2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар  2025/ШЦТ/2427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Онцгойгэрэл,

            улсын яллагч П.Итгэл, /ТПГ/

            хохирогч ***********,

            шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503003780934 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********** оны ********** дугаар сарын ***********-ны өдөр, ************ төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, **********-д жолооч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ************дүүргийн ******* дугаар хороо ********* хотхоны ********* дугаар байрны ********** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********** овогт ***********ын ***********, /РД:***********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны зам “Энхжин” худалдааны төвийн урд талын явган хүний гарц дээр 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 20 минутын үед Hyunday Bongo маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалт, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч А.***********ийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь баруун тавхайн ясны хугарал, баруун гуянд зулгаралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би ***********э гээд ажлын залуутай хамт явж байсан. Зам нэлээн түгжрэлтэй намайг Энхжин худалдааны төвөөс буцаж эргэх гэж байх үед цагдаа цаана зам татаж байсан. Би гэрлэн дохиог анзаарахгүй орсон. Би тухайн үед ажлаа хийж явсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гомдолтой байна. Эхэндээ өвчний талаар мэдэхгүй байсан одоо яаж байгаа талаар мэдсэн. Би өр, зээл бүх зүйлээ өөрөө аргалаад хүнээс зээлж авсан. Би олон сар ажил хийхгүй гэртээ хэвтсэн. Би зээлээ төлөх гээд эхнэрээ ажилд оруулсан. Манай хүүхэд 2 нас хүрээгүй тул улсын цэцэрлэг авахгүй хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн. Мөнгөний асуудал их байгаа. Аргаа бараад зээлээ төлөх гээд зээл авах гэхэд нийгмийн даатгал нэг сар тасарсан гээд зээл гараагүй. Ээж, ах дүү нараасаа мөнгө зээлсэн түүнийгээ шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Би шүүгдэгчээс нийт 666.317 төгрөгийн хохирол авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа, дутуу авсан цалин хөлс, эмчилгээний зардлаа тус тус нэхэмжилнэ...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нь “...шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч *********** нь: “...Хохирлоо нэхэмжилж байна” гэж,

Шүүгдэгч *********** нь: “...Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирол төлбөртэй холбоотой болон Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөнтэй холбоотой 5 ширхэг баримтыг гаргаж өгнө” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч *********** нь 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 18 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны зам “Энхжин” худалдааны төвийн урд талын явган хүний гарц дээр Hyunday Bongo маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно." гэсэн заалт, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч А.***********ийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь баруун тавхайн ясны хугарал, баруун гуянд зулгаралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...***********улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч А.***********ийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэж тусгасан. (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дахь тал),

 

3. Хохирогч А.***********ийн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 18 цагийн үед ажлаа тараад явж байгаад Энхжин худалдааны төвийн урд талын замаар зам гарах гээд явган хүний гэрлэн дохионы өмнө зогсоод зогсоод хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь би гарцаар гараад явж байхад баруунаас зүүн чиглэлийн замаар нэгдүгээр эгнээнд миний урдуур цагаан өнгийн портер яваад өнгөрөхдөө зүүн хойд дугуйгаараа миний баруун хөлийг мөргөөд гарсан. Тэгээд хөдлөх гэхэд хөл хөдлөхгүй байсан бөгөөд замын брожур хүнээр түшүүлээд гараад байж байхад жолооч нь ирээд тоормос гишгээд зогсож чадсангүй гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү очоод үзүүлэхэд баруун хөлийн тавхай ясны 3 хэсэг цуурсан байна гэж хэлсэн. ...Би гомдолтой байна. Эхэндээ өвчний талаар мэдэхгүй байсан одоо яаж байгаа талаар мэдсэн. Би өр, зээл бүх зүйлээ өөрөө аргалаад хүнээс зээлж авсан. Би олон сар ажил хийхгүй гэртээ хэвтсэн. Би зээлээ төлөх гээд эхнэрээ ажилд оруулсан. Манай хүүхэд 2 нас хүрээгүй тул улсын цэцэрлэг авахгүй хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн. Мөнгөний асуудал их байгаа. Аргаа бараад зээлээ төлөх гээд зээл авах гэхэд нийгмийн даатгал нэг сар тасарсан гээд зээл гараагүй. Ээж, ах дүү нараасаа мөнгө зээлсэн түүнийгээ шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Би шүүгдэгчээс нийт 666.317 төгрөгийн хохирол авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа, дутуу авсан цалин хөлс, эмчилгээний зардлаа тус тус нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Гэрч ***********ийн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад хамт ажилладаг жолооч ***********ы хамтаар 5 шарын Энхжин худалдааны төвийн урд талын замаар Портер маркийн машинтай явж байхад түгжрэл их байсан. Тэгээд хоёрдугаар эгнээнд явж байгаад нэгдүгээр эгнээнд ороод явж байхад *********** хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Намайг машинаас буугаад очиход явган зорчигч гэх эрэгтэй явган хүний гэрлэн дохионы хажууд замын брожур түшээд зогсож байсан. Тэгээд би машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч очоод үзүүлсэн. *********** тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ойролцоогоор 15-20 км цагийн хурдтай явж байсан. Би хажууд нь суугаад тайлангаа хараад явж байсан учраас хаана гэдгийг хараагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***********ы: “...Би тухайн үед хамт байгаагүй учраас мэдэхгүй байна. Надад манай компанийн жолооч *********** 2025 оны 04 дүгээр сарын 10-н өдрийн 21 цагаас 22 цагийн хооронд залгаад осол гаргасан, тэгээд гэмтлийн эмнэлэг дээр хүнээ үзүүлээд явж байна, биеийнх нь зургийг нь даруулаад явж байна гэж хэлсэн. Тэр үед нь үзүүлж дуусаад дараа нь мэдээллээ өгөөрэй гэж хэлсэн. Нэлээн орой над руу залгаад зургийг нь авхуулчихлаа эмчилгээний мөнгө өгөөд цагдаад өгөхгүйгээр болчих юм шиг байна, гэрт нь хүргэж өглөө гэж хэлсэн. Тэгээд машинаа грашиндаа тавиарай гэж хэлсэн. Маргааш нь тухайн жолооч залгаад нөгөө хүний ар гэрээс нь ярьж байна, зээл төлдөг гэнээ тэрийг нь төлүүлнэ гэж хэлсэн 6 сарын мөнгө өг гэж хэлж байна, одоо надад мөнгө байхгүй өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлнэ гэнээ гэж надад хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг би эзэмшдэг. Би “***********ХХК”-ийн дэд захирлаар ажилладаг бөгөөд манай компани импорт буюу гадаад худалдаа борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тухайн машинаар түгээлт хийдэг. Тухайн осол нь компани болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас үүдэн болоогүй гэж бодож байгаа учраас би болон манай хариуцлага үүрэхгүй. Тухайн үед жолоодож явсан жолооч хариуцлага хүлээнэ. Харин компанийн зүгээс жолоочдоо даатгалынх нь материалыг өгч дэмжлэг үзүүлнэ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 28 дахь тал),

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГО725/5548 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...А.***********ийн биед баруун тавхайн ясны хугарал, баруун гуянд зулгаралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

7. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч ******** 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-60 дахь тал),

 

8. Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 0000769 дугаартай магадалгаа: “…Явган зорчигч *********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна... Жолооч *********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалт, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна...” гэх (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

 

9. Шүүгдэгч ***********ы: “...Тухайн осол болох өдрийн 18 цагийн орчимд ***********ХХК-ийн эзэмшлийн Hyundai Bongo маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Энхжин худалдааны төвөөс 21-н депо руу ажлын хамтрагч ********* хамт явсан. Явах замдаа Энхжин худалдааны төвөөс дөнгөж хөдлөөд буцаад эргээд баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 20 км/ц хурдтай явж байтал гэрэл дохио таарсан бөгөөд явган зорчигч байхгүй болохоор нь улаан гэрлээр явган хүний гарц нэвтэртэл зүүн хойд дугуй нэг юман дээгүүр гаргах шиг болсон. Буугаад очтол нэг хүний хөлөн дээр гарчихсан байсан. Тэгээд би түргэн тусламж дуудах гэтэл тэр залуу яахын бэ Би зүгээр гэж хэлсэн. Хариуд би тэгж болохгүй гээд би гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүлтэл баруун хөл нь хугарсан байсан. тээврийн хэрэгсэл нь ***********ХХК-н буюу манай байгууллагын эзэмшлийнх. Баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зам эвдрэл гэмтэлгүй байсан. Тухайн хүнийг хараагүй. Би 2019 онд жолооч болсон. Би урьд нь зам тээврийн осол гаргаж байгаагүй...Би гэрлэн дохиог анзаарахгүй орсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас харвал, осол гарсан тухайн зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, 4 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байсан нь хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгт тусгагдсан.

Шүүгдэгч *********** нь 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд ***********ХХК-ийн эзэмшлийн Hyunday Bongo маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны зам “Энхжин” худалдааны төвийн урд талын замд ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлд явах явцдаа өөрийг нь явахыг хориглосон гэрлэн дохиогоор нэвтэрсэн буюу тэрээр зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор, ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг рүү явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.***********ийг мөргөн зам тээврийн осол гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, жолооч *********** нь өөрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн гэрэл дохиог хүлээлгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн нь гарцаар гарч явсан хохирогчийг гэмтээхэд хүргэсэн байна.

Шүүгдэгч ***********ы дээрх үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно." гэсэн заалт, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн шинжтэй байна.

Тухайн ослоос шалтгаалан хохирогч А.***********ийн биед гэмтэл учирсан, уг гэмтэл нь хүндэвтэр зэргийн ангилалд хамаарсан нь шинжээчийн ЕГ0725/5548 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ бүгдээс үзвэл, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Иймд шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.***********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба эмчилгээнд зардалд шүүгдэгч нь 666.317 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын хэн алины шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэргээр нотлогдож байна. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Мөн “**************” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай албан бичигт “*********** нь тус компанид 2021 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд түүний дундаж цалин 2.200.000 төгрөг нь үнэн болно” гэсэн тодорхойлолтыг, (хавтаст хэргийн 19 дэх тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт тус тус гаргаж өгч, улмаар ажилгүй байсан хугацааны цалин буюу гэмт хэрэг гарснаас хойших цаг хугацааны цалингаа шүүгдэгчээс нэхэмжилсэн. (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

Гэтэл хохирогч *********** нь тэр үед лист бодуулж /эмнэлгийн магадалгаа/ авсан, энэ мөнгөө бодуулж авсан гэх боловч энэхүү өвчтэй байсан хугацааны эмнэлгийн хуудас хэрэгт авагдаагүй, мөн тухайн хугацааны цалингийн хавтгай буюу хүснэгтийг ирүүлээгүй байна.

Эндээс үзвэл, хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаар түүний дутуу авсан цалин хөлсний зөрүүг тооцоолох боломжгүй байх тул энэ зардлаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, энэ хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт  “…Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, эдийн бус  гэм хорыг арилгуулахаар хохирогч, хэрэв хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн  гишүүн нь гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.

Тус хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1414 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *********** /РД:************/-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарсан. (хавтаст хэргийн 48-50 дахь тал)

Тухайн зам тээврийн хэрэг нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байна.

Иймд “Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 792.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлж 6.336.000 төгрөгийг шүүгдэгч ***********аас гаргуулж, хохирогч ***********д олгохоор тогтов.

Учир нь, тухайн осол гарахад жолоочийн хэт хайнга хариуцлагагүй байдал, аливаа эрсдэл саадыг харахгүй, тооцоолохгүйгээр эгнээ байраа дураараа сольж явдаг энэ байдал нь тухайн ам тээврийн ослыг гарахад нөлөөлсөн, уг хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байгаа зэргийг харгалзан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин хохирогч *********** нь цаашид гарах эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлс орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *********** болон иргэний хариуцагч /***********ХХК/ *********** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Учир нь, шүүгдэгч нь тухайн өдөр тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж ажил үүргээ гүйцэтгээд харих замдаа уг ослыг гаргасан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг “ Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагч хохирлыг мөн давхар хариуцахаар байна гэж дүгнэлээ.

 

4. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан ба дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон *********** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 520.250 төгрөг зарцуулсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***********аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (хавтаст хэргийн 33, 96-97 дахь тал)

Шүүгдэгч ***********аас шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 520.250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч ***********ыг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “... Шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч ***********: “...Эрүүгийн хариуцлагатай холбоотой хэлэх саналгүй” гэж,

Шүүгдэгч *********** нь “...хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч ***********ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ***********ы үйлдсэн гэмт хэргийн шинж буюу тэрээр замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмээ биелүүлээгүй, анхаарал болгоомжгүй байдал нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн, түүний үйлдлээс шалтгаан бусдын биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирогчид тодорхой хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийг арилгах болон цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард олох орлогын байдлыг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч ***********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********аас 6.336.000 (зургаан сая гурван зуун гучин зургаан мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч ***********д олгож, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлс орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********, иргэний хариуцагч /***********ХХК/ ***********аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***********аас 520.250 (таван зуун хорин мянга хоёр зуун тавин) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд төлсөн, цаашид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ