Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 159/ШШ2023/0030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Хэргийн индекс: 159/2023/0004/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******д Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дугаар захирамжаар өвөлжөөний зориулалтаар 7800 мкв газрыг эзэмшүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр түүний эзэмшлийн 7800 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... ******* миний бие 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дугаартай “Зүүнбүрэн сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Цагаанчулуут /цагаан ширээ/ гэх газарт өвөлжөөний зориулалтаар 7800 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, иргэнд газар эзэмшүүлэх эрхийн 0000114132 дугаартай гэрчилгээг эд хөрөнгийн бүртгэлийн албанд бүртгүүлэн баталгаажуулж авснаар уг газрыг эзэмшиж байгаа болно. 2019 оны өвөл албан ёсны зөвшөөрөлтэй “Тулга” модны захаас нарс зах банзыг худалдан авч 2020 оны хавраас газар гэсэж эхлэхээр нь өвөлжөөгөө барьсан. Гэтэл сумын Засаг дарга ******* над руу утсаар ярьж өвөлжөөгөө барихаа зогсоогоорой гэж дарамталсан. Газрын даамал ******* хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газрыг цуцлах боломжгүй, зогсоох боломжгүй гэдэг үг хэлсний төлөө мөн л дарамтуулж өөрийн хүсэлтээр шахалтанд орж газрын даамалын ажлаа өгсөн. Ийм байдлаар ******* албан тушаалын байдлаа ашиглаж хүмүүсийг дарамталж малчин иргэдийг хохироож байгаа үйл баримт олон байгаа.

2020 оны хавар Засаг дарга ******* нь надаас Ангус үүлдэрийн бухыг хурааж авах гэхээр нь миний өмнөх Засаг даргатай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй гэдгээс болж маргасан. Түүнээс хойш надад өш хонзон санаж явдаг. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны үеэр тус сумын газрын даамал н.Түвшинжаргал над руу утсаар таны газар эзэмших эрхийг цуцалсан байна гэдэг мэдээллийг өгсөн. Гайхаад юу болсон талаар асуухад нарийн зүйлийг огтоос хэлээгүй . Ингээд багийн дарга ******* дамжуулан захирамжийг авсан бөгөөд танилцаад аймгийн засаг дарга ******* гомдол гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Гандүүрэн гэх хүн Багийн засаг дарга ******* нэрээр өргөдлийн хариуг явуулсан гэж хэлсэний дагуу ******* тань нэр дээр аймгийн Засаг даргаас хариу ирсэн байна уу, хараад өгөөч гэж хэлсний дагуу шүүж үзээд ирсэн байна гэж хэлсэн юм. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өөрийн биеэр хүлээн авсан.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1747 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байсан. Ингээд би захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Засаг даргын захирамж гарсан байдаг бөгөөд энэ өдөр ******* Засаг даргынхаа ажлыг хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ажлаа хүлээлгэн өгсөн албан тушаалтан захирамж гаргах эрх байдаг эсэхийг миний бие сайн мэдэхгүй байна. Энэ байдлууд нь намайг чадна гэж хэлж байсан үг нь биелэгдэж байна гэж гомдолтой байна.” гэжээ.

Хариуцагч 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... иргэн миний хадлангийн талбай дээр иргэн ******* нь өвөлжөө барьж эхэлсэн талаар гомдол ирүүлсэний дагуу шалган өвөлжөө барих ажлаа зогсоохыг сануулсан улмаар уг газрын эзэмшилтийн байдлыг шалгахад 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт өвөлжөөний зориулалтаар иргэн олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, газар шилжүүлэн авсан ******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 41.1 дэх заалтыг зөрчин газрын төлбөрөө 2018, 2020, 2021 онуудын газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017-2020 он хүртэл газраа ашиглаагүй байсан нь тогтоогдож улмаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/201 дугаартай захирамжаар Зүүнбүрэн бумын Жаргалант 1 дүгээр багийн Цагаанчулуутад байршилтай нэгж талбарын 4309001883 дугаартай 7800 мкв өвөлжөө хаваржааны зориулалттай иргэн *******ы эзэмшил газрыг 2017 оноос 2020 оны хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй 2018, 2020, 2021 онуудад газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж, сумын Засаг даргын 2017 оны А/195 дугаартай захирамжийг хүчингүйд тооцжээ.

            Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/195 дугаартай  захирамжаар өвөлжөөний зориулалтаар 7800 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны хавраас өвөлжөөгөө барьж эхэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших эрх цуцалсан захирамж гарсан бөгөөд энэ өдөр ******* Засаг даргынхаа ажлыг хүлээлгэн өгч чөлөөлөгдсөн байдаг. Иймд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж маргажээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлгийг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Маргаан бүхий 7800 мкв газрын тухай

            Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/223 дугаартай захирамжаар 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаанчулуутад байршилтай 7800 мкв газрыг өвөлжөөний зориулалтаар Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн иргэн эзэмшүүлжээ.

            Дээрх 7800 мкв өвөлжөөний зориулалттай газрыг иргэн эзэмшүүлэхдээ Зүүнбүрэн сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг сумын Засаг дарга дур мэдэн эзэмшүүлсэн болох нь Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”  16 дугаартай тогтоол түүний хавсралтаар нотлогдож байна[1].

            Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/195 дугаартай захирамжаар иргэн Б.Дашжамцын эзэмшлийн өвөлжөөний зориулалттай 7800 мкв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлжээ.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7800 мкв өвөлжөөний зориулалттай газрыг иргэн Б.Дашжамцаас шилжүүлэн авсан бөгөөд 2020 оны хавраас газар гэсхээр өвөлжөөгөө барьж эхэлсэн гэх нэхэмжлэл, гэрч Б.Цогбадрахын “... *******ыг өвөлжөө барьж байгаа талаар би өөрөө мэдээгүй хүн хадлангийн газар дээр чинь өвөлжөө барьж байна гэж хэлсэн тэгээд сумын газрын даамалд мэдэгдсэн, 2022 оны хавар газрын даамал *******өд бичгээр нэг удаа гомдол гаргасан ... бараг 20 шахуу жил ашиглаж байна.” гэх мэдүүлэг[2] зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2017 оноос 2020 оны хавар хүртэлх хугацаанд өөвөлжөөний зориулалттай эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

            Энэ талаар нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа үгүйсгээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

            Хариуцагчийн  хариу тайлбарт нэхэмжлэгч ******* нь 2018, 2020, 2021 онуудын газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх тайлбар[3], Зүүнбүрэн сумын газрын даамлын газрын төлбөр тооцоо нийлсэн №04319-2020/00025 дугаартай актаар 2019-2022 оны нийт газрын төлбөрийн үлдэгдэл 14040 төгрөг[4] байх бөгөөд 2018 онд газрын төлбөр төлөөгүй, 2019 оны газрын төлбөрөө төлсөн гэх баримтууд, мөн 2018, 2020-2022 онуудад газрын төлбөр төлөөгүй талаарх Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн лавлагаа[5] гэрч “... ******* өөрөө нэгэнт газар эзэмших эрхийг цуцлах гэж байгаа бол газрын төлбөрийг төлөөд яах вэ дээ гэж байсан ...” гэх мэдүүлэг[6] зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь 2018, 2020, 2021 онуудад газрын төлбөрөө бүрэн төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг зөрчсөн байна.

            Нэхэмжлэгч талаас коронавируст халдвар ковид-19 цар тахлын үеэр Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосон тухай Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос гаргасан тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар холбогдох байгууллагаас гаргуулах, мөн 2021, 2022 онуудад Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар багт малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчин гарсантай холбогдуулан хөл хорио тогтоосон аймгийн болон сумын Засаг даргын шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар холбогдох газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж холбогдох тогтоолууд болон захирамжуудыг хэрэгт нотлох баримтаар цуглуулсан бөгөөд коронавируст цар тахалтай холбоотой хөл хорио 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хязгаарлалт 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хөл хязгаарлалт тогтоосон байна.

            Нэхэмжлэгч талаас дээрх ковид-19 хөл хорио болон малын шүлхий өвчний хязгаарлалтын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газраа 2 жил дараалан ашиглаж чадаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2017-2020 оны хооронд газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн цаг хугацаатай давхцахгүй байна.

            Өөрөөр хэлбэл 2017-2020 оны хавар хүртэлх хугацаанд тус суманд ковид-19 хөл хорио тогтоогоогүй, малын шүлхий өвчний халдвартай холбоотой хязгаарлалт тогтоогоогүй байна. Мөн нэхэмжлэгч нь хөл хорио болон хязгаарлалт тогтоож түүнийг эрх бүхий байгууллагаас цуцалснаас хойш 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түүний газар газар эзэмших эрх цуцлах  хүртэлх хугацаанд гэрээнд зааснаар газрын төлбөрийг бүрэн төлөх боломжтой байсан боловч төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг огцорсон өдрөө миний газар эзэмших эрхийг цуцалсан нь захирамж гаргах эрхгүй гэж маргадаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Зүүнбүрэн сумын Засаг дарга *******ыг огцруулах захирамж 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд захирамжийн нэг дэх заалтад “Зүүнбүрэн сумын Засаг дарга Эрдэнэжавын Саранбаатарыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас огцруулсугай” гэж зааж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1424 дугаартай албан бичгээр дээрх огцруулах тухай захирамжийг хүргүүлжээ.

            Үүнээс үзэхэд захирамжийн нэг дэх заалтаар тухайн өдрөөр буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгосон нь уг өдрийг оролцуулан тасалбар болгон огцруулсан гэж ойлгохоор байна. Мөн огцруулсан захирамжийг 2 өдрийн дараа хүргүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР

 

             

 

 

 

 

 

 

 

 

   

 

[1] Хавтаст хэргийн 64-66 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 145-146 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 16 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 50-57 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 142-144 дүгээр тал