Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03408

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/03408

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: НШШГГ

Хариуцагч: С.Э.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 дугаартай хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О, хариуцагч НШШГГрын төлөөлөгч Ц.Ц, хариуцагч С.Эы төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч НШШГГар, С.Э нарт холбогдох Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 дугаартай хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Э нь 2019 оны 09 дүгээр сард Б.Энхжаргалтай уулзан Г ХХК-ийн өмчлөлийн ... 126 мкв орон сууцны зориулалттай Ү-2204022376 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын зээлийн барьцаанд тавьж 1 сарын дотор эргүүлэн чөлөөлж өгөхийг гуйсан. Б.Энхжаргал зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариат дээр очиж итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлийн хугацаа нэг сар болно. Гэтэл С.Э итгэмжлэлийг ашиглан дээрх орон сууцыг барьцаалан улмаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 03-нд хүлээн авч өмчлөлийн орон сууцыг Хос-Өргөө цамхаг ХХК-ийн өрөнд хураагдаж, өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдсэн. Улмаар Б.Энхжаргалын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хурааж, үнэлгээний талаар дурдсан байна. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 дугаартай хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар 01/04 тогтоолоор эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүйд тооцсонг хавтаст хэрэгтэй танилцаж байх үед мэдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн газраас тогтоолыг хүчингүй болгосон байхад шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяа 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар 21250436/03 Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хөрөнгийг дахин хураасан тул уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч С.Э тогтоолыг хүчингүй болгох эрхтэй субъект биш тул хариуцагч С.Эаас татгалзаж байна гэв.

2. Хариуцагч НШШГГрын төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хос Эрдэнэс цамхаг ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 4 өрөө орон сууцыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж энэ орон сууц худалдан борлуулагдсан. Дуудлага худалдаатай холбоотой тус шүүх дээр иргэний хэрэг үүссэн. Нэхэмжлэлийн шаардлага болсон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 дугаартай хөрөнгө хураах тухай тогтоолыг НШШГГрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар 01/04 Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор хүчингүйд тооцсон гэв.

3. Нэхэмжлэгчээс НШШГГрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 03/12150436 Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн НШШГГрын хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,

4. Хариуцагчаас Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 01/04 Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, мэдэгдэл, хариу мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Шинжээч томилох тухай тогтоол, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Үнийн санал, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Дугаар 21250436/04 Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 21250436/03 Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих итгэмжлэлийг 1 сарын хугацаатай олгож хугацаа дуусаж итгэмжлэл хүчингүй болсон тул Эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 дугаартай хөрөнгө хураах тухай тогтоолыг НШШГГрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар 01/04 Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор хүчингүйд тооцсон гэж тайлбарласан

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар 102/ШШ2021/00542 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ... хаягт байрлах 126 мкв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохирсон зохигч талын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор орон сууцыг битүүмжилж, тэмдэглэл үйлдэн, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/21250436 Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг хураасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь НШШГГрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 03/21250436 Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг тогтоолыг НШШГГрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр 27-ны өдрийн Дугаар 01/04 тогтоолоор хүчингүйд тооцсон байх тул нэхэмжлэлийн шаардлага болсон тогтоол хүчингүй болсон байна.

5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 03/21250436 Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21250436/03 Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хөрөнгийг хураасан гэж тайлбарлан уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчиллөө гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй боловч мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргаж нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна гэж заасан.

Шүүхэд гаргаж буй нэхэмжлэл бичгийн хэлбэртэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тохиолдолд ч нэхэмжлэлийг бичгийн хэлбэрээр гаргаж хувийг хариуцагчид гардуулж тайлбар авах ажиллагаа хийгдэх тул өөрчилсөн шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй юм.

6. Иймд хариуцагч НШШГГарт холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч С.Эаас татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар НШШГГарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Эаас татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА