| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05758/И |
| Дугаар | 102/ШШ2023/00955 |
| Огноо | 2023-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/00955
2023 оны 03 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2023/00955 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С... дүүргийн, ...-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн төв байранд оршин байх, регистр ..., “Х...” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, . байрны.. .. тоотод оршин суух, регистр ., Ж. овогтой С..ын И..,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33 989 932 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.
Хариуцагч С.Г.., С.И.. нар нь шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь С.Г.., С.И.. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 989 932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Зээлдэгч С.И.., С.Г.. нар “Х...” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 16-ын өдөр 1030028195 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 28 000 000 төгрөгийн жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 8 535 113 төгрөг, зээлийн хүүд 8 206 627 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31 466 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь 1030028195 дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1030028195 дугаартай зээлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл өдрийн байдлаар 1101 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Үндсэн зээлийн төлбөр19 464 887 төгрөг, хүү 13 053 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 471 415 төгрөг, нийт 33 989 932 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс: Хас банкны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 8/, Хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 9/, Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх 11-21/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
“Х...” ХХК нь С.Г.., С.И...а нартай 2018 оны 03 дугаар сарын 16-ын өдөр 1030028195 дугаартай зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээлүүлжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээ хүчин төгөлдөр /хх 11-15/ байна.
Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8 535 113 төгрөг, зээлийн хүүд 8 206 627 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31 466 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй, гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр дуусчээ.
Хариуцагч С.И... нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01-р сарын 16-ны өдөр, С.Г... нь 2023 оны 02-р сарын 01-ний өдөр тус тус хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг оршин суух хаягаар хүргүүлсэн, мэдэгдлийг эцэг Сүрэнхорол хүлээж авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 19 464 887 төгрөг, хүү 13 053 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 471 415 төгрөг нийт 33 989 932 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 398 099 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж Х... ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Г..., С.И... нараас 33 989 932 /гучин гурван сая есөн зуун наян есөн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж Х... ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 099 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Г..., С.И... нараас 389 099 төгрөг гаргуулж Х... ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА