Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01445

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01445

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Бага тойруу 7/1, Тны төв байранд оршин байрлах, Т ХХК /РД: 9/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,  43 байр, 57 тоот хаягт оршин суух, Монгол богд ургийн овогтой Чулуунбатын З /РД: ,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,  43 байр, 57 тоот хаягт оршин суух, Илжигэн ургийн овогтой Нямсүхийн С /РД: 1/ нар холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,464,813 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга, Г.Хулан

Хариуцагч Ч.З, Н.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.С, Ч.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,464,813 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Н.Саназаяа, хамтран зээлдэгч Ч.З нар нь Тнаас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 380000063204 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг 26,4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 380000063204 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хуст уулын 15 гудамж 441 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, өдөр өнжүүлэхэд ашиглаж байгаа эд хогшил зэрэг эд хөрөнгийг барьцаалуулсан.

Зээлдэгч нар зээлийн 380000063204 дугаартай гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг сар бүрийн 08-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчил арилгах шаардлага тавьж байсан боловч тухайн хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нар нь 380000063204 дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 6,819,723 төгрөг, хүү 6,966,372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,077 төгрөг, нийт 13,933173 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 13,180,277 төгрөг, зээлийн хүү 10,162,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,121,809 төгрөг, нийт 24,464,813 төгрөг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч Н.С, Ч.З нар хариу тайлбартаа: Ковидын нөхцөл байдал 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үүсэж, 1 дүгээр сараас хөл хорио тавигдсан. Манай үйл ажиллагаа энэ нөхцөл байдлаас болж зогссон. Зээлдэгч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хугацаа хэтрүүлсэн гэм буруутай гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу ковидын нөхцөл байдал орж байна. Ийм учраас бид нар 10,000,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Танд ковидын улмаас төлбөрийн чадваргүй болсон тухай удаа дараа мэдэгдэж байхад зээлийн  хүүг зогсоох, зээлийн гэрээний хугацааг сунгах арга хэмжээ аваагүй. Зээлийн хүү 10,000,000 төгрөг маш их мөнгө юм. Ковидын нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 1 дүгээр сараас 2022 оны 9 сар хүртэлх хугацааны хүүг хасаж, үлдсэн мөнгийг төлөхийг зөвшөөрнө гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Н.Сгаас 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-нд гаргасан өргөдөл, Н.Сд 20,000,000 төгрөг олгосон баримт, Т ХХК болон Н.С, Ч.З нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хуст уулын 15 гудамж, 441 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, Т ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 14, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэл, Н.Сгаас 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-нд гаргасан өргөдөл, Т ХХК-ийн зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл, хүүгийн тооцооны хуудас зэрэг баримтуудыг, хариуцагчаас Даян хүүхдүүд хөгжлийн төвийн танилцуулга, “Гайхамшигт монгол наадгай” ХМХ-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/23 дугаартай, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/3 дугаартай “Т” ХХК-нд гаргасан хүсэлт, Н.Сгаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Т ХХК-нд гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Ч.З, Н.С нар зээлийн гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хариуцагч нар дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Цар тахлын гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн гэрээний үүрэг зөрчсөн бөгөөд энэ нь зээлдэгч нарын гэм буруугаас шалтгаалаагүй тул үндсэн зээлийн төлбөрийг төлж, үлдэгдэл зээлийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Т” ХХК, нөгөө талаас Ч.З, Н.С нар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 380000063204 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох “Т” ХХК нь 20,000,000 төгрөгийг жилийн 26,40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх,

зээлдэгч тал болох  Ч.З, Н.С нар зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Г-2дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хуст уулын 15 гудамж, 0 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, өдөр өнжүүлэхэд ашиглаж байгаа эд хогшил зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тохиролцжээ. /хх 9-12/

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Т” ХХК-аас 20,000,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Ч.З, Н.С нар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүртэл үндсэн зээл 6,819,723 төгрөг, зээлийн хүү 6,966,372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,077 төгрөг, нийт 13,933,172 төгрөг төлж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үлдэгдэл үндсэн зээл 13,180,276 төгрөг, зээлийн хүү 10,162,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,121,809 төгрөг, нийт 24,464,813 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, зээл хүүгийн тооцооны хуудас, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Зээлдэгч Ч.З, Н.С нар зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хэмжээгээр бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Ч.З, Н.С нараас үндсэн зээл 13,180,276 төгрөг, зээлийн хүү 10,162,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,121,809 төгрөг, нийт 24,464,813 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9. Зээлдэгч Ч.З, Н.С нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Г-2дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хуст уулын 15 гудамж, 0 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, өдөр өнжүүлэхэд ашиглаж байгаа эд хогшил зэрэг хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар банк зээлдэгч хоорондын бичил бизнесийн зээлийн гэрээний харилцаанд гэрээний хугацаа сунгах, зээлийн хүүг бууруулах талаар зохицуулаагүй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заанаар зээлдэгч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

11. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.З, Н.С нараас зээлийн гэрээний үүрэгт 24,464,813 /хорин дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга найман зуун арван гурав/ төгрөг гаргуулж “Т” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Г-2дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хуст уулын 15 гудамж0 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, өдөр өнжүүлэхэд ашиглаж байгаа эд хогшил зэрэг хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.З, Н.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 350,474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ