Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/00881

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 02 өдөр                        Дугаар 102/ШШ2023/00881                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: А... аймгийн Э. сумын ..... дугаар баг, А... тоотод оршин суух, регистр .., Х.. овогт М.ын Х.

Хариуцагч: Б. дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... байрны ... тоотод оршин суух, регистр .., О.. овогт О...ийн Ж...

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 65 800 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг дуусгавар болгох гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл: 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У... хариуцагч О.Ж.., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б.. ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Х... нь О.Ж...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 800 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг дуусгавар болгох гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1.М.Х... нь О.Ж...гийн хүсэлтээр 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор, хариуцагч нь сар бүр хүүг төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэн, О.Ж...ийн 5032... дугаартай “Хаан” банкны дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу О.. овгийн О...ийн Ж...ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- 220500... дугаартай 00766... дугаар гэрчилгээтэй Баянгол дүүргийн ... дугаар хороо, 6 бичил хороолол ... байр, ... тоот, 30 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч О.Ж... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй янз бүрийн тайлбар хийсээр өнөөдрийг хүртэл зээл, хүү, алдангийн алийг нь төлөөгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Алданги төлөх хоног нь 2 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 35 000 000 төгрөг, 3 зарын хугацааны хүү 8 400 000 төгрөг нийт 43 400 000 төгрөгний 50 хувиар бодож 21 700 000 төгрөгний алданги нэхэмжилж байгаа. Мөн О.Жаргалсүрэнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулан иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татвар 700 000 төгрөгийг төлүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжилж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасны дагуу хариуцагч О.Жаргалсүрэнгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр 35 000 000, 1 сарын хүү 2 800 000 төгрөг нийт хүү 8 400 000 төгрөг, алданги 21 700 000 төгрөг  нийт 55 100 000 төгрөгийн зээл, татварт төлсөн  700 000 төгрөг нийт 65 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Харин Жаргалсүрэн 1 сарын хүү 2 800 000 төгрөг төлсөн тул энэ хэмжээгээр багасгаж байна. Иргэний хуулийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...О.Ж... нь зээлээ төлөхгүй байж болзошгүй тул 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч О.Ж... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. 2021.01.27-нд Үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Эд хөрөнгө борлуулсны албан татвар болох 700.000 төгрөгийг М.Х... 2021.1.27-ны өдөр төлсөн. Гэвч 2-3 хоногийн дараа улсын бүртгэлийн байгууллагаас холбогдон барьцааны гэрээтэй байх тул шилжүүлэх боломжгүй, гэрээгээ чөлөөлүүлчихээд ир гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш О.Ж.. нь байраа зарж мөнгийг өгөхөөр болсон байдаг. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянгол дүүрэг, ...-р хороо, ...-р бичил хороолол, ... байр, .. тоотын үл хөдлөх эд хөрөнгийг М.Х... өмчлөлд шилжүүлэхээр хандахад зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаарх баримтыг шаардсан. Иймд 2021.10.13-ны өдөр 12 цаг 52 минутанд нотариатч Ч.О... дээр очиж бүртгэлийн 1095 дугаартай "Үүрэг дуусгавар болгох гэрээ"-г байгуулсан. Ингээд Үүрэг дуусгавар болсон гэрээг авч дахин улсын бүртгэлийн байгууллагад хандахад "Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 31.1-т заасан "Урьдчилсан тэмдэглэгээ" хийлгэсэн байх тул эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. О.Ж... нь М.Х...аас 35 сая төгрөг зээлийн гэрээний дагуу зээлсэн нь үнэн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэдэгтэй маргахгүй, үүрэг дуусгавар болсон мэт харагдуулахаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд 2021.10.13-ны өдрийн "Үүрэг дуусгавар болгох гэрээ"- нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 35 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ, барьцааны гэрээг анх үйлдэхэд буюу 2020.08.12-ны өдөр нэхэмжлэгч М.Х... болон миний бие, мөн Б.., Ч... гэх эмэгтэй, М... нар хамт байсан. Эдгээр хүмүүс нь Б.., Ч.., М.. нар нь Хятад улсаас өөрсдийн Х... ХХК-иар дамжуулан тендерт оролцож, унадаг дугуйны үйлдвэр байгуулна, яаралтай мөнгө босгох шаардлагатай тул намайг байраа барьцаалаад зээлийн гэрээ хийчих, төлбөрийг бид төлнө гэж намайг болон Х...ыг ятгасан. Уг нөхцөл байдлыг М.Х..нь анхнаасаа мэдэж байсан бөгөөд намайг 35 000 000 төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүйг мэдсээр байж гэрээ хийсэн. Энэ үед Ч... нь мөн 9911-тэй гар утасны дугаараа барьцаалж, мөн өөртөө байсан мөнгийг нэмж Б...т гаргаж өгсөн. Ингээд Б... нь хэлсэн ярьсандаа хүрэхгүй утсаа авахгүй, холбогдохгүй байсан тул бид гурав Б..ийг хайж 3, 4-р хорооллын Билэг их дэлгүүрийн хойд хэсгээр Б...ийн ойрын танил гэх Б...ыг хайсан. Би М.Х...ыг огт танихгүй бөгөөд Ч.. түүнийг дагуулж ирж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийсэн. Ингээд зээлийн болон барьцааны гэрээ хийсний дараа М.Х... нь өөрийн аюулгүй байдлыг бодож байна гээд тус өдрөө буюу 2020.08.12-ны өдөр миний өмчлөлийн, зээлийн гэрээнд барьцаалсан  орон сууцыг давхар үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн. Мөн 2022 оны 8,9 сарын үед Б... нь М.Х...д зээлийн гэрээний 1 сарын хүү 2 800 000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд М.Х... нь үүнийг үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг. Миний бие дээрх хүмүүстэй өөрийн найз М...ийн ээжээр дамжуулж анх танилцсан бөгөөд ээж нь М.. юм. Намайг үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг М... мэдэж байсан бөгөөд 35 000 000 төгрөг хэрэгтэй байна, чи байраа барьцаалчихвал чамд 5 сая төгрөгийн ашигтай гэж ятгасан. Ингээд бизнест нь итгэсэн бөгөөд анхнаасаа чамаар огт зээл төлүүлэхгүй гэж амлан 2020.08.12-ны өдрөө давхар М... нь надаас 35,000,000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн тул би тэдэнд бүрэн итгэсэн. А.. нь Х... ХХК-ийн захирал, Б.. нь хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдэж байгаа хүн гэсэн. Би нэхэмжлэгчээс шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг тухайн өдөр нь буюу 2020.08.12-ны өдөр Б...ийн заавраар М..ийн Хаан банкин дахь 537806... тоот дансанд 7 755 000 төгрөг, Батбилэгийн охин Э...ын Хаан банкин дахь 503346... тоот дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 25 745 000 төгрөгийг Б... дансаар авч болохгүй байна гэсэн үгэнд нь итгэн банкнаас бэлнээр авч түүнд өгсөн. Иймээс  35 000 000 төгрөгийг миний бие бодитоор зээлж авч, хэрэглээгүй бөгөөд жинхэнэ зээлдэгч нь Б..., А... нар юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1. Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: М.Х... нь надтай зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийг Б..., А.., Ч... М... гэх хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан зээлдүүлж байгаагаа анхнаасаа мэдэж байсан. Энэ тухай М.Х...ай ярьсан утасны бичлэгт байгаа бөгөөд тэрээр дээрх хүмүүсээс зээлсэн мөнгөө нэхэж, араас нь хөөцөлдөж, хэрүүл шуугиан болж байсан нь нотлогдож байна.  Харин үүрэг дуусгавар болсон тухай гэрээ хийхдээ М.Х... нь тэдгээр хүмүүсээс мөнгөө авна, 5 дахь өдөр өгнө гэсэн, чамд асуудал үүсэхгүй хэмээн надтай уг гэрээг хийсэн. Өөрөөр хэлбэл, надад зээл олгоогүй, тэдгээр хүмүүст зээлсэн мөнгөө тэднээс авах тул хоёулаа уг гэрээг хийе гэсэн. Миний хувьд анхнаасаа М.Х..аас мөнгө зээлж хэрэглээгүй тул миний хүсэл зориг бүрэн нийцэж байсан. Нөгөөтэйгүүр М.Х... нь өөрөө уг гэрээг байтуулах хүсэл зоригоо надад илэрхийлж, би түүнийг нь хүлээн авч хийсэн бөгөөд нотариат түүнийг гэрчилсэн хүчин төгөлдөр гэрээ юм.  Харин М.Х... нь анхнаасаа миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар авахаар санаархаж, анх зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн аюулгүй байдал хэмээн итгэл төрүүлэн үнэмшүүлж орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийхийг шаардсан бөгөөд тухайн үед би орон сууцаа зараагүй, М.Х... надаас орон сууц худалдаж аваагүй гэдгээ хэн аль нь мэдэж байсан ч түүний хүсэлтээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн байдаг. М.Х... нь намайг мэдээгүй байхад буюу аль эрт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст ганцаараа очиж, эд хөрөнгө борлуулсны албан татвар 700 000 төгрөг төлсөн нь анхнаасаа хууль бусаар миний орон сууцыг авахаар санаархаж байсан, түүнийгээ хэрэгжүүлэхээр уг татварыг өөрөө төлсөн үйлдлээс нь харагдаж байна. Тэрээр уг хууль бус санаа зорилгоо нуун дарагдуулж, надтай Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хийсэн болох нь маргааш өдөр нь орон сууц худалдах худалдан авах гэрээг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн гадаа намайг дарамтлах үед нь би ойлгосон. Хэдийгээр хууль бус өөр далд санаа агуулж байсан боловч надтай уг гэрээг хийхдээ дүр үзүүлээгүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгохыг хүсэж хийсэн, нөгөөтэйгүүр Б.., А..., Ч.., М... зэрэг хүмүүст зээл олгосон учир намайг төлөх үүрэг хүлээгээгүйг мэдэж хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр хэлцэл юм. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон, уг үүрэг дуусгавар болгох тухай гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр М.Х...ы 35 000 000 төгрөгийг би зээлж авч хэрэглээгүй боловч миний дансаар орж гарсан байх тул нэхэмжлэгч тал дансны хуулгаа үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох боломжтой, харин үүрэг дуусгавар болсон гэрээний үндсэн дээр хүү, алданги нэмж нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч О.Ж... нь М.Х...д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

М.Х... нь тус шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд бидний дунд хийгдсэн, 1990 бүртгэлийн дугаартай, 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ... байрны ....тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээтэй холбогдуулан тайлбарлаж байгаа билээ. Нэгэнт уг 2 гэрээний үндсэн дээр 65 800 000 төгрөг нэхэмжилж байгаа учир 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 47 минутад дээрх 2 гэрээг гэрчилсэн нотариатчаас өөр нотариатчид зориудаар очиж, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох Баянгол дүүргийн ...-р хороо, ....-р бичил хороолол, ... байрны ... тоот, 30м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн М.Х... нь анхнаасаа миний дансанд шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг тодорхой хүүтэйгээр, 3 сарын дараа эргүүлэн олж авах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, тэрээр ашиг олох зорилгоор 35 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн болохоос үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгогүй байсан. Миний бие ч мөн адил үл хөдлөх хөрөнгө худалдах зорилгогүй байсан бөгөөд гагцхүү М.Х...ы өөрийгөө хамгаалах эрх ашгийн үүднээс тус гэрээг хийх ёстой гэсэн шахалтад орж, өөр нотариатчийн газарт очин өмнө нь зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй мэт дүр эсгэн тус гэрээг хийсэн. Уг гэрээг гэрчилсэн нотариатч 35 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдаж байгаа юм уу хэмээн ихэд гайхширсан байдалтай асууж байсан бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханшаар тухайн орон сууцны байршил дахь угсармал 2 өрөө орон сууц хамгийн багадаа дор хаяж 100 000 000 төгрөгөөс давсан үнэтэй байсан. Иймд ямар ч хүн үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн ханшийн 30 орчим хувиар тооцож худалдахгүй бөгөөд хэн ч харсан хуурамч хэлцэл гэдэг нь тодорхой юм. Мөн М.Х... нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 19 минутад миний Хаан банкин дахь 50328... тоот дансанд 35 000 000 төгрөг шилжүүлэхдээ М.Х...аас зээлүүлэв гэсэн утгатай шилжүүлэг хийгдсэн байдаг. Үүнээс харахад талуудын хэн аль нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зорилгогүй байсан гэдэг нь харагдаж байна.  Иймд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 47 минутад М.Х... болон О.Ж... бидний дунд хийгдсэн Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ... байрны ... тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, талууд анхнаасаа уг гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлгүй, уг гэрээний дагуу аливаа төлбөр тооцоо хийгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан уг гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.1. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 73 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохооргүй буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. “2020 оны 8 сарын 12-ны өдрийн бүртгэлийн 0559 дугаартай Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.О...ын баталсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Үүнтэй маргах зүйл байхгүй. Анхнаасаа хүчин төгөлдөр гэрээг хүчингүй болгох гэдэг ойлголт байхгүй. “2020 оны 8 сарын 12-ны өдрийн бүртгэлийн 0559 дугаартай Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.О...ын баталсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг нотлох баримтаар тус шүүхэд гаргаж өгсөн учир шалтгаан нь О.Ж... нь зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй болчихвол түүний барьцаалсан эд хөрөнгийг гэрээнийхээ үүргийн биелэлтэд тооцож авах зорилготой уг гэрээг байгуулсан байдаг. Энэ худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг М.Х...ы нэр дээр шилжүүлэхээр О.Ж...тэй тохиролцож, улсын бүртгэлийн байгууллага дээр очиж, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 700 000 төгрөгийг О. Ж... төлөх ёстой байсныг төлсөн гэдгийг нотлох зорилготой өгсөн гэжээ.

4. Нэхэмжлэгч: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 5-6/, итгэмжлэл /хх 7/, зээлийн болон барьцааны гэрээ /хх 8-10/, ҮХЭХ-ийн гэрчилгээ, дансны хуулга /хх 11-12/,

Хариуцагчаас: ҮХЭХ худалдах, худалдан авах гэрээ /хх 36, 44/, дансны хуулга /хх 45-52/, ҮХЭХ-ийн жагсаалтын лавлагаа /хх 60/, зээлийн гэрээ /хх 62/, бакалаврын диплом /хх 64/, үүрэг дуусгавар болон тухай гэрээ /хх 74/, зээлийн болон барьцааны гэрээ /хх 75-77/, ярианы бичлэг /хх 79-96/,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр: үзлэг хийсэн тэмдэглэл /хх 107-117/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас О.Ж...гээс зээлийн гэрээний үүрэгт 60 900 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг дуусгавар болгох гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэсгийг хангаж, 4 900 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

2.1. М.Х... нь О.Ж...тэй 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэх, барьцааны гэрээгээр О.Ж...ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220500... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... байрны ... тоот 2 өрөө сууцыг барьцаалахаар тохирчээ.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. 

Зээлдүүлэгч нь О.Ж...гийн 503284... тоот дансанд 2020 оны 8-р сарын 12-ны өдөр 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 8 400 000 төгрөг нийт 43 400 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд 1 сарын хүү  2 800 000 төгрөг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...найз Маралмаа намайг үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг мэдэж байсан, байраа барьцаалвал 5 сая төгрөгийн ашигтай...гэсэн тул мөнгийг тэдэнд өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Талууд гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон бөгөөд зээлдэгч гэрээний үүрэгт 35 000 000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 5 600 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 20 300 000 төгрөг нийт 60 900 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч заавал биелүүлэх бөгөөд хэрвээ сайн дураар биелүүлээгүй бол О.Ж...гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220500... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... байрны... тоот 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь О.Ж...тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж,  үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос төлөх албан татвар 700 000 төгрөгийг төлсөн гэжээ. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан тал орлогын татварыг төлөхөөр тогтоосон боловч худалдан авагч татварыг улсад төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, улсад төлсөн татварыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй.

Хариуцагч, түүний өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны шатанд зээлийн хүүг өндөр тогтоосон талаар маргаагүй, маргаагүй тул нэхэмжлэгч энэ талаар мэтгэлцээгүй байна. Харин хэргийг хэлэлцэж дуусах шатанд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчоос нэмж тодруулах үед  өмгөөлөгч энэ талаар дүгнэсэн нь эсрэг талыг мэтгэлцэх, тайлбар татгалзлаа гаргах боломжоор хангаагүй гэж үзнэ.

2.2. О.Ж... нь М.Х...тай 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-22050... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол,... байрны ... тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 35 000 000 төгрөгөөр худалдахаар тохирчээ.

Талууд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох хуулийн заалттай нийцээгүй байна.

Нөгөө талаас, хариуцагч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байсан, харин зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор энэ гэрээ хийсэн талаар маргаагүй байна. 

Иймд худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.3. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 60 900 000 төгрөгийг хариуцагч О.Ж...гээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Үүргээ биелүүлээгүйтэй холбоотой талууд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон болно. Харин худалдах, худалдан авах гэрээ хийх болсон үндэслэл нь үүрэг дуусгавар болсон байхыг шаарджээ.

Энэ үндэслэлээр талууд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Үүрэг дуусгавар болгох гэрээ"-г байгуулсан, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй боловч энэ хэлцлийг хийсэн талаар хариуцагч маргаагүй байна.

Энэ талаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчийн гар утасны бичлэгт хийсэн үзлэгийн талаар нэхэмжлэгч маргаагүйг дурьдах нь зүйтэй.  

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 623 077 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 332 950 төгрөг тус тус төлсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу О.Ж...ээс 462 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, М.Х...аас 332 950 төгрөг гаргуулж О.Ж....д тус тус олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан О...ийн Ж...ээс 60 900 000 /жаран сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж М...ын Х...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 900 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар О.Ж... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220500... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ....-р хороо, ...-р бичил хороолол, ... байрны ... тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар О.Ж..., М.Х... нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн "Үүрэг дуусгавар болгох гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар  зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Х...аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 077 төгрөг, хариуцагч О.Ж...гээс төлсөн 332 950 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, О.Ж...гээс 462 450 төгрөг гаргуулж М.Х...д, М.Х...аас 332 950 төгрөг гаргуулж О.Ж...д тус тус олгосугай. 

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА