Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01359

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01359

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1 Хаан цамхагт байрлах ХА ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький 27 гудамж 1198 тоотод оршин суух Хатагин овогт Баасанжавын Э/РД:

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький 27 гудамж 1198 тоотод оршин суух Боржигон овогт Санжидын овогт Г /РД: нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,292,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд

Хариуцагч Б.Э, С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ХА” ХХК нь хариуцагч Б.Э, С.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,292,967.59  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Б.Э, С.Г нар нь ХА ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/227-1 тоот барьцаат гэрээ байгуулж, 12,160,000 төгрөгийн зээлийг жилийн 16,5 хувийн хүүтэй,

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/227-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 11,3555,723 төгрөг дээр 880,000 төгрөгийг нэмж, жилийн 15,6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар,

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ201542361483 тоот барьцаат гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 9,690,352 төгрөг дээр нэмж 2,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар,

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201642866404 тоот барьцаат гэрээг байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7,790,000 төгрөг дээр нэмж 5,100,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар тус тус шилжүүлсэн.

Үндсэн зээлдэгч Б.Энь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201642866404 тоот барьцаат зээлийн гэрээний зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан үндсэн зээлийн үлдэгдэл 11,715,376 төгрөг, зээлийн жилийн хүү 22,8 хувь болж зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдсөн.

Зээлдэгчид 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,278,535 төгрөг, зээлийн хүү 4,679,259 төгрөг, нийт 13,957,794 төгрөг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11,361,464 төгрөг, зээлийн хүү 14,556,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,374,763 төгрөг, нийт 27,292,967 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс авсан зээлийн дүнтэй маргахгүй. Харин зээлийн хүүг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХА ХХЗ зээлийн гэрээний хугацаа 2019 онд дуусахад шүүхэд хандаж болох байсан. Зээлийн хүү нь үндсэн зээлээсээ хэд дахин илүү байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХА ХХК болон Б.Э, С.Г нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ201542361483 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201642866404 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Б.Э, С.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 880,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 5,100,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, Б.Э, С.Г нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Эаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХА ХХК-нд гаргасан цалингийн зээлийг энгийн зээл рүү шилжүүлэх хүсэлт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, ХА ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61/677 дугаартай, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 61/2687 дугаартай, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 61/2648 дугаартай зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б.Э, С.Г нар зээлийн гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс зээлийн хүүг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 онд зээлийг буцаан төлүүлэхээр шаардаагүй нь зээлийн хүүгийн хэмжээ ихсэх шалтгаан болсон.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “ХА” ХХК, нөгөө талаас Б.Э, С.Г нар 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201542361483 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох “ХА” ХХК нь 12,160,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/227-1 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ХА ХХК-аас 880,000 төгрөгийг нэмж, жилийн 15,6 хүүтэй, зээлийн гэрээний хугацааг сунгаж 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл,

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ201542361483 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ХА ХХК-аас 2,500,000 төгрөг нэмж, жилийн 15,6 хүүтэй, зээлийн гэрээний хугацааг сунгаж 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл,

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201642866404 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ХА ХХК-аас 5,100,000 төгрөгийг нэмж, жилийн 15,6 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг сунгаж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тус тус шилжүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “ХА” ХХК-аас 20,670,352 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Б.Э, С.Г нар нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үндсэн зээл 9,278,535 төгрөг, зээлийн хүү 4,679,259 төгрөг, нийт 13,957,794 төгрөг төлж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үлдэгдэл үндсэн зээл 11,361,464 төгрөг, зээлийн хүү 14,556,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,374,763 төгрөг, нийт 27,292,967 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн карт, дансны хуулга зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ201642866404/1 дугаартай зээлийн хүүг жилийн 22.8 хувиар тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулах гэрээнд зээлдэгч тал гарын үсэг зураагүй байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ201542361483 дугаартай гэрээний 2.1.5.1-д “зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө ажил олгогчтой байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ болон банк ажил олгогч нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үед мөрдөж байгаа цалингийн зээлийн хүүд үл маргах журмаар шилжүүлж тооцно” гэж заасан байна. Зээлдэгч Б.Энь ХА ХХК-нд жолоочоор ажиллаж байсан байх ба 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Б.Эын хүсэлт, талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгчээс зээлдэгч Б.Эын ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн хүүг жилийн 22,8 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Зээлдэгч Б.Э, С.Г нар зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хэмжээгээр бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, “ХА” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.Э, С.Г нараас үндсэн зээл 11,361,464 төгрөг, зээлийн хүү 14,556,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,374,763 төгрөг, нийт 27,292,967 төгрөгийг гаргуулж “ХА” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э, С.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 27,292,967 /хорин долоон сая хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулж “ХА” ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, С.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 294,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХА” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.БАТЧИМЭГ