Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/00658

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/00658

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д Б.

Хариуцагч: У.З.

Гэрээний үүргийн биелэлтэд 14,220,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагч У.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч У.Зд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 14,220,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр У.Зтай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн. Мөнгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн мөнгийг эргүүлж төлөөгүй. Иймд хариуцагч У.Згаас үндсэн зээл 12,000,000 төгрөг, 37 хоногийн алданги 2,220,000 төгрөг нийт 14,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч У.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь Д ХХК-тай бараа худалдах гэрээ байгуулж бартераар 5 байр авсан. Энэ байрнаас н.Амарболд гэж хүн аваад цааш нь Д.Бод худалдсан байсан. Бараа материалын үнийн өсөлттэй холбоотой манай компани алдагдалд орсон бөгөөд Д ХХК-нд 14,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй явж ирсэн. Энэ үедээ Д.Боос нотариат орж 12,000,000 төгрөгийг зээлдэж зээлийн гэрээ байгуулан мөнгийг Д ХХК-нд төлж Д.Бын байрны ордерыг гаргаж өгсөн. 12,000,000 төгрөгийг зээлдэж авсан гэдэгт маргахгүй. Алдангийг төлнө. Үнийн дүнд маргахгүй. Надад гол нь хугацаа шаардлагатай байгаа юм гэв.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, Х банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүргийн биелэлтэд 14,220,000 төгрөг гаргуулна хэмээн шаардах эрхээ тодорхойлсон,

3. Хариуцагч нь гэрээ байгуулсан үнийн дүнд маргахгүй гэсэн тайлбар гаргасан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч У.З нь нэхэмжлэгч Д.Бтой 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдэж, зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

4.2. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч У.З зээлийн гэрээний 4.7-д заасан зээлдэгч нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн гэрээ, хуульд заасан үүргийг биелүүлээгүй буруутай байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно гэж заасан.

4.3. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

4.4. Шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үнийн дүнд маргаагүй, гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн тал алданги төлөхөөр гэрээгээр тохирсон.

5. Иймд хариуцагч У.Згаас гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 12,000,000 төгрөг, алданги 2,220,000 төгрөг нийт 14,220,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч У.Згаас 14,220,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,050 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 229,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА