Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01415

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01415

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс, 11-82 тоотод байрлах “Х” ХХК /РД: /

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр байр, 0 тоотод оршин суух Баянмаа овогт Батаагийн Б/РД: /

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцнаас албадан гаргуулж, хохирол 25,647,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

Хариуцагч Б.Бхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцнаас албадан гаргуулж, хохирол 22,200,000 төгрөг, торгууль 3,447,930 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Б.Бнь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-тай 114,931,000 төгрөгийн үнэ бүхий 60,49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Хариуцагч урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 99,931,000 төгрөгийг тус гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 120 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 1,320,595 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон.

Энэ хугацаанаас хойш хариуцагч Б.Бнь орон сууцанд нүүж орсон бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Хариуцагчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаж, төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн. Гэвч хариуцагч нэмэлт хугацаа тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй. Б.Ба-Эрдэнээс орон сууцыг чөлөөлүүлж, орон сууцыг эзэмшсэн хугацааны нэг сарын төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцож, нийт 22,200,000 төгрөг, гэрээг цуцалсантай холбогдуулан орон сууцыг худалдан борлуулах зардлыг гэрээний үнийн 3 хувиар тооцож 3,447,930 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ, орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо, Б.Биргэний үнэмлэхийн лавлагаа, Ж.Оюунсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бат-Эрдэнээс “Х” ХХК-нд гаргасан зээлээр орон сууц худалдан авах хүсэлт, орон сууцны түрээсийн болон орон сууцны төлбөрийн тооцооны баримт, “Х” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтгүй.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Бнь худалдан авсан орон сууцны хэлэлцэн тохирсон үнийг, гэрээнд заасан хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй.

3. Хариуцагч Б.Бнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагчийн мэдүүлсэн хаягаар хүргүүлсэн ба түүнийг тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг тодорхойлсон шуудангийн магадлагаа болон хорооны Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн, улмаар хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Х” ХХК, нөгөө талаас Б.Б2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох “Х” ХХК Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамжны 11 дүгээр байрны 0 тоотод байрлах 60,49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох Б.Борон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,900,000 төгрөгөөр тооцож, нийт 114,931,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдэгдэл 99,931,000 төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй, 120 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.   

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

            6. Дээрх гэрээний дагуу худалдагч тал болох “Х” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

7. Хариуцагч Б.Бнь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа 15,000,000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 32,441,650 төгрөгийг төлж, үлдэгдэл 16,420,384 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй болох нь тооцооллын баримтаар тогтоогдож байна. 

8. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Худалдан авагч тал болох Б.Бнь гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийг, хүүгийн хамт гэрээнд заасны дагуу хэсэгчлэн төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь баримтаар тогтоогдож байх тул худалдагч тал болох “Х” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч Б.Бнь гэрээгээр хүлээн авсан орон сууцны эзэмшлийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

9. Хариуцагч Б.Борон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл эзэмшсэн бөгөөд нэхэмжлэгч талаас энэ хугацаанд орон сууцыг хөлслүүлсэн нөхцөлд нэг сарын 600,000 төгрөгийн орлого олох боломжтой, мөн тухайн орон сууцыг засварлаж, дахин худалдан борлуулахтай холбоотой 3,447,930 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч тал эсэргүүцээгүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар худалдан авагч Б.Бүүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээнээс татгалзсантай холбогдуулан худалдагч “Х” ХХК нь учирсан хохирол, зардлаа шаардах эрхтэй байна.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Бэзэмшлээс Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамжны 11 дүгээр байрны 0 тоотод байрлах 60,49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, хохирол 25,647,930 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

11. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн, мөн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,018,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 1,018,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дугаар зүйлийн 264.1, 264.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Бэзэмшлээс Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамжны 11 дүгээр байрны 0 тоотод байрлах 60,49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, хохирол 25,647,930 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,018,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 1,018,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ