийн хамт манай гэрээс гараад явчихсан байсан. Энэ хулгайн хэрэгт Дашдорж болон танихгүй хоёр залуучууд ямар ч холбогдолгүй. Тэгж хүнийг гүтгэж болохгүй. Хулгай хийсэн өдрөөс хойш 6-7 хоногийн дараа миний бие өвдөөд байхаар нь Улаанбаатар хотруу явсан. Улаанбаатар хотод очоод Хавдар судлал Үндэсний төв болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Би хүний өмнөөс хэрэг даах нас, бие байхгүй. Тийм учраас би болсон хэргийг үнэн зөвөөр ярьж байна. Улаанбаатар хотод байхад Гэрлээ надруу гар утсаар ярьж “Та миний нэрийг энэ хэрэгт гаргаж болохгүй. Хэрэв Чойжилсүрэн мэдвэл намайг ална” гээд гуйгаад байсан. Би болсон хэргийн талаар эхнэр Цэндхүүд хэлсэн. Гэрлээ Төгсжаргал ахад “Манай хүргэн ах Чойжилсүрэнгийн гэрт хуучны бурхан байгаа” гэж хэлсэн байдаг. Мөн Гэрлээ 2017 оны 4 дүгээр сарын 16-нь өдөр надаас өвс авч байхдаа “Чойжилсүрэнгийн гэрт бурхан байдаг” гэж хэлж байсан. Хулгайлах санааг Төгсжаргал, Гэрлээ хоёр санаачилсан. Би согтуу байсны улмаас ийм хэрэг хийлээ. Би элэгний өвчтэй хүн болохоор өвчин намдаах тариа хийлгэдэг байсан. Өвчнөө намдаах гэж архи уучихдаг байсан. Манай хүүхдүүд хотод байдаг болохоор манай эхнэр Цэндхүү хүүхдүүдрүүгээ 2016 оны 10 сард явсан. Би ганцаараа гэрт байж байгаад ийм хэрэг хийчихлээ. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг, 

               53. Шүүгдэгч Т.Төгсжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр миний хүү Дашдорж надруу гар утсаар залгаж “Би очиж идэшний мал авна. Мөн хэдэн ямаа самнуулна” гэж ярихаар нь би түүнд “Чи мал харах хүн авч ирээрэй. Би Завхан аймгийн Сантмаргац суманд байгаа адууруугаа явна” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр миний хүү Дашдорж Улаангомоос танихгүй гурван залуугийн хамт ирсэн. Бас нэг арван жилийн хүүхэд байсан. Тэд нар цагаан өнгийн жийп автомашинтай ирсэн бөгөөд улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тэд нарт хоол унд хийж өгөөд Дашдорж яаралтай буцах байсан тул 10-н жилийн хүүхдийг мал хариулгахаар үлдээгээд Дашдорж болон түүнтэй хамт ирсэн танихгүй хоёр залуугийн хамтаар бид дөрөв Тэс сум орохоор явсан. Тэс сумруу харанхуй болж байхад ороод хадам дүү Очироогийн гэрт шууд очсон. Бид нарын автомашины бензин дуусах дөхөж байсан тул бензин авахаар сумын төврүү орсон юм. Очироогийнд очоод Дашдорж бензин хайж гараад бензин ололгүй ирж бид нар Очироогийнд хоносон. Маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Очироо, Дашдорж, Нямбаяр нар бензин олно гээд гадуур гараад явсан. Очироогийнд би Отгонбаяр гэх Дашдоржтой хамт явсан нэг залуугийн хамт үлдсэн юм. Тэд нар бензин хайж гараад “Олдохгүй байна” гээд Очироогийн гэрт ирж, очоод байсан. Үдээс хойш нь Очироо бид архи ууж сууж байхад Сумъяа гэх залуу орж ирээд архи ууж дуусах үед гараад явсан. Тэгээд орой харанхуй болсны дараа Очироо надад “Хоёулаа ийшээ айлруу яваад нэг юм аваад ирье” гэхээр нь би Очироог дагаад явсан. Очироогийн гэрээс холгүй байх хашааруу ороход хоёр гэр байсан ба хоёулаа эзэнгүй байсан. Очироо бид хоёр хашааны хаалгаар оролгүй төмөр торон хашааны доогуур ороод хашааны баруун талд байсан цоожтой гэрийн хаалганы цоожийг Очироо нарийнхан төмрөөр хөшиж онгойлгосон. Тэгээд гэрт орж авдар дотроос юм авахад нь би Очироогоос “Наадах чинь юу юм бэ” гэж асуухад Очироо “Танд хамаагүй, хурдан гаръя” гэж хэлээд гэрээс гарсан. Тухайн үед авдар цоожтой байсан эсэхийг мэдэхгүй. Очироо авдрын өмнө очоод маш хурдан авдрын хаалгыг онгойлгосон. Очироо бид хоёр гэрээс гараад гүйсээр яваад Очироогиын гэрлүү явж Очироогийн хашааны гадна ирэхэд Очироо надад “Би бурхан авсан. Улаангом явж байгаа хүн та аваад яв” гэхээр нь би түүнд “Би үүнийг чинь яах юм” гэхэд Очироо “Та аваад явж бай. Би Улаангомруу араас чинь орно” гээд даавуунд боолттой зүйл өгснийг нь би авч дээлнийхээ өвөртөө хийсэн. Бид хоёрыг Очироогийнд ирэхэд Дашдорж болон түүнтэй хамт яваа залуучууд Очироогийнд байсан ба зарим нь унтчихсан, зарим нь хүүл хийж байсан. Тэгээд бид нар Улаангомруу явахаар болж машинруу орох үед би өвөрт байсан зүйлээ авч явсан эмээлийнхээ шуудайруу хийсэн. Би Дашдорж болон хамт яваа найз нарт нь Очироо бид хоёр бурхан хулгайлсан талаар хэлээгүй, бас үзүүлээгүй. Улаангомд ирээд эмээл болон бурхнаа машин дотор хонуулсан. Тэгээд өглөө эрт миний 98483406 дугаартай гар утас дуугарахаар нь авахад Очироо ярьж “Та бид хоёр согтуу байгаад хачин юм хийчихлээ. Наад юмаа хурдан миний гарт өгнө шүү. Би удахгүй Улаангом орлоо. Ороод би таньруу залгая” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш 12 цаг өнгөрч байхад Очироо гар утсаар залгаж “Би Улаангомд ороод ирчихсэн байна. Та захын урд талын гагнуур дээр нөгөө зүйлийг хурдан авч ирж өг” гэхээр нь би эмээл хийсэн шуудай дотроосоо хулгайлж авсан бурхнаа боолттой чигт нь аваад Очироод хүргэж өгөхөд уг бурхныг Очироо аваад явсан. Би Чойжилсүрэнгийнд бурхан байдаг гэдгийг мэдэхгүй. Чойжилсүрэнгийнх хаана байдгийг ч мэдэхгүй. Очироо бид хоёр бурхан хулгайлсан нь үнэн бөгөөд өөр хүмүүс оролцоогүй. Очироо ямар зорилгоор бурхан хулгайлж авсныг мэдэхгүй. Очироо надад “Хоёулаа нэг айлаас юм аваад ирье” гэхээр нь би согтуу байсан болохоор учрыг нь ойлголгүй дагаад явчихсан. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Гэрлээ гэх залуу Очироогийн хашаан дотор автомашинд өвс ачиж байсан. Гэрлээ бид хоёр нэг шил архи хувааж уусан. Гэрлээ надад Чойжилсүрэнгийн гэрт бурхан байдаг талаар хэлээгүй. Гэрлээг би сайн танихгүй бөгөөд зүгээр нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Бид хоёр Чойжилсүрэнгийн гэрт бурхан байдаг талаар яриагүй. Би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой ээтэн хоншоортой, уландаа арзгар хээтэй гутал өмсөж явсан. Чойжилсүрэнгийн гэрээс бурхан болон бурханы хөрөг хулгайлахыг Очироо санаачилсан. Би ер нь Очироог юу хийж байгааг мэдээгүй. Очироо бид хоёрын Чойжилсүрэнгийн хулгайлж авсан зүйл хар даавуунд боолттой зүйл байсан. Дотор нь юу байгааг хараагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.       

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: 

                Шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нар бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт оршин суух хохирогч Ч.Чойжилсүрэнгийн гэрт нэвтрэн орж Бурхан багш /цутгамал/, Аюуш бурхан /цутгамал/, Арилхаан нагтан зураг, Авид бурхан танк зэрэг нийт 6.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Чойжилсүрэн, гэрч Б.Даваасамбуу, Н.Чимэд, Ч.Цэнд-Аюуш, Ч.Булган, Н.Батзориг нарын мэдүүлэг, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2017.06.30-ны өдрийн 8 дугаар Шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, гутал хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нар хохирогч Ч.Чойжилсүрэнгийн гэр эзэнгүй гэрт хулгай хийхээр хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгө /Бурхан багш /цутгамал/, Аюуш бурхан /цутгамал/, Арилхаан нагтан зураг, Авид бурхан/ хулгайлан 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул тэднийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Чойжилсүрэнд 6.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2017.06.30-ны өдрийн 8 дугаар Шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байгаа ба шүүгдэгч нар нь хохирогчид хулгайлсан эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан өгч, учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Ч.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нартай эд хөрөнгийн маргаангүй, хохирол, гомдолгүй талаархи тодорхойлолт, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

               Шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

            Шүүгдэгч Б.Очироогийн өмчлөлийн шар хээр зүстэй, 6 настай, 700.000 төгрөгийн үнэ бүхий морь 1 /нэг/, хүрэн зүстэй, 5 настай, 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь 1 /нэг/-ийг, шүүгдэгч Т.Төгсжаргалын өмчлөлийн хээр зүстэй, 5 настай, тус бүр нь 850.000 төгрөгийн үнэ бүхий морь 2 /хоёр/-ыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан болох нь тогтоогүй тул иргэн Д.Алтангэрэлийн өмчлөлийн цагаан өнгөтэй, “Тоёота Ланд Круйзер-105” загварын, 64-05 УВХ улсын дугаартай, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  цоож 2 /хоёр/ ширхэг, төмөр 1 /нэг/ ширхэг, цоожны цүү төмөр 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгөтэй түрийтэй хос гутлыг шүүгдэгч Б.Очироод, бор өнгөтэй түрийтэй хос гутлыг шүүгдэгч Т.Төгсжаргалд тус тус буцаан олгох нь зүйтэй байна. 

   

          Шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэх нь боломжтой гэж дүгнэв. Түүнчлэн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зохистой гэж үзсэн болно.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

                1. Шүүгдэгч Хошууд овогт Баатарын Очироо, Огсог овогт Тогоонямын Төгсжаргал нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

                2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй. 

           3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

           4. Шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч Б.Очироогийн өмчлөлийн шар хээр зүстэй, 6 настай, 700.000 төгрөгийн үнэ бүхий морь 1 /нэг/, хүрэн зүстэй, 5 настай, 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь 1 /нэг/-ийг, шүүгдэгч Т.Төгсжаргалын өмчлөлийн хээр зүстэй, 5 настай, тус бүр нь 850.000 төгрөгийн үнэ бүхий морь 2 /хоёр/-ыг, иргэн Д.Алтангэрэлийн өмчлөлийн цагаан өнгийн, “Тоёота Ланд Круйзер-105” загварын, 64-05 УВХ улсын дугаартай, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоож 2 /хоёр/ ширхэг, төмөр 1 /нэг/ ширхэг, цоожны цүү төмөр 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгөтэй түрийтэй хос гутлыг шүүгдэгч Б.Очироод, бор өнгөтэй түрийтэй хос гутлыг шүүгдэгч Т.Төгсжаргалд тус тус буцаан олгосугай. 

           7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нарт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, тус бүрт нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай. 

           8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Очироо, Т.Төгсжаргал нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгийг барьцаа гаргагч Ц.Лхагвасүрэнд буцаан олгосугай.  

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3-д зааснаар энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарласугай. 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ