2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

Улсын яллагч Э.Оюундарь,

Шүүгдэгч Ш.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 169 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2507003520193 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* өдөр, *******т төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,******* тоотод оршин суух хаягтай,

Урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 жилийн ялыг өршөөн хассан,

         ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

 2. Монгол Улсын иргэн, ******* өдөр, төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 636 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 566 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 636 дугаартай тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял авч 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өршөөлд хамрагдсан,

           овогт гийн ******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Яллагдагч Ш.*******, Н.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар харилцан зодолдож Ш.******* нь архины шилээр хохирогч Н.*******н толгойн тус газар нь цохиж хохирогчийн биед дагзны хуйх, зүүн долоовор хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Н.******* нь “өөрийг нь зодлоо” гэх шалтгааны улмаас хохирогч Ш.*******ыг архины шилээр толгойн тус газар нь цохиж хохирогчийн биед духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би Н.*******тэй архи уугаад хоорондоо муудалцаад зодолдсон. Тэр үедээ согтуу байсан учраас сайн мэдэхгүй байна. Нээх сайн архи ууж чаддаггүй жоохон уугаад согтсон байсан.Тэр өдөр сэтгэл санаа тавгүй явж байгаад Н.*******тэй тааралдаад архи уух уу? гэхээр нь хувааж уугаад зодолдсон. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Манай нөхөр гараад явсан байсан. Би тэр өдөр тамхи авах гээд дэлгүүр рүү ороод тамхи аваад гараад ирсэн чинь манай нөхөр бор үзүүр аз хурын ард талд хашааны хажууд зогсож байхаар нь чи юу хийж зогсож байгаа юм гэсэн чинь хуучин тохижилтод ажилладаг нэг ах харин өчигдөр уугаад яг шартаж үхлээ ганц юм уух уу? гэхээр нь хөгшин нь ч гэсэн нэг ганц татчих уу?  дотор чичрээд байна гэсэн чинь тэр хүн гараад ирэхээр нь би асуугаад үзье гэж хэлсэн.  Тэгтэл энэ Ш.******* гараад ирснээ энэ хүн энэ юу хүн бэ гэхээр нь би А.ийн эхнэр нь байгаа юм гэж хэлсэн. Ш.******* надаас чи ганц татах юм уу? гэж асуухаар нь би тэгье ахаа гэж хэлсэн. Бид нар шууд н. ахын байр руу очсон. Би н. ах наана чинь байхгүй байранд байгаа та нар хоосон айлын хашаанд орж болдог юм уу? гэхэд би архи уух болгондоо дандаа хүрч ирж энд уудаг гэж хэлээд түлхээд яваад орсон. Тэгээд 1 шил архиа уучхаад байж байсан чинь Ш.******* ах  ахиад нэг юм уух уу? гэхээр нь би тэгье ахаа гэж хэлсэн. Надад банкны картаа өгөхөөр нь дэлгүүр орж 0,75 граммын архи, нэг устай авчхаад хүрээд ирсэн. Хүрч ирээд авсан архиа уугаад талдаа орсон ууж байсан чинь манай нөхөр согтоод байна агаар амьсгалаад бие засчхаад ороод ирье гэхээр нь би тэг гэж хэлчхээд Ш.*******той ахиад зэрэгцээд 1,1 татчихаад сууж байсан чинь Ш.******* ах шууд намайг нааш ир би чамайг мэднэ. Тэртээ тэргүй чи Багахангай дүүргийн биеэ үнэлэгч янхан биз дээ. Миний хажууд суу. Янхан бол янхнаараа байгаарай. Писда, нохой, гичий гэж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлохоор нь би та ямар нас намбагүй юм бэ?  Уусан юмаа шингээж ууж чаддаггүй юм уу?  гэсэн чинь би заавал уусан юмаа шингээх албатай юм уу? писда минь гээд өмнөх уусан архины шил авангуутаа миний толгой руу цохисон. Би доошоо тонгойгоод сууж байсан. Та намайг яаж байгаа юм гээд цаашаа түлхсэн чинь ахиад шилээ барихаар нь би гараараа хамгаалсан. Одоо миний гарын шөрмөс тасарсан. Тэгээд би А. гээд нөхрөө дуудсан чинь гаднаас гүйгээд ороод ирсэн. Би нөхрөө дуудахаас өмнө Ш.******* намайг зодохоор нь чи яагаад эмэгтэй хүнийг зоддог юм гээд хажууд байсан 0.5 граммын архины шилийг аваад толгой руу нь цохисон. Манай нөхөр яасан гээд гүйгээд ороод ирсэн. Ш.******* хажуугаар нь зугтаагаад гүйсэн. Би гэртээ очоод цусаа цэвэрлэх гээд байж байсан чинь Ш.******* манай гэрт ороод ирсэн. Чи яагаад зугтаагаад байгаа юм. Намайг зодчихоод чи зугтаах эрхгүй гээд намайг загнаж байсан чинь охин маань шууд цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Цагдаа нар, эмчтэй хамт ирсэн. Бид хоёрыг аваад явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/, согтуурлын зэрэг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-7/, хохирогч Н.*******н мэдүүлэг /хх-16/, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-40-41/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт /хх-38-39/, согтуурлын зэрэг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-8/, хохирогч Ш.*******ын мэдүүлэг /хх-20-22/,  мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-13/, гэрч А.ийн мэдүүлэг /хх-25/, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-47-48/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 293 дугаартай дүгнэлт /хх-45-46/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-28/, насанд хүрээгүй гэрч Н.ын мэдүүлэг /хх-32-33/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Ш.*******ыг 1 сар 20 хоногийн хугацаагаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч Н.*******г гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүхдээ хардаг. Хүүхдүүд нь 7 болон 9 настай. Ямар  нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд мөн 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнээс гарахгүй байхаар оногдуулах ялын саналыг улсын яллагчийн зүгээр гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

1. Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд тоотод хохирогч Н.*******н толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйх, зүүн долоовор хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            1.1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ш.*******ын өгсөн: “...Тэгээд бид гурав ууж байсан чинь А. гарсан чинь Н.******* бид хоёр маргасан. Юунаас болж маргаснаа санахгүй байна. Тэгсэн чинь Н.******* хажууд байсан хоосон архины шилээр миний толгой луу цохиод авсан чинь миний толгой хагараад цус гарахаар нь би зөрүүлээд Н.*******н толгой хэсэгт архины шилээр цохисон. Тэгээд архи ууж байсан газраас гарах гэсэн чинь урдаас А. орж ирээд юу болсон бэ гэхээр нь би зөрөөд гараад явсан...” гэх мэдүүлэг,

             /хх 148 дугаар тал/,

 

            1.2.   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.*******н өгсөн: “...Тэгээд бид гурав тоотод байрлах Б.гийн гэрийн гадаа очтол хашааны хаалга нь хаалттай байсан. Тэгэхээр нь би Б. ах байхгүй байранд байгаа гэсэн гээд хэлсэн чинь бид хэд орж архи уудаг юм гээд хашааны хаалгыг нь чанга түлхээд орсон. Тэгээд орсон чинь байшин дотор тавилга байхгүй, газар нь бүргэд хаалга гадуураа цаасан хайрцагтайгаа, хажуугаар зөндөө олон архины шил байсан. Тэгээд бид гурав газар байсан бүргэд хаалган дээр сууж архиа хувааж уусан. Тэгээд архи дууссан чинь нөгөө танихгүй ах ахиад архи уух уу гэхээр нь би тэгье гээд хэлсэн чинь надад Хаан банкны картаа өгөөд архи авчих гэхээр нь ундаа авчих уу гээд хэлсэн чинь ус авчих гэхээр нь би Бор- Үзүүрийн гэр хороололд байдаг дэлгүүрээс нэг 0,75 граммын хэмжээтэй хараа архи аваад буцаад очсон. Тэгээд бид гурав хувааж уугаад байж байтал манай нөхөр А. би бие засаад ирье гээд гарсан чинь нөгөө танихгүй ах чамайг мэднэ гээд чи муу янхан гээд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгснээ шууд миний толгой оройн хэсэгт хажууд байсан архины шилээр цохисон чинь архины шил хагараад би яая гээд баруун гараараа түлхсэн чинь миний зүүн гарын долоовор хурууг шилээрээ зүсэхээр нь би тонгойгоод газар байсан архи шилийг аваад нөгөө танихгүй залуугийн толгой хэсэгт нэг удаа цохисон чинь цус гарсан. Тэгтэл гаднаас манай нөхөр А. ороод ирсэн чинь хажуугаар нь шууд гараад явсан” гэх мэдүүлэг,

            /хх 16 дугаар тал/,

 

    1.   Ш.*******ын согтуурал шалгасан тэмдэглэл /4.26%/

/хх 8 дугаар тал/

 

            1.4.  Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээч эмчийн  2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай: “Н.*******н биед дагзны хуйх, зүүн долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирмэг бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

            /хх 38-39 дүгээр тал/,

 

            1.5.  Яаралтай тусламжийн хуудас,

            /хх 40-41 дүгээр тал/

           

            1.6. Шүүгдэгч Ш.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /хх 93-121 дүгээр тал/

 

            1.7. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх 102 дугаар тал/

 

            2. Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд тоотод хохирогч Ш.*******ыг “өөрийг нь зодлоо” гэх шалтгааны улмаас архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            2.1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******н өгсөн: “… дэлгүүрээс 0.75 граммын хэмжээтэй хараа архи аваад буцаад очсон. Тэгээд бид гурав хувааж уугаад байж байтал манай нөхөр би бие засаад ирье гээд гарсан чинь нөгөө танихгүй ах чамайг мэднэ гээд чи муу янхан гээд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгснээ шууд миний толгойн орой хэсэгт хажууд байсан архины шилээр цохисон чинь архины шил хагараад би яая гээд баруун гараараа түлхсэн чинь миний зүүн гарын долоовор хурууг шилээрээ зүсэхээр нь би тонгойгоод газар байсан архины шилийг аваад нөгөө танихгүй залуугийн толгой хэсэгт нэг удаа цохисон чинь цус  гарсан.Тэгтэл манай нөхөр ороод ирсэн чинь хажуугаар нь шууд гараад явсан…Ш.******* намайг миний хажууд суучих, янхан гичий минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би та эмэгтэй хүнийг тэгэж болохгүй гээд бид хоёр маргалдсан чинь Ш.******* сууж байсан газраасаа босож ирээд хажууд байсан хоосон архины шилээр миний толгой хэсэгт цохисон. Тэгэхээр нь би хажууд байсан архины шилээр зөрүүлээд толгой хэсэгт цохисон…” гэх мэдүүлэг,

            /хх 139 дүгээр тал/

 

            2.2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ш.*******ын өгсөн: “…Тэгээд би ийг архи уух уу гээд асуусан чинь тэгье гээд бид хоёр Багахангай дүүргийн 2-р хороо Бор-Үзүүрийн гэр хороололд байдаг Аз хур дэлгүүр лүү хамт явж байсан чинь танихгүй эмэгтэй хүнтэй уулзаад юм яриад байхаар нь би дэлгүүр орж нэг шил 0,75 граммын хараа архи аваад дээр очсон чинь танихгүй хүүхэн хоёулаа явах уу гэхээр нь танай эхнэр юм уу гээд асуусан чинь манай эхнэр гээд хэлсэн. Тэгээд би архи уух уу гээд асуусан чинь тэгье гээд хэлэхээр нь би дагуулаад Бор-Үзүүрийн 3 дугаар гудамж 10 тоотын гадаа очтол ийн эхнэр ах байр байгаа гээд хэлэхээр нь би бид хэд өмнө ороод уудаг байсан гээд хаалгыг нь түлхсэн чинь онгойсон. Тэгээд бид гурав байшин дотор нь орсон газар нь бүргэд хаалга өөр тавилга байхгүй, бүргэд хаалганы хажуугаар нь баахан архины шил байсан. Тэгээд бид гурав миний архийг хувааж уугаад дуусаад би ахиад архи уух уу гээд асуусан чинь ийн эхнэр тэгье гэхээр нь би Хаан банкны картаа өгөөд архи авчих гээд кодоо хэлсэн чинь ундаа авчих уу гээд хэлэхээр нь би ус авчих гээд хэлсэн. Тэгээд ийн эхнэр дэлгүүр явсан. Удалгүй гаднаас 0,75 граммын хэмжээтэй хараа архи аваад орж ирсэн. Тэгээд бид гурав архи ууж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг,

            /хх 20 дугаар тал/

 

            2.3. Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээч эмчийн  2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 293 дугаартай: “Ш.*******ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

            /хх 45-46 дугаар тал/

 

            2.4. Н.*******н согтуурал шалгасан тэмдэглэл,

            /хх 7 дугаар тал/

 

            2.5. Яаралтай тусламжийн хуудас,

            /хх 47-48 дугаар тал/

 

            2.6. Шүүгдэгч Н.*******н хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /хх 63-95 дугаар тал/

 

            2.7. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх 71 дүгээр тал/

 

            3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.ийн өгсөн: “…Тэгтэл ******* шууд Аз хур дэлгүүр лүү явсан. Эхнэр бид хоёр үлдээд юм яриад зогсож байхад ******* ирээд энэ танай эхнэр юм уу гээд хамт архи ууч гээд бид гурав Бор- Үзүүрийн 3 дугаар гудамжны 10 тоот ахын гадаа очтол манай эхнэр ах байхгүй байранд байгаа гээд хэлсэн чинь би өмнө энд архи уудаг гээд гадна хаалгыг нь чанга түлхээд орсон. Тэгээд байшинд нь ороход тавилга байхгүй газар нь бүргэд гадуураа цаасан хайрцагтайгаа, хажуугаар баахан архины шил байсан. Тэгээд бид гурав бүргэд хаалган дээр нь сууж архи уусан. Тэгсэн чинь ууж байсан архи дуусаад чинь ******* манай эхнэрт Хаан банкны картаа өгөөд архи аваад ирээч гээд өгсөн чинь манай эхнэр ундаа авчих уу гээд асуусан чинь ус авчих гээд хэлсэн. Тэгээд удалгүй манай эхнэр гаднаас 0,75 граммын хэмжээтэй хараа архи нэг жижиг ус аваад орж ирсэн. Тэгээд бид гурав хувааж ууж байгаад би биеэ засаад ирий гээд гараад явсан. Тэгээд буцаад ороод ирсэн чинь газар цус болчихсон байхаар нь юу болсон гээд асуусан чинь манай эхнэр газар явган суучихсан зүүн гараас нь цус гарчихсан, *******ын толгойн хэсгээс цус гарчихсан байсан. Тэгснээ ******* шууд миний хажуугаар гүйгээд гараад явсан. Тэгээд би эхнэрээ аваад гэртээ ирсэн. Чинь манай гадаа Ш.******* цусаа гоожуулсан байталтай байхаар нь би охиноо цагдаад дуудлага өгчих гээд хэлсэн” гэх мэдүүлэг,

            /хх 25 дугаар тал/

 

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хх 02 дугаар тал/

 

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх 4-7 дугаар тал/

 

            6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр харилцан бие биедээ гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.******* нь хохирогч Н.*******н биед халдаж эрүүл мэндэд нь “дагзны хуйх, зүүн долоовор хуруунд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Н.******* нь хохирогч Ш.*******ын биед халдаж эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээч эмчийн 292, 293 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлснийг дурдаж, шүүгдэгч нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 97,650 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлсөн нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх 55, 60/-аар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож тус тус 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт гийн *******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ